| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0100/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/102 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Ад холбогдох 1912001760124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Б овогт Б А /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын ,, тоотод иргэн П.Нхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, модон аяга авч шидэж, түүний нүүрэн тус газар онож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912001760124 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Нийн мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө гэртээ байж байгаад өөрийн нөхөр А төрсөн дүү Б.Ад зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой А манайд орж ирээд миний гар утсыг аваад гэртээ орсон юм. Тэгээд хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө А манай хөргөгчнөөс махаа авах гэж орж ирэхдээ миний утсыг оруулж ирж өгсөн. Тэр үед миний утасны цэнэглэгч хэсэг нь хөндийрөөд цэнэглэгдэхгүй байхаар нь би яагаад энэ болохгүй байгаа юм бэ гэж Агаас асуухад А би эвдээгүй гээд л гэнэт уурлаад намайг янз бүрээр хэлээд, хэрүүл маргаан хийж байгаад том модон бор аягыг авч над руу шидсэн. Тэр үед уг аяга миний хамар руу онож улмаар миний хамраас цус гарсан. Маргааш нь хөхөрч хавдсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн. Тухайн үед манай нөхөр манай гэрт хамт байсан. Өөр том хүн байгаагүй. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг Б.А том модон аяга авч над руу шидэж уг аяга миний хамар руу онож улмаар хамар хавдаж, гэмтэл учирсан. Утасны бөгс хөндийрсөн байна гэж намайг хэлэхэд А уурлаж улмаар намайг зодох болсон. Тэр үед манай нөхөр хамт байсан. Тэр үед хэн, хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Уг модон аягыг хаячихсан бөгөөд хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Би хамартаа эмчилгээ хийлгүүлмээр байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Нийн мэдүүлсэн: ...Тэр аягыг би хогийн саванд хийж орхисон байсан. Тэгээд хог ачуулахдаа хамт ачуулаад хаячихсан, одоо тэр аяга байхгүй. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан түргэн шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө манай дүү А манайхаас мах авах гээд орж ирсэн. Тэр үед манай эхнэр Ад хандаж чи миний гар утасны цэнэглэдэг хэсгийг эвдчихсэн байна гэж хэлсэн чинь А би эвдээгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь чи эвдсэн, хүүхдээрээ оролдуулж байгаад эвдсэн биз дээ гэж хэлсэн чинь А хэлэхдээ Нээ би чамайг эгч шигээ хүндэлж бодож явдаг шүү гэж хэлсэн чинь чи муу янхан гээд л тэр хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдсан. Тэр үед би өөрийнхөө дүү Аг хоргоогоод бариад байж байх үед А уурандаа ширээн дээр байсан модон аягыг барьж аваад Н рүү шидсэн чинь аяга Нийн хамар хэсэгт оносон. Би тухайн үед өөрийнхөө дүүг л барьсан байсан. Тэр үед Н цагдаад хэлнэ гээд гарч яваад, үүнээс хойш 3 хоног гэртээ ирээгүй байна. Хэрүүл маргааны улмаас л маргалдаад зодчихсон. А Н рүү ширээн дээр байсан модон аягыг л авч шидсэн. Би тэр үед нь дүүгээ барьж авсан. Н харин махны модоор Агийн зузаан гуянд нь 2-3 удаа цохисон. Агийн биед ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй. Тэр үед Нийн хамраас нь цус гараад байсан. Агийн шидсэн аяга Нийн хамар руу оносон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Агийн мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 26-05 тоотод оршин суудаг. Манай хашаанд манай төрсөн ах А эхнэр, хүүхдийнхээ хамтаар амьдардаг юм. 2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө би ахындаа орж хөргөгчнөөс нь мах авах гэсэн чинь манай бэр эгч Н надад хандаж чи гар утасны цэнэглэдэг бөгсийг нь эвдчихсэн байна, утас цэнэглэхгүй байна, хүүхдүүдээрээ тоглуулаад эвдээ биз гэж хэлэхээр нь би утас чинь хөндийрөөд байхаар нь тавьж цэнэглээд хэрэглэсэн, би таны утсыг хүүхэд унтаж байхад 01 цагт авсан биз дээ гэж хэлсэн чинь загнаад муу янхан гэх мэтээр намайг доромжилж эхэлсэн. Тэгээд намайг чи яах гэж намайг анхнаасаа хашаандаа буулгасан юм бэ янхан минь гэж хэлэхээр нь би чамд хүн шиг ханддаг шүү, чи аятайхан байхад аятайхан байгаарай гэж хэлээд миний уур хүрээд би очоод алгадаад авъя гэж бодсон чинь манай ах намайг барьж авчихаад тавихгүй байхаар нь би газар байсан модон аягыг аваад Н рүү шидчихсэн чинь тэр аяга Нийн хамар, нүүр орчимд нь оноод хамраас нь цус гараад байсан. Тэгээд би махаа аваад гараад явсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Намайг гараад явсан хойгуур Н цагдаад гомдол гаргасан байсан. Ер нь бол би Нийг өөрийнхөө төрсөн эгч шиг л хайрлаж халамжилж явдаг. Хүний нутагт яваа эмэгтэй хүн гэж хайрлаж явдаг байсан. Би амьдралд нь тохиолдож байгаа бүхий л аар, саар асуудалд оролцож, тусалж, дэмжиж, хоолны махгүй байх үед нь ч гэсэн туслаад л явдаг байсан. Гэтэл ингээд явж байна гэдэг надад бол харамсалтай л байна даа. Тухайн үед хэрүүл маргаанаас л болж л би уурандаа модон аяга авч шидээд Нийг оночихсон юм. Би нэг л удаа модон аяга авч шидсэн бөгөөд өөр байдлаар гар хүрээгүй. Тэр үед манай ах л хамт байсан. Өөр хүн хамт байгаагүй. Нийн биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 145 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. П.Нийн биед гэмтэл учирчээ. 2. П.Нийн биед тархи доргилт, нүүр, хамар орчмын, баруун хөлийн шилбэний дотор дээд хэсэгт, зүүн өвдөгний дотор доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, хамрын таславчийн мурийлт, баруун сүвээний орчим жижиг зулгаралт гэмтэл учирчээ. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 5. Тархи доргилт, нүүр, хамар орчмын, баруун хөлийн шилбэний дотор дээд хэсэгт, зүүн өвдөгний дотор доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун сүвээний орчмын жижиг зулгаралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 28 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 32 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын 26-05 тоотод иргэн П.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын 26-05 тоотод иргэн П.Нмаргалдаж, модон аяга авч шидэж, түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Нийн мэдүүлсэн “миний утасны цэнэглэгч хэсэг нь хөндийрөөд цэнэглэгдэхгүй байхаар нь би яагаад энэ болохгүй байгаа юм бэ гэж Агаас асуухад А би эвдээгүй гээд л гэнэт уурлаад намайг янз бүрээр хэлээд, хэрүүл маргаан хийж байгаад том модон бор аягыг авч над руу шидсэн. Тэр үед уг аяга миний хамар руу онож улмаар миний хамраас цус гарсан. Маргааш нь хөхөрч хавдсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг Б.А том модон аяга авч над руу шидэж уг аяга миний хамар руу онож улмаар хамар хавдаж, гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А мэдүүлсэн “би өөрийнхөө дүү Аг хоргоогоод бариад байж байх үед А уурандаа ширээн дээр байсан модон аягыг барьж аваад Н рүү шидсэн чинь аяга Нийн хамар хэсэгт оносон. А Н рүү ширээн дээр байсан модон аягыг л авч шидсэн. Агийн шидсэн аяга Нийн хамар руу оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Агийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Миний уур хүрээд би очоод алгадаад авъя гэж бодсон чинь манай ах намайг барьж авчихаад тавихгүй байхаар нь би газар байсан модон аягыг аваад Н рүү шидчихсэн чинь тэр аяга Нийн хамар, нүүр орчимд нь оноод хамраас нь цус гараад байсан. Нийн биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, хохирогч П.Нийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 145 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Б Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Агийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Агийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч П.Н нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ