Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 5860

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19 тоотод  байрлах Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Данзангийн 3-25 тоотод оршин суух /РД:ОО87021009/Борлууд овогт Авирмэдийн Батнавчид холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 600,000 төгрөг  гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр тус банкны Энхтайван салбар дээр манай банкны харилцагч Мягмар овогтой Насанбуян нь Хаан банкны харилцагч А.Батнавчийн 5015143742 тоот данс руу теллер дээр бэлэн тушааж, 800.000. төгрөгийн гүйлгээ хийх үед Монголбанкны цахим гүйлгээний төвийн систем дээр алдаа гарч, манай банкны дотоодын өглөгийн данснаас гүйлгээ давхар илгээгдэж, хүлээн авагч А.Батнавчийн дансанд 1.600.000 төгрөг орсон. Уг гүйлгээтэй холбоотойгоор манай банкны зүгээс хүлээн авагч А.Батнавч болон түүний нөхөртэй удаа дараа холбогдсон боловч “Илүү авсан 800.000 төгрөгийг өгөхгүй” М.Насанбуянтай өөртэй нь холбогдож мөнгөө ав.” Гэсэн үндэслэлгүй хариуг удаа дараа өгсөн. Шилжүүлэгч М.Насанбуянтай уг асуудлаар холбогдоход одоогоор ямар нэгэн шилжүүлэг хийх мөнгөний боломж байхгүй гэсэн хариуг өгч асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаагын улмаас манай банкинд 800.000 төгрөгийн бодит хохирол учирсан тул уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж, А.Батнавчаас 800.000 төгрөгийг гаргуулахын тулд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1р хэсэгт хандан гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх шатанд М.Насанбуян нь 200.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 600.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх зуур Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2054 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах” тухай тогтоол гаргаж, уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус банкийг энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэхийг заажээ.Иймд иргэн А.Батнавч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасны дагуу системийн саатлын улмаас банкнаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, үндэслэлгүй хөрөнгжсөн байх тул 600.000 төгрөгийг түүнээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас иргэн А.Батнавчийн Хаан банкны дансанд илүү орсон 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 600,000 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч А.Батнавчид холбогдуулан  600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нь  Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, А.Батнавчид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.Батнавчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны 600,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, А.Батнавчид  холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийн 9,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 9,325 төгрөгийг, хариуцагч А.Батнавчаас 9,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР