Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Э.Халиун,

Нарийн бичгийн дарга: Ундармаа,

Хохирогч Г.Эрдэнэзул,

            Шүүгдэгч Ц.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 1809056210049 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Бүрзн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Аварга Чоно” ХХК-д хамгаалагчийн ажил хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1114У тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 12 дугаар 08-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тузов” гэх нэртэй авто засварын газарт хохирогч Г.Эрдэнэзулыг “автомашин будаж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: Дахиж ийм хэрэг хийхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  /хх-ийн 19/, гэрч Э.Гангантогос /хх-ийн 25/, гэрч Д.Батням /хх-ийн 27 /, яллагдагч Ц.О /хх-ийн 4 / нарын өгсөн мэдүүлэгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаар дүгнэлт /хх-ийн 33/, шүүгдэгч Ц.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 12 дугаар 08-ны өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тузов” гэх нэртэй авто засварын газарт хохирогч Г.Эрдэнэзулыг “автомашин будаж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ц.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1. Хохирогч  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Кузов засварын газар шөнийн 20 цагийн үед будагны буу авах гээд орсон чинь Ц.О болон үл таних хоёр залуу тэр гурав архи уугаад байж байсан.          Тэгээд би будагны бууг нь түр авч гарч хэрэглээд буцаагаад оруулж ирсэн чинь Ц.О надад хандаж машин будаад өгчих гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хариу хэлсэн. Үүний дараа Ц.О нь намайг хэл үгээр доромжлоод байсан. Дараа нь засварынхан гарах гэж байтал намайг Ц.О нь куртикнээс татаж хойшоо хавсарч газарт унагаагаад миний толгой руу дэвссэн. Тухайн үед Ц.Отой хамт байсан гэх хоёр залуу бид хоёрыг салгасан үйл явдал болсон. Удалгүй би засварын газраас гараад цагдаа дуудаад цагдаа нар ирээд Ц.Оыг эрүүлжүүлсэн үйл явдал болсон.Тухайн үед цаг орой болсон байсан учраас Ц.Оыг машин будаад өг гэж хэлэхээр нь чадахгүй гэж хэлсэн чинь намайг хэл үгээр доромжпоод зодсон. Ц.О нь миний куртикний малгайнаас хойшоо татаж хавсарч газарт унагаагаад дараа нь миний нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа дэвсэж биед маань гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

 

2.Гэрч  Э.Гангантогосийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шөнийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Кузов засварын газарт би машиныхаа гуперийг замасагдуулж янзлуулаад байж байтал Ц.О, Д.Батням архи хуваагаад ууж байсан. Энэ үед Эрдэнэзул гэх залуу гаднаас орж ирээд удаагүй байж байтал Ц.О нь Эрдэнэзулыг чи энэ дүүгийн гуперийг будаад өгөөч гэж гуйсан чинь Эрдэнэзул нь Ц.Оын өөдөөс хэл үгээр өдөөд байсан.

 

Энэ үед Ц.О босож ирээд Эрдэнэзулыг чи лалар минь зайлаа гэж хэлсэн чинь Эрдэнэзул нь хариуд нь чи намайг зайл гэж хэлдэг хэн юм бэ, чамайг харнаа гэж хэлсэн. Дараа нь Ц.О Эрдэнэзул руу очоод цамцны захнаас татаад унагаахаар нь би Ц.Оийг салгах зорилгоор хойноос нь татсан чинь Ц.Оийн хөлийн өсгий нь Эрдэнэзулын эрүүний дээд хэсэгт санамсаргүй цохичихсон....” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

 

3.Гэрч Д.Батнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.О ах Г.Эрдэнэзулыг малгайтай цамцнаас нь татаж унагаахад нь Э.Гангантогос, Ц.Оыг салгах гээд татсан чинь Ц.О нь Г.Эрдэнэзулын амыг нь санамсаргүйгээр хөлөөрөө нэг удаа цохисон...” гэсэн мздүүлэг /хх-н 27/,

 

4.Яллагдагч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Гузов засварын газарт шөнийн 20-21 цагийн үед найзынхаа машиныг янзалж байтал гаднаас Г.Эрдэнэзул орж ирсзн. Г.Эрдэнэзулыг засварын газарт орж ирээд энэ машиныг шүршээд өгөөч ахын дүү гэж хэлсэн чинь Г.Эрдэнэзул надад чадахгүй гэж хариулт өгөхөөр нь би тэгвэл зайл гэж хэлсэн чинь чи намайг хөөдөг хэн юм бэ пизда минь гэж надтай муудалцахаар нь би куртикнээс нь татаад газарт унагаасан чинь миний хойноос Э.Гангантогос намайг татсан чинь би санамсаргүй хөлөөрөө уруулыг нь цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх 4/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Г.Эрдэнэзулын биед дээд зүүн 1-р шүдний сулрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч Ц.Оыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлагын хувьд 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан болно.

 

Шүүх энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ц.Од торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Оын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй байна. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Ц.Од тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 500 нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ