Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 19

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбадрах

Шүүгдэгч Б.Э, Т.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э, Т.Н нарт холбогдох 1840000990063 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Э

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Т.Н

              Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь С.Б 11 тооны адууг 2018 оны 10 сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын “Эрээн”-ий уулын баруун урд бэлчиж байхад “Даюун” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 15 250 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Хохирогч С.Б-ын 2018 оны 10 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар багийн нутаг “Хөлийн цагаан толгой” гэх газар нутаглаж байгаа. Манай гэр Галшар сум, Баянмөнх сумын нутгийн яг зааг газарт байдаг юм. Баянмөнх сумын нутагт байна ч гэж ойлгож болно. Манай адуу Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газраар бэлчдэг. Миний өөрийн “А” дансны 400 тооны адуу байдаг юм. Би 2018 оны 09 сарын 10-даар өөрийнхөө адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд Хэнтий аймаг руу ажил явдал гэж яваад 2018 оны 09 сарын 21-ний өдөр ирээд адуугаа хураагаад бүртгэхэд 1 азаргатай 11 тооны адуу дутсан байсан. Тэгээд адуугаа бэлчдэг газраар эрж хайгаад олоогүй. Би алга болсон нэг азаргатай адуугаа 2018 оны 09 сарын 21-ний өдрөөс хойш сураг гаргах гэж хайж байгаад 2018 оны 10 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг 2 дугаар багийн нутагт явж байгаад миний саарал зүсмийн азарга Б  гэдэг айлын хашаанд уясан байгааг нь олж мэдсэн. Тэгээд айлын хашаанд уяатай байгаа сураг гарахаар нь хуулийн байгууллагынхантай очъё гэж бодоод 2018 оны 10 сарын 08-ны өдөр дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нартай хамт Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг миний азарга уясан байсан айл дээр очиход Иххэт сумын Э  буюу Э  гэдэг залуу аваад явсан гэж байсан. Ингээд Э ийн гэрт очоод тэдний хаваржаан дээрээс өөрийнхөө саарал зүсмийн азаргыг олж авсан. Миний уядаг саарал зүсмийн 9 настай гурван хөлтэй ширээтэй гал тамгатай азаргатай 11 тооны адуу алдсан. Эдгээр адуунаас содон шинж тэмдэг байхгүй. Мөн 11 тооны адуунаас чихэндээ имтэй адуу байхгүй. Би адуугаа орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний хулгайд алдсан адуунууд Баянмөнх сумын 3 дугаар багийн нутгаас гарахгүй, адуунуудаасаа салж тусдаа явж байсан удаа байхгүй. Миний уядаг азарга байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

- Гэрч Л.Б ын 2018 оны 10 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Улаан худаг” гэх газар нутагладаг. Манайх 3 азарга адуутай. Манай адуунд 3 хоногийн өмнө саарал зүсмийн азарга, хонгор халзан даага хаанаас ирж нийлснийг мэдэхгүй. Манай адуунд нийлсэн байсан. Тэгээд саарал азарга 2, 3 гүү тасдаж хураагаад байхаар нь 2018 оны 10 сарын 07-нд барьж аваад гэрийнхээ гадаа хашаанаас уясан юм. Даагыг барьж чадаагүй юм. Намайг хөрзөн хураагаад орой гэртээ ирэхэд уяатай байсан саарал азарга байхгүй байсан. Э  орой ирээд гэрийн чинь гадаа уяатай байсан саарал үрээгээ авсан шүү гэсэн. Э ад саарал зүсмийн үрээ байдаг болохоор санаанд ороогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

-Гэрч Ч.Б-ы 2018 оны 10 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэрт Б  ирээд миний машиныг гуйж авсан. Манай хүү хүүхдийн үсний найранд мал ажиллаж Улаанбаатар хот руу явж зарах гэж байгаа машинаа өгөөч гэхээр нь би өөрийнхөө машиныг өгч явуулсан. Б  машин авахдаа 8 тооны адуу, 20 тооны хонь ачна гэж машин авсан. Би хүүхэд болох Э ыг мах ачиж явах гэж байгаа гэхээр нь машинаа өгсөн. Б  машиныг нь барьж явна гэж байсан. Тэгээд би махаа ачсан хойно нь Иххэт сумын төвд очоод машиныхаа дугуйг янзалж өгсөн. Би ачаан дээр хичнээн тооны адууны мах байсныг нь хараагүй. Өөрсдөө 8 тооны адуу, 20 тооны хонины махтай яваа гэж байсан. Би Э , Б  хоёрыг мах ачиж байхыг хараагүй. Э ын бүх мал тусдаа байдаг болохоор ямар ямар мал ажилласныг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

- Гэрч Б.Э ын 2018 оны 10 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хөдөө гэр Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Хүн овоот” гэх газар нутаглаж байна. Манайх энэ зун нутгийн бэлчээр муу байсан болохоор Хэнтий аймгийн нутагт Хэрлэн голын хөвөөн дээр нутаглаж байхад нутгийн иргэд нь бид нарын намаржааны нутагт буучихаад байна нүү гэхээр нь удалгүй Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн нутаг “Хол худаг” гэх газар ирж буугаад 2018 оны 09 сарын 06-ны үед Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Хүн овоот” гэх газар ирж буугаад байгаа юм. Манайхыг Галшар сумын Оч багийн нутаг “Хол худаг” гэх газраас нүүж ирэхэд Б  ахын гэрт Төө Хуягаа буюу Төмөрхуягийн Н гэдэг ах малыг нь харахаар ирчихсэн байсан. Н ах Б  ахын гэрт 2018 оны 08 сарын 20-доор ирсэн гэж байсан, яг хэдний өдөр ирснийг нь мэдэхгүй байна. Иххэт сумын 2 дугаар багийн нутагт нүүж ирээд өөрийнхөө нэг азарга адууг хайгаад нилээн явсан. Манайх 3 азарга адуутай, нэг нь алга болчихоод хайсан юм. Би нэг азарга адуугаа Дорноговь аймгийн Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сум, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг зэрэг сумдын нутгаар нийт 2000 гаран км газар явж адуугаа хайсан. Би одоо болтол өөрийнхөө адууг хайж олоогүй байгаа. 2018 оны 09 сарын 06-ны өдөр Иххэт сумын 2 дугаар багт нүүж ирээд хоёр өдөр гэрээ тохижуулаад 2018 оны 09 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 16-ны өдөр хүртэл ганцаараа өөрийнхөө мотоцикльтой эрэл хайгуул хийсэн. Тэгээд адуугаа хайгаад олдохгүй болохоор гэртээ эргэж ирсэн. Гэртээ ирсэнээс хойш гэрээсээ огт гараагүй. Манай тэр хавийнхан 2018 оны 09 сарын 27-ны өдөр унагаа тамгалсан. Унага тамгалах үеэр Н ах, Б  ах бид нар бүгд байсан. Унага тамгалсанаас хойш Н ах бид 2 хоорондоо ярьж байгаад өөр хүнд хэлэлгүй 2018 оны 09 сарын 30-ны өдөр үдээс хойш Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг руу адуу хулгайлж ирэхээр Н ахын улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой явсан. Н ах бид 2 хэн хэнийгээ уруу татсан, хэн нэг нь санаачилсан асуудал байхгүй, бид 2 ярьж байгаад адуу хулгайлж ирээд борлуулаад мөнгөтэй больё гэж ярилцсан юм. Бид 2 Н ахын гэрийн гаднаас хөдөлсөн ба би мотоциклио бариад Н ах миний ард суугаад явсан. Н ах бид 2 явсаар байгаад Хэнтий аймгийн Баянмөнх, Галшар сумын залгаа нутагт очсон, юу гэдэг газрыг нь сайн мэдэхгүй байна. Н ах бид 2 ойролцоогоор 50 гаран км газар яваад саарал азаргатай 11 тооны адуу бэлчиж байхад нь таараад Н ахтай энэ адууг туугаад явья гэж ярилцсан. Н ах бид 2-ыг адуун дээр очиход нар шингэсэн байсан болохоор уг саарал азаргатай 11 тооны адууг хулгай хийхээр болоод туугаад буцаад Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг руу явсан. Н ах бид 2 хулгайлсан 11 тооны адуугаа туусаар байгаад Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан элгэн” гэх газар авчирсан. Н ах бид 2-ыг адуу туугаад ирэхэд шөнийн 02 цаг болж байсан болохоор задгай хээр үлдээгээд гэртээ орж амарсан. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан, манай эхнэр Улаанбаатар хот руу явчихсан байсан. Ингээд маргааш өглөө нь босоход Н ах бид 2-ын тууж ирсэн адуунууд буцаж яваагүй байж байсан. Тэгээд Н ахтай хамт хулгайлж ирсэн адуун дээрээ очоод саарал азаргыг нь харахад их сайхан, хурдан адуу болох нь мэдэгдэж байсан, тэгэхээр нь Н ахад бид хэд энэ адуугаар оролдож болохгүй байхаа, азарга нь их сайхан азарга байна гэж хэлсэн. Тэгээд би уул нь буцаад нутаг руу гүйчихээсээ гэж бодож байсан, би өөрөө хойш нь туугаад явуулчихъя гэхээр нутгийн хүмүүс яваад байсан болохоор чадахгүй байсан юм. Н ах бид 2-ын хулгайлж ирсэн адууг тэр хавиар байхад Н ах эргүүлээд хариулаад байсан, мөн ус руу оруулдаг байсан. Тэгж байгаад 2018 оны 10 сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Улаан худгийн шивээ ар толгой” гэх газарт манай хаваржаан дээр хулгайлж ирсэн 11 тооны адуунаас 8 тооны адууг нь ажилласан. Саарал зүсмийн азаргыг нь ажиллая гэхээр нь би наад азарга чинь болохгүй, их хурдан, сайхан адуу байна би өөрөө авья гэж Н ахад хэлээд амьдаар нь үлдээлгэсэн. Би өөрөө авья гэж хэлж байж үлдээсэн юм. Тэгээд Б  ах, Н ах бид 3 нийлж байгаад манай хаваржаан дээр хүрэн зүсмийн гүү, өсгий цагаан хээр гүү, хонгор гүү, хүрэн халзан гүү, зээрд зүсмийн гүү, хүрэн зүсмийн үрээ, хүрэн зүсмийн байдас, хүрэн даага зэрэг нийт 8 тооны адууг нь ажилласан. Би эдгээр 8 тооны адуунаас хүрэн зүсмийн байдас, хүрэн зүсмийн үрээ, хүрэн зүсмийн даага 3-ын махыг нь авсан. Харин үлдсэн 5 адууны махыг Б  ах, Н ах 2 хувааж авцгаасан. Яг яаж хувааж авсан, мөнгөө яаж хуваасныг нь мэдэхгүй, хоорондоо ярьж тохирсон байх. Саарал зүсмийн азаргыг 2 охин хонгор даагатай нь хамт үлдээсэн, манай нутгаар бэлчиж байсан. Ингээд Б  ах бид 2 манай аавын ..................улсын дугаартай Бонго-3 маркийн машиныг гуйж аваад хулгай хийсэн адууны махаа ачаад Улаанбаатар хот руу явахаар болсон. Улаанбаатар хот руу явахдаа би өөрийнхөө адуунаас хар зүсмийн үрээ, хээр зүсмийн байдас, хээр зүсмийн үрээ нэмж ажилласан. Мөн Б  ах өөрийнхөө адуунаас хонгор зүсмийн гүү ажилласан. Б  ах бид 2 Улаанбаатар хот руу явахдаа 12 тооны адууны махтай явсан. Би мөн өөрийнхөө хониноос 20 тооны хонь ажиллаад махыг нь аваад явсан. Б  ах бид 2 аавын машин дээр 12 тооны адууны мах, 20 тооны хонины мах ачаад 2018 оны 10 сарын 04-ний өдөр 10 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Малын бичгийг Б  ах авсан, адууныхаа толгойг харуулаад авч байсан. Б  ах бид 2 хөдөөнөөс малын бичиг авахаар ирэхдээ 8 адууны толгой авчирсан. Хулгайлж ирсэн хүрэн халзан гүүний толгой, хүрэн дааганы толгой, хонгор гүүний толгой, хүрэн байдасны толгой зэргийг мал ажилласан манай хаваржаан дээр үлдээсэн. Арай нийтлэг зүстэй, илүү содон шинж байхгүй 4 адууны толгойг ачиж ирээд бичиг авсан, дээрээс нь манай өөрсдийн адууны 4 толгой байсан ингээд нийт 8 толгой харуулаад малын бичиг авсан. Б  ах бид 2 малын бичиг авахдаа 8 тооны адуу, 20 тооны хонь ачиж яваа гэж хэлээд бичгээ авсан, бид 2-ын ачсан махыг буулгаж хараагүй. Ингээд Улаанбаатар хот руу шөнөдөө ороод 2018 оны 10 сарын 05-ны өглөө шонхор 2 зах дээр малын махаа худалдаж борлуулсан. Хэн гэдэг ченжид өгсөнөө мэдэхгүй байна, танихгүй ченжид өгсөн. Б  ах бид 2 бүх махаа өгч дуусахад нийт 8 сая гаран төгрөг болж байсан. Энэ мөнгөнөөс би өөрийнхөө хонины мөнгө болох 1.800.000 төгрөг, адууны махны мөнгө гэж 1.370.000 төгрөг болсныг дансандаа хийж авсан. Харин хулгай хийж авчирч өөртөө авсан 3 адууны махны мөнгө 1.200.000 төгрөгийг болсоныг Б  ахад өгсөн. Б  ахад хэрэгтэй байна гэхээр нь зүгээр өгсөн юм. Хулгай хийсэн адуунаас 3 адууны махыг би авсан гэсэн үг. Нөгөө үлдсэн махны мөнгийг Б  ах, Н ах 2 авсан. Тэгээд Б  ах бид 2 хамт 2018 оны 10 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сум руу буцсан. Б  ах ирж очих замд бүтэн машин барьсан. 2018 оны 10 сарын 06-ны орой 18 цагийн үед хөдөө гэртээ ирсэн. Улаанбаатар хотоос ирээд гэрээсээ гараагүй. 2018 оны 10 сарын 07-ны өдөр манай нутгийн Б  гэдэг айлын гадаа хулгайлж ирсэн саарал азарга уяатай байна гэсэн. Б  ахын адууг хураагаад байна гэхээр нь бариад авчихлаа гэж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө саарал үрээг оччихсон юм байх гэж бодоод Б  ахын гэр лүү очтол манай үрээ биш Н ах бид 2-ын хулгайлж ирсэн саарал азарга байсан. Тухайн үед Б ын ахын гэрт хүн байгаагүй. Тэгэхээр нь тэр саарал азаргыг бариад мотоцикльтой хөтлөөд Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг “Бор элгэн” гэх газар байх аавын хаваржаан дээр аваачиж уяад үлдээсэн. Ингээд 2018 оны 10 сарын 08-ны өдөр цагдаа нарт баригдаад хулгай хийж авчирсан саарал зүсмийн азаргыг эзэнд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

- Яллагдагч Б.Э ын 2018 оны 12 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “... Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Хол худал” газар нутаглаж байхдаа 2018 оны 07 сарын эхээр 13 тооны тугалтай үхэр алдаад тэр хавиар хайж байгаад Галшар сумын “Ихэр” гэх газраас айлын үхэрт нийлсэн байхад нь олж авсан. Тэгэхдээ 3 тооны бяруу олоогүй юм. Манай үхэр С.Б ын үхэрт нийлсэн байсныг ялгаж авсан. Тэгээд Галшар сумын нутаг “Хол худаг” гэх газраас Баянхутаг сум руу нүүгээд Хэрлэн голын эрэг дээр нутаглаж байгаад нутгийн иргэд нүү гэхээр нь буцаад Галшар сумын “Хол худаг” гэх газарт ирж буусан. Тэндээс 2018 оны 09 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Хүн овоот” гэх 1 газар нүүж ирсэн. Намайг хойноос нүүж ирэхэд Б  ахынд Н ах мал харахаар ирчихсэн байсан. Иххэт суманд нүүж ирэхэд нэг азаргатай адуу олдохгүй байсан болохоор нилээн хайж нилээн явсан боловч олоогүй. Тэгээд 2018 оны 09 сарын 27-ны өдөр манай тэр хавийнхан унагаа тамгалж найр хийсэн. Унага тамгалсан найр 3 хоног үргэлжилж хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй байсан. Унага тамгалах найрны дараа зун алга болсон 3 бяруугаа хайхаар 2018 оны 10 сарын 02-ны өглөө Н ахын гэрт очсон юм. Манай 3 бярууны сураг гараад байсан болохоор явж хайхаар болсон. Тухайн үед миний мотоцикль эвдэрчихсэн байсан болохоор Н  руу очиж хамт яваад өгчих гэж гуйсан. Тэгээд Н ахтай Н ахын мотоцикльтой хойшоо 3 бяруугаа хайхаар явсан. Хойшоо гараад Галшар сумын “Хол худаг” гэх газраар дамжаад цаашаа “Цайдам” хүртэл явсан. “Цайдам”-д очоод байхад орой болж байсан. Тэгээд Иххэт сум руу буцаад явж байтал жоохон тогтоол усанд саарал азаргатай нийт 11 тооны адуу зогсож байсан. Тэр адуу намайг өмнө нь мал хайгаад явж байхад байж байсан. Тэгэхээр нь Н ахтай ярьж байгаад хулгайлаад туугаад авч явахаар болсон. Н ах бид 2 тэр 11 тооны адууг туусаар байгаад Иххэт сумын 2-р баг “Цагаан элгэн” гэх газарт авчирсан. Н ах бид 2 хулгайлсан 11 тооны адуугаа туугаад “Цагаан элгэн”-д ирэхэд шөнө 02 цаг болж байсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Манай эхнэр хүүхдүүд Улаанбаатар хотод байсан. Н ах ч гэсэн гэртээ ганцаараа байсан. Б  ах Иххэт сумын төвд гэртээ байсан. Ингээд 2018 оны 10 сарын 03-ны өглөө Н ах бид 2 хулгайлж авчирсан адуун дээрээ очоод туугаад Иххэт сумын 2 дугаар баг “Улаан худгийн шивээ хар толгой” гэх газар байх манай хаваржааны саравчин дээр аваачиж хашсан. Хулгайлж авчирсан 11 тооны адуугаа хашиж байгаад дотроос хүрэн гүү, өсгий цагаан хээр гүү, хонгор гүү, хүрэн халзан гүү, зээрд гүү, хүрэн үрээ, хүрэн байдас, хүрэн даага зэрэг 8 тооны адууг нь барьж авч ажилласан. Саарал зүсмийн азаргыг 2 хонгор даагатай нь хамт үлдээгээд хашаанаас гаргаад явуулсан. Н ах бид 2 хулгайлсан 11 тооны адууг хаших үедээ би өөрийнхөө нэг азарга адууг хамт хашсан байсан юм. Би өөрийнхөө адуунаас эр үрээ, хээр байдас, хар байдас, хонгор гүү барьж нийт 4 адуу ажилласан. Н бид 2 нийт 12 тооны адуу ажиллаж дууссаны дараа өөрийнхөө хониноос 20 тооны хонь ажилласан. Н ах бид 2 бүх малаа ажлаад дуусахад 20 цаг болж байсан. Ажилласан малын махаа манай хаваржаан дээр байх махны төмөр өлгүүрт өлгөөд хонуулсан. Тэгээд 2018 оны 10 сарын 04-ний өглөө 06 цагт аавын .................. улсын дугаартай машинд ажилласан малын махаа ачсан. Ингэхдээ мал ажилласан газраа 4 адууны толгой үлдээсэн. Бусдыг нь бүгдийг нь ачсан. Би өөрөө аавынд очиж машиныг нь гуйж авсан юм. Мах ачих үед Н ах бид 2 л байсан. Махаа ачиж дуусаад би ганцаараа Иххэт сум руу явсан. Тэгтэл Иххэт суманд ирээд явж байтал ар талын дотор талын дугуй хагарчихсан, мөн доошоо масло дусаад байхаар нь хөдөө аав руу яриад дуудсан. Иххэт суманд ирээд Б  ахтай утсаар яриад уулзаад малын гарал үүслийн бичиг авахуулсан. Б  ахаар 8 адуу, 20 хонины гарал үүслийн бичгийг багийн даргаас авахуулаад Б  ахыг Улаанбаатар хот руу машин бариад өгчих гэж гуйгаад аваад явсан. Б  ах бид 2 шөнөжин явж байгаад 2018 оны 10 сарын 05-ны өглөө Улаанбаатар хот руу орж шонхор 2 зах дээр очиж махаа борлуулсан. Шонхор 2 зах дээр ирээд нэг танихгүй ченжид би малын махаа өгсөн. Тухайн үед Б  ах шөнөжин машин барьж ирсэн гээд машиндаа унтаж байсан. Би бүх махаа борлуулж дуусахад 8 сая гаран төгрөг болсон. Тухайн үед миний бичиг баримт байхгүй байсан болохоор  Б ын ахын данс руу хийлгэж авсан. Би Б  ахад нэг адууны махны мөнгө гэж 530.000 төгрөг өгсөн. Учир нь гэвэл миний өөрөөсөө ажилласан 4 адууны нэг нь буюу хонгор гүү нь Б  ахын адуу байсан юм. Б  ах бид хоёр Улаанбаатар хотоос 2018 оны 10 сарын 06-ны орой буцсан. Улаанбаатар хотоос Иххэт суманд ирэхэд миний хулгайлж авчирсан 11 тооны адууны саарал азаргыг Б  ах гаднаа бариад уячихсан байхаар нь би очоод авсан. Тэгээд би саарал азаргыг Иххэт сумын 2 дугаар баг “Элгэн гэх” газарт байх аавын хаваржаан дээр уяад үлдээсэн. Тэгээд цагдаа нарт баригдаад эзэнд нь хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 хуудас/

-Яллагдагч Т.Н-ийн 2018 оны 12 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018 оны 08 сарын 20-доор Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Цагаан элгэн” гэх газар Б ын үхрийг маллахаар очоод байсан юм. 2018 оны 09 сарын 27-ны өдөр их сайн өдөр байсан тул Б  болон Э ынх унагаа тамгалсан юм. Унага тамгалах үеэр найр болж хүмүүс ирж архи дарс ууцгаасан. Гэхдээ би 2018 оны 09 сарын 27-ны өдөр огт архи уугаагүй байж байгаад 2018 оны 09 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд 3 хоног дараалж архи уусан. Унага тамгалах өдөр хүн их ирсэн байсан болохоор архи уугаагүй юм, тэгээд Б ыг Иххэт сум руу явсан хойгуур нь архи уусан. Тэгээд 2018 оны 10 сарын 01-ний өдөр бие өвдөж, уусан архиндаа шартаж бүтэн өдөр хэвтсэн. Ингээд 2018 оны 10 сарын 02-ны өглөө гэртээ ганцаараа байж байтал Э  манай гэрт ирээд Н 2-лаа хамт 3 бярууны эрэлд яваад ирье. Манай үхрээс 3 бяруу алга болчихоод олдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Э тай хамт явахаар болж би өөрийнхөө улаан ягаан өнгийн улсын дугааргүй даюун маркийн мотоцикльтой явсан. Тухайн үед өглөө 10 цаг өнгөрч байсан. Би мотоциклио бариад Э  миний ард суугаад явсан. Э  бид 2 гэрээсээ хойшоо гараад зун зусаж байсан нутгаараа хайж яваад тэндээс зүүн хойшоо яваад "Цайдам" гэх газраар үхрийг нь хайж байгаад олоогүй. Тэгээд буцах гэсээр байтал орой болсон, нар арай шингээгүй байсан. Э  бид 2 хайж явсан 3 бяруугаа олоогүй тул Иххэт сум руу буцаж байтал нэг хар уулын баруун урд жоохон усан дээр 11 тооны адуу байсан. Тэгтэл Э  намайг хэдэн хоногийн өмнө мал хайгаад явж байхад энэ адуу энд байгаад байсан адуу гэж хэлсэн. Тэгээд Э  бид 2 хоорондоо ярьж тохиролцоод тэр 11 тооны адууг туугаад аваад явахаар болсон. Энүүгээр хэдэн хоногийн өмнө мал хайгаад явж байхад байж байсан, эзэнгүй юм шиг байна гэж ярилцаад хулгайлж туугаад авч явахаар болсон. Тэр адууны ойр хавьд ямар ч айл байгаагүй. Э  бид 2 саарал азаргатай нийт 11 тооны адуу хөөгөөд шууд Иххэт сумын 2 дугаар баг “Цагаан элгэн” гэх газарт авчирсан. Адуу туугаад гэртээ ирэх үед шөнө болсон байсан, цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Э  бид 2 тууж ирсэн адуугаа “Цагаан элгэн”-д авчраад усанд оруулаад орхисон. Тэгээд 2018 оны 10 сарын 03-ны өглөө 10 цагийн үед Э  бид 2 хулгайлж ирсэн 11 тооны адуугаа Э ын хаваржааны нутагт аваачаад хашиж байгаад ажилласан. Э  бид 2 л ажилласан, өөр хамт ажилласан хүн байхгүй. Тэр 11 тооны адуунаас нийт 8 тооны адууг нь ажилласан, ямар ямар адуу ажилласанаа одоо зүсээр нь хэлж мэдэхгүй байна. Саарал зүсмийн азаргыг нь 2 хонгор зүсмийн даагатай нь хамт үлдээсэн. Э  саарал азаргыг нь сайхан адуу байна, ажлаад яах юм, гаргачихая нутаг руугаа явчих байх гэж хэлж байсан. Тэгээд нэмж Э  өөрийнхөө адуунаас 4 адуу ажилласан зүсийг нь сайн хэлж мэдэхгүй. Э  бид 2 нийт 12 тооны адуу ажиллаж дуусаад дараа нь Э ын хониноос 20 хонь ялгаж бариад хаваржаан дээр нь ажилласан Тэгээд хаваржааны саравчны баруун урд мал нядалсан газраа махны төмөр өлгүүрт махаа өлгөөд хонуулсан. Э  бид 2 өглөө 10 цагаас хойш 12 тооны адуу 20 тооны хонь ажлаад дуусахад орой 20 цаг болж байсан. Ингээд 2018 оны 10 сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрч байхад Батсайхан ахын цагаан өнгийн Бонго-3 маркийн машин дээр 12 тооны адууны махаа, 20 тооны хонины махаа ачсан. Би махыг нь ачилцаж өгсөн. Мах ачих үед Э  бид 2 л байсан. Тэгээд би махыг нь ачиж өгч дуусаад малдаа явсан. Э  машин дээрээ үлдсэн. Намайг мал руугаа явах үед хөдлөөгүй хөдлөх гэж байсан, тэндээсээ хаашаа явсаныг нь мэдээгүй. Э  бид 2 машин дээр бүх махаа ачиж дуусаад адуу, хонины арьсыг ачсан, мөн толгой, гэдсийг нь ачсан. Мал нядалсан газраа 4 адууны толгой, адууны шийрнүүдийг үлдээсэн. Тэгээд энэнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна, надад мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар “Саарал зүсмийн гурван хөлтэй ширээтэй гал тамгатай азарга, хонгор даага” хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах 5/20 дугаартай прокурорын зөвшөөрөл, мал хураан авсан тэмдэглэл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, “..................улсын дугаартай автомашин” битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар “..................улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ” хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах 48 дугаартай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 02-18/

-Даюун маркийн улсын дугааргүй, улаан ягаан өнгийн мотоцикль битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 5/02 тоот тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 52-58/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-иас гаргасан “11 тооны адууг 15250000 төгрөгний үнэтэй болохыг үнэлсэн” үнэлгээ /хх-ийн 68-69/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-иас гаргасан “Бонго-3 маркийн ..................улсын дугаартай автомашин 8 500 000 төгрөг, Даюун маркийн мотоцикль 800 000 төгрөгний үнэтэй болохыг үнэлсэн” үнэлгээ /хх-ийн 79/

-Шүүгдэгч Т.Н, Б.Э  нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Б.Э, Т.Н нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 сарын 29-ний өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-94, 107-108, 112-114/

-Шүүгдэгч Б.Э ын “хохирогч С.Б т хохиролд 7742000 төгрөг” төлсөн баримт /хх-ийн 122/

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед бусдын олон тооны малыг хулгайлаагүй. Бусдын алдуул малыг авсан. 2018 оны 09 сарын 10-наас хойш эзэн нь эрээд олоогүй байсан. Тэр 11 тооны адуу алдуул мал байсан. Би адуу туугаад явах санааг анх гаргаад Т.Н хэлсэн. Би хохирогч С.Б адууны үнэ 7 742 000 төгрөгийг дансаар өгсөн. 7 500 000 төгрөгний үнэлгээтэй саарал азарга, нэг даага хохирогчид буцааж өгсөн. Дараа нь хохирогчид  3 258 000 төгрөг дансаар өгсөн. Өмгөөлөгчийн хөлс хохирогчид 2 сая төгрөг өгсөн. Би адууны махыг Улаанбаатар хотод машинтай явж очоод аваачиж зарсан. Бусдын алдуул мал завшсан үйлдэлд ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ““Би тухайн үед бусдын олон тооны малыг хулгайлаагүй. Бусдын алдуул малыг авсан. 2018 оны 09 сарын 10-наас хойш эзэн нь эрээд олоогүй байсан. Тэр 11 тооны адуу алдуул мал байсан. Адууны махыг Улаанбаатарт Б.Э  зарсан. Түүнээс би мөнгө төгрөг аваагүй. 2018 оны 10 сарын 02-ны өдөр явсан. Бусдын алдуул мал завшсан үйлдэлд ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч С.Б ын “...2018 оны 10 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг 2 дугаар багийн нутагт явж байгаад миний саарал зүсмийн азарга Б  гэдэг айлын хашаанд уясан байгааг нь олж мэдсэн. Тэгээд айлын хашаанд уяатай байгаа сураг гарахаар нь хуулийн байгууллагынхантай очъё гэж бодоод 2018 оны 10 сарын 08-ны дуудлага өгсөн.  Ингээд Э ийн гэрт очоод тэдний хаваржаан дээрээс өөрийнхөө саарал зүсмийн азаргыг олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

- Гэрч Л.Б ын “...Манай адуунд 3 хоногийн өмнө саарал зүсмийн азарга, хонгор халзан даага хаанаас ирж нийлснийг мэдэхгүй. Манай адуунд нийлсэн байсан. Тэгээд саарал азарга 2, 3 гүү тасдаж хураагаад байхаар нь 2018 оны 10 сарын 07-нд барьж аваад гэрийнхээ гадаа хашаанаас уясан юм. Даагыг барьж чадаагүй юм. Намайг хөрзөн хураагаад орой гэртээ ирэхэд уяатай байсан саарал азарга байхгүй байсан. Э  орой ирээд гэрийн чинь гадаа уяатай байсан саарал үрээгээ авсан шүү гэсэн. Э ад саарал зүсмийн үрээ байдаг болохоор санаанд ороогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

- Гэрч Ч.Б “...Манай гэрт Б  ирээд миний машиныг гуйж авсан. Манай хүү хүүхдийн үсний найранд мал ажиллаж Улаанбаатар хот руу явж зарах гэж байгаа машинаа өгнө гэхээр нь би өөрийнхөө маши ныг өгч явуулсан. Б  машин авахдаа 8 тооны адуу, 20 тооны хонь өгнө гэж машин авсан. Би хүүхэд болох Э ын мах ачиж явах гэж байгаа гэхээр нь машинаа өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

- Гэрч Б.Э ын “...Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг руу адуу хулгайлж ирэхээр Н ахын улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой явсан. Н ах бид 2 хэн хэнийгээ уруу татсан, хэн нэг нь санаачилсан асуудал байхгүй, бид 2 ярьж байгаад адуу хулгайлж ирээд борлуулаад мөнгөтэй больё гэж ярилцсан юм. Бид 2 Н ахын гэрийн гаднаас хөдөлсөн ба би мотоциклио бариад Н ах миний ард суугаад явсан. Н ах бид 2 явсаар байгаад Хэнтий аймгийн Баянмөнх, Галшар сумын залгаа нутагт очсон, юу гэдэг газрыг нь сайн мэдэхгүй байна. Н ах бид 2 ойролцоогоор 50 гаран км газар яваад саарал азаргатай 11 тооны адуу бэлчиж байхад нь таараад Н ахтай энэ адууг туугаад явья гэж ярилцсан. Н ах бид 2-ыг адуун дээр очиход нар шингэсэн байсан болохоор уг саарал азаргатай 11 тооны адууг хулгай хийхээр болоод туугаад буцаад Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг руу явсан. Н ах бид 2 хулгайлсан 11 тооны адуугаа туусаар байгаад Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг Цагаан элгэн гэх газар авчирсан. Н ах бид хоёрыг ирэхэд шөнийн 2 цаг болж байсан. Адуу дээр очиход азаргыг харахад сайхан хурдан азарга байсан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11 тооны адуунаасаа 8 тооны адууг ажилласан. Саарал зүсмийн азаргыг ажиллая гэхээр нь хурдан сайхан азарга байна гээд үлдээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/

Шүүгдэгч Б.Э, Т.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42, 46-47 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

              Тухайлбал шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч С.Б ын 11 тооны адууг 2018 оны 10 сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын “Эрээн”-ий уулын баруун урд бэлчиж байхад “Даюун” маркийн мотоцикль, Бонго-3 маркийн автомашин ашиглан хулгайлж бусдад 15.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

              Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Б ын 11 тооны адууг хулгайлж, хохирогчид 15 250 000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “...олон тооны мал гэж ...найман бодоос дээш малыг ойлгоно гэж заасан байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э, Т.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э, Т.Н нарыг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч С.Б т гэмт хэргийн улмаас учирсан 15250000 төгрөгний хохирол төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт, хохирогчийн мэдүүлэг, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 Шүүгдэгч Б.Э, Т.Н нарын өмгөөлөгч Г.Ганбадрах нь “шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдээгүй. Харин бусдын алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчилж, бусдын алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

Алдуул мал гэдэг нь ямар нэг хариулгагүй, ижил сүргээсээ тасарсан, байнга идээшиж байгаа нутаг бэлчээрээсээ холдсон,  нутаглаж буй бэлчээрийн хүрээнээс өөрийн хөлөөр гарсан, эзэн нь тодорхой бус байдлаар өөр аймаг, сумын нутагт бэлчээрээр яваа малыг хэлнэ.

Харин өөрийн идээшиж, нутагладаг газраа бэлчиж байгаа  малыг  ямар  нэгэн

хариулгагүй гэх, ижил сүргээсээ тасраагүй байхад, эзэн нь тодорхойгүй гэх үндэслэлээр алдуул мал гэж үзэхгүй болно.

Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Э аас гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэрчээр Б.Э аас мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь Дорноговь аймгийн Иххэт сумын 2-р баг “Цагаан элгэн” гэх газраас Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар баг “Цагаан толгой”, Хэнтий аймгийн Галшар сумын 2-р баг “Эрээн”-ий уул гэх газар хүртэл 50-70 км газар мотоцикльтой явж, хохирогч С.Б ын бэлчээрлэж байгаа  11 тооны адууг хулгайлж 70 км газар тууж өөрийн нутаглаж буй газар авчирч ажиллаж, махыг нь зарсан болох нь хохирогч С.Б , гэрч Б.Э, гэрч Л.Б , гэрч Ч.Батсайхан, шүүгдэгч Б.Э, Т.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрч Б.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “адуу хулгайлж ирэхээр Н ахын улсын дугааргүй улаан өнгийн мотоцикльтой явсан. Н ах бид хоёр хэн хэнийгээ уруу татсан. Бид хоёр ойролцоогоор 50 гаран км явсан. Саарал азаргатай 11 тооны адуу бэлчиж байсан. Хулгайлсан 11 тооны адуугаа туусаар Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар баг “Цагаан элгэн” гэх газар авчирсан” гэх мэдүүлэг өгсөн байна.

2018 оны 10 сарын 09-ний өдөр Б.Э ын гэрчээр өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч С.Б ын мэдүүлэг, яллагдагч Б.Э, Т.Н нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Н нарын өмгөөлөгч Г.Ганбадрах нь “шүүгдэгч Б.Э, Т.Н нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн зүйлчлэлд маргаж” байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э, Т.Н нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг Ч.Батсайханд буцаан олгож, СД бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн автомашиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ч.Батсайханд буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэ 8500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан 11 тооны адуунаас 8 тооны адууг ажиллаж улмаас 8 тооны адууны махыг Дорноговь аймгийн Иххэт сумын 2-р багийн нутгаас Улаанбаатар хот руу өмчлөгч Ч.Батсайханы эзэмшлийн Бонго-3 маркийн ..................улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, адууны махыг зарж, борлуулсан байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, ..................автомашины үнэ 8.500.000 /найман сая таван зуун мянган/ төгрөгийг  хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Э аас 4250000 төгрөгийг, шүүгдэгч Т.Н 4250000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Б.Э, Т.Н нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ыг 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н 2 /хоёр/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Б.Э ад оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хорих ялыг, шүүгдэгч Т.Ноногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

    4.Шүүгдэгч Б.Э, Т.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУлсад үйлдвэрлэсэн 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн үнэтэй улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, Ч.Б эзэмшлийн Бонго-3 маркийн ..................улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, ..................автомашины үнэ 8.500.000 /найман сая таван зуун мянган/ төгрөгийг  хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Э аас 4250000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг, шүүгдэгч Т.Н 4250000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №00431230 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №0421087 дугаартай татварын гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ч.Батсайханд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD”-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Т.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

              9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                 М.ЭНХМАНДАХ