Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 183/2022/00430/И |
Дугаар | 210/МА2024/01273 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01273
Д.Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө ХХК, С.Г нарт холбогдох, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-ний 6.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхон, А5 блок барилгын 2-р орц, **-р давхрын 74.76 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ө ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу М.М нь 2023 оны 03 сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. М.М нь байгуулсан гэрээний дагуу орон сууцыг С.Г-д шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлыг Ө ХХК зөвшөөрч гэрээ байгуулсан. С.Г нь 113,635,200 төгрөг төлж Ө ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг 100 хувь биелүүлсэн. Иймд Хан-Уул дүүргийн **-р хороо, А-2 хотхон, А5 блок барилга, ** давхрын 74.76 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Д.Н нь С.Г-д 113,635,200 төгрөгийг бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгчийн шаардах эрх үүссэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний талууд үнэ тохирсон, төлбөрийг бүрэн төлсөн. Б ХХК нь гуравдагч этгээдээр татагдаад шүүхэд ирэхгүй, тайлбар өгөөгүй. Иймд гэрээний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Ө ХХК-д даалгаж өгнө үү. Мөн орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ө ХХК хариу тайлбартаа: Тус компани нь Хан-Уул дүүргийн *-р хороонд байрлах А-2 хотхоны А5-р блокийг ашиглалтад оруулсан. 2021 оны 02 сарын 07-ны өдөр Б ХХК-тай арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн гэрээний дагуу нийт 180 тонн арматур төмрийг 1 тонн тутмыг 1,850,000 төгрөгөөр тооцоод 333,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөрт Хан-Уул дүүргийн *-р хороонд баригдаж байгаа А5-р блокийн ** давхрын 74.76 м.кв талбайтай орон сууцыг 164,472,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон. Гэрээ хийгдсэнээс хойш Б ХХК нь Ө ХХК-д хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд А5-р блокийн 2-р орцны ** давхар гэж бичилтийн алдаатай байсан. Үүний үндсэн дээр Б ХХК-ийн хүсэлтийн дагуу М.М ын нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийж өгсөн. Тэрнээс хойш М.М нь Ө ХХК-д талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 6.6-д заасны дагуу хүсэлт гаргасан байдаг. Би уг орон сууцыг авах боломжгүй гээд С.Г рүү шилжүүлэх хүсэлт гаргасан. Гараар бичсэн хүсэлттэй нь хамт орон сууц захиалгын гэрээг шинээр баталгаажуулж өгсөн. Гэтэл Б ХХК нь 2021 оны 02 сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц, барилгын арматур төмөр нийлүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүрэг биелүүлэх тухай дахин тооцоо нийлж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн өөрчлөлтөөр 2021 оны 6 сард 25 тонн, 7 сард 25 тонн, нийт 6 сарын хугацаанд 119 тонн арматур төмрийг нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээг баталгаажуулсан. Үүнээс хойш Б ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ө ХХК-аас 2022 оны 02 сарын 07-ны өдөр 22/16 дугаартай гэрээнээс татгалзах тухай албан бичгийг Б ХХК-д хүргүүлсэн. Б ХХК энэ албан бичгийг хүлээж авснаас хойш компанийн гүйцэтгэх захирал н.С хүсэлт өгсөн. М.М, С.Г, Д.Н нартай холбоотой бүхий л асуудлыг Б ХХК хариуцна, манай зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг албан бичгээр хариу өгсөн. Ө ХХК болон М.М нарын хооронд байгуулсан гэрээг харахад М.М-аас С.Г рүү шилжүүлж байгаа гэрээний цаг хугацааны хувьд Б ХХК-д арматур төмөр нийлүүлэх гэрээний хугацаа болоогүй байсан. Үүний үндсэн дээр Ө ХХК нь М.М ын хүсэлтээр С.Г-ийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол Ө ХХК руу төлбөр ороогүй, баримт байхгүй. Ө ХХК-ийн хувьд Б ХХК-тай байгуулсан арматур төмөр нийлүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн. Арматур төмрөө хугацаанд нийлүүлээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон боловч тэр хугацааг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан. Уг гэрээ цуцалсантай холбоотой буюу цуцлахтай холбоотойгоор Ө ХХК-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, алданги 82,236,000 төгрөг гаргуулахаар Б ХХК-д холбогдуулж гаргасан. Тус шүүхийн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 1499 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Б ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу нэг талын санаачилгаар цуцалсан, гэрээ цуцалсантай холбоотой Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлж өгсөн эд хөрөнгийг буцаан авах эрх нь Ө ХХК-д байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарладаг. Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ буюу С.Г болон Д.Н нарын хооронд байгуулагдсан гэрээ буюу С.Г-тэй байгуулсан гэрээний 6.6-д талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд заавал худалдагч талтай зөвшилцөж, худалдагч талаас зөвшөөрөл авч байж шийдвэрлүүлэх байсныг анхаарч үзэхгүй гэрээ хийсэн байна. Б ХХК орон сууцыг худалдан авсан харилцагч болон хүмүүст өөрсдөө хохирол төлбөрийг нь төлж барагдуулахаа илэрхийлсэн албан бичгийг шүүхэд болон манай компанид ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.
3. Хариуцагч С.Г хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 03 сарын 01-ний өдөр Ө ХХК-ийн борлуулагчаар дамжуулан А-2 хотхонд авсан байраа тус компанийн захирал Г.Ц-той гэрээ хийж авсан. 5 хоногийн дараа өөрийн өмч болох уг байраа Д.Н-д зарсан. Би Д.Н-ийг танихгүй, зуучлагчаар дамжуулж уулзсан. Одоо уг байр Д.Н-ийн өмчлөлд шилжсэн тул би энэ хэрэгт хамааралгүй. Уг байр Д.Н-ийн өмч тул гэрчилгээг нь Ө ХХК гаргаж өгнө гэж бодож байна гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-ийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхоны А5 блок барилгын 2-р орцны ** давхрын 74.76 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Ө ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Ө ХХК, С.Г нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 866,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Хариуцагч Ө ХХК нь Б ХХК-тай 2021 оны 02 сарын 07-ны өдөр 01 тоот Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан БНХАУ-д үйлдвэрлэсэн арматур төмрийн 1 тонныг 1,850,000 төгрөг, нийт 180 тонн арматур төмрийг 2021 оны 03 сарын 15-ны өдөр нийлүүлэх ба гэрээний төлбөрт Хан-Уул дүүрэг *-р хороо, А аманд баригдаж буй А-2 төслийн А5-р блокийн 2-р орц, ** давхрын 74.76 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 164,472,000 төгрөгөөр тохиролцсон. Анхан шатны шүүх Ө ХХК-аас Б ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2021 оны 02 сарын 07-ны өдөр 1 тоот "Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах, өгсөн авснаа буцаах шаадлагыг гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01499 дугаар шийдвэрээр гэрээг цуцлагдсан болохыг тогтоосон. Нөгөөтэйгүүр, Б ХХК-аас гэрээг цуцалж, маргаан бүхий Хан-Уул дүүрэг *-р хороо, А аманд баригдаж буй А-2 төслийн А5-р блокийн 2-р орц ** давхарын 74.76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиалагч М.М, С.Г нарын төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн хэдий ч гэрээний үр дагаврыг хэрхэн шийдвэрлэсэн нь болон гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаар дурдаагүй, энэ талаар дүгнээгүй байна гэжээ. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Ө ХХК нь Хан-Уул дүүрэг *-р хороо, А аманд баригдаж буй А-2 төслийн А5-р блокны 2-р орц ** давхрын 74.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрөөс эдгээр нэр бүхий М.М, С.Г, Д.Н нараас огт төлбөр аваагүй атлаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх нь үндэслэлгүй юм.
5.2. Мөн анхан шатны шүүхээс Ө ХХК болон иргэн С.Г-тэй байгуулсан гэрээний 6.6 дахь заалт нь дээрх маргаан үүсэхээс сэргийлсэн зохицуулалт болохыг огт анхаарч үзээгүй байна.
5.3. Хамтран хариуцагч С.Г-ээс гаргаж өгсөн Хаан банкны ******** дансаар дамжуулан 113,635,200 төгрөгийг Д.Н-ээс хүлээж авсан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлсэн гэж үзэхгүй. Учир нь хариуцагч Ө ХХК-аас Б ХХК-тай байгуулсан гэрээ, түүнээс улбаалан байгуулсан гэрээнүүдийг нэг талын санаачилгаар цуцлахаа илэрхийлж албан бичгийг хүргүүлсэн байтал гэрээ цуцлах албан бичгийг үнэлэлгүй Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу Д.Н-ийг өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар төлбөрийг бүрэн төлснөөр шаардах эрх үүссэн. Анх Ө ХХК-тай М.М нь захиалгын гэрээ байгуулсны дагуу 2021 оны 02 сарын 25-ны өдөр н.Г-ын дансанд 40,000,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн. Б ХХК-ийн бартерын гэрээнд н.М-т байрыг шилжүүлж өгөх хүсэлтийг үндэслэж гэрээг хийхдээ гэрээний 4.1, 4.2-т зааснаас үзэхэд Б ХХК-ийн хүсэлтээр арматураа бүрэн нийлүүлсэн учир энэхүү гэрээг байгуулж, өмчлөх эрхээ баталгаажуулах хүсэл зоригийн үндсэн дээр Ө ХХК зөвшөөрч, албажуулсан. М.М нь үлдэгдлээ өгч чадахгүй байсан учир С.Г-д шилжүүлэхийг Б ХХК зөвшөөрсөн. Хэрэв арматур нийлүүлэх асуудал яригдаж байсан бол гэрээ хийгдэхгүй байсан. С.Г нь төлбөрийг 100 хувь төлөөд худалдах, худалдан авах гэрээ хийхийг Ө ХХК хүлээн зөвшөөрсний дагуу Д.Н төлбөрөө төлж барагдуулсан үйл баримтууд дансны хуулга бусад холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар шүүхийн шийдвэрийн 7-д дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн гуравдагч этгээдээр оролцуулах талаар ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ө ХХК, С.Г нарт холбогдуулан 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-ний 6.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А-2 хотхон, А5 блок барилгын 2-р орц, **-р давхрын 74.76 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө ХХК эс зөвшөөрсөн тайлбарыг, хариуцагч С.Г зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Б ХХК, М.М нар хариу тайлбар шүүхэд гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Ө ХХК, Б ХХК-иуд 2021 оны 02 сарын 07-ны өдөр Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б ХХК нь нийт 333,000,000 төгрөгийн үнэ бүхий 180 тонн арматур төмөр нийлүүлэх, Ө ХХК нь урьдчилгаа төлбөрт нийт 164,472,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, *-р хороо, А-2 төслийн А5 блок, 2-р орцны **-р давхрын 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон;
3.2. Б ХХК-ийн хүсэлтийн дагуу Ө ХХК, М.М нар 2021 оны 02 сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцыг М.М ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон;
3.3. М.М-ын хүсэлтийн дагуу Ө ХХК, С.Г нар 2021 оны 03 сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцыг С.Г-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон;
3.4. С.Г, Д.Н нар 2021 оны 03 сарын 05-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, С.Г нь дээрх орон сууцыг шаардах эрхийг Д.Н-д шилжүүлэхээр тохиролцсон;
3.5. Улмаар Д.Н нь 2021 оны 03 сарын 06-ны өдөр Арцат-2 төлбөр гэж 113,581,200 төгрөгийг С.Г-д шилжүүлэн өгсөн.
3.6. Дээрхээс үзвэл Ө ХХК, Б ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний үндсэн дээр Ө ХХК, М.М нарын хооронд, мөн Ө ХХК, С.Г нарын хооронд, мөн С.Г, Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа тус тус үүссэн байна.
4. Хариуцагч Ө ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
4.1. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Б ХХК-ийн хүсэлт, Ө ХХК-ийн зөвшөөрлөөр анх М.М-т шилжсэн байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар М.М ыг шударга эзэмшигч гэж үзнэ.
Шударга эзэмшигч болохынхоо хувьд М.М нь маргаан бүхий орон сууцыг С.Г-д, С.Г нь Д.Н-д тус тус худалдсан байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Н нь уг орон сууцыг шаардах эрхтэй.
4.2. Б ХХК-д хаягласан Ө ХХК-ийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 22/16 тоот албан бичигт тэдгээрийн хооронд 2021 оны 02 сарын 07-ны өдөр байгуулагдсан Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж байгаа тухай дурдсан байх боловч энэхүү үйл баримт нь Ө ХХК, М.М нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ, Ө ХХК, С.Г нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ, С.Г, Д.Н нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх хоёр талт гэрээ-ний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Учир нь, М.М, С.Г, Д.Н нарын хэн аль нь Ө ХХК-ийн өмнө арматур төмөр нийлүүлэх үүргийг хүлээсэн этгээд биш бөгөөд Б ХХК арматур төмөр нийлүүлэх үүргээ биелүүлээгүй нь тэдгээрийн буруу биш юм.
Иймд ...гэрээ цуцлах албан бичгийг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан..., ...М.М, С.Г, Д.Н нараас огт төлбөр аваагүй атлаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үндэслэлгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.3. 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ-ний 6.6 дахь заалт нь С.Г, Д.Н нарын хүсэл зоригийг хязгаарлах үндэслэл болохгүй тул хүчингүйд тооцуулах шаардлагагүй.
Иймд ...гэрээний 6.6 дахь заалт нь дээрх маргаан үүсэхээс сэргийлсэн зохицуулалт болохыг огт анхаарч үзээгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01499 дугаар шийдвэрээр Б ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, алданги 82,236,000 төгрөг гаргуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 сарын 07-ны өдрийн Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан байна... гэж дүгнэсэн байх боловч энэхүү шийдвэр нь зөвхөн тухайн хэргийн зохигчдод буюу Ө ХХК, Б ХХК-иудад хамааралтай буюу М.М, С.Г, Д.Н нарт хамааралгүй юм.
6. Ө ХХК нь 2021 оны 02 сарын 07-ны өдрийн Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ-ний улмаас хохирсон гэж үзвэл Б ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Мөн хэрэгт авагдсан гэрээнүүдэд маргаан бүхий орон сууцыг ...2 өрөө... гэж, ...3 өрөө... гэж зөрүүтэй бичсэн байх тул шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хангах үүднээс шийдвэрийн тогтоох хэсгээс ...2 өрөө... гэснийг хасах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/01582 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...101 дүгээр зүйлийн 101.1... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1... гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...2 өрөө... гэснийг хасч,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ө ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 870,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР