Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2024/00963/И |
Дугаар | 210/МА2024/01099 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01099
Машин механизм ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/01387 дугаар шийдвэртэй,
Машин механизм ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Тас хүлэг ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 30,704,385, алданги 603,353 төгрөг, нийт 31,307,738 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Манай компани нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Тасхүлэг ХХК-тай ММТ/2023/11, ММТ/2023/12, ММТ/2023/13 тоот машин механизм түрээслэх гэрээ байгуулан Hyundai Robex2900LC-3, Hyundai Robex380LC экскаватор, Steyr автомашинаар-Дархан авто замын төслийн нэгжид 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал ажил хийсэн болно. Энэ хугацаанд нийт 92,263,006 төгрөгийн ажил хийсэн бөгөөд дээрх ажлын хөлсөнд Тас хүлэг ХХК нь 61,558,621 төгрөг төлсөн бөгөөд түрээсийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл 30,704,385 төгрөг болно.
Түрээслэгч Тасхүлэг ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны 37,589,000 төгрөгийн нэхэмжлэлээс 8,589,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 08 сарын 08-ны өдрийг дуустал ажилласан түрээсийн төлбөрийн 22,115,385 төгрөг, нийт 30,704,385 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн Машин механизм түрээслэх гэрээ-ний 9.6-д заасны дагуу хугацаанд нь төлөөгүй түрээсийн төлбөрийн 8,589,000 төгрөгт ногдох алданги 206,136 төгрөг, 22,115,385 төгрөгт ногдох алданги 397,217 төгрөг, нийт алданги 603,353 төгрөг болсон.
Иймд машин механизм түрээслэгч Тас хүлэг ХХК-аас төлөгдөөгүй түрээсийн төлбөр 30,704,385 төгрөг, алданги 603,353 төгрөг нийт 31,307,738 төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай компани нь 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг хүртэл ажил гүйцэтгэж, нийт 71,933,620 төгрөгийг Машин механизм ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс 2023 оны 05 дугаар сар, 2023 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлж дууссан ба 2023 оны 07 дугаар сард 181 цаг, 2023 оны 08 дугаар сард 88 цаг ажилласан нийт 20,374,099 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Үүнээс Машин механизм ХХК-д 2023 оны 05 дугаар сард илүү төлсөн 2,975,000 төгрөгийг хасаж, үлдсэн 17,999,375 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Тас хүлэг ХХК-аас 22,303,365 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Машин механизм ХХК-д олгож, үлдэх 9,004,373 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,689 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269,466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн шийдвэрээр тогтоосон 22,303,365 төгрөгөөс өмнөх саруудад илүү төлсөн 2,975,000 төгрөгийг хасаж тооцон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар:
Нэхэмжлэгч тал тооцоогоо сайн мэдэхгүй байгаа, хасагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Машин механизм ХХК нь хариуцагч Тасхүлэг ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 30,704,385, алданги 603,353 төгрөг, нийт 31,307,738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3 Талууд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ММТ/2023/11 дугаартай Машин механизм түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслэгч тал болох Тас хүлэг ХХК нь Хьюндай робэкс 2900LC-3 /Hyundai Robex2900LC-3/ маркийн 35-64УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 сарын 25,000,000 төгрөгөөр, мөн өдөр ММТ/2023/12 дугаартай Машин механизм түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Стэер /Steyr/маркийн 23-19 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 сарын 10,000,000 төгрөгөөр, мөн өдөр ММТ/2023/13 дугаартай Машин механизм түрээслэх гэрээ байгуулж, гэрээгээр Хьюндай робэкс 380LC /Hyundai Robex380LC/ маркийн 00-81УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 сарын 30,000,000 төгрөгөөр тус тус түрээслэх, түрээслүүлэгч тал болох Машин механизм ХХК нь гэрээнд заасан тээврийн хэрэгслийг, зориулалтын дагуу удирдан жолоодох мэргэжлийн жолооч, операторын хамт түрээслүүлэхээр тус тус харилцан тохиролцсон талаар анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх дүгнэлт хуульд нийцжээ. /хх 5-13/
4. Зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ММТ/2023/11 дугаартай Машин механизм түрээслэх гэрээ-ний 2.3-т Түрээсийн зүйлийн нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 10 цаг байна, 6.1-т Гэрээний 2.1-д заасан үзүүлэлт бүхий механизмын нэг сарын түрээсийн төлбөр 25,000,000 төгрөг байна гэж тус тус заасан байна.
Анхан шатны шүүх дээрх гэрээнд заасны дагуу хариуцагч талаас гаргасан тайлбарт түрээсийн зүйлийг 269 цаг ажиллуулсан гэсэн нөхцөл байдлыг дүгнэж түрээсийн зүйлийн ашигласан хугацааг 26,9 өдрөөр тооцон түрээсийн төлбөрт 22,416,657 төгрөг болохыг тогтоосон нь үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг 22,115,385 төгрөгөөр тодорхойлсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэлийн хүрээгээр хязгаарлаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5. Түүнчлэн, гэрээний 9.6-д Түрээслэгч тал түрээсийн төлбөрийг гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0.01 хувийн алданги тооцно гэж заасан байх тул анхан шатны шүүх алдангийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 85 хоногоор тооцож 187,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
6. Иймд хариуцагч Тас хүлэг ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 22,115,385 төгрөг, алданги 187,980 төгрөг, нийт 22,303,365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Машин механизм ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,004,373 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
7. Хариуцагч тал 2023 оны 05 дугаар сард илүү төлсөн 2,975,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн хангасан үнийн дүнгээс хасаж тооцуулна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, уг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:,
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/01387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА