Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01275

 

 Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа. даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01514 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, эд хөрөнгө хураах тогтоол болон үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар шийдвэрээр Ч.Б-гээс 139,082,817 төгрөг гаргуулж, У ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н-ын 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 4-153/18862 дугаар мэдэгдлээр Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн И ХХК-ийн 40 хувийн хувьцааг үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн. Тухайн компанийн нэр дээр Хан-Уул дүүргийн **-р хороо, Зайсан орчим нийт 5,5 га газар бүртгэлтэй бөгөөд 2009 оны 04 сарын 22-ны өдөр компанид Б.Л хүч хэрэглэн орж ирснээс хойш өнөөдрийг хүртэл эрүү болон иргэний журмаар маргаантай байгаагаас 2009 оноос хойш санхүүгийн тайлан гаргаж байгаагүй. 2009 оноос хойш Б.Л нь өнөөдрийг хүртэлх хугацаанд олон хууль бус аргаар миний 40 хувийн хувьцааг авах гэж оролдож байгаа бөгөөд энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж байгаа хувьцаа хураах, үнэлэх цаашилбал дуудлага худалдаанд оруулах ажиллагаа нь хууль зөрчиж явуулж байгаа нэг хэлбэр билээ. Х ХХК нь И ХХК-ийн 40 хувийн хувьцааг компанийн үүсгэн байгуулах дүрэмд заасны дагуу 1,200,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд үнэт цааснаас төлбөрийг гаргуулах ажиллагааг хийх эрхтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасны дагуу И ХХК-ийн 40 хувийн хувьцаанаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй. Иймд Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Н-ын 153-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 08 сарын 07-ны өдөр миний эзэмшдэг И ХХК-ийн 40 хувийн хувьцааг төлбөрт хураан авсан талаар 153/19280324-011 дугаартай тогтоолыг үйлдсэн. Эд хөрөнгө хураах тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд үнэт цааснаас төлбөрийг гаргуулах ажиллагааг хийх, мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасны дагуу И ХХК-ийн 40 хувийн хувьцаанаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байхад хураах тогтоол үйлдсэн нь дээрх хуульд заасныг ноцтой зөрчиж байна. 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол-ыг шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 09 сарын 07-ны өдөр миний гэрт ирж биечлэн гардуулсан. Уг хураах тогтоолыг эс зөвшөөрч би 2023 оны 09 сарын 11-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хариу ирүүлээгүй, 2023 оны 10 сарын 02-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, хариуг 2024 оны 04 сарын 05-ны өдөр гардаж аваад шүүхэд гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар шийдвэрээр Ч.Б-гээс 139,082,817 төгрөг гаргуулж У ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар түүний өмчлөл болон эзэмшилд эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банкнууд дахь дансыг тодруулж, суутгал хийхээр тогтоол хүргүүлэхэд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Ч.Б-д төлбөр төлөх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөр төлөөгүй тул Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авахад Ч.Б нь "И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг болох нь тогтоогдсон. Хувьцаанаас өөр эд хөрөнгөгүй тухай эд хөрөнгийн мэдүүлэгт мэдүүлснийг үндэслэн дээрх хувьцааг битүүмжлэн, хурааж үнэлгээ тогтоож талуудад танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хувьцааг 1,200,000 төгрөгөөр үнэлсэн, 60 хувийн хувьцааг үнэлэхгүй. Төлбөр төлөгч нь шаардуулахгүй төлбөрөө төлөх хэрэгтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У ХХК тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол 2019 онд гарснаас хойш төлбөр төлөгч Ч.Б нь өр төлбөрөө сайн дураар төлөх санаачилга гаргаж байгаагүй, өр төлбөрөөс зайлсхийх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас оргон зайлах, эрэн сурвалжлах ажиллагааны үндсэн дээр албадан авчирч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулдаг болно. Ч.Б нь төлбөр төлөх бэлэн мөнгө, хадгаламжгүй, үнэ хүрэх хөдлөх, үл хөдлөх хөрөнгөгүй буюу зөвхөн И ХХК-ийн 40 хувийн 400 ширхэг хувьцаа байдаг талаар мэдүүлдэг. И ХХК-ийн 40 хувийн хувьцаа нь эд хөрөнгийн эрх болохын хувьд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэлээс мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний компанийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний Х ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, компанийн дүрэм, компанийн сүүлийн жилүүдийн санхүү байдлын тайлан, холбогдох бичиг баримтуудтай танилцаад И ХХК нь өөрийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөгүй, санхүүгийн тайлан баримтаар икс тайлан гаргадаг, өр төлбөртэй компани болохын хувьд тус компанийн 40 хувийн хувьцааг албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн газар бүртгэлтэй компанийн дүрэмд заасан нэрлэсэн үнээр буюу нэгж хувьцааг 3,000 төгрөгийн үнэтэй буюу 40 хувийн 400 ширхэг хувьцааг нийт 1,200,000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн. Ч.Б нь И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч, үлдсэн 60 хувийн хувьцааг иргэн Б.Л эзэмшдэг. Компанийн санхүүгийн тайлангаар компанийн өмчлөлийн эд хөрөнгөгүй болох нь харагддаг. Төрийн өмч буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ, газар ашиглах эрх нь тус компанийн хөрөнгө болохгүй, ямарваа хэлбэрээр үнэлгээ тогтоох, бусдад шилжүүлэх, худалдах, захиран зарцуулах эрхгүй учир Хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийхдээ газар ашиглах эрхийг оруулаагүй нь үндэслэлтэй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасны дагуу үнэлгээчин нь үнэлгээний стандартад нийцсэн үнэлгээ хийсэн тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд үнэт цаасыг битүүмжлэх тухай зохицуулсан бөгөөд Үнэт цаасны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 болон 5 дугаар зүйлд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь үнэт цаасанд хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар компанийн хувьцаа нь эрх болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Шүүх И ХХК-ийн хувьцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар үнэт цаасанд хамаарахгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэлгүй харин Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар эд хөрөнгө бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хуульд нийцсэн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь: Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-д зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгийг нотолсон, түүнд эзлэх хувь хэмжээг тогтоосон зүйл нь компанийн хувьцаа бөгөөд тэр нь тодорхой тоонд хуваагдсан санхүүгийн хэрэгсэл байдаг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хувьцааг зөвхөн үнэт цаас гэдгийг тодорхойлжээ. Үүнийг шүүх анхаарахгүй, зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, И ХХК-ийн хувьцааг ямар санхүүгийн хэрэгсэл гэдгийг бүрэн, оновчтой тодорхойлсонгүй.

5.2.  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Удирдах зөвлөлийн 2015 оны 10 сарын 15-ны өдрийн хурлаар баталсан Үнэлгээний тайлангийн жишиг-ийн 3.7-д зах зээлийн хандлагын аргачлалыг хэрэглэхдээ ижил төстэй хөрөнгүүдийн харьцуулж, залруулга хийх талаар тодорхой заасан. Энэ талаар Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 07 сарын 06-ны өдрийн А/144, 348 дугаар тушаалаар баталсан Бизнесийн үнэлгээ хийх журам-ын 4-р бүлэгт зохицуулсан.

5.3.  И" ХХК-ийн ашиглах эрхтэй Богдхан Уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 2.5 га хэмжээтэй газар, түүний дээр баригдсан * давхар * блок бүхий барилгыг эзэмшдэг талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан талаар шүүх тодруулсан. Хэрэв И ХХК-ийн хувьцаа үнэлнэ гэвэл яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, Богдхан Уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 2.5 га хэмжээтэй газар эзэмшдэг, түүний дээр барилгатай компаниудтай харьцуулан жиших байдлаар үнэлгээ хийгээгүй, зөвхөн компанийн дүрэмд заасан хэмжээгээр үнэлгээ хийснээ түүнийгээ зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн гэдэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн.

5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 46, 81 дүгээр зүйлд зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр барагдуулах зүйлийн хөрөнгийн үнэ цэнийг үнэн зөв тогтооход бүх мэдээллийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх болон шийдвэр гүйцэтгэгч, хөрөнгийн үнэлгээний компани нар И" ХХК-ийн газар дээр баригдсан орон сууц, хотхоноос хувь авах эрхтэй байхад үүнийг компанийн хувьцааг үнэлэхдээ хөрөнгийн үнэ цэнэд оруулж тооцоогүй нь ноцтой алдаа юм.

5.5. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан. Өөрөөр хэлбэл, манай компани У ХХК-ийн барьсан хотхоноос авах авлагтай ба энэ өр төлбөр, авлага бол биет бус буюу эдийн бус хөрөнгөд хамаарах тул ийнхүү компанийн хувьцааг үнэлэх тохиолдолд тус хуулийн 55 дугаар зүйлд заасан журам үйлчлэх ёстой. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл, И ХХК нь М ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний дагуу нийт баригдсан орон сууцнаас 12 хувийг авах эрхтэй ба энэ нь манай компанийн хувьд эд хөрөнгө юм. Х ХХК-ийн үнэлгээнд манай компанийн бусдаас авах энэхүү авлага, эд хөрөнгийг хувьцааны зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо харгалзаж үзээгүй нь хувьцааны үнийг анхнаасаа үнэгүйдүүлэх гэсэн төлбөр авагч буюу Б.Л-гийн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

5.6. И ХХК-ийн хувьцаа болон үнэт цаас нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар төлбөр хураах боломжгүй үнэт цаасанд хамаарах байтал хураах ажиллагаа хийсэн нь хуульд нийцээгүй.

5.7. Шийдвэр гүйцэтгэгчээс Ч.Б-ийн эзэмшдэг И ХХК-ийн 40 хувийн хувьцааг 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол" гаргасныг эс зөвшөөрч 2023 оны 09 сарын 11-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хугацаандаа хариу өгөөгүй тул 2023 оны 10 сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан. Энэ хугацааг харвал 2023 оны 09 сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 сарын 11-ний өдөр гомдол гаргахад 3 хоног, 2023 оны 09 сарын 11-ний өдрөөс тооцож ахлах шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор хариу өгөх хуульд заасны дагуу 2023 оны 09 сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 сарын 25-ны дотор хариу ирүүлээгүй. Бид энэ 2023 оны 09 сарын 25-ны өдрөөс 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасны дагуу бид 2023 оны 10 сарын 02-ны өдөр гомдлоо гаргасан. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг ойлгохгүй байна. Дээрх байгууллагаас хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны хариуг хавсаргаагүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд Ч.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд гомдлын хариу авахаар олон удаа очиж асуухаар хариу гараагүй байна гэж хэлсэн байдаг. Гэтэл дээрх гомдлын хариу шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт хавсаргагдсан талаар хариуцагч шүүхэд гарган өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас албан ёсоор 2024 оны 04 сарын 05-ны өдөр гардан авч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй.

5.8.  Дээрх үндэслэлүүдээр И ХХК-ийн хувьцаа буюу үнэт цаасыг үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлан болон шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаар Эд хөрөнгө хураах тогтоол нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

5.9.  Мөн Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигч нар зөвшөөрөөгүй бол дурын этгээд хувьцаа эзэмшигч болох хориотой. Тиймээс хувьцаагаа захиран зарцуулахдаа нөгөө талдаа санал болгох, зарим тохиолдолд зөвшөөрөл авах үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж нийтэд чөлөөтэй арилжаалагддаггүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаагаар төлбөр барагдуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн юм. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар төлбөр авагч тал буюу Б.Л нь анхнаасаа миний эзэмшлийн И ХХК-ийг булаан авах, үлдсэн 40 хувийн хувьцааг ямар нэгэн аргаар авах сонирхолтой болох нь хэд, хэдэн шүүхийн шийдвэрээс харагдана. Энэ хүн надаас И ХХК-ийн 60 хувийн хувьцааг 650,000 ам.доллараар авахаар тохирсон гэж шүүхийн шийдвэрт тусгагдсан. Энэ компани ийм хэмжээний газар эзэмших эрхтэй байсан бөгөөд одоо нэмж баригдсан орон сууцнаас хувь авах эрхтэй болж үнэ цэнэ нь өссөн байхад нэг ширхэг хувьцааны үнийг хэт багаар үнэлж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу өөртөө үнэгүйдүүлж авах гэсэн башир арга гэж ойлгогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Н-т холбогдуулан, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол болон И ХХК-ийн 400 ширхэг буюу 40%-ийн хувьцааг нийт 1,200,000 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 43, 2хх 1, 50-72/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У ХХК нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /1хх 246-247, 2хх 50-72/

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00519 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 1285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01623 дугаар тогтоолоор хариуцагч Ч.Б-гээс 138,233,699 төгрөг болон 849,118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ. /1хх 55-59, 60-63, 64-68/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Төлбөр төлөгч Ч.Б нь 2019 оны 04 сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нийт 2,153,579 төгрөгийг төлсөн байна. /1хх 107/

4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2019 оны 02 сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 08 сарын 31-ний өдөр эд хөрөнгийн лавлагаа, 2022 оны 10 сарын 07-ны өдөр хуулийн этгээдтэй тухай лавлагаа тус тус гаргуулж, 2022 оны 07 сарын 04-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, 2023 оны 01 сарын 04-ний өдөр И ХХК-ийн 40 хувийн хувьцааг битүүмжилж, 2023 оны 08 сарын 07-ны өдөр И ХХК-ийн 40 хувийн хувьцааг хурааж, 2023 оны 09 сарын 19-ний өдөр И ХХК-ийн 40 хувь буюу төлбөр төлөгч Ч.Б д ногдох хувьцааны үнэлгээг тогтоолгохоор Х ХХК-ийн үнэлгээчин Б.Бат-Энхийг шинжээчээр томилсон байна. /1хх 69, 73-74, 79-81, 82, 84-85, 138, 2хх 3-6/

 5. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.1.  Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023 оны 08 сарын 07-ны өдөр И ХХК-ийн 40 хувь буюу төлбөр төлөгч Ч.Б-д ногдох хувьцааг хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

5.2.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний ... бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь бусад хөрөнгө-д хамаарах тул шийдвэр гүйцэх байгууллагаас И ХХК-ийн 40 хувь буюу төлбөр төлөгч Ч.Б-д ногдох хувьцаатай холбоотой ажиллагаа хийснийг буруутгах боломжгүй.

Иймд ...үнэт цааснаас төлбөр гаргуулах ажиллагаа хийх эрхтэй, хувьцаанаас төлбөр барагдуулах ажиллагаа хийх боломжгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг төлбөр төлөгч Ч.Б-ээс зөвшөөрч 2023 оны 09 сарын 11-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2023 оны 10 сарын 02-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, 2024 оны 04 сарын 11-ний өдөр шүүхэд тус тус гомдол гаргасан байна. /2хх 1, 7-8, 9-10/

Иймд төлбөр төлөгч Ч.Б-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацааны дотор гомдол гаргасан гэж үзэх боломжгүй, энэ талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 3-1/2620 тоот албан бичиг хууль зүйн үндэслэлтэй. /2хх 44/

6.  И ХХК-ийн 400 ширхэг буюу 40%-ийн хувьцааг нийт 1,200,000 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1.  Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023 оны 09 сарын 19-ний өдөр И ХХК-ийн 40 хувь буюу төлбөр төлөгч Ч.Б-д ногдох хувьцааны үнэлгээг тогтоолгохоор Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай тус тус нийцжээ. /1хх 138/

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний ... бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа нь бусад хөрөнгө-д хамаарах тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас И ХХК-ийн 40 хувь буюу төлбөр төлөгч Ч.Б-д ногдох хувьцааны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, тогтоолгосныг буруутгах боломжгүй.

6.2.  Шинжээч нь Сангийн яамнаас олгосон хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба хариуцагч байгууллагаас 2023 оны 09 сарын 19-ний өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан байна. /1хх 139, 141, 143/

6.3.  Шинжээч нь И ХХК-ийн 40 хувийн хувьцааны үнэлгээг тогтоохдоо тус компанийн дүрмийн санг үндэслэсэн нь, мөн зах зээлийн хандлагын арга, аргачлалыг ашигласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл, Үнэлгээний Олон Улсын Стандартын 10.4-т тус тус заасныг зөрчөөгүй байна. /1хх 145-163/

Түүнчлэн, И ХХК-ийн 60 хувь буюу нийт 1,800,000 төгрөгийн үнэлгээтэй 600 ширхэг хувьцааны эзэмшигчээр Б.Л, 40 хувь буюу нийт 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй 400 ширхэг хувьцааны эзэмшигчээр Ч.Б тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа тохиолдолд шинжээч нь Ч.Б-д ногдох хувийн үнэлгээг 1,200,000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Учир нь, Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.2.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал нь нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах шийдвэр гаргахаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т компани нь холбогдох шийдвэр, бусад баримт бичгийг ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхээр тус тус зохицуулжээ.

6.4.  Төлбөр төлөгч Ч.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо гаргасан байна. /1хх 1-2, 166/

6.5.  И ХХК-ийн ашиглалтад бүртгэлтэй гэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын ДЦГ /дархан цаазат газар/ тусгай хамгаалалттай 2.5 га талбайтай газар нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн өмчид хамаарах тул ...хөрөнгийн үнэлгээний компани нь И ХХК-ийн ашиглалтад байгаа газар, уг газар дээр баригдсан орон сууц зэргийг харгалзан үзээгүй үнэлгээ гаргасан... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй. /2хх 31-32, 1хх 190, 191/

7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй, мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагчийн нэрийг орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/01514 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Н-т холбогдох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн 153/19280324-011 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол болон И ХХК-ийн 400 ширхэг буюу 40%-ийн хувьцааг нийт 1,200,000 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР