Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01130

 

Ч.Х*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/01553 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Х*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б*******, Д.О*******, С******* ХХК нарт холбогдох

Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*******, Б.Б*******, хариуцагч Ц.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж*******, хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонголзул нар оролцов 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.Х******* миний бие нь 1951 оны 1 сарын 28-ны өдөр төрсөн, одоо 71 настай. Д.О*******, Ц.Б******* нар нь бусдад өр төлбөртэй болчихлоо, шоронд орох гээд байна туслаач гэж өдөр, шөнөгүй ирж уйлсаар байгаад нэг хүнтэй гэрээ байгуул гэсэн. Тухайн гэрээ нь ямар гэрээ болохыг мэдэхгүй гарын үсэг зур гэхээр нь зурсан ба нотариат орох шаардлагатай гэснийх нь дагуу нотариат орсон. Нотариатч асуувал дуугүй л байгаарай гэсэн тул чимээгүй, гарын үсэг зураад гарсан. Гэвч хожим нь миний орон сууцыг авах тухай гэрээнд гарын үсэг зуруулсан болохыг мэдээд бүгдэнтэй нь уулзсан боловч та өөрөө гарын үсэг зурсан биз дээ гээд нэг нэгэн рүүгээ чихэж, сүүлдээ холбогдохоо байсан. Банк бус санхүүгийн байгууллагын захирал гэх С.Б болон Ц.Б*******, Д.О******* нар хуйвалдаж, хэн нь ч зөв нөхцөл байдлыг надад хэлэхгүйгээр миний орон сууцыг авах гэрээ хийсэн байна.

1.2. Харааны шилгүй учраас бичиж чадахгүй. Тухайн орон сууц нь нөхөр, бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг. Ц.Б*******, С.Б нар миний хүү Д.О*******ыг хүнд байдалд оруулснаар миний орон сууцыг булаан авсан.

1.3. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дүүргийн хороо, хороолол , гудамж, 13 байрны хаягт байрлах, 46,56 м.кв хоёр өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.Х******* намайг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Б*******гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, түүний өмнө хуулиар болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Энэ иргэний хэргийн хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2. Энэ орон сууцыг 2020 оны 0 сарын 09-ний өдөр Д.Г, Ч.Х*******, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр банк бус санхүүгийн байгууллага тус тус өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байдаг. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 28-ны өдрийн 015881 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталсан байдаг. Эвлэрлийг баталсан асуудал хариуцагч Д.О*******, Ц.Б*******, С******* ХХК-ийн хооронд гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/237 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 4 жилийн хугацаа өнгөрөхөд хэн ч гомдол гаргаагүй.

2.3. Нэхэмжлэгч Д.Гыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэж, албадан ирүүлэхэд ирээгүй, тодорхойгүй байсан тул нэхэмжлэгч өөрөө Д.Гыг гэрчээр асуухаас татгалзсан. Д.Г орон сууцны өмчлөлийн асуудал дээр маргадаггүй учраас энэ асуудалд хамааралгүй нь үнэн байсан.

Иймд магадлалд тусгагдсан ажлууд бүрэн хийгдсэн. Д.О*******, Ц.Б******* хоёрын хоорондын тохирооны дагуу шийдвэр гарч гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Ц.О******* нь Ц.Б*******гийн байрыг чөлөөлөөд өөрийнхөө захиалсан хоёр өрөө байрныхаа ордерыг тавьсан. Ц.Б******* найздаа туслаж байраа барьцаанд тавьж Д.О******* мөнгийг зарцуулсан гэжээ.

3. Хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгч С.Бийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Хариуцагч Д.О*******ын ээж Ч.Х******* төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа төөрөгдсөн гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний гол агуулгыг ойлгож байсан. Үүнд, түүний хүү Д.О******* болон Ц.Б******* нар өр төлбөртэй гэдгийг мэдэж байсан. Иймд нэхэмжлэгч хүү болон Ц.Б******* нар ямар өр төлбөртэй байгаа тухай мэдэж байсан бөгөөд хүүгээ өр төлбөрөөс гаргая гэж өөрөө шийдвэр гаргасан. Төлбөр төлөгч Д.О******* өмчөө шилжүүлэн өгөхөөр зөвшөөрсөн. Ц.Х*******, Д.Г нар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүхийн дугаартай шийдвэрт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг буцаан өгнө гэж хэлсэн. Ноцтой төөрөгдөлд орсон, хуурч мэхэлсэн гэж Ц.Х******* тодорхойлж байгаа боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй болно. Өөрөөр хэлбэл, төөрөгдсөн, хуурч мэхэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

3.2. Нэхэмжлэгчийн олон удаагийн хүсэлтээр шүүх удаа дараа шинжээч томилж тэрээр хараагаа тодорхойлуулсан. Нэхэмжлэгчийн харааны байдлын талаарх тодорхойлолтод үг, үсэг уншиж чадна гэсэн. Иймд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр ойрын харааны шилээ зүүсэн тохиолдолд юмыг гаргаж тайлж унших боломжтой гэж тодорхойлсон. Гэрээнд юу бичигдсэн талаар нэхэмжлэгч өөрөө уншиж ойлгох үүрэгтэй. Ямар агуулгатай гэрээ байгуулж, юун дээр гарын үсэг зурж байгаагаа гэрээний талууд бүгд мэдэж байсан.

Нэхэмжлэгчид байрыг буцааж олгоно гэж ярьж байсан удаагүй. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааны дагуу авах ёстой төлбөртөө өөрсдийн нь хүсэлтээр эд хөрөнгөө шилжүүлж өгсний дагуу ажлаа хийж байрыг авсан. Төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурахдаа нотариат дээр таарснаас хойш Ч.Х*******той уулзаагүй.

3.3. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч төөрөгдөж, буруу гэрээнд гарын үсэг зурснаа мэдсэн бол төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгцээ нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. 2022 оны 0 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хугацаанд төөрөгдсөн гэж нэг ч удаа дурдаагүй.

Төлбөр төлөгч нартай хуйвалдсан зүйлгүй. Д.О******* сайн дурын үндсэн дээр ээж, ахыгаа авч ирж гэрээг байгуулсан.

Шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар болон нэхэмжлэгч өөрөө хүү Д.О*******ыг хариуцагчаар татсанаас үзэхэд Д.О******* ээждээ ямар нэгэн байдлаар буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй. Өөрсдөө байраа өгнө гээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг өгсөн. Үүнийг өөрсдөө өгөөгүй бол улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй. Би ажлаа хуулийн дагуу хийсэн гэжээ.

4.Хариуцагч Д.О*******ын татгалзал, тайлбарын агуулга:

4.1.С******* ХХК-аас Ц.Б******* бид хоёр хамтран зээлдэгчээр зээл авсан. Тухайн үед Ц.Б*******гийн нэр дээрх орон сууцыг барьцаанд тавьж, би 50,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлсэн 50,000,000 төгрөгт хүү тооцогдож явсаар 90,000,000 төгрөг болсон.

Манайх дахин төлөвлөлтөөр 13тай барилгаас ээжийн нэр дээр 3 орон сууц авсан. Тухайн үед шүүхийн шийдвэрийн эвлэрлээр Ц.Б******* бид хоёр миний хоёр өрөө орон сууцыг зарж С******* ХХК-ийн 90,000,000 төгрөгийн өрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэгч нь орон сууц 6 жилийн хугацаанд зарагдаж, нэр шилжүүлэх боломжгүй гэж хэлсэнд итгэсэн. Ингээд С******* ХХК руу нэр шилжүүлье, үлдсэн зөрүү мөнгөөр Т ХХК-аас орон сууц дахиж худалдан авъя гэж ярилцаж тохиролцсон.

4.2. Би ээждээ ийм гаргалгаа байна гэж хэлээд тухайн үед ах Д.Гт орон сууцны тухай тайлбарлаж хэлээгүй, худлаа ярьж, гарын үсэг зуруулсан. Ээждээ гүйцэт тайлбарлаагүй, орон сууцаа зараад өөр орон сууц худалдаж авна гэж хэлж хуураад нэр шилжүүлсэн. С******* ХХК-тай ярихдаа төлбөрөө өгөөд зөрүү мөнгийг авч өөр орон сууцанд орно гэж тохирсон. Ээжийг орон сууцаа нэхэхэд нь худлаа яриад яваад байсан.

4.3. Миний хэлсэн тайлбарыг С.Б үгүйсгэж байна. Тухайн үед орон сууцны 1 м.кв үнэ нь 2,500,000 төгрөг байсан учраас орон сууцаа 150,000,000-160,000,000 төгрөг гэж тооцоолсон. Ингээд С******* ХХК-ийн нэр дээр орон сууцаа шилжүүлсний дараа Ц.Б*******гийн орон сууцыг чөлөөлж, Ц.Б******* бид хоёр шүүхийн шийдвэрээс өр зээлгүй гээд төлбөрөө аваад С******* ХХК -тай орон сууцны зөрүү мөнгөний асуудал үлдсэн. Би ээждээ байр авна гэж худлаа хэлээд цаг хугацаа жаахан авсан. Энэ яриа яригдаж байх үед миний эхнэр хамт байсан гэжээ.

5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Х*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С******* ХХК, Д.О*******, Ц.Б******* нарт холбогдох төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607.650 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

6.1. Хариуцагч Д.О*******, Ц.Баяpaa нар анх 2014 онд С******* ХХК-иас 50,000,000 төгрөгийн зээл аваад, хугацаандаа төлөхгүй явсаар ББСБ нь шүүхээр хэргийг 2017 онд шийдвэрлүүлж, хариуцагч Д.О******* болон Ц.Б******* нараас төлөөгүй зээлийн хүүгийн хамт нийт 90,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргасан байдаг.

Шүүхийн шийдвэрт тусгасны дагуу иргэн Ц.Б*******гийн өмчийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан. Хэргийн материалд тус зээлийн гэрээ ч авагдаагүй байдаг. Хуулийн дагуу бичгээр зээлийн гэрээ хийгдээгүй бол хүү төлөгдөхгүй. Гэтэл 2020 оны 04 дүгээр сард миний хүү Д.О*******, түүний найз Ц.Б******* нар хөгшин буурай намайг дуудаж, шоронд орох гээд байна, та энэ гэрээн дээр гарын үсэг зурчих гээд нэг хэдэн цаасан дээр зуруулсан. Миний бие тухайн үед нээрээ л шоронд орох гээд байгаа юм байx даа гэж бодон тухайн гэрээний үр дагаврыг мэдээгүй зурсанМиний хүү Д.О******* хөгшин ээжийгээ, намайг хууран мэхэлж, ээжийнхээ болон төрсөн ахынх нь өмчийн орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх Өр төлбөр барагдуулах гэрээ-нд гарын үсэг зуруулан, алдсан байсныг би хожим мэдсэн юм.

Миний бие тус гэрээг өөрөө бие дааж уншиж чадаагүй, яагаад гэвэл би өөрийн муу хараанд тохирсон ойрын харааны шил тухайн үед хийлгүүлээгүй байсан. Одоо ч байхгүй. Энэ тухай нотлох баримтуудыг манай өмгөөлөгч анхан шатны шүүх дээр гаргаж өгсөн. 50,000,000 төгрөгийн өрөнд яахаараа миний 140,000,000 төгрөгийн үнэтэй байрыг авчихдаг юм.

6.2. Ингээд миний бие яахаа мэдэхгүй, учраа олохгүй байж байгаад анх 2020 онд шүүхэд хандсан болно. Миний хүү Д.О******* өөрөө ажил хийдэггүй, ээждээ тус дэм болохгүй, шууд ээж, ах хоёрын өмчийн байрыг бусдад өгсөнд би гүнээ харамсаж байна. Маргаан бүхий байр нь Д.О*******ын нэр дээр биш миний болон миний том хүү Д.О*******ын ах Д.Гын нэр дээр байдаг. Гэтэл хөгшин буурай би яагаад хүний өрөнд өөрийнхөө байрыг өгөх ёстой юм. Энэ бол шударга бус.

Миний бие зөвхөн энгийн хүмүүсийн ном уншихдаа зүүдэг -1.25 хэмжээтэй л харааны шил зүүдэг. Энэ бол холын харааны шил. Миний өмгөөлөгч миний холын харааны шилний тодорхойлолтыг +1.25 шүүхэд өгсөн. Хөгшин настай 70 настай хүн +4 харааны шил тохируулж зүүж байж хар, цагаанаар бичсэн А4 цаасыг бие даан, бусдын дэмжлэггүйгээр унших боломжтой гэх олон улсын эх сурвалжийг манай өмгөөлөгч анхан шатны шүүх дээр гаргаж өгсөн. Зүүдэг нүдний шилээ хүртэл шүүхэд өгөх гэсэн боловч шүүгч авахгүй гээд аваагүйг шүүхийн дүрст бичлэгээс харагдана. Гэтэл намайг ойрын харааны шилтэй байсан мэтээр шийдвэр гаргасан байна.

6.3. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан. Өмгөөлөгч Б.Б******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хангаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн орон сууцыг эхлээд дуудлага худалдаанд тавих ёстой байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шууд ББСБ-ын нэр дээр шилжүүлэх тухай даалгаврыг бүртгэлийн байгууллагад албан бичгээр өгсөн байдаг.

6.4. Миний хүү Д.О******* намайг хуурч, гэрээн дээр зуруулсан гэдгээ сүүлийн шүүх хурал дээр шүүхэд хэлсэн байдаг нь хавтас хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь, энэ иргэний хэрэгт даалгавар өгөгч нь Ц.Б*******, Д.О*******, даалгавар гүйцэтгэгч нь Ч.Х*******, Д.Г нар байх ёстой. Хэрэгт авагдсан материалуудад эдгээр талуудын хооронд даалгаврын гэрээ амаар болон бичгээр хийгдсэн аливаа хэлцлийн ямар ч яриа, нотлох баримтууд байхгүй. Маргаан бүхий орон сууц нь Ч.Х******* болон Д.Гын нэр дээр байдаг. Даалгавар өгөгч Д.О*******, Ц.Б******* өөрсдийн үүргийг даалгавраар гүйцэтгүүлсний төлөө иргэн Ч.Х*******, Д.Г нарт хөлс төлсөн явдал байхгүй. Харин нотлох баримт буюу дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/01553 тоот шийдвэрийн 8 дугаар хуудас дээр тусгагдсан хариуцагч Д.О*******ын шүүхэд өгсөн мэдүүлгээр Д.О******* өөрөө өөрийн эх Ч.Х*******, өөрийн ах Д.Гт худал хэлж итгүүлэн тус гэрээ болон шүүхийн шийдвэрийн газарт өөрсдийн байрыг өрөнд дүйцүүлэн өгөхийг зөвшөөрсөн бичигт зуруулсан болохыг нотлогдож байна. Иймд даалгавраар нэхэмжлэгч Ч.Х******* өөрийн өмчийн орон сууцыг өгөөгүй болно.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг шүүх баримталсан ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь мөн үндэслэлгүй юм. Учир нь иргэн Ч.Х******* нь өөрөө бие даан тус гэрээг унших боломжгүй байсан, өөрт тохирсон ойрын харааны шил хийлгээгүй өдийг хүрсэн. Ойрын харааг иргэн Ч.Х******* нь хамгийн анх өмгөөлөгчтэйгөө 2024 оны 0 сард тодорхойлуулсан. Энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч.Х*******ийн харааг эмчилдэг эмнэлгийн цэнхэр дэвтрээр гэрчлэгдэнэ. 2020 онд ойрын хараагаа тодорхойлуулаагүй байсан. Олон улсын стандартаар 70 хүрсэн хүний хараанд тохирох шилний хэмжээ +4 байх ёстой. Харин Ч.Х******* өдийг хүртэл өөрт тохирсон харааны шилээ тодорхойлуулаагүй, түүний 2020-2024 онуудад зүүж буй шил нь +1.25 хэмжээтэй. Энэ бол холын харааны шил. Мөн Д.О******* ээж Ч.Х*******ийг (мөн ах Д.Гыг) хуурч Өр төлбөр барагдуулах гэрээ-нд гарын үсэг зуруулсан. Иймд Ч.Х******* өөрийн хүсэл зоригийн хүрээнд тус гэрээг байгуулаагүй болно.

6.5. Анхан шатны шүүхийн шүүгч өөрөө шүүх хуралдааны дэг зөрчсөн. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар дэгийн дагуу эхлээд талуудын хүсэлт нотлох баримт гаргуулах тухай асуусны дараа хүсэлт хангаагүй ба шүүх хуралдаан бүхэлдээ үргэлжлээд явсан. Тус өдрийн шүүх хуралдааны процесс дэгийн дагуу үргэлжилж, талууд гомдлоо тайлбарлаж, харилцан мэтгэлцэж, харилцан асуулт асууж, нотлох баримтуудын шинжилж, талууд сүүлийн үгээ хэлж дуусаад шүүх хуралдан засварласан. Хонх дуугарч шүүхийн эцсийн шийдвэрийг сонсох гэтэл шүүгч өөрөө Д.О*******ыг оролцогчоор оруулаагүй байна, түүнийг оруулъя, шүүх хуралдаан хойшиллоо гээд хойшлуулсан. Угтаа сүүлийн шийдвэр 03 сарын 10-ны өдөр гарах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүгч тус өдрийн шүүx хуралдааныг Талуудын хүсэлтээр Д.О*******ыг хуралд оруулахаар хурал хойшлуулах хурал болгон захирамж гаргасан байдаг. Мөн тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хийгээгүй, хавтаст хэрэгт оруулаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбар:

7.1.Нэхэмжлэгч нь өөрийн хүүхдээ ямар хүнд хэцүү байдалд орсныг мэдэж байсан, өөрөө сайн дураараа нотариат дээр очиж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээнд 90,000,000 төгрөгтэй дүйцүүлэн өгнө гэж хүсэлтээ гаргасан. Өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх 2 өрөө байрны өмчлөгч нь Ч.Х*******, түүний хүү Д.Г нар байсан бөгөөд энэ хоёр хүн өөрсдөө Д.О*******ын хамт нотариат дээр сайн дураараа очиж, хүсэлтээ гаргаж, гэрээ байгуулсан. Түүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрсдөө хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан.

Харааны шилгүй байсан эсэх асуудал Ч.Х*******ийн өөрийн асуудал. Нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа шинжээч томилж, Ч.Х******* гуайн харааг тодорхойлуулсан. Ч.Х******* гуайн харааны байдлын талаарх тодорхойлолт нь харааны байдлыг үг үсэг уншиж чадна гэсэн. Тиймээс хэргийг шийдвэрлэхэд хараагүй, тухайн үед нэмэх хараатай байсан зэрэг ач холбогдолгүй. Сүүлд томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ч гэсэн ойрын харааны шил зүүсэн тохиолдолд юмыг унших боломжтой гэж тодорхойлсон. Гэрээнд юу бичигдсэн талаар Ч.Х******* өөрөө уншиж, ойлгох үүрэгтэй. Ямар агуулгатай гэрээ байгуулж, юун дээр гарын үсэг зурж байгаагаа гэрээний талууд бүгд мэдэж байсан. Ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдалд талууд гэрээ байгуулсан. Түүний дараа өөрсдөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэжээ.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч Ч.Х******* нь Ц.Б*******г хариуцагчаар татсан. Ч.Х*******ийн хүү Д.Отгондорж, Ц.Б******* нарын 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээний асуудал 2017 оны эвлэрлийн гэрээ байгуулагдаж шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

8.2. Шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хийгдсэн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тухайн байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу зүйлчлэх боломжтой байсан. Шүүхийн дүгнэлт, шийдвэр гаргах болсон үндэслэлд хийсэн хууль зүйн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

8.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрдвэл шүүх хуралдааныг хойшлуулж болно гэсэн зохицуулалт байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаа шүүгчийн захирамжид тухайн хэрэгт ач холбогдолтой учраас өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгч захирамж гаргаж хэрэг шийдвэрлэсэн. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар өөрсдөө сонсоод, мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамж гаргаж, эрх хязгаарласан гэж бодож байгаа бол тус захирамжид гомдол гаргах эрхтэй. Шүүх хуралдаан хойшилсон нь талуудын эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

8.4. Ч.Х*******ийн хараатай холбоотойгоор удаа дараа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Тухайн үед энгийн харааны шилээр үзсэн ч гэсэн гэрээг өөрөө унших чадвартай байсан гэж дүгнэлт гарсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Ч.Х*******ийг хууран мэхлэгдсэн, төөрөгдсөн гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, нотолж чадаагүй. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

8.5. Шүүх процессын ноцтой зөрчил гаргаагүй. Хэргийн оролцогч нар өөрсдөө эрх үүргээ хэрэгжүүлж, шүүх хуралдаанд оролцох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа давж заалдах гомдол гаргах хууль зүйн үндэслэлээ тодорхойлж чадаагүй. Давж заалдах гомдол гаргах үндэслэлд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулах заагдаагүй байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ч.Х******* нь хариуцагч Ц.Б*******, Д.О*******, С******* ХХК-д тус тус холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Б*******, С******* ХХК тус тус эс зөвшөөрч маргасан бол хариуцагч Д.О******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

3. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г нэг талаас төлбөр авагч С******* ХХК-ийн төлөөлөгч С.Батцэцэг, нөгөө талаас төлбөр төлөгч Д.О*******, Ч.Х*******, Д.Г нар байгуулж, уг гэрээгээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/15881 дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч Д.О*******, Ц.Б******* нараас гаргуулах 90,000,000 төгрөгийн төлбөрт дүйцүүлэн Д.О*******, Ч.Х*******, Д.Г нар дүүргийн хороо, хороолол гудамж, 13 байр хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205072415 дугаартай, гэрчилгээний 000765995 дугаартай орон сууцыг төлбөр авагч С******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэг заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ. /хх6/

Гэрээний агуулга нь Д.О*******, Ц.Б******* нарын бусдад буюу С******* ХХК-д төлөх 90,000,000 төгрөгийн төлбөрт Ч.Х*******, Д.Г нар өөрийн өмчлөлийн дээр дурдсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний агуулгад нийцэхгүй байна. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх учиртай. Харин Төлбөр барагдуулах гэрээ-ээр Ч.Х*******, Д.Г нар өөрийн өмчлөлийн зүйлээр Д.О*******, Ц.Б******* нарын төлбөрийг төлсөн тул даалгаврын гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 3 дугаар хэсэг Гэрээний эрх зүй-д нэрлэн заасан аль ч төрлийн гэрээнд хамаарахгүй байх тул мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээнд хамаарах бөгөөд нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж зааснаар талуудын хооронд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр үүрэг үүссэн гэж дүгнэнэ.

4. Талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Учир нь:

4.1. Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулах болсон үндэслэл нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/15881 дугаар захирамж бөгөөд уг захирамжаар Ц.Б*******, Д.О******* нар С******* ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Ц.Б*******гийн өмчлөлийн, дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 85 дугаар байрны 49 тоот хаягт байрлах орон сууцаар хангуулахаар тохиролцсон хэмжээгээр талууд тохиролцож эвлэрснийг баталгаажуулсан байна. / 1хх 55-56 дахь тал/

4.2. Энэ захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд уг ажиллагааны явцад Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 4/237 тоот тогтоолоор дуусгавар болгожээ.

4.3. Төлбөр барагдуулах гэрээ-г нэг талаас Д.О*******, Ч.Х*******, Д.Г нар, нөгөө талаас С******* ХХК тус тус байгуулсан ба дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/15881 дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч Д.О*******, Ц.Б******* нараас гаргуулах 90,000,000 төгрөгийн төлбөрт дүйцүүлэн Ч.Х*******, Д.Г нарын өмчлөлийн, дүүргийн хороо, хороолол гудамж, 13 байр хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205072415 дугаартай, гэрчилгээний 000765995 дугаартай орон сууцыг төлбөр авагч С******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурагджээ.

4.4. Нэхэмжлэгч Ч.Х******* өмгөөлөгч Б.Т*******, Б.Б******* нарын хамт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх бөгөөд Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус болох үндэслэлийг ноцтой төөрөгдсөн, хараа муутай харж чадахгүй байгаагаас гэрээг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан гэх агуулгаар тайлбарласан. /1 хх-ийн 1 дэх тал, 75 дахь талын арын хуудас, 100 дахь тал, 139 дэх талын арын хуудас, 174 дэх тал, 2хх-ийн 4, 5 дахь талын арын хуудас/

4.5. Ч.Х******* 1951 онд төрсөн, 73 настай, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай байна.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбарын зөвлөлийн 2024 оны 0 сарын 19-ний өдрийн 24/02 тоот албан бичгээр ирүүлсэн хариу, нүдний эмчийн үзлэг, дүгнэлтээр Иргэн Ч.Х*******ийн одоогийн нүдний үзлэгийн өөрчлөлт болон эмчийн дүгнэлт дээр үндэслэн дүгнэхэд ойрын харааны шилтэйгээр үг, үсгийг унших боломжтой гэжээ. /1хх 225-227 дахь тал/

Нүдний эмч М.Мөнхсайханаас 2024 оны 0 сарын 22-ны өдрийн тодорхойлолтыг өмгөөлөгч Б.Б******* асууж авсан байх бөгөөд уг тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын стандартад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, уг тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт эсхүл мөн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэгт тооцохгүй юм. Уг тодорхойлолтыг шинжээчийн дүгнэлт гэж үзэхийн тулд шинжээчид эрх, үүрэг тайлбарласан байхаас гадна шүүхээс томилсон байх учиртай. Харин гэрчийн мэдүүлэг гэж дүгнэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт зааснаар шүүгч мэдүүлэг авах ёстой. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтаар тооцох боломжгүй байна. Учир нь эмчээс өмгөөлөгч асуулт асууж хариулт авч тэмдэглэснийг эмчийн тамгаар баталгаажсан тодорхойлолт, дүгнэлт гэж үзэхгүй болно.

Нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан Хүний насны ангилалд тохирсон харааны нүдний шилний хэмжээг тогтоосон олон улсын эх сурвалж гэх баримт нь нэхэмжлэгч Ч.Х*******ийн харааны байдлыг шууд тодорхойлохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй байна.

Иймд дээр дурдсан эмч М.Мөнхсайханаас авсан асуумж болон цахимаас авсан баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахад Ч.Х******* нь харааны шил тохируулаагүй байсан байдал гэх нэхэмжлэгч талын тайлбар баримтаар нотлогдоогүйгээс гадна уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлд хамаарахгүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, холбогдох давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтооогдохгүй байна.

4.6. Нэхэмжлэгч тал гэрээг байгуулахад ноцтой төөрөгдсөн, хуурч мэхлэгдсэн гэх үндэслэлээ хүү Д.О******* болон түүний найз Ц.Б******* нар бусдад өр төлбөртэй болчихлоо, шоронд орох гээд байна, энэ гэрээн дээр гарын үсэг зурчих гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан бөгөөд энэ тайлбар үндэслэлгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Төлбөр барагдуулах гэрээ-г 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн нотариатч гэрээний үнэн зөв-ийг гэрчилсэн байх бөгөөд уг гэрээнд Энэхүү гэрээнд оролцогч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно. Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, бичний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул нотариатчийн ажлын байранд А.Батцэцэг түүний дэргэд гарын үсэг зурсан болно. гэж тэмдэглэгдсэн байна.

Хариуцагч Ц.Б******* нь нэхэмжлэгч Ч.Х*******ид хандаж Төлбөр барагдуулах гэрээ байгуулах талаар хүсэл зориг илэрхийлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч Д.О******* нь нэхэмжлэгч Ч.Х*******ийн төрсөн хүү бөгөөд тэрээр шүүхэд тайлбар гаргахдаа эх Ч.Х******* болон ах Д.Г нарт худлаа хэлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэх байдал нь Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахад Ч.Х******* ноцтой төөрөгдсөн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.О*******ын тайлбар дангаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт болохгүй юм. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хуурч мэхлэгдсэн гэж дүгнэхээргүй байна.

4.7. Дээр дурдсан үндэслэлээр Төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж дүгнэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5.1. Учир нь, хэрэгт анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэл авагдсан байх бөгөөд хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хэрэгт хавсаргасан гэх давж заалдах гомдлын үндэслэл нь тухайн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна./2 хх-ийн 1-11 дэх тал/

5.2. Анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулсан байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсгийг үйлдэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбарын агуулгыг бичих, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал-ын 2.3-т заасан зохигчийн тайлбарыг товч, ойлгомжтой, логик дараалалд оруулж агуулгыг тусгана гэж заасныг тус тус зөрчсөн байгааг анхааруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт зохигчийн тайлбарыг тусгахдаа шүүх хуралдааны тэмдэглэлийн адил үйлдсэнээс ойлгомжгүй, нуршуу, санаа давтсан, маргааны зүйлд хамаарахгүй асуудал тусгасан зэрэг нь тайлбарын агуулга бичих хуулийн болон аргачлалын шаардлагад нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/01553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 399 дүгээр зүйлийн 399.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Э.ЗОЛЗАЯА