Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2024/00020

 

******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 03-ны өдрийн 138/ШШ2024/00428 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,267,506.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,267,506.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Хариуцагч ******* болон ******* нар нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ******* банк-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6,400,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай зээлж авсан. Мөн *******, ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 6,300,000 төгрөгийг зээлж нийт 12,700,000 төгрөгийн цалингийн зээл авсан. ...Зээлдэгч нар зээлийн гэрээнүүдийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй хугацаа хэтрүүлэн тул үндсэн зээл 8,529,320.24 төгрөг, үндсэн хүү 6,116,492.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,693.59 төгрөг нийт 15,267,506.56 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 15,267,506.56 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024-2025 оны хооронд улиралд 1 удаа төлөлт хийж дуусгахыг зөвшөөрнө үү. *******г хариуцагчаас татгалзаж өгнө үү. Энэ хэрэгт ******* нь хамааралгүй болно. гэжээ.

 3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банкнаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн гэрээнд миний бие ямар нэгэн байдлаар үүрэг хүлээж гарын үсэг зураагүй бөгөөд тус гэрээнд *******, ******* нар нь гарын үсэг зурж 12,700,000 төгрөгийг авсан байна. Тус зээлийн гэрээний 2.1-т энэхүү нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр талуудын хооронд байгуулсан 471510058 зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээт 6,300,000 төгрөгөөр нэмэгдүүлж банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдэл 11,403,069.35 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцов. гэсэн байх бөгөөд уг гэрээг *******, ******* нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаас харахад банк нь *******, ******* нартай цалингийн зээлийн үлдэгдэлийг 11,403,069.35 төгрөг болгон өөрчлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан нь тодорхой харагдаж байна. Харин миний хувьд энэ гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй болно. Иймд би уг нэхэмжлэлийн хариуцагч нь биш юм. Намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. ******* банк нь *******, ******* нараас гэрээний үүргээ биелүүлээгүйн төлбөрийг нэхэмжлэх ёстой гэж ойлгож байна. гэжээ.

 4. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 5,089,168.85 төгрөгийг, хариуцагч *******гаас 5,089,168.85 төгрөгийг, хариуцагч *******ээс 5,089,168.85 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,287.53 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 78,095.84 төгрөгийг гаргуулан ******* банк ХК-д олгож, ... шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ******* нь ******* банкнаас 6,400,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн үед хамтран амьдарч байсан учраас миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнд хамтран зээлдэгчээр ******* гарын үсэг зурж зээлийг авсан байдаг. Миний хувьд уг зээлийн гэрээнд огт гарын үсэг зураагүй, зээлийг нэмэгдүүлж авч байгаа талаар мэдээгүй, тухайн үед *******той хамт амьдрахаа больсон байсан. Одоо ч бид хамт амьдардаггүй бөгөөд тусдаа амьдралтай болсон.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 4715107058 тоот гэрээ нь ******* банк, *******, ******* нарын хооронд байгуулсан бөгөөд Иргэний хуульд заасны дагуу миний бие тус гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэдэг нь тус гэрээнээс тод харагддаг.

... Анхан шатны шүүхээс намайг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй, ямар үндэслэлээр төлөхөөс чөлөөлөх ёстой, хариуцагч биш гэдгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 242.1, 242.2-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нь иргэн ******* миний бие биш харин ******* нь тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг нь хэрэгт цугларсан бичгийг нотлох баримтаар нотлогдож байна.

... ******* банк нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 4715107058 тоот гэрээний хамтран зээлдэгчээр *******ийг гарын үсэг зуруулсан нь тус гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар ******* гэдэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* банк-ны зүгээс ч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, цалин орлоготой этгээдээр өмнөх хамтран хариуцагчийг сольж гэрээг байгуулсан гэдэг нь тус гэрээнээс тодорхой харагддаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт *******гаас 5,089,168.65 төгрөгийг гаргуулан гэснийг хүчингүй болгон, хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь нэмэлт зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зураагүй гэж тайлбарладаг. Нэмэлтээр цалингийн зээл авах үедээ хамтран зээлдэгчээ солиулах хүсэлтийг ******* банкинд гаргаагүй байна. Энэ үед хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч одоог хүртэл манай дээр хамтран хариуцагчаар харагдаж байгаа учраас зээлийг нийт хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анх зээл авах үедээ хуримандаа мөнгийг зарцуулна гэж ярьж байсан. Энэ мөнгийг нэгэнт хамт зарцуулсан учраас төлбөрийг хамт буцаан төлөх нь зүйтэй гэж манай талаас үзэж байгаа. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,267,506 төгрөг 56 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

3. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагатай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,267,506.56 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч ******* болон ******* нар нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ******* банк-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 6,400,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай зээлж авсан. Мөн *******, ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 6,300,000 төгрөгийг зээлж нийт 12,700,000 төгрөгийн цалингийн зээл авсан. ...Зээлдэгч нар зээлийн гэрээнүүдийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээл 8,529,320.24 төгрөг, үндсэн хүү 6,116,492.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 621,693.59 төгрөг нийт 15,267,506.56 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

6. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн гэрээнд миний бие ямар нэгэн байдлаар үүрэг хүлээж гарын үсэг зураагүй бөгөөд тус гэрээнд *******, ******* нар гарын үсэг зурж 12,700,000 төгрөгийг авсан. Тус зээлийн гэрээний 2.1-д энэхүү нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр талуудын хооронд байгуулсан 4715107058 тоот зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 6,300,000 төгрөгөөр нэмэгдүүлж банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдэл 11,403,069.35 төгрөг болгон өөрчлөхөөр талууд харилцан тохиролцов. гэсэн байх бөгөөд уг гэрээг *******, ******* нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаас харахад банк нь тэдгээртэй цалингийн зээлийн үлдэгдлийг 11,403,069.35 төгрөг болгон өөрчлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан нь тодорхой байна. Иймд би уг нэхэмжлэлийн хариуцагч нь биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй . гэж тайлбарлан мэтгэлцсэн.

7. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч *******, ******* нар нь ******* банк ХК-тай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ4715107058 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулан 6,400,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай зээлж авсан, хариуцагч *******, ******* нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4715107058 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хэмжээг 6,300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдлийг 11,403,069.35 төгрөг болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

7. Талуудын дээрх тохиролцоог харьцуулж дүгнэхэд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч болон хариуцагч *******, ******* нарын хооронд 6,400,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь уг зээлийн үлдэгдэл дээр 6,300,000 төгрөгийн зээлийг нэмж олгон, нийт 11,403,069.35 төгрөгийг *******, ******* нарт зээлдүүлэхээр тохиролцжээ.

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч *******, *******, ******* нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. ...мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу ...үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй. болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог.

Тодруулбал, сүүлийн буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4715107058 тоот гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийг шинээр нэмж олгох зээлтэй нэгтгэн зээлийн нийт дүнг тодорхойлж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэн, зээлийн гэрээний хугацааг өөрчилснөөс үзвэл уг гэрээ байгуулагдсанаар өмнөх 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан хууль зүйн үр дагавар үүссэн байх ба 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний хувьд ******* үүрэг гүйцэтгэгч биш болсон байна.

9. Иймд нэхэмжлэгч ******* банк ХК нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч *******д холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2024/00428 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******оос 7,633,753.28 төгрөгийг, хариуцагч *******ээс 7,633,753.28 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ... хариуцагч *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 78 095 төгрөг 84 мөнгийг... гэснийг ... хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 137,090.48 төгрөгийг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,377 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.УРТНАСАН

Ц.ЭРДЭНЭЗУУ