| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2016/00893/И |
| Дугаар | 01088 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 01088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 23 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхарт байрлах, “Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 25а дугаар байрны 7 тоотод оршин суух, /регистрийн дугаар ГВ76062208/, Халиун овгийн Дамбын Чимгээд холбогдох сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр 200,700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Эрдэнэт-99 СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Равдан, хариуцагч Д.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч Д.Чимгээ нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6 дугаар заалт “Сууц өмчлөгч нь өөрөө өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, бохир, ариутгал, хог цахилгаан, холбоог зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө ” гэсэн заалт, МУ-ын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.2.6 дахь заалтыг зөрчин СӨХ-ийн ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 200,700 төгрөгийг Д.Чимгээгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай СӨХ нь орцны цэвэрлэгээ хийдэг. Орцны гадна талбайн цэвэрлэгээг Хот тохижуулах газар хариуцдаг. Стройинвест ХХК-д мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан гаднах зам талбай засах тухай албан тоот өгсөн. Гадна талбайд гэрэл тавьсан, 6 дугаар орцны алга болсон 4 гэрлийг шинээр тавьсан. 1 үйлчлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.2.6-д заасны дагуу нэхэмжилсэн төлбөрөө төлүүлнэ. Сууц өмчлөгч заавал СӨХ-ийн гишүүн байна. Бусдын санал хүсэлтийг хүндэтгэн үзэх ёстой гэжээ.
Хариуцагч Д.Чимгээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байр буюу Оюут багийн 25а дугаар байр нь 2014 оны 05 дугаар сард ашиглалтанд орсон бөгөөд энэ хугацаанаас эхлэн Эрдэнэт 99 СӨХ-д харъяалагдах болсон. Тус СӨХ-ийн харъяалалд шилжсэнээс хойш цэвэрлэгээ үйлчилгээ огт хийгдэж байгаагүй. Орцны гадаа, доторх цэвэрлэгээ үйлчилгээ байхгүй учир бид /манай орцны оршин суугчид/ СӨХ-ийн төлбөр төлдөггүй. Оршин суугчид удаа дараа тус СӨХ-д цэвэрлэгээ, үйлчилгээ хийгддэггүй учир мөнгө төлөхгүй гэдгээ хэлж, шаардлага тавьж байсан. Орцны гэрэл алга болж, орцны парны ус алдаж, хаалга эвдэрч байхад Эрдэнэт 99 СӨХ ямарч үйлчилгээ анхаарал хандуулж байгаагүй. Бид өөрсдөө утасдаад мэдэгдэх үйлчилгээ хийж байсан. Ийм учир Эрдэнэт-99 СӨХ-ийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь хариуцагч Д.Чимгээд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр 200,700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Д.Чимгээ нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6 дугаар заалт “Сууц өмчлөгч нь өөрөө өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, бохир, ариутгал, хог цахилгаан, холбоог зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө ” гэсэн заалтыг зөрчин төлбөрөө төлөхгүй байгаа тул 200,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч шүүх хуралдаанд ........нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, орцны цэвэрлэгээг хийдэггүй бохир заваан байдаг гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.
Харин хариуцагч Д.Чимгээ нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөр 200,700 төгрөг төлсөн гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй болно. Мөн Д.Чимгээ нь Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн бөгөөд ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6 дугаар заалт “Сууц өмчлөгч нь өөрөө өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, бохир, ариутгал, хог цахилгаан, холбоог зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө ” гэсэн заалт, МУ-ын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.2.6 дахь заалтын дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ-ны тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,671 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Чимгээгээс 6,671 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2.3-д заасныг заасныг баримтлан хариуцагч Д.Чимгээгээс 200,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт-99 СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6,671 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6,671 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН