Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01131

 

Г.Г*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/01661 дугаар шийдвэртэй, 

Г.Г*******ийн нэхэмжлэлтэй,

С.Б*******д холбогдох 

Түрээсний гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний би 2010 оноос хойш хувиараа гадаад худалдаа, авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хариуцагч С.Б*******тай 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож 50 маркийн ковшийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нэг сарын 8,000,000 төгрөгөөр буюу 3 сарын хугацаатай 24,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон.

Гэтэл хариуцагч нь 2019 оны 8 дугаар сард Г.Г*******ийн ковшийг авч яваад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ******* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст С.Б*******д холбогдуулан гомдол гаргасан. Улмаар Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх гэж зохицуулсан байна. Иймд С.Б*******ас 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ...Ковшийн эзэн болох Г.Г******* надтай ирж уулзсан. Надтай анх удаа өөрөө ирж танилцсан ковшоо өгч явуулах тухай ярьсан. Тухайн ковш бүрэн бүтэн асуудалгүй ажилд бэлэн эсэх ойр зуур юм асуугаад н.Д******* гуайн хэлснээр яриа дууссан. Гэтэл Г.Г******* надаас гэрээ хийх талаар асууж, түрээслэгч уурхайн эзэдтэй нь гэрээгээ хийгээрэй гэхэд н.Г******* би одоо явахгүй дараа нь очихдоо гэрээ хийнэ гээд уулзаад салсан. Над руу танихгүй дугаараас залгаж Налайх өнгөрөөд явж байгаагаа хэлсэн. Би яваад очиход ачилтын том машин дээр экскаватор, ковш хоёр ачаад гарсан байсан. Тухайн үед экскаватор, ковш хоёрын жолооч том машинд сууж, миний хажууд экскаваторын эзэн сууж Д******* аймгийн Говьугтаал орсон. Миний ажил ердөө ингээд дууссан. За ингээд миний мэдэхээр сар гаруй хугацаа өнгөрч н.Д******* ахын ажил болохгүй дүгнэлт гэх бичиг хүлээгээд гарахгүй болсон тул дээрх 3 техник 2 сар шахуу ажилгүй байсан тул бүгд буцсан. Эхлээд хово 7 дугаар сард түрүүлж яваад араас нь ковш 2 сар хүрээгүй буцаасан. Үүнээс хойш 5 жил өнгөрч байхад Г.Г******* гэх залуу гэнэт 2022 онд утсаар залгаж ковшийн эзэн байна 5,000,000-10,000,000 төгрөг өг гэж мөнгө нэхэн гарч ирсэн. Ингээд хэсэг хугацаа өнгөрч 2023 оны хавар ******* дүүргийн цагдаад намайг өгсөн байсан. Би хариу тайлбар үнэн учраа хэлж хэрэгсэхгүй болсон. Гэтэл дахиад иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ямар учраас н.Г******* гэх залуу яагаад надаас мөнгө нэхэж дарамтлаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Дээрх 3 техникээс ганц ковшийн эзэн гэх Г.Г******* нь яагаад ямар гэрээ нотолгоо, хаанаас хэн анх ярьж холбож өгсөн, хэн түрээсээр явсныг өөрөө мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б*******ас 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г*******өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Г.Г******* нь хувиараа гадаад худалдаа, авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг тухайн ажлыг 2010 оноос хойш явуулж байгаа бөгөөд хариуцагч С.Б*******тай 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож 50 маркийн ковшийг 2019 оны 08 дугаар сарын 08- ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны хүртэл нэг сарын 8,000,000 төгрөгөөр буюу 3 сарын хугацаатай 24,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон.

Гэтэл хариуцагч нь 2019 оны 08 дугаар сард Г.Г*******ийн ковшийг авч яваад сарын хугацаанд огт түрээсийн мөнгө хийгээгүй гэрээ хийнэ гэж явсаар байгаад хийж чадаагүй, утсаар нь ярихаар одоо удахгүй өгнө гээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй текникийг аваад алга болсон.

Г.Г******* хариуцагч болон техникийг эрэн хайж, Д******* аймгийн Б******* суманд Жоншны уурхайд ажиллаж байсан Б*******тай уулзахад Жоншоо олборлоод одоо Чойр руу ачаад явсан одоо удахгүй өгнө гэхээр нь Г.Г******* ковшоо аваад явсан.

Хариуцагчийн хариу тайлбартаа дурьдаад байгаа н.Д******* гэх хүнийг нэхэмжлэгч нь мэдэхгүй, танихгүй, харж уулзаж үзээгүй бөгөөд С.Б******* нь нэхэмжлэгчийн таньдаг ахаар дамжуулж, ковшоо түрээслэх үү? гэх саналыг тавьж байсан.

Мөн хариуцагчийн зүгээс өөрийн Хаан банкны ******* тоот данснаас 3,500,000 төгрөгийг 96110888 гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Г.Г*******ийн дансруу шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс түрээстэй холбоотойгоор 08 дугаар сарын 08-наас 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл түрээс өгөх болноо нийт түрээс 24 сая төгрөг гэж баталгаа болгож, нэхэмжлэгч талд бичиж өгсөн байдаг.

Гэтэл анхан шүүх дээрх баримтыг түрээсийн төлбөрийг өгөх тухай агуулгыг илэрхийлсэн байна, гэхдээ талуудын хооронд байгуулагдсан түрээсийн төлбөрийг төлнө гэсэн агуулга биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хурээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасны дагуу мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ...талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж түрээсийн гэрээг амаар байгуулж, эд хөрөнгийг өгч явуулсан байдаг.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гээд 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж заасны дагуу ковшийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагч С.Б*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч С.Б*******тай 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож 50 маркийн ковшийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нэг сарын 8,000,000 төгрөгөөр буюу 3 сарын хугацаатай 24,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Гэтэл хариуцагч нь 2019 оны 08 дугаар сард 50 маркийн ковшийг авч яваад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ н.Г******* гэх залуу яагаад надаас мөнгө нэхэж дарамтлаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би ковш түрээслээгүй, гэрээ хийгээгүй. Би Д******* аймгийн Говь-Угтаал суманд зам зааж очсон гэж тус тус тайлбарлажээ.

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

4.а. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан 50 маркийн ковшийг хэн, ямар хугацаанд хугацаагаар ашигласан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь хариуцагчид хэзээ хүлээлгэж өгсөн, хэзээ буцааж авсан, хэний эзэмшилд байсан талаарх үйл баримтыг тодруулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэж, үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой байсан гэж үзнэ.

5. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/01661 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Г*******өөс төлсөн 277,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА