Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

   2019          01         30                                        117

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч:С.Мөнхгэрэл,

Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,

Шүүгдэгч:Б.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  холбогдох эрүүгийн 1809034581228  дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Бурхантын 2 дугаар гудамж 32 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн зуслангийн газарт хохирогч Н.Нармандахын бариулж байгаа зуслангийн байшингийн барилгаас барилгын материал, багаж сантехникийн хэрэгсэлүүд, гагнуурын аппарат, тасдагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 763.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү ...” гэв.

 

              Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Нхх-ийн 14-17, 18-20, 21 -23х/, гэрч Б.М /хх- ийн 24-25х/ нарын мэдүүлэг, Дамна хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66х/, яллагдагч Б.Мын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 3/, ял шалгасан хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн зуслангийн газарт хохирогч Н.Нармандахын бариулж байгаа зуслангийн байшингийн барилгаас барилгын материал, багаж сантехникийн хэрэгсэлүүд, гагнуурын аппарат, тасдагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 763.400 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 

Шүүгдэгчийн  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

              Хохирогч ”...Д.Мөнхбаяр нь байшинг цоожлоод түлхүүрийг нь хадам ээж, эхнэр хоёрт аваачиж өгсөн юм билээ. Хадам ээж тэгэхээр нь очиж шалгаж үзээд хаана юу байгааг нь мэдэхгүй болохоор намайг өөрөө ирж шалгаж тодруулж үзээрэй гэсэн. Би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Солонгосоос ирчихээд зуслангийн байшингаа очоод үзэхэд байшин дутуу баригдсан мөн дотроос барилгын материал болон барилгын багаж хэрэгсэл хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-17, 18-20, 21 -23х/,

 

          Гэрч Б.Мын”...миний бие барилгын ажпаа дуусгахаас өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 4 хоногийн өмнө байшин бариулж байгаа Мандах гэх залуугийн авчирсан цэнхэр өнгийн гагнуурын аппарат, кен маркийн улаан өнгийн жижиг тасдагч хоёрыг цүнхэнд хийж ашиглахаар гэрлүүгээ аваад явсан. Түүний маргааш өдөр нь би байшингаас цагаан өнгийн гар угаалтаар, холигч ком, душны шүршүүр зэрэг эд зүйлсийг 100 айл худалдааны төв дээр аваачиж нийт 400.000 төгрөгийн үнэ хүргэж зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 24-25х/,

 

Дамна хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66х/,

 

 Яллагдагч Б.Мын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагч /прокурор/-той маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Мын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан ял оногуулж, тэнсэх боломжтой  байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусадад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг дурьдах  нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

 

4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ