| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00387/И |
| Дугаар | 484 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 484
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би О.Болорзулын нэхэмжлэлтэй Г.Ганчимэгт холбогдох “1.800.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Болорзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Болорзул нь анх 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг иргэн Гансүх овогтой Ганчимэгт сарын 1.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Бид зээлийн хүүг амаар тохирч Г.Ганчимэг нь надаас дээрх мөнгийг зээлж авахдаа “надад яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна. Хүнд өртэй байсан 3 сар хүлээхгүй нэхээд байна. 3 сарын хугацаатай түр зээлээч гээд Мэдрээ овогтой Бямбасүрэн гэдэг хүний Хааны дансны 5683010935 тоот дансанд хийлгүүлсэн.
Миний бие одоог хүртэл дээрх мөнгийг иргэн Г.Ганчимэгээс гаргуулж авч чадаагүй бөгөөд зээлдүүлсэн мөнгөний хүүг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг тооцоход 510.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 210.000 төгрөгийг төлөх Г.Ганчимэгээс авсан.
Иймд үлдэх зээлийн хүү 300.000 төгрөг, үндсэн зээл 1.500.000 төгрөг нийт 1.800.000 төгрөгийг иргэн Г.Ганчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ганчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ганчимэг миний бие нь О.Болорзулаас нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний бие нь 2016 оны 07 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоогоор хийсэн ажилгүй байгаа тул 2016 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 100.000 төгрөгийг О.Болорзулд өгч баймаар байна. Бөөнөөр нь өгөх боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Болорзул нь хариуцагч Г.Ганчимэгээс “1.800.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21.875 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 21.875 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар О.Болорзулын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ганчимэгт холбогдох “1.800.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 21.875 төгрөгийг, үлдэх 21.875 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ