Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 5859

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 30-6 тоотод оршин суух /РД:НВ75120506/ Боржигин овогт Бадам-Очирын Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг их дарь эх 2 дугаар гудамж 101 тоотод оршин суух /РД:ЦА82120467/ Молк овогт Бухаръяагийн Аянагүль,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг их дарь эх 3 дугаар гудамж 91 тоотод оршин суух /РД:УК91021911/ Молка овогт Бухаръяагийн Селемхаан нарт холбогдох,

 

3,558,500 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Баярмаа би Б.Аянагүль, Б.Селемхаан нартай  2016.02.05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.200.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 2016.03.05-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцоход тохиролцсон. Ингээд Аянагүль, Селемхаан нар  нь 2016.03 сард хүүгээ төлөх хугацаагаа дахин нэг сараар сунгахаар утсаар тохиролцоод үүнээс хойш хүү, алданги, үндсэн мөнгө огт төлөөгүй, утсаа авахаа огт больсон учраас би энэ хүмүүсээс үндсэн мөнгө 2.200.000, хүү 222000 төгрөг, алданги 1,100,000 төгрөг нийт 3,520,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаагаа БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд өргөдлөө дурьдан гаргасан болно. Гэвч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад дээрх хүмүүстэй хугацаан дээрээ тохиролцоонд хүрч чадаагүй тул дээрх мөнгийг гаргуулхаар шүүхэд хандаж байна. Мөн дээрх мөнгөн дүн дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэгтийн хураамж 30.000, шүүхэд нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний үнэ 8500 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамж 71,270 төгрөг, нийт 3,558,500 төгрөг Б.Аянагүль, Б.Селемхаан нараас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Б.Аянагүль, Б.Селемхаан нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Б.Аянагүль, Б.Селемхаан бидний бие 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Баярмаагаас нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 2 200 000 төгрөгийг зээл, барьцааны гэрээ байгуулж зээл авсан нь үнэн болно. Уг гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үүргийн дүнгээс 0.5  хувийн алданги тооцохоор тохиролцсон үнэн болно. Гэрээ байгуулсанаас хойш 2016 оны 03 сарын хүүг бүрэн төлж зээлийн хугацааг нэг сараас сунгасан нь үнэн болно. Бидний бие уг мөнгийг автомашин авахад нэмэр болгосон бөгөөд дээрх худалдаж авсан машин дахиж хэрэглэх боломжгүй болсон. Иймд  бид уг зээлийг төлөх эх үүсвэрээ үрэгдүүлсэн учраас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Цаашид бид нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 3.629.770 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагч Б.Аянагүль, Б.Селемхаан нарт холбогдуулан  3,558,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа нь  Б.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Аянагүль, Б.Селемхаан нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Аянагүль, Б.Селемхаан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа нь нэхэмжлэгч Б.Баярмаагийн 3,558,500 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, Б.Аянагүль, Б.Селемхаан нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,270 төгрөгийн 35,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 35,635 төгрөгийг, хариуцагч Б.Аянагүль, Селемхаан нараас 35,635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР