Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01274

 

 О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/02189 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ц, Г ХХК-д холбогдох 176,522,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г ХХК-ийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Х.Ц, хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Х ХХК нь О-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2015 оны 09 сарын 08-ны өдрийн 90 дугаартай гэрээ, 2016 оны 03 сарын 02-ны өдрийн гэрээг сунгаж 2017 оны 06 сарын 26-ны өдрийн 88 дугаар гэрээний дагуу улсын нөөцөд 2013 онд бүртгүүлсэн Солонгос улсад үйлдвэрлэсэн хуурай сүүг сэлгэн шинэчлэхтэй холбогдуулан 1 кг-ыг нь 5,900 төгрөгөөр тооцож, нийт 177,000,000 төгрөгийн хуурай сүүг сэлгэн шинэчлэх нөхцөлтэй 2018 оны 12 сарын 15-ны өдөр буцаан төлж гэрээг дүгнэхээр тохиролцон Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбараас хүлээн авсан. Х ХХК-ийн захирал Ч.Ц нь уг компанийг 2019 оны 03 сарын 26-ны өдөр иргэн Ц.О-д худалдаж, 2020 оны 01 сарын 20-ны өдөр иргэн Г.Б-д худалдаж, компанийн нэрийг Г ХХК болгосон. О-аас Ч.Ц-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, уулзаж 2020 оны 05 сард төлбөр барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд гэрээгээр олгосон хуурай сүүний үлдэгдэл төлбөр 117,681,400 төгрөг, алданги 58,840,700 төгрөг, нийт 176,522,100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч.Ц хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй, юуны мөнгө шаардаж байгаа нь тодорхой бус байна. Тухайн нэхэмжилж байгаа үнийн дүн хэр хэмжээний хуурай сүүний мөнгө болох нь тодорхойгүй байна. 88 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй гэж байгаа боловч гэрээг 2017 оны 06 сарын 26-ны өдөр байгуулан, дуусах хугацааг 2018 оны 12 сарын 15-ны өдөр гэж заасан. Нэхэмжлэлийг 2022 оны 04 сарын 27-ны өдөр гаргасан байх тул гэрээ байгуулагдсанаас хойш 4 жил болсон учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хуурай сүүний хэрэглэх хугацаатай холбоотой шинжилгээний дүнгээр хуурай сүүний хүчинтэй хугацаа дууссан гэж бичсэн байна. Хуурай сүүний хэрэглэх хугацаа 2 жил байдаг, энэ хугацаа 2017 оны 02 сард дууссан байхад 2017 оны 06 сард гэрээ байгуулан хуурай сүүг өгсөн тул энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй. Хугацаа дууссан зүйлийг зарж борлуулах гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэ хэлцлийн дагуу мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний 2.1.8-д 2018 оны 12 сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусна гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн гэрээнд чанаргүй, хугацаа нь дууссан бараа материалыг дурдсан ба захиалагч талд чанарын шаардлага хангаагүй буюу нийлүүлсэн тохиолдолд шинэчлэгч талд барааг буцаах эрхтэй гэж заасан. Буцаан олгосон шинэчилж өгсөн 10 тонн хуурай сүү байгаа, баримт нь хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

3. Хариуцагч Г ХХК хариу тайлбартаа: Зарын дагуу Х ХХК-ийг Ц.О-аас худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдан авч Г ХХК нэрээр гурван сар үйл ажиллагаа явуулж байсан талаарх баримт байдаг. Х ХХК-ийг өр төлбөртэй гэдгийг хэлээгүй, мэдээгүй. Уг компани өр төлбөртэй гэдгийг мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.2-т заасны дагуу Ц.О-ыг хариуцагчаар оролцуулах үндэслэлтэй байна. Г.Б намайг хариуцагчаар татан оролцуулж байгааг болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нараас 117,681,400 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу Ч.Ц-ээс 58,840,700 төгрөг, Г ХХК-аас 58,840,700 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О-т олгож, нэхэмжлэлээс 58,840,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг баталж, хариуцагч Ч.Ц-ээс 373,178 төгрөг, хариуцагч Г ХХК-аас 343,178 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Г ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

5.1. Г.Б миний бие үнэгүй сайтын зарын дагуу Ц.О-аас компанийг худалдаж авсан бөгөөд уг компани бусдад төлөх өр төлбөртэйг тухайн үед мэдээгүй. Г.Ц бусдад өр төлбөртэй гэдгээ нууж компаниа зарсныг О-ын нэхэмжлэлтэй хэргээс үзлээ. Тухайн үед мэдсээр байж энэ асуудлаа шийдэхгүй 2022 оны 04 сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хамтран хариуцагч Г ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу үүргийг мэдээлээгүй тал нь хүлээх бөгөөд Ц.О учирсан хохирлыг хариуцах юм.

5.2. Х ХХК нь Г ХХК болон өөрчлөгдөж хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөж байгуулагдсан асуудалд О-тай байгуулсан гэрээ байгуулагдах санал болон өр хүлээн авсан бусад баримт байхгүй. Эдгээр асуудлууд байхгүй байхад бусад этгээдийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг хувьцаанд шингэж орсон мэтээр тайлбарлаж иргэний эрх зүйн харилцаанд байхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5.3. Шүүх Г ХХК-ийн гаргаж өгсөн нотлох баримтыг ач холбогдолтойд тооцоогүй. Өр төлбөрийг бусдаас худалдан авсан компани дээр асуудал гаргаж хэрэгт хамааралгүй миний өмчийн эрхэд халдаж, байгуулаагүй гэрээний үүргийг хамруулж шийдэж байгаад гомдолтой байна.

5.4.  Х ХХК болон Ч.Ц нар 2017 оны 06 сарын 26-ны өдөр байгуулсан Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээ-г байгуулсан, гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 15-ны өдөр дууссан байгаагаас үзвэл Ц.О-аас 2020 оны 01 сарын 22-ны өдөр компани худалдан авах хугацаанд хамааралгүй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаагаар нотлогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийг төлөөлж захирал Ч.Ц гэрээ байгуулж, Солонгос улсаас 2017 онд 30 тонн хуурай сүү нийлүүлж, сэлгэн шинэчлээд 10 тонн хуурай сүүний мөнгийг төлөөд, үлдэгдэл мөнгийг Х ХХК-аас нэхэмжлэхээр шүүхэд хандах үед улсын бүртгэлээс лавлагаа авахад Х ХХК-ийг н.О, н.Б нарт худалдаад компанийн нэр Г ХХК болж өөрчлөгдсөн байсан. Компанийн хувьцаа, нэр, эзэмшигч өөрчлөгдсөн нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуурай сүү хадгалалтын болон хэрэглэх хугацаа дууссан байсан нь гэрээний хавсралт, шинжилгээний дүгнэлтээр нотлогддог. Анхан шатны шүүх уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох ёстой байсан. Компанийн нэр өөрчлөгдсөн ч Х ХХК-ийн тоног төхөөрөмж хэвээр, хугацаа дууссан хуурай сүүний мөнгөөр хэрчсэн гурилын үйлдвэр худалдаж аваад Г.Б өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа учир Ч.Ц хариуцахгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г ХХК-ийн давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч О нь хариуцагч Ч.Ц болон Г ХХК-д холбогдуулан хуурай сүүний үлдэгдэл төлбөр 117,681,400 төгрөг, алданги 58,840,700 төгрөг, нийт 176,522,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 36, 89, 177/

3.  Талууд 2017 оны 06 сарын 26-ны өдөр 88 дугаартай Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр О нь 30,000 кг хуурай сүүг улсын нөөцөөс олгох, Х ХХК нь адил хэмжээ, чанар бүхий хуурай сүүг буцаан нийлүүлэх, ийнхүү нийлүүлээгүй тохиолдолд 1 кг хуурай сүүг 5,900 төгрөгөөр тооцож, нийт 177,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 5-8/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, О-аас Х ХХК-д гэрээнд заасан 30,000 кг хуурай сүүг хүлээлгэн өгсөн, мөн Х ХХК нь 2020 оны 01 сарын 20-ны өдөр оноосон нэрээ Г ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн компанийн хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2008 оны 11 сарын 24-ний өдрөөс Ч.Ц /100 хувь/, 2019 оны 03 сарын 26-ны өдрөөс Ц.О /100 хувь/, 2020 оны 01 сарын 29-ний өдрөөс Г.Б /90 хувь/ нар тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримтыг зөв тогтоожээ. /1хх 9-10, 50-52/

4.  Хэрэгт авагдсан Бараа материал оруулах зөвшөөрөл, Орлогын баримт зэргээс үзвэл Х ХХК нь 2018 он 10 сарын 05-ны өдөр 5,004 кг, 2019 оны 06 сарын 06-ны өдөр 5,000 кг хуурай сүүг тус тус гэрээний дагуу буцаан нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 12-14, 65, 66/

Түүнчлэн, талууд 2020 оны 03 сарын 31-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, Х ХХК нь О-ын өмнө нийт 117,681,400 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээсэн болохыг баталгаажуулжээ. /1хх 16/

Иймд нэхэмжлэгч О нь 19,996 кг /30,000 5,004 5,000/ хуурай сүүний үнэ болох 117,681,400 төгрөгийг /19,996 х 5,900/ шаардах эрхтэй байна.

5. Хариуцагч Ч.Ц нь ...Х ХХК нь хэрчсэн гурилын цехийн хамт зарагдсан бөгөөд гэрээний хариуцлагын хувь хүн би хариуцах болсон... гэсэн өргөдлийг 2019 оны 09 сарын 05-ны өдөр, мөн ...мөнгө орж ирэхээр 5-р сараас тооцоо хийж эхэлнэ, төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн барагдуулна... гэсэн өргөдлийг 2020 оны 04 сарын 02-ны өдөр тус тус нэхэмжлэгч О-т гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан гар бичмэлүүдээр нотлогдсон. /1хх 62-63, 64/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас 19,996 кг хуурай сүүний үнэ болох 117,681,400 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн, Г ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Б нь тус компанийг 2020 оны 01 сарын 20-ны өдөр Ц.О-аас худалдан авахдаа уг компани нь О-ын өмнө 117,681,400 төгрөгийн төлбөрийн үүргийг хүлээсэн болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байх тул хариуцагч Г ХХК-аас 58,840,700 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл буруу.

Иймд хариуцагч Г ХХК-ийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэх тул хариуцагч Ч.Ц-ээс 117,681,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

6. Анхан шатны шүүх алданги 58,840,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөхгүй.

7. ...Гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч Ч.Ц-ийн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй.

7.1.  Хариуцагч Ч.Ц нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж хэлцэл хийсэн, уг хэлцлийн дагуу 30,000 кг хуурай сүүг хүлээн авч, 10,004 кг хуурай сүүг буцаан хүлээлгэн өгсөн бодит үйлдэл гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 сарын 26-ны өдрийн 88 дугаартай Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

7.2. Хариуцагч Ч.Ц нь 2020 оны 03 сарын 31-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж 117,681,400 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээсэн болохоо баталгаажуулсан, мөн 2019 оны 09 сарын 05-ны өдөр, 2020 оны 04 сарын 02-ны өдрүүдэд төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх хүсэл зоригоо тус тус илэрхийлж өргөдөл гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Г ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/02189 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.Ц-ээс 117,681,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О-т олгож, үлдэх 58,840,700 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Г ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...41.13... гэснийг ...41.1.3... гэж, ...хариуцагч Ч.Ц-ээс 373,178 төгрөг, хариуцагч Г ХХК-аас 343,178 төгрөг... гэснийг ...хариуцагч Ч.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 746,357 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 452,153 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР