Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 18

 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

            Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т д холбогдох 1940000460021 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн яс үндэс халх, 25 настай, эрэгтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Т

              Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт  хэрэгт  холбогджээ.

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт 2019 оны 02 сарын 21-ний шөнө 00 цаг 40 минутын орчим Б.Э нүүрэн тус газар цохиж “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт  холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.Э “Б.Т надаас уучлалт гуйгаад 330.000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөөр шүд хийлгэсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

-Гэрч Б.Э “Би 2019 оны 02 сарын 21-ний өдөр ажлаасаа 18 цаг өнгөрч байхад тарж Бор-Өндөр сумын 1 дүгээр баг захын урд талын ОША-нд байх найз О  гэрээр орж О уулзаж хоол цай идчихээд гэрээс нь 21 цагийн үед гараад Фрейндс гэх нэртэй баар руу ганцаараа орж зааланд нь сууж 0.5 литрийн  Тайгер гэх нэртэй пивоноос 2 шилийг, 100 граммаар архи захиалж уусан. Ингээд би баар хаатал авсан зүйлээ ууж бүжиглэж байгаад баар хаах үед буюу 00 цагийн үед баарнаас гарч гэртээ харих гээд ажлын залуу болох Г  эхнэр Б гэгчтэй утсаар ярьж гэр рүүгээ машинаар нь хүргүүлэх гээд залгахад намайг хүрээд ирэхгүй юу гэхээр нь би Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Нарлаг хорооллын Фрейндс баарнаас гарч явж байтал захын урд харалдаа, одоо ченж нарын суудаг хэсэгт хуучин надтай хамт ажиллаж байсан Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт ажилладаг Б.Т  гэх залуу ганцаараа явж байхаар нь Б.Т  гэж дуудаад хойноос нь очиход Б.Т  эргэж хараад ямар ч үг дуугүй миний нүүр рүү буюу ам руу цохиод авсан. Тэгэхээр нь би хөөе яаж байгаа юм гэхэд Б.Т  цаашаа 35 дугаар байр чигт гүйгээд явчихсан. Тэгсэн миний дээд үүдэн 1 шүд хугарч унаад 1 шүд нь хөдөлгөөнд орж цус гарч уруул хавдсан байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт очиж үзүүлээд эмчийн бичиг аваад цагдаагийн байгууллагад бусдад зодуулчихлаа гэж хандсан. Ингээд би цагдаад хандчихаад гэртээ очиж амарсан. Тэгсэн 2019 оны 02 сарын 22-ны өглөө 9 цагийн үед Б.Т  нь миний утас руу залгахаар нь би “чи өчигдөр ахыгаа цохьдог нь яаж байгаа юм бэ” гэхэд “уучлаарай би таньтай очоод уулзъя” гээд удалгүй манай гэрт ирээд “уучлаарай намайг, дүү нь шүдийг чинь хийлгээд хохирлыг чинь барагдуулна” гэхээр нь би “Яагаад намайг цохьсон юм” гэхэд “Та намайг дуудаад байсан биздээ, мөн намайг түрүүлж цохьсон” гэж байсан. Тэгэхээр нь би “ах нь хэдий архи уудагч хүнтэй хэрэлдэж маргалдаж зодоон цохион хийж явдаг хүн биш” гэдгийг хэлсэн. Тэгсэн Б.Т  буруугаа ойлгож миний хохирлыг барагдуулж шүдийг маань хийлгэж өгнө гэсэн. Энэ үед гэртээ ганцаараа байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

-Гэрч Б.Т гийн “Би 2019 оны 02 сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнж хорооллын зүүн байранд байх эмээ З  гэрээс оройн 23 цагийн үед гараад гэр рүүгээ явсан юм. Би эмээгийнхээс гараад гэр рүүгээ явахдаа Бор-Өндөр сумын захын дэргэдүүр явсан. Тэгсэн намайг захын урд ченж нарын суудаг хэсэг буюу Пүрдэм бөөний төвийн баруун урд талд явж байтал хөөе Б.Т  бацаан минь нааш ир гээд нэг хүн намайг дуудсан. Тэгэхээр нь эргээд хартал өмнө нь хамт Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн фабрик цехэд хамт ажилладаг байсан Б.Э  ах халамцуу 2 залуугийн хамтаар зогсож байсан. Тэгэхээр нь би дуудахаар нь очоогүй юм. Тэгсэн дахин намайг дуудахаар нь яасан бэ гээд очиход Б.Э  ах “Чи ямар том болчихсон юм бэ” гээд миний зүүн талын шанаа тус газар руу хальт цохиод авахаар нь би зөрүүлээд баруун гараараа Б.Э  ахын нүүр рүү нэг удаа цохьсон. Б.Э  ах над руу маргааш өглөө нь буюу 2019 оны 02 сарын 23-ны өдөр 8 цаг 30 минутын үед залгаж “Чи ахыгаа яаж байгаа юм бэ” Цагдаад өгөхөөс өмнө ирж уулзахгүй юм уу хэрэв үгүй гэвэл цагдаад өглөө гэхээр нь би Б.Э  ахтай уулзахад Б.Э  ахын үүдэн дээд шүд хугараад унасан байсан. Тэгсэн Б.Э  ах надаас нэг шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь би тухайн үед мөнгөтэй явж байсан болохоор 0.75 литрийн Тайга нэртэй архи авч өгсөн. Тэгсэн Б.Э  ах архи авсныхаа дараа Чамд хэдэн төгрөг байна, байгаа мөнгөө өгчих гэхээр нь бэлэн байсан 50.000 төгрөгөө өгсөн. Ингээд би Б.Э  ахаас салж яваад гэртээ байж байхад Б.Э  ахын эхнэр нь залгаад ирж уулз, уулзахгүй бол цагдаад өглөө гэхээр нь мөн л очиж уулзахад Б.Э ын шүдийг хийлгээд өгвөл гомдол саналгүй гэхээр нь би шүдээ хийлгээрэй гээд 300.000 төгрөг Б.Э ын эхнэрийн дансанд нь хийсэн. Тэгсэн Б.Э  ах надад гомдол саналгүй гэсэн бичиг бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 25-ны өдрийн №22 тоот: 

1.Б.Э биед дээд үүдэн баруун 1-р шүдний булгаралт, дээд үүдэн 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид дээрх дээд үүдэн баруун 1-р шүдний булгаралт бүхий гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8/,

            -Яллагдагч Б.Т “Би 2019 оны 02 сарын 21-ний шөнө Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнж хороололд байх эмээгийнхээ гэрээс гэр рүү харих замдаа захын дэргэд Б.Э  гэгчтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн гэм буруутай үйлдлээ гэмшиж хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч Б.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Б.Э од 330000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

-Хохирогч Б.Э “Б.Т надаас уучлалт гуйгаад 330.000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөөр шүд хийлгэсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

-Гэрч Б.Э “...Б.Т  гэж дуудаад хойноос нь очиход Б.Т  эргэж хараад ямар ч үг дуугүй миний нүүр рүү буюу ам руу цохиод авсан. Тэгэхээр нь би Хөөе яаж байгаа юм гэхэд Б.Т  цаашаа 35 дугаар байр чигт гүйгээд явчихсан. Тэгсэн миний дээд үүдэн 1 шүд хугарч унаад 1 шүд нь хөдөлгөөнд орж цус гарч уруул хавдсан байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт очиж үзүүлээд эмчийн бичиг аваад цагдаагийн байгууллагад бусдад зодуулчихлаа гэж хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

-Гэрч Б.Т гийн “...Тэгсэн дахин намайг дуудахаар нь яасан бэ гээд очиход Б.Э  ах “Чи ямар том болчихсон юм бэ” гээд миний зүүн талын шанаа тус газар руу хальт цохиод авахаар нь би зөрүүлээд баруун гараараа Б.Э  ахын нүүр рүү нэг удаа цохьсон ...Б.Э ын шүдийг хийлгээд өгвөл гомдол саналгүй гэхээр нь би шүдээ хийлгээрэй гээд 300.000 төгрөг Б.Э ын эхнэрийн дансанд нь хийсэн. Тэгсэн Б.Э  ах надад гомдол саналгүй гэсэн бичиг бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 25-ны өдрийн №22 тоот шинжээчийн дүгнэлт,

-Шүүгдэгч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

  Тухайлбал шүүгдэгч Б.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт 2019 оны 02 сарын 21-ний шөнө 00 цаг 40 минутын орчим хохирогч Б.Э нүүрэн тус газар цохиж “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Э биед дээд үүдэн баруун 1-р шүдний булгаралт, дээд үүдэн 2-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Т гийн зүй бус үйлдэл, хохирогч Б.Э архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Т гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Э  нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Б.Т  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардал /хиймэл шүд хийлгэх/ 330000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т гийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,

7, 8,  36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жангууд овогт Баярмагнайгийн Б.Т г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д оногдуулсан торгох ялыг 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                                    Шүүгч                                          М.Энхмандах