Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 321

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Д-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Гуравдагч этгээд: “У” ХХК,

Гуравдагч этгээд: “К” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү- 2206014006. Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Б.А, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...иргэн Д.Д 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “М” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Х" хотхоны 44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудыг захиалан бариулж, мөн ондоо буюу 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэхэд гэрээний үнийн дүн 106.540 ам.долларын төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр буюу төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулснаар өмчлөх эрх үүссэн. “М" ХХК гэрээний дагуу захиалагчид захиалан бариулж буй үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарган өгөх үүрэгтэй байсан.

Ингээд “М" ХХК-иас, орон сууц болон автозогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Орон сууц болон автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00021 дүгээр захирамжаар иргэн Д.Д-г Хан-Уул дүүргийн “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон билээ.

Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орон сууц болон автозогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч болох өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрчилгээ олгохыг хүсч, хүсэлтэд хууль ёсны өмчлөгч болохыг нотлох бүхий л баримт бичгүүдийг хавсарган өгсөн боловч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь “44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолууд нь “М” ХХК-ийн өмчлөл бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна, уг хөрөнгө нь У, К-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн байна гээд бүртгэхээс татгалзсан” хариу өгсөн.

Уг хариуг эс зөвшөөрч, дээд шатны байгууллага Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч мөн л “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс таны  гаргасан  мэдүүлгийг  буцаасан  нь  хууль  зүйн  үндэслэлтэй байна гэж “К” ХХК болон “У” ХХК-д хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч, мэдүүлэг гаргана уу" гэх үндэслэлгүй хариу өгч, орон сууц болон автозогсоолууд нь иргэн миний өмч хөрөнгөөр бий болсон, хууль ёсны өмчлөгч нь иргэн Д.Д болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байхад миний өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Х" хотхоны 44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудыг иргэн Д.Д захиалан бариулж, төлбөрийг төлсөн байтал “М” ХХК нь миний өмч хөрөнгийг өөрийн нэр дээр хууль бусаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээд зогсохгүй хууль ёсны өмчлөгч болох надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, “У" ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗБ0001/120521 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан, надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь иргэн миний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм.

Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М” ХХК нь тухайн орон сууц болон автозогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байхаас гадна өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн миний хувьд “К” ХХК болон “У" ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага байхгүй, өөрийн өмч хөрөнгийг барьцаалах талаар хүсэл зориг илэрхийлээгүй бөгөөд “К” ХХК, “У" ХХК нь орон сууц болон автозогсоолуудын хууль ёсны өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр, миний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл байх тул миний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Тиймээс орон сууц болон автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д намайг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр “К” ХХК болон “У” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К” ХХК болон “У” ХХК нь хамаарахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд К, У-с зөвшөөрөл авах шаардлагагүй, учир нь 2008 онд нэхэмжлэгчид өмчлөх эрх үүссэнээс хойш 2 жилийн дараа барьцааны эрх үүссэн.

Анх 2010 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байдаг. Энэхүү гэрчилгээ гарахаас өмнө 2008 онд төлбөрөө төлж эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн байсан. Үл хөдлөx эд хөрөнгийг анх удаа бүртгүүлж байгаа бол хариуцагч байгууллага уг бүртгэлийг хийхдээ тухайн үед мөрдөж байсан Улсын ерөнхий бүртгэгчийн 50 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгө бүртгэх эрхийн журмын 4.5-д заасан хэд хэдэн өмчлөгчтэй байхыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, мөн баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг буцаах журмыг зөрчсөн. Анх өмчлөгч биш “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэснээс болж К, У-ын барьцааны гэрээ байгуулагдсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар банк барьцааны гэрээ байгуулах үедээ барьцааны зүйлд гуравдагч этгээдийн шаардах эрх байгаа бол мэдэгдэх үүрэгтэй байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүхийн шийдвэрийг хавсаргана гэж заасны дагуу бүртгэх үндэслэлтэй. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүхийн шийдвэр иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн бүртгэх үндэслэлтэй.

Иймд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү-2206014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаартай бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний өмчлөх эрх хөндөгдөж байна. Нэхэмжлэгч нь орон сууцандаа 7 жил амьдарч байгаа бөгөөд Улаанбаатар хотын банкны барьцааны гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй. Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2008 онд бүх төлбөрөө төлсөн гэдэг үйл баримтыг тогтоож, өмчлөгчөөр тогтоосон байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасан зохицуулалт энд хэрэглэгдэх ёстой. Энэ орон сууцнууд 2008 онд суурь нь баригдсан байсан. Нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтаар барилга баригдаж, ажил гүйцэтгэх гэрээгээр энэ орон сууц баригдсан. Нэхэмжлэгч бэлэн болсон орон сууцыг худалдан аваагүй. "М" ХХК нь нэхэмжлэгчийн хөрөнгөөр бий болсон орон сууцыг өөрийн нэр дээр 2010 онд бүртгүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т барьцааны зүйлийг нягтлан шалгах банкны үүргийн талаар тодорхой заасан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд мөн адил энэ талаар заасан байгаа. Иргэний хэргийн шүүх барьцааны зээлийн гэрээний асуудлыг сүүлд хүчин төгөлдөр бусад тооцсон байгаа. Банк нь бизнесийн байгууллага бөгөөд ашиг олох, алдагдал хүлээхээ өөрөө шийднэ. Банк хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрсдөө эрсдэлд орж байгаа бол бизнесийн байгууллага эрсдэлээ өөрсдөө хүлээх ёстой. Гэмгүй иргэдийн орон сууцыг барьцааны үүргийн гүйцэтгэлд хураан авах ёсгүй гэдгийг анхаарч үзнэ үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Д.Д-н нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 44 Г байрны * тоот орон сууцыг “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, 4,10,15,16,18 тоот зогсоолуудыг улсын бүртгэлийн Ү226014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-22060 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд нь “К” ХХК болон “У” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй байдаг.  Д.Д-г Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 184/2016/00021 дугаар шийдвэрээр дээрх орон сууц, зогсоолуудын  хууль  ёсны  өмчлөгчөөр  тогтоосон боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох, иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан байдаг тул өмчлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 -д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зав гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө ” гэж заасан гэв. 

Гуравдагч этгээд М ХХК-ийн захирал Б.Ч болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Иргэн Д.Д нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай компанитай 120 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, З гудамж “B” хотхоны 44Г байрны * тоот орон сууцыг 46В байрны зоорийн давхарт байрлах 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын хамт захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00021 дугаар захирамжаар Д.Д-г Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, З гудамж “B” хотхоны 44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхарт байрлах 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

1.Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо. З гудамж “B” хотхоны 44Г байрны * тоот сууцны талаарх тайлбар: Манай компани “У” ХХК-тай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ0002/100319 тоот зээлийн гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ0002/100319 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Бидний зүгээс “У” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, гэрээний нэмэлтүүдэд заасны дагуу зээлийн төлбөрөө төлж ирсэн ба тухайн үед банкны зүгээс шаардсаны дагуу 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр барьцааны нэмэлт гэрээг байгуулж, Д.Д-н өмчлөлийн орон сууцыг түүнд мэдэгдэлгүй, түүний оролцоогүйгээр барьцаалуулж түүний эрх ашгийг хохироосноо хүлээн зөвшөөрч байна.

У-ын барьцааны зээл нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1384 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний 2.1.1-д заасан “B” хотхоны үйлчилгээний төвийн барилгыг 2.5 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт К руу шилжүүлээд үүнээс 2.3 тэрбум төгрөг буюу 1.132 сая еврог У-ын зээлийн төлбөрт 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлж, 2013 оны 8 дугаар сард үлдэгдэл 425 мянган еврог төлж зээлийг хаасан. Зээлийн үлдэгдэл байхгүй гэсэн тодорхойлолтыг нотлох баримтаар өгсөн. Ингээд У-с авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан ба өнөөдрийн байдлаар ямар нэгэн зээлийн үлдэгдэл төлбөргүй болно.

Бид “У-" ХХК-д удаа дараа амаар болон бичгээр хандаж Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардсан боловч “У-” ХХК нь учир битүүлэг шалтгааны улмаас барьцаа хөрөнгийг чөлөөлөлгүй өнөөдрийг хүрч байна.

2. Хан-Уул дуургийн ** дугээр хоооо. З гудамж “B” хотхоны 46В байрны зоорийн давхрын 4. 10. 15 16. 18 тоот авто зогсоолын талаарх тайлбар:

“М” ХХК, “К” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М” ХХК нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд барьж буй “В” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М” ХХК нь 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-н өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “Х” хотхоны ** тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Манай компани “К” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр  зээлийн   өрийн   дарамтанд   хийсвэрээр   оруулж,   бидний   үйл   ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Д.Д-н “В” хотхоны 46В байрны зоорийн давхарт байрлах 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Д.Д-н нэр дээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “В” хотхоны 44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхарт байрлах 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Зээл төлөгдсөн байхад зээлийн барьцаанд байгаа зүйлийг чөлөөлөх гэдэг нь өөр юм. Өнөөдрийн хурлаар хариуцагч байгууллага болох Улсын бүртгэлийн байгууллагын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зөвшөөрөл авах ёстой байсан гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байсан эсэхийг шийдэх ёстой. Магадгүй банк хууль зөрчиж, зээлийн барьцаа хөрөнгийг шалгалгүй зээлийн барьцааны гэрээ байгуулсан гэж маргах бол зээлийн барьцааны бүртгэл хүчин төгөлдөр бус байх ёстой гэсэн шаардлага гаргасны үндсэн дээр тэр асуудлыг ярина.

Өнөөдөр бүртгэхгүй байгаа асуудал нь хуульд нийцсэн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярина. Өнөөдрийн байдлаар маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудын өмчлөгчөөр "М" ХХК бүртгэгдсэн байгаа. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон тул улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ярьж байна. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоосон. Ийнхүү тогтоохоос өмнө маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан "М" ХХК-тай банкууд зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Зээлийг 2010 оны 3 сард олгож, гэрээ байгуулсан. Барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй байсан тул нэмж барьцаа хөрөнгө барьцаалж, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин нэмэлт барьцааны гэрээ байгуулсан. Хуулиар улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд эрх ашиг нь зөрчигдсөн этгээдээс зөвшөөрөл авахаар зохицуулсны дагуу банкууд гуравдагч этгээдээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Гэтэл банкууд зөвшөөрөл олгоогүй буюу нэмэлт өөрчлөлт оруулах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Иймд хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлж шийдвэр гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Хариуцагч хуульд нийцсэн хариу өгсөн байхад хууль зөрчсөн шаардлага нэхэмжлэгч гаргасан байгаа нь үндэслэлгүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24.9-д “Эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заажээ. Гэтэл мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д 24.4-д заасныг хязгаарласан зохицуулалт байгаа.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үндэслэлээр бүртгэх боломжгүй байна гэсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг хязгаарласан зохицуулалт нь мөн хуулийн 19.2 дахь заалт юм. Хариуцагчийн хийсэн үйлдэл хууль ёсных гэдэг нь эндээс харагдаж байна. Тухайн өмчлөх эрх өөрчлөгдөж байгаа тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөхөөр бол энэ талаар зөвшөөрлийг заавал авна. Хариуцагч энэ зөвшөөрлийг шаардсан болохоос бүртгэхээс татгалзсан үйлдэл биш. Энэ холбогдох баримтаа бүрдүүлээд ир гэсэн шаардлага юм. Хариуцагчийн хариу албан бичигт мөн адил заасан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дэх заалт нь  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тоот мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн захирамжуудаар харагдаж байна. Хуулиар хориглосон үйлдэл байна. Дээрхээс үзвэл хариуцагч хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглоно  гэж  заажээ.  Энэ  зарчмын  дагуу  хариуцагч  үндэслэл  бүхий тайлбар гаргасан.

"М" ХХК-ийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлын тухайд иргэн хүн захиалгаар орон сууц бариулсан гэрээ нь хэзээ захиалсан этгээдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой гэвэл дээрх барилга нь улсын комисс хүлээн авснаар өмчлөгч болно. Тухайн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ учраас "М" ХХК-ийн нэр дээр байгаа нь архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга ажил эхлүүлэх зөвшөөрлийг үндэслэн хариуцагч тухайн гэрчилгээг олгосон. "М" ХХК-д Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгсөн 90 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ нь үндэслэлтэй гарсан байна.

Нэхэмжлэгч шүүхийн захирамжийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хандаж байсан боловч үүнээс өмнө барьцааны эрх бүртгэгдсэн байсан. Иймд хариуцагчийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.9-д заасны дагуу бүртгэх боломжгүй байна гэж хариу өгсөн үйлдэл нь хууль ёсных байна.” гэв.

Гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Тус банк нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд 46В дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 46АБВГ дүгээр байрны автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан юм.

Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М” ХХК нь иргэн Д.Д-тай 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, “В” хотхоны 46В дугаар байрны 4,10,15,16,18 тоот автозогсоолыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг, мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.Д нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2016/00021 тоот захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нүүдийн дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д-н өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг Д.Д-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “К” ХХК-иас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Д нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч Д.Д нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд Д.Д-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2013  оны  3  дугаар  сарын  19-ний  өдрийн  Зээлийн  төлбөрт  барьцаа  хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу манай банк 2.3 тэрбум төгрөгийг "М" ХХК-д шилжүүлсэн, хавтаст хэрэгт дансны хуулга нь байгаа. "М" ХХК нь У-д еврогийн зээлтэй байсан. 2.3 тэрбум төгрөгийг тэр өдрөө еврогийн ханшид хөрвүүлээд 1.1 сая еврог "М" ХХК У-д зээлийн төлөлт болгож төлсөн. Тэр үеийн ханшаар тооцвол 1.1 сая евро 2.3 тэрбум төгрөг болно. 1.1 сая евро төлөөд үлдэж байгаа зээлийн төлбөр нь 800 хэдэн сая төгрөг буюу 425 мянган еврогийн зээл үлдсэн. Үүнийгээ 8 дугаар сарын 7-нд төлсөн байна. 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн дансны хуулгыг үзэхээр 2013 оны 8 дугаар сарын 7-нд манай хадгаламжаас суутгаж аваад 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 418 мянган евро төлсөн харагдаж байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү- 2206014006. Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаартай бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Дариймааг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаас тогтоогдсон үйл баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр хэргийг шийдвэрлэлээ. 

Иргэн Д.Д нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “М” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Х" хотхоны 44Г байрны * тоот 148.4 м.кв орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот 5 ширхэг автозогсоолыг нийт 106.540 ам.доллараар захиалан бариулж, төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор буюу 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 60.000 ам.доллар, 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 25.000 ам.доллар, 2008 оны  07  дугаар сарын 04-ний өдөр 6.540 ам.доллар, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 15.000 ам.долларыг бэлэн мөнгөний орлогын баримтаар төлж, тооцоог бүрэн барагдуулсан нь бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер, тооцоо нийлсэн актаар тогтоогдож  байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. 

Д.Д нь “М” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц болон автозогсоолуудын төлбөр тооцоог 2008 онд бүрэн барагдуулсан ч 2016 он хүртэл өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байх тул энэ хугацаанд түүнийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөгч гэж үзэхээргүй байжээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “шинээр бий болсон болон баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх” талаар зохицуулсан бөгөөд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг үндэслэн түүн дээр баригдаж буй барилгыг дуусаагүй, дутуу гүйцэтгэлтэй байхад нь бүртгэж болох мөн зүйлийн 16.2 дахь заалтын дагуу “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу /17021/ хаягт баригдаж буй “Х” хотхоны 44А, 44Б, 44В, 44Г, 46А, 46Б, 46В, 46Г дугаартай барилгуудыг 55 хувийн гүйцэтгэлтэйгээр тус компанийн өмчлөлд Ү-2206008714, Ү-2206009074, Ү-2206009156, Ү-2206009142, Ү-2206008713, Ү-2206009143, Ү-2206009141, Ү-2206008712 дугаартай тухайлбал, 44Г байрыг Ү-2206009074 дугаартайгаар эрхийн улсын бүртгэлд бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон  нь, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар тушаалаар дээрх бүртгэлүүдийн хувийн хэргийг хааж, бүртгэлүүдийг хүчингүй болгон , 90 хувийн гүйцэтгэлтэйгээр оронсууц, автозогсоол тус бүрээр нь тухайлбал 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү- 2206014006. Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээ олгосон  нь хууль зөрчөөгүйн дээр нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул ““М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү- 2206014006. Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаартай бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

“М” ХХК Капитрон банктай 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 07/252 тоот зээлийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009074 дугаарт бүртгэлтэй 55 хувийн гүйцэтгэлтэй 44Г тоот байрыг барьцаалсан ба 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр К-ны барьцаа хөрөнгийг чөлөөлөх зөвшөөрлийн дагуу чөлөөлсөн байна.

“М” ХХК 90 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689 дугаарт бүртгүүлсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х цогцолборын /17021/ Зайсангийн тойруу 44 Г байрны * тоот 148 м.кв орон сууцыг “А” ХХК нь 2008 оны 08/01 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар К-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 08/01 тоот зээлийн барьцааны гэрээгээр барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ба үүргийн гүйцэтгэл хангагдсанаар барьцааг чөлөөлжээ.

Улмаар 44 Г байрны 03 тоот 148 м.кв орон сууцыг У-тай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ЗБГ0001/120521 тоот зээлийн барьцааны гэрээгээр барьцаалж , барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ба зээлийн барьцааны гэрээ одоо хүртэл бүртгэлтэй хэвээр байна. 

Түүнчлэн 46В байрны 4, 10, 15, 16, 18 тоот зогсоолуудыг “Ч” ХХК-ийн К-тай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот зээлийн барьцааны гэрээгээр барьцаалж , уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн ба зээлийн барьцааны гэрээ одоо хүртэл бүртгэлтэй хэвээр байна. 

К зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5580 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар магадлалаар “М” ХХК-иас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1.964.900.373.53 төгрөг гаргуулан К-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2016 оны 13689 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгээр барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсний дотор 46В байрны 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолууд багтжээ .  

Х хотхоныг 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан  байх бөгөөд Д.Д нь 2008 онд төлбөр тооцоог бүрэн барагдуулж, 2011 оноос амьдарч бодитойгоор ашигласан байх хэдий ч 2016 он хүртэл энэ хугацаанд дээр дурьдсанчлан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, баталгаажуулаагүй ба, тэрээр 2016 онд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00021 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр тогтоолгох түүний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан, өөрөөр хэлбэл түүнийг өмчлөгчөөр тогтоосон  байна. 

Өмчлөгчөөр тогтоосон шүүхийн энэ шийдвэрийн дагуу Д.Д нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орон сууц болон автозогсоолуудыг өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр, гэхдээ бүртгүүлэх үндэслэлээ мэдүүлгийн 24 дэх хэсгийн “шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” үндэслэлийг биш, харин мэдүүлгийн 2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлж баталгаажуулах” гэсэн үндэслэлээр мэдүүлэг гаргасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс мэдүүлгийг хүлээж аваагүй, түүний гомдлоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар “бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй” хэмээн хариу өгчээ. 

Бүртгэлийн байгууллага ийнхүү бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х цогцолборын /17021/ Зайсангийн тойруу 44Г байрны * тоот орон сууц болон 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолууд нь “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон, мөн У, К-тай байгуулсан барьцааны гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалагдсан бүртгэлтэй байх тул эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээдээс зөвшөөрөл авалгүй өмчлөгчийг өөрчилж бүртгэх боломжгүй” гээд “эдгээр банкнаас зөвшөөрөл авч, мэдүүлгээ дахин гаргах боломжтой” хэмээн тайлбарлажээ .

Нэхэмжлэгч Д.Д-г өмчлөгчөөр тогтоосон шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар тэрээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй ч шүүхийн энэ шийдвэр нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2206013689, Ү-2206014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378   дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, харин уг бүртгэлд өмчлөгчийг өөрчилж бүртгэн, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэ өмчлөгчид олгох үндэслэл болно. Учир нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х цогцолборын /17021/ Зайсангийн тойруу 44 Г байрны * тоот 148 м.кв орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудыг “М” ХХК 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тухайн цаг үед байгаагүйн дээр нэгэнт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хаах мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй юм.

Иймээс нэхэмжлэгч нь шүүхийн дээрх шийдвэрийн үндсэн дээр “шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” үндэслэлээр мэдүүлж улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөх байдлаар бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж, эрхээ хэрэгжүүлэх боломжтой, гэхдээ ийнхүү эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээдийн буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн У, К-ны зөвшөөрлийг заавал авсан байхыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар шаарджээ. 

Иймд Д.Д-г өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлгээ гаргах үед түүний бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байснаас гадна  уг үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцааны гэрээ бүртгэлтэй байсан тул бүртгэхээс татгалзаж, У, К-кны зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр бүртгүүлэх боломжтойг мэдэгдсэн улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 “мэдүүлэгт дурьдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, 19 дүгээр зүйлийн 19.2 “эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байна”,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн заалтуудад нийцсэн, хууль ёсны үйлдэл байна. 

Иймд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас дүгнээд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд “Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагын тухайд орон сууц болон автозогсоолуудын хувьд ялгаатай авч үзэхээр байна. 

“М” ХХК Улаанбаатар хотын банктай 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ЗБГ0001/120521 тоот зээлийн барьцааны гэрээгээр 18 орон сууц барьцаалсны дотор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689 дугаарт 90 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х цогцолборын /17021/ Зайсангийн тойруу 44 Г байрны * тоот 148 м.кв орон сууц багтсан бөгөөд У дахь зээлийн дансны хуулгаас үзвэл зээлийн үлдэгдэл 00 төгрөг буюу 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлөгдөж дууссан, өөрөөр хэлбэл үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэхээр байх тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан гэсэн үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон Д.Д-н өмчлөх эрхээ бүртгүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл барьцаалагч банкны гаргаж өгсөн дансны хуулгаар барьцаагаар хангагдах  зээлийн  гэрээний  үүрэг  гүйцэтгэгдсэн, барьцаалагч  У-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байдал одоогоор тогтоогдохгүй байх тул хэдийгээр У барьцаа хөрөнгийг чөлөөлөх зөвшөөрөл өгөөгүй, энэ талаар К-тай маргаантай гэх боловч энэ нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх, Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Д.Д-г эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х цогцолборын /17021/ Зайсангийн тойруу 46В байрны 4, 10, 15, 16, 18 тоот зогсоолуудыг “Ч” ХХК-ийн К-тай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот зээлийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү226014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаарт 90 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Х цогцолборын /17021/ Зайсангийн тойруу 46В байрны 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудыг барьцаалж, уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн ба зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй, зээлийн барьцааны гэрээ одоо хүртэл бүртгэлтэй хэвээр байна. 

Түүнчлэн дээр дүгнэснээр “М” ХХК-иас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1.964.900.373.53 төгрөг гаргуулан К-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3/27649 тоот албан бичгээр 46В байрны 4, 10, 15, 16, 18 тоот автозогсоолуудыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Ийнхүү зээлийн гэрээний үүрэг хангагдаагүй, зээлийн барьцааны гэрээ эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх бүхий этгээдээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, барьцаалагч К-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “барьцаалуулагч нь барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй” бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй байх тул “Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Шүүхийн энэхүү шийдвэр нь Д.Д К-с зөвшөөрөл авсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудыг өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хандах, энэ талаар шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот 148.4 м.кв орон сууцыг Д.Д-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “X” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013689, Ү-2206014006, Ү-2206014015, Ү-2206014012, Ү-2206014376, Ү-2206014378 дугаартай улсын бүртгэл болон түүнийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103677, 000104004, 000104013, 000104010, 000109415, 000109417 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн тойруу “Х” хотхоны 44Г байрны * тоот орон сууц, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 46В байрны зоорийн давхрын 4,10,15,16,18 тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Д-г бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА