Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01093

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/01538 дугаар шийдвэртэй, 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.А*******, А.О******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 19,561,324.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н*******, П.Г*******, хариуцагч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч Б.А*******, А.О******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1660404487 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 2.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Тоуота Аquа-P10 маркийн ******* УАК улсын дугаартай автомашиныг барьцаалан 13,800,000 төгрөгийн зээл авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 1.2.1-т заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх шаардахад удахгүй төлнө гэсээр графикт төлөлтийн хугацааг хэтрүүлж, бүртгэлтэй хаягтаа амьдрахгүй, олдохгүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/0******* дугаартай шүүхийн захирамжаар эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн цагдаагийн 1 хэлтсээс хариуцагчийн хаягийг тодорхойлсны дагуу тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Б.А*******, А.О******* нараас үндсэн зээл 12,763,093 төгрөг, хүү 6,405,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 322,616 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд төлсөн 70,200 төгрөг, нийт 19,561,324 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар автомашиныг өөрсдөө хүлээлгэж өгсөн тул дотор нь байсан эд зүйлээ өөрөө авах боломжтой байсан.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******* ХХК-аас 13,800,000 төгрөгийг автомашины үлдэгдэл төлбөр төлөхөөр зээлсэн. Хувийн шалтгаанаар ажил хийж чадаагүй тул ******* ХХК-аас автомашиныг хураагаад авсан тул өр төлбөргүй боллоо гэж бодож байсан. Бид нараас 19,561,324 төгрөг нэхэмжилж байгаа нь хэт өндөр гэж бодож байна. Иймд төлөх боломжгүй. Машиныг анх 2023 оны 1 сард худалдаж авсан юм. Машинаа 4-5 сар л хэрэглэсэн.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.А*******, А.О******* нарт холбогдох 19,561,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч ******* ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,756,.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

1.******* ХХК хариуцагч Б.А*******, А.О******* нартай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд зөвхөн фидуцийн гэрээний харилцаа үүссэн, машиныг өгснөөр гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон баримтад шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.

2.3охигчдын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ гэх нэртэй гэрээ нь барьцааны болон фидуцийн гэсэн холимог шинжийг агуулсан. Дан ганц фидуцийн гэрээ байгуулсан тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болно. Ийнхүү гэрээний үүргийг дуусгавар болсон эсэхийг дүгнэхэд нэхэмжпэгчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой.

Гэтэл үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон эд хөрөнгө болох автомашиныг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Барьцааны гэрээнд зааснаар барьцааны хөрөнгийг талууд 13,800,000 төгрөг /элэгдэл хорогдол ороогүй/ гэж тохиролцож, мөн гэрээний 3.2,-т Гэрээний хугацаанд барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан, үрэгдсэн, устгасан тохиолдолд барьцаалагч барьцааны хөрөнгийг дахин үнэлж, зээлийн үлдэгдлийг бүрэн хаахад хүрэлцэхүйц хөрөнгийг нэмж барьцаална гэж заасан. Гэтэл зах зээлийн үнэлгээндээ хүрэх эсэхийг шүүх тодруулаагүй. Тухайн хөрөнгөд шүүхийн шатанд хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг хийгээгүйд гомдолтой байна. Бидний хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хүртэл л барьцаа хөрөнгийг түр өөрийн хадгалалт, хамгаалалтад авсан болохоос, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зорилгогүй байсан.

3. Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу ******* УАК улсын дугаартай Тоёото акуа маркийн автомашиныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай ******* ХХК -ийн өмчлөлд шилжүүлсэн баримт хэрэгт байх боловч түүнээс хойшхи хэний өмчлөлд байгаа эсэхийг шүүх тодруулаагүйд гомдолтой байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/01538 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрт автомашин хурааж авсан болохоор зээл төлөлт дууссан гэж ойлгож байсан. Нэхэмжлэгч автомашиныг авч явахдаа машин дотор байсан зээлийн гэрээг аваад явсан тул гэрээний заалтыг уншиж ойлгоогүй. Дараа нь гэрээтэйгээ танилцах гэсэн боловч олдоогүй. Гэрээний талаар ойлгоогүй. Манай оршин суугаа газрын хороо 2 хуваагдсан тул намайг эрэн сурвалжилсан байна. Би бүртгэлтэй хороондоо одоо болтол байгаа. Зээлийн төлбөрийг бүрэн төлөхгүй гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь Б.А*******, А.О******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 19,561,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн 13 дугаар талд ******* УАК улсын дугаартай Тоуота Аquа-P10 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдсан боловч уг баримтад ******* ХХК-ийн хуулбар үнэн тэмдэг даржээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримт эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагад нийцээгүй байна. Түүнээс гадна уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын үйлдсэн баримт биш байхаас гадна хэргийн оролцогч бичмэл нотлох баримтад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах эрхгүй болно.

4. Иймд бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага зөрчсөн байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарах тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нотлох баримт үнэлэхтэй холбоотой нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/01538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас төлсөн 255, 756 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА