| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00404/И |
| Дугаар | 476 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 476
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ц.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Ганбаярт холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд Г.Ганбаяртай танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2009 оны 03 дугаар сарын 16-нд охин М.Есүй төрсөн. Тэрээр охиноо 1 нас хүрсний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо охин маань 7 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, группт байдаг учраас 2009 оны 03 дугаар сарын 16-нд төрсөн охин М.Есүйгийн төрсөн эцэг нь Г.Ганбаяр мөн болохыг тогтоож, Г.Ганбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмлэгч Ц.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Мягмарсүрэн миний бие нь Г.Ганбаярт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж, шинжилгээгээр эцэг нь биш гэж гарсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүх хуралдаан хийлгэх шаардлагагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж, шинжилгээгээр эцэг нь биш гэж гарсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх шүүхэд ирүүлсэн тайлбараар батлагдаж байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Г.Ганбаярт холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1284 тоот шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ