Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/0154

 

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Б.Мөнхтуяа  

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Ховд аймгийн Булган сумын “М-Б” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0003 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.С-ийг Булган сумын “М-Б” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0003 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0003 дугаар магадлал зэргийг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Анхан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, маргаан бүхий актад буруу дүгнэлт өгч, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасантай нийцэхгүй байна. Тодруулбал: Шүүхээс Ховд аймгийн Засаг даргад гардуулсан Ц.С-ийн нэхэмжлэлд “Ховд аймгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг тусгасан байсан.

5. Уг нэхэмжлэлд хариуцагч Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/1696 дугаар албан бичгээр хариу тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэтэл анхан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Булган сумын “М Б” цогцолбор сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт шалгалт, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалт хуульд нийцсэн эсэх талаар дүгнэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч Ц.С-д Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Санхүүгийн хяналт, аудитын албанаас “М Б” цогцолбор сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байдаг.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт:...аудитын тайланд төлбөрийн акт тогтоосон алдаа зөрчилтэй асуудал байхгүй гэж дүгнэгдсэн байх тул Ц.С нь эрхэлсэн байгууллагынхаа 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх тайлбарыг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй .... гэж дүгнэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн. “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд Ховд аймгийн Аудитын газраас зөрчилгүй санал, дүгнэлтийн гэрчилгээ олгосон нь тус байгууллагын санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, санхүүгийн тайлан гаргах талаарх Сангийн сайдын зааврын дагуу илэрхийлэгдсэн эсэхэд түүвэр хийн өгч буй дүгнэлт байдаг.

7. Харин нэхэмжлэгч Ц.С нь “М Б” цогцолбор сургуулийн захирлаар /төсвийн шууд захирагч/ ажиллаж байхдаа огтхон ч санхүүгийн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, тус байгууллагын санхүүгийн тайлан бүхэлдээ зөрчилгүй гэсэн дүгнэлт биш юм. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит гэсэн төрийн аудитын төрөл тус бүр шалгалтын хамрах хүрээ, шалгалтын хүрээнд шалгах санхүүгийн баримт, материалын агуулга, шалгуур үзүүлэлтийн хувьд харилцан адилгүй байдаг.

8. “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд Ховд аймгийн Аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Санхүүгийн хяналт, аудитын албанаас гүйцэтгэлийн аудит хийж, тус бүртээ дүгнэлт гаргасан гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн. Санхүүгийн тайлангийн аудитаар илрээгүй санхүүгийн зөрчил дутагдал гүйцэтгэлийн аудитаар илрэх нь элбэг. Учир нь санхүүгийн тайлангийн аудитаар зөвхөн тайлан, балансыг хянадаг бол гүйцэтгэлийн аудитаар санхүүгийн анхан шатны баримтыг төсвийн гүйцэтгэл, хөрөнгийн бүртгэлийг хянадагт байдаг.

9. Иймдээ ч “М Б” /2-р сургууль нэртэй/ цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангийн 1.7-д “Аудитын явцад илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудал, гаргасан шийдэл”-ийг менежментийн захидалд тусгав... Менежментийн захидлын 3.1-т “2016 оны батлагдсан төсвийг 6,9 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заалтыг зөрчсөн” гэжээ. Энэхүү санхүүгийн алдаа, зөрчлийг төсөв захирагч буюу “М Б” цогцолбор сургуулийн захирал Ц.С хүлээн зөвшөөрснөөр 2016 оны санхүүгийн тайландаа аудитын дүгнэлт гаргуулсан байдаг. Ийм байхад давж заалдах шатны шүүх “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд Ховд аймгийн Аудитын газраас хийсэн дүгнэлтийг зөвхөн нэг талыг баримталж, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

10. Төлбөрийн акт тогтоогдоогүй нь санхүүгийн зөрчил, дутагдал гаргаагүйг нотлохгүй, төсвийн хөрөнгийг хууль, журмын дагуу зарцуулаагүй зөрчил бүрт акт тогтоодоггүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. “М Б” цогцолбор сургууль нь зөвхөн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар батлагдсан төсвийг хэтрүүлсэн нь нэхэмжлэгч Ц.С-ийг эрхэлсэн байгууллагынхаа төсвийг хуулийн дагуу зарцуулдаггүй, байгууллагын мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирддаггүй, муу менежер байсныг харуулах хангалттай нотолгоо юм.

11. Хуулийг буруу хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтуудын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заажээ.

12. Нэхэмжлэгч Цэвгээгийн Сонгууль нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “М Б” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан. Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т тодорхойлжээ. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгасан байхад анхан, давж заалдах шатны шүүх Төсвийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах ёстой мэтээр хуулийг буруу хэрэглэжээ. Учир нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой харилцааг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудаар нарийвчлан зохицуулсан байдаг.

13. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажилтныг ажлаас халах үндэслэл байхаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт тусгажээ. Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1-т “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах”, 281.1.4-т “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” эрх хэмжээтэй.

14. Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 23-наас 29-ний өдрүүдэд Булган, Үенч, Алтай, Мөст сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт хийсэн байдаг. Эдгээр хяналт, шалгалтын ажлын хүрээнд “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн тайлангаар байгууллагын төсвийг 7,5 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан, авлагыг өмнөх оноос 5,6 сая төгрөгөөр өсгөсөн, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 7,8 сая төгрөгийн өр үүсгэсэн, цалингийн урьдчилгаа хавтгайруулан олгосон, батлагдсан орон тоог хэтрүүлсэн санхүүгийн зөрчил, дутагдал тогтоогдсон байдаг.

15. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.8-т “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн. Угтаа төсвийн шууд захирагч нь төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй байхаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан байдаг. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд “М Б” цогцолбор сургуулийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас хийсэн гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын агуулгад хамааралгүй гэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

16. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-т “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлдэг. Төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байхаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т тусгаж, төсвийн шууд захирагч нь төсвийн талаарх бүрэн эрхийг мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т тодорхойлсон.

17. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-ын 1-д өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах төрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрхийг хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төсвийн санхүүжилттэй “М Б” цогцолбор сургуулийн захирал Ц.С нь төсөв захирагч, эд хөрөнгө хариуцсан ажилтан тул ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй ажиллах үүрэгтэй.

18. Гэтэл нэхэмжлэгч Ц.С “М Б” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа байгууллагын 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалтаар тогтоогдсон байдаг. Хэдийгээр Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны гүйцэтгэлийн аудит маргаан бүхий захиргааны акт гарсны дараа “М Б” цогцолбор сургуульд хийгдсэн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийж, 15 төрлийн санхүүгийн зөрчил, дутагдал илэрч, улсын байцаагчийн акт, албан шаардлага тогтоогдсон нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

19. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас “М Б” цогцолбор сургуульд хийгдсэн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнг хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэхгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн.

20. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авах”, 9.1.2-т “ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах” аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын үүргийг хуульчилсан. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7/08 дугаар мэдэгдлийг “М Б” цогцолбор сургуулийн захирал Ц.С-д, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 7/10 дугаар мэдэгдлийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус ирүүлсэн.

21. Прокурорын мэдэгдэлд: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт “М Б” цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ, Д.Отгонням, Г.Бат-Өлзий, Б.Хосбат нар бүлэглэн иргэн Г.Ядамсүрэнгийн эзэмшлийн 3 тооны аккумляторыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Уг гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь: ...Удирдлагын зүгээс байгууллагынхаа өдөрт тутмын үйл ажиллагаа болон албан хаагч, сурагч нартаа тавих хяналт сул байгаагаас багш нар хуваарьт хичээлээ орохгүй байх тохиолдолд гарч ахлах ангийн сурагч нар хичээл ороогүй цагийг ашиглан бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь тогтоогдсон... гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.С нь “М Б” цогцолбор сургуулийнхаа ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүргээ биелүүлээгүй байгууллагын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байгаа нь харагдана. Үүнийг нэхэмжлэгч Ц.С үгүйсгээгүй бөгөөд харин ч хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг буруутгах шалтаг болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасантай нийцэхгүй байна.

22. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын хүрээнд Ховд аймгийн Засаг даргаас “М Б” цогцолбор сургуулийн захиралтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл анхан, давж заалдах шатны шүүх зөвхөн үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч Ц.С-ийг ажлаас халсан захиргааны актыг буруутгах үндэслэл болгож, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийлээ.

23. Үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэх бөгөөд биелэлтийг дүгнэх хугацаа болоогүй гэдэг шалтгаанаар эрхэлсэн байгууллагынхаа төсвийг зохистой удирдаж чаддаггүй, батлагдсан төсвийг хэтрүүлдэг, дур мэдэн орон тоо нэмдэг, цалингийн сангаас өр, авлага үүсгэдэг зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаа ажилтныг хаацайлж, хамгаалсаар байх уу, төсвийн мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулж байгааг таслан зогсоож хариуцлага тооцох уу.

24. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-т “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх” зарчимтай. Энэхүү зарчмын дагуу хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр цуцалж, эрхэлж буй ажлаас халж, хуулийг хэрэгжилтийг хангуулсан.

25. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.С-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би хяналтын шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна. Шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсье. Утасны дугаар 99433778. Хариуцагч нь төсөвт байгууллага тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн зохих заалтын дагуу хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

26. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

27. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.С-ийг ажлаас халах тухай” Б/45 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан Булган сумын “М-Б” цогцолбор сургуулийн захирал Ц.С-ийг “Эрхэлсэн байгууллагынхаа 2016 оны төсвийг хууль, журмын дагуу зарцуулалгүйгээр өр, авлага үүсгэсэн, үр ашиггүй зарцуулсан, сургуулийнхаа багш, суралцагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...Манай байгууллагын 2016 оны тайлан баланс аудитын байгууллагаар баталгаажиж, “Зөрчилгүй” санал дүгнэлт гарсан. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, өр авлага үүссэн зөрчил гараагүй, манай сургуулийн багш, суралцагчдын дундаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон асуудал гараагүй” хэмээн маргажээ.

28. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой үйл баримтын талаар “Ховд аймгийн аудитын газрын шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн зөрчил буюу төлбөрийн акт тогтоогоогүй, зохих зөвлөмжийг өгч “зөрчилгүй” гэсэн дүгнэлт гаргасан байхад нэхэмжлэгчийг төсвийн удирдлагын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж шууд буруутгах үндэслэл болохгүй, тус аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 7/10 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7/08 дугаар мэдэгдлүүдэд дурдагдсан сургуулийн удирдлагын зүгээс багш сурагчдад тавих хяналт сул гэх ерөнхий дүгнэлтийг нэхэмжлэгчид хамаатуулан “хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн” улмаас гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болсон гэж үзэх боломжгүй тухай үндэслэл бүхий дүгнэж, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  29.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.8-д зааснаар “М-Б” цогцолбор сургуулийн захирал нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж заасны дагуу түүний хөдөлмөрийн харилцаа нь нарийвчилсан хуулиар зохицуулагдсан байх тул хариуцагчийн “Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгасан... мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажилтныг ажлаас халах үндэслэл байхаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт тусгасан...” гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.  

30. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2018/0003 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН