Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овогт Магсарын М.Т эд холбогдох эрүүгийн 1940000100017 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, М.Т

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн 48-04 тоот И  гэрт 2019 оны 01 сарын 08-ны өдөр Х.Б ийн толгойн тус газар шанагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т “2019 оны 01 дүгээр сарын 08-нд миний төрсөн өдөр болсон. Найзындаа 2 шил архи  уугаад сууж байтал Б  орж ирсэн. Тэгээд Б тэй маргалдахад миний гарыг хазсан. Миний уур хүрээд халбаган шанагаар  толгойнд  нь цохьсон. Манай хоёр найз гарч ирээд хүний толгой хагалчихсан байна гэсэн. Тэгээд бид хоёрыг явуулсан. Б  өөрөө эхлээд гар барилдах санааг гаргасан. Гар барилдаж байхдаа миний гарнаас хазсан. Тэгээд би уурандаа халбаган шанагаар  цохичихсон юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө ажлаасаа буугаад маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нь бүтэн өдөр амарсан юм. Би энэ амралтынхаа өдрөөр гэрээсээ 17 цагийн орчимд гарч Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48-04 тоотод оршин суух гэр бүлийн найз болох И  гэрт очиход И  эхнэр Ж  хамтаар гэртээ байсан. Тэгсэн намайг гэрт нь ороход И  төрсөн өдрийн юм гээд 0.75 литрийн савалгаатай Соёрхол гэх нэртэй архи гаргаж өгсөн юм. Ингээд И, Ж  бид 3 уг архийг гал тогооны өрөөнд нь суугаад хувааж ууж дуусгаад би дэлгүүр гарч дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи нэг шилийг аваад буцаж И  гэрт ороод уугаад сууж байтал багцаагаар 19 цагийн орчимд гаднаас Бор-Өндөр сумын харьяат И  баз хүргэн гэх Б  гаднаас уусан бололтой согтуу энгэртэй Стандарт гэх нэртэй архи хийчихсэн орж ирсэн. Ингээд Б  бид нартай хамт ширээнд суусан. Ингээд сууж байгаад би Б д хандаж Хоёулаа ганц гар барилдчихъя гээд гарыг нь атгаад автал Б  миний зүүн гарын шуунаас хазаад авсан. Тэгсэн миний гаранд 2 шүдний ором гарч бага зэрэг цус шүүрсэн. Тэгэхээр нь би уурандаа гал тогооны өрөөний шүүгээн дээр байсан хоолны шанагаар толгой тус газар нь 1 удаа цохисон. Тэгсэн Б ийн толгой хагарч цус гарсан. Тэгсэн Б  И  гэрээс гүйгээд гараад явчихсан. Харин И, Ж  бид 3 үлдсэн. Ингээд би тэдний гэрээс гаралгүй тэндээ хонож амарсан. И  болон Ж  хоёр тухайн үед том өрөөндөө орчихсон байсан. Би И, Ж  хоёрыг гал тогооны өрөөнөөс гараад том өрөөнд орсон хойно нь Б тэй гар барилдъя гээд гараа хазуулсан. Тийм болохоор тэр хоёр байгаагүй. Харин Б ийн толгойг хагарсны дараа И , Ж  хоёр мэдсэн. Тэр гэрт өөр хүн байгаагүй. Б тэй тоглоомоор гар барилдах гэсэн чинь миний гарыг хазчихсан болохоор уур хүрээд цохьсон” гэх мэдүүлэг /хх-н 24-25 хуу/

Хохирогч Х.Б  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг  48 дугаар байрны 04 тоотод байх И  гэх баз хүргэнийдээ Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс шагнуулсан гэхээр нь дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай Стандар гэх нэртэй архи нэг шилийг аваад гэрт нь 18 цаг өнгөрч байхад орсон. Намайг гэрт нь ороход И  эхнэр Ж  болон найз Т гэгчтэй Т төрсөн өдрийг тэмдэглэж байна гэсэээр 0.75 литрийн савалгаатай архи дундаа тавьчихсан уугаад сууж байсан. Ингээд намайг ороход ширээндээ суулгаж архи хийж өгсөн. Ингээд уг архийг тойруулж ууж дуусаад миний авчирсан 0.5 литрийн архийг задалж тойруулаад эхлэхэд Т гэгч нь согтуурхаж намайг Чи юу хийгээд байгаан, хоёулаа нэг гар барилдчихъя" гэхээр нь би хийсэн юм байхгүй, гэр зуур байгаа, би гар барилдахгүй, миний гар гэмтэлтэй муу гэж хэлэхэд Чи муу ямар том болчихсон юм бэ гээд ширээн дээр байсан төмөр хоолны халбагаар миний толгойн орой хэсэгт 2 удаа цохиход миний толгой хагарч цус гоожсон. Энэ үед И  гарч ирээд бид хоёрыг боль гээд дундуур ороход нь би ширээн дээр байсан авчирсан архиа аваад гарахад Т миний хойноос гараад ирсэн. Тэгсэн намайг барьж аваад Чамайг нэг мөсөн алчихъя гээд миний өмсөж явсан хувцасны захаар боосон. Тэгэхээр нь би боосон гарыг хазахад Т гараа тавихаар нь би зугтаачихсан юм. Ингээд би шууд эмнэлэг дээр ирж толгойд учирсан гэмтэлдээ 2 оёдол тавиулж боолт хийлгээд цагдаагийн байгууллагад ирж хандсан. Намайг гэрт нь ороход И  болон Ж  нар нь гайгүй байсан. Харин Т нилээн халамцуу байсан” гэх мэдүүлэг /хх-н 9-р хуу/

Гэрч Х.И  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр Ж  хамтаар байж байтал манай найз М.Т нь гаднаас багцаагаар 17 цаг өнгөрч байх үед манай гэрт орж ирсэн. Тухайн өдөр нь М.Т ийн төрсөн өдөр байсан тул би М.Т эд хоол цай хийж өгөөд 0.75 литрийн савалгаатай Соёрхол гэх нэртэй архи гаргаж өгөөд Ж , М.Т бид гурав төрсөн өдрийг нь тэмдэглэж манай гал тогооны өрөөнд сууж хувааж уусан. Ингээд миний гаргасан архи дуусахад М.Т манай гэрээс гарч дэлгүүр ороод 0.75 литрийн савалгаатай "Хараа" гэх нэртэй архи нэг шил авчирсан. Ингээд бид гурвыг уг архийг уугаад сууж байтал манай баз хүргэн Х.Б  гаднаас согтуу орж ирээд бид нартай хамт сууж энгэрээсээ 0.5 литрийн савалгаатай "Стандарт" гэх нэртэй архи гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Тэгсэн манай эхнэр Ж  нь Б т цай хоол хийж өгөхөөр нь би үргэжлүүлэн ууж байсан архинаасаа хундагаар нэг хийж өгөхөд урдаа тавьчихаад хоолоо идэж эхэлсэн. Ингээд би Б т архи хундагалж өгчихөөд нойлд орж бие засахаар босод Б , М.Т  хоёр гар барилдах зүйл болоод үлдсэн. Ингээд би нойлд орчихоод гараад иртэл Б  М.Т ийн зүүн гарынх нь шуу хэсэгт хазчихсан, харин М.Т  Б ийн толгой тус газар нь хоолны төмөр шанагаар цохиж хагалчихсан хоорондоо муудалцаж байсан. Тэгэхээр нь би нойлоос гарч ирээд Яагаад гэрт орж ирчихээд зодолдоод байгаан, гарцгаа гэж хэлээд Б ийн авчирсан архийг өгөөд М.Т, Б  хоёрыг хөөж гэрээсээ гаргасан. Тэгсэн удалгүй М.Т  эргэж орж ирээд манайд хоноод өглөө нь гэрээс гараад явсан. Б ийн толгойн оройн хэсэгт зүсэгдсэн бололтой шарх үүсч цус гарч байхаар нь би даавуугаар боож өгөөд явуулсан. Харин М.Т ийн зүүн гарын шуу хэсэгт хазагдсан бололтой шүдний ором гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 7-8-р хуу/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай

  1. Х.Б ийн биед толгойн оройн зулай хэсгийн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 12 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч М.Т гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багийн 48 дугаар байрны 4 тоот дахь И  гэгчийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Б тэй маргалдан улмаар түүний толгойн тус газар шанагаар цохиж эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Хохирогч Х.Б ийн “...Т гэгч нь согтуурхаж намайг Чи юу хийгээд байгаан, хоёулаа нэг гар барилдчихъя" гэхээр нь би хийсэн юм байхгүй, гэр зуур байгаа, би гар барилдахгүй, миний гар гэмтэлтэй муу гэж хэлэхэд Чи муу ямар том болчихсон юм бэ гээд ширээн дээр байсан төмөр хоолны халбагаар миний толгойн орой хэсэгт 2 удаа цохиход миний толгой хагарч цус гоожсон...” гэх мэдүүлэг

Гэрч Х.И  “...би Б т архи хундагалж өгчихөөд нойлд орж бие засахаар босод Б , М.Т  хоёр гар барилдах зүйл болоод үлдсэн. Ингээд би нойлд орчихоод гараад иртэл Б  М.Т ийн зүүн гарынх нь шуу хэсэгт хазчихсан, харин М.Т  Б ийн толгой тус газар нь хоолны төмөр шанагаар цохиж хагалчихсан хоорондоо муудалцаж байсан...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар шанагаар цохисныг өөрөө болон хохирогч хэн аль нь мэдүүлсэн, хохирогч толгойн тус газраа цохиулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.  

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн  хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч М.Т эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан торгох ял шийтгэхээр тогтов.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Х.Б  нь мөрдөн байцаалтын шатанд “Х.Б  миний бие нь М.Т эд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч М.Т  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8—д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Х.И д буцаан олгосугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Т эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР