| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05865/и |
| Дугаар | 5865 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5865
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 гудамж 1237г тоотод оршин суух /РД:МЮ74051181/ Авга харьяад овогт Өлзийбаярын Сарантуяа Ө.Сарантуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Мянган оюутны байр 320 тоотод оршин суух /РД:СР72031919 /Бүрээт овогт Сүхбаатарын Нямхүүд холбогдох
22,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Сарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Ө.Сарантуяа би хариуцагч С.Нямхүүд 2015 оны 06-р сарын 2-ны өдрөөс 2015 оны 07 сарын 01-ний хооронд 95 429 кг, нийт 22 900 000 төгрөгний үнэ бүхий хонь, ямааны мах нийлүүлсэн юм. С.Нямхүүгээс олон удаа махны үнээ төлөхийг шаардсан боловч өдий хүртэл тооцоо хийсэнгүй. Ө.Сарантуяа би 2015 оны 09 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаад С.Нямхүүгийн хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилан мэхлэж нийт 22 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг мэдэгдсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 638 тоот тогтоолд хариуцагч С.Нямхүүгийн хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан байдаг. Гэхдээ хохирогч Ө.Сарантуяа миний хохирлыг иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоосон юм. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 638 тоот тогтоолын тогтоох хэсгийн 4 зааснаар Ө.Сарантуяа би С.Нямхүүгээс 22,900,000 төгрөгийн хохирлоо шаардаж байна.”гэжээ.
Хариуцаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.Сарантуяатай 2013 оны 5-р сараас эхлэн хонины мах худалдан авч хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд өдөрт 500-700 kг мах худалдан авч тооцоог нь өдөрт нь хийдэг байж байгаад зарим үед харилцагч байгууллагаас шалтгаалж тооцоо 7-10 хоног саатах үе байсан ч тооцоог хийж өр төлбөргүй ажиллаж ирсэн. 2015 оны 4-р сарын сүүлээр миний бие хөдөө явах шаардлага гарч Ө.Сарантуяатай уулзаж дүү Бямбасүрэнтэй хамтарч ажиллаад ашигаа хуваагаад явах уу, хамт тооцоогоо сайн нийлэн ажиллаарай гэхэд Ө.Сарантуяа зөвшөөрч хамтарч ажиллахаар болсон. 6-р сарын сүүлээр хөдөөнөөс ирэхэд Бямбасүрэн ажил хэвийн байгаа Ө.Сарантуяа эгчтэй 16,000,000 төгрөгийн тооцоо байгаа гэхэд тооцоог чинь харья гэтэл Сарантуяа эгчид хөтөлсөн данс тооцоо байгаа бид хамтарч байгаа болохоор надад хөтөлсөн зүйл байхгүй гэж хэлж байсан. 7-р сарын 4-ний хавьцаа Сарантуяатай хамгийн сүүлд тооцоо хийсэн. Үүний дараа Бямбасүрэнг гэрээс нь авч явж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст баривчлуулах хүсэлт гаргаад сууж байсан бөгөөд над руу утасдаж чи ирэхгүй бол Бямбасүрэнг хориуллаа шүү гэсэн. Намайг очиход чи нотариатын гэрээ хий тэгвэл Бямбасүрэнг хориулахгүй гэж хэлж байгаад нотариатаар батлуулсан. Энэ хугацаанд Сарантуяа мах нийлүүлдэг байгууллагаар явж Нямхүү, Бямбасүрэн хоёроос мөнгө авах ёстой гэж асуудал үүсгэснээр мах нийлүүлдэг байгууллагуудтай хамтарч ажиллах боломжгүй болсон. Би Сарантуяагийн өмнө зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй. Миний тооцоогоор Сарантуяад Бямбасүрэнтэй нийлж байгаа тооцоогоор нь 16,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж үздэг. Энэхүү төлбөрийг зохих шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болно. Мөн энэ хугацаанд намайг цагдаагийн байгууллагаар шалгуулж эрүүгийн гэмт хэрэгтэн болгож ажилгүй болгосон, мөн эхнэрийг маань ажилгүй болгож, гэр бүлийг маань дарамталж байсан зэрэг сэтгэл санааны болон эд материалын хохирол тооцож хариу нэхэмжлэл гаргах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Сарантуяа нь хариуцагч С.Нямхүүд холбогдуулан 22,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Сарантуяа нь хариуцагч С.Нямхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ганзоригтой нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ. Үүнд:
“Ө.Сарантуяа миний бие С.Нямхүүгийн 16,000,000 төгрөгийг надад төлөх хүсэлтийг нь хүлээн аван энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж байна. Хариуцагч С.Нямхүү нь 16,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 6,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 4,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тус тус төлж барагдуулна гэжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Нямхүүд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Сарантуяа хариуцагч С.Нямхүүд холбогдуулан 22,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 6,900,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Нямхүү нь үлдэх 16,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, С.Нямхүүд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,450 төгрөгнөөс 136,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 118,975 төгрөгийг, хариуцагч С.Нямхүүгээс 118,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Сарантуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР