| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00414/И |
| Дугаар | 477 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 477
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би А.Цэгмидийн нэхэмжлэлтэй Д.Мөнх-Оргилд холбогдох “1.200.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Цэгмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д.Мөнх-Оргил нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонота маркийн машинтэй явж байгаад түлш дуусаад зогсож байхдаа шөнө байсан ослын тэмдэг тэмлэгдэгээ тавиагүй, зам чөлөөлөөгүйн улмаас осол гарсан. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр Д.Мөнх-Оргилын буруутай гэсэн дүгнэлт гарч А.Цэгмидэд 2.270.000 төгрөгийн хохирлыг тохиролцож 1.200.000 болгож 2016 оны 06 дугаар сард өгөхөөр тохиролцсон боловч хугацаандаа төлөхгүй хохироож байна.
Иймд хариуцагч Д.Мөнх-Оргилоос авах 1.200.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнх-Оргил нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнх-Оргил миний бие нь А.Цэгмидийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Цэгмид нь хариуцагч Д.Мөнх-Оргилоос “1.200.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.350 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16.675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 16.675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар А.Цэгмидийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мөнх-Оргилд холбогдох “1.200.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33.350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 16.675 төгрөгийг, үлдэх 16.675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ