Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/85

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Мээпам 

Шүүгдэгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ЭБт холбогдох 1912001320101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Б овогт ЭБ /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Цогт-Уул хорооллын 01-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Д.М эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний толгойн тус газарт нь цохиж, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912001320101 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.М мэдүүлсэн: ...Манай нөхөр Б 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ согтуу ирсэн. Тэгээд хэрүүл нэхээд намайг гараараар нэг удаа гар руу цохиж, хөлөөрөө нэг удаа гуя руу өшиглөсөн. Намайг ална гээд байхаар нь би зугтаагаад гарсан юм. Тэр үед манай найз Бманайд байсан бөгөөд боль гээд манай нөхрийг болиулсан. Манай нөхөр архи уухаараа гэртээ хэрүүл маргаан үүсгээд байдаг. Зодож, цохих гэхээр нь айгаад зугтаадаг. Архи уусан үед нь айдас түгшүүртэй байдаг. Урьд нь зодож байгаагүй. Манай аав, ээж байхгүй, би нөхрийнхөө аав, ээжид нь архи уухаараа гаргадаг зан байдлынх нь талаар хэлж байсан. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Б учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Бийн мэдүүлсэн: ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Тэгээд эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж, эхнэртээ гар хүрсэн. М биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Би их согтуу байсан учраас М биеийн аль хэсэгт цохисон гэдгээ санахгүй байна. Гар, хөлөөрөө л цохисон. Маргааш нь эхнэр намайг гар, гуя, толгой руу цохисон гэж байсан. Би өмнө нь эхнэрээ зодож байгаагүй. Энэ явдалд эхнэрээсээ уучлалт гуйж, бид эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 118 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Д.М биед тархи доргилт, зулайн зүүн талд хуйханд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Тархи доргилт, зулайн зүүн талд хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа ”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 24 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 23 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 37 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Цогт-Уул хорооллын 01-09 тоотод Д.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Э.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Цогт-Уул хорооллын 01-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Д.М эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.М мэдүүлсэн “Манай нөхөр Б 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ согтуу ирсэн. Тэгээд хэрүүл нэхээд намайг гараараар нэг удаа гар руу цохиж, хөлөөрөө нэг удаа гуя руу өшиглөсөн. Намайг ална гээд байхаар нь би зугтаагаад гарсан юм. Манай нөхөр архи уухаараа гэртээ хэрүүл маргаан үүсгээд байдаг. Зодож, цохих гэхээр нь айгаад зугтаадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/, мөрдөн байцаалтын шатанд Э.Бийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Тэгээд эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж, эхнэртээ гар хүрсэн. М биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Гар, хөлөөрөө л цохисон. Маргааш нь эхнэр намайг гар, гуя, толгой руу цохисон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, хохирогч Д.М биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 118 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Б овогт ЭБийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт ЭБийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

4.  Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ