Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0566

 

  “Б-И” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0619 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б-И” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б-д холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0619 дүгээр шийдвэрээр:

Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б-И” ХХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066732 дугаартай “Зөрчлийн шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна.

Г.О нь нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, хүлээлгэн өгсөн материал гэх зүйлүүдийг дамжуулан өгөх үүрэггүй, тараах материалд шалгалтын удирдамж гэх зүйлүүд байсан эсэх нь тодорхойгүй, материалуудыг Г.О-с нэхэмжлэгч Ч.А захирал хүлээлгэн өгөөгүй, мэдэгдэл, хяналт шалгалтын удирдамжийг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргасаар байтал гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн М.Э нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүйг мэдсээр байж хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн илт тодорхой байтал “Б-И” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болохыг мэдсэн гэж үзэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “...Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана...” гэж зааснаар шалгуулах этгээдэд буюу нэхэмжлэгчид ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хяналтын улсын байцаагч нь нэхэмжлэгчийн холбогдох утас, байрлаж буй хаяг, шуудангийн хаяг зэрэг мэдэгдэх мэдээллүүд нь илэрхий тодорхой байхад хяналт шалгалтын ажиллагаанд оролцогч этгээдүүдийн биеийн байцаалт, төлөөлөх эрхтэй эсэхийг шалган тогтоогоогүй үйл ажиллагаа явуулсныг анхан шатны шүүх хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах...” гэж зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 128/ШШ2019/0619 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу “Б-И” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/74 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч “Б-И” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066732 дугаар шийтгэлийн хуудсаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасныг зөрчиж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлээгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн “Б-И” ХХК-д 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

“Б-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “...М.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүйг мэдсээр байж хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчсөн илт тодорхой байтал нэхэмжлэгчийг хяналт шалгалтын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болохыг мэ дсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т зааснаар нэхэмжлэгчид ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй болох нь нотлогдож байгаа, холбогдох утас, хаяг, шуудангийн хаяг зэрэг мэдэгдэх мэдээллүүд нь тодорхой байхад хяналт шалгалтын ажиллагаанд оролцогч этгээдүүдийн биеийн байцаалт, төлөөлөх эрхтэй эсэхийг шалган тогтоогоогүй үйл ажиллагаа явуулсныг анхан шатны шүүх хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Зах, худалдааны төвүүдэд Газрын тухай, Байгаль орчны багц хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, зарим стандарт дүрмийн шаардлага хангаж байгаа эсэхэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхтэй холбоотой сургалт зохион байгуулагдахыг “Б-И” ХХК-ийн ажилтан буюу эрүүл ахуйн байцаагч н.Заяажаргал мэдэж, нярав Г.О-ийг уг сургалтад оролцуулсан, уг сургалтын үеэр хяналт шалгалтын удирдамжийг Г.О-т өгснийг н.Заяажаргалд өгсөн болох нь гэрч Г.О-ийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул шалгуулах этгээдэд мэдэгдээгүй дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Уг хуулийн заалтын “шалгуулах этгээдэд мэдэгдэх” гэснийг заавал тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд мэдэгдэх ёстой гэж үзэхгүй, тухайлбал, мөн заалтын дагуу шуудангаар мэдэгдэхэд тухайн этгээдийн хаягаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцох бөгөөд заавал итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд тухайн шуудан очсоноор мэдэгдсэнд тооцох боломжгүй юм. Тухайн компанийн ажилтнууд хяналт шалгалт явагдах талаар мэдэж, уг шалгалттай холбоотой сургалтад сууж, удирдамжийг авсан байх тул хяналт шалгалт хийх тухай шалгуулах этгээдэд мэдэгдээгүй гэж үзэхээргүй байна.

Харин дээрх хуулийн 51.4-д “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаас үзвэл энэ тохиолдолд “эрх бүхий албан тушаалтан”-г хяналт шалгалтын ажиллагаанд байлцуулахаар байна.

Хариуцагч улсын байцаагч нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Барс худалдааны төв дээр шалгалт хийж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зөрчил илрүүлж, энэ талаар тэмдэглэл үйлдэн тус компанид ажилладаггүй, урьд нь дэд захирлын ажил гүйцэтгэж байгаад тэтгэвэрт гарсан М.Э-ээр гарын үсэг зуруулжээ. Хяналт шалгалтын талаар урьдчилж мэдэгдсэн, хяналт шалгалт хийх үед М.Э нь Барс худалдааны төв дээр байсан, тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзаагүй, мөн энэ талаар захирал Ч.А-т дамжуулж хэлсэн болохоо шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлсэн зэргээс үзвэл улсын байцаагч нь хуулийн дээрх заалтын дагуу хяналт шалгалтад эрх бүхий албан тушаалтныг байлцуулах талаар боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.

Мөн хуулийн заалтад “...хэрэв ирээгүй бол шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаас үзвэл хяналт шалгалтад эрх бүхий албан тушаалтныг байлцуулах арга хэмжээ авсан боловч ирээгүй учраас хяналт шалгалтыг хойшлуулалгүй, явуулж шийтгэлийн хуудас гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Түүнээс гадна компанийн эрх бүхий албан тушаалтан байлцаагүйгээс “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зөрчил”-ийг үгүйсгэх үндэслэл болохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.