Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б холбогдох эрүүгийн 1906 00622 0703 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа сийлбэр хийдэг, ам бүл 3, эгч, хүргэн ах нарын хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо,   тоотод албан ёсны оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэг,   түр оршин суух, гавьяа шагналгүй.

1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Төв аймгийн шүүхийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 7 жил хорих, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих, 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих, 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 8 жилийн хугацаар хорих ялаар,

2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг журамлан 5 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ж.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

         Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Э.Отгонбаатарын итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаан” банкны виза картыг ашиглан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цайз”-д байрлах “Хаан” банкны “5075” дугаар тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 700.000 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Л.Нэргүйн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15/, ХААН банкны дансны хуулга /хх-34-35/, шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Э.Отгонбаатарын итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаан” банкны виза картыг ашиглан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цайз”-д байрлах “Хаан” банкны “5075” дугаар тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 700.000 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Отгонбаатарын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Б нь “өмнөх оны ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000 төгрөг авах байсныг өнөөдөр авъя” гэхээр нь би “сийлбэрийн зурагнууд канондоод 20.000 төгрөг авчих” гэж хэлээд өөрийн “Хаан” банкны виза картаа 16 цагийи үед өгч явуулсан. Миний картнаас 16 цаг 30 минутанд 30.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба 17 цаг 22 минутад 700.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. ТҮЦ-ний цагаан утсаар ярьсан. Тэгэхдээ “надад нэмээд хоол, ундны 200.000 төгрөг өгчих” гэхээр нь “тийм боломж алга, наад дансанд байгаа мөнгө чинь хэрэгтэй мөнгө” гэсэн. Би зөвшөөрөөгүй байхад миний картнаас 700.000 төгрөг нууцаар авсан байсныг гар утсан дээр ирсэн мессежийг хараад мэдсэн.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,

Мөн түүний хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “...Хохирлоо 100 хувь барагдуулж авсан. Ж.Б гомдол саналгүй.” /хх-74/ гэх тэмдэглэл

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Нэргүйн "...Би машинаа асаагаад хөдлөх гэтэл Ж.Б “чи байж бай, саяны мөнгө эм тарианд чинь хүрэхгүй байх, би Э.Отгонбаатартай уулзаад тав, арван мянган төгрөг нэмээд аваад өгье” гэж ороод удалгүй “Э.Отгонбаатарт мөнгө байхгүй гэнээ” гээд баахан А4 цаасан дээр зурсан зураг барьчихсан гарч ирсэн.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Б яллагдагчаар өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Э.Отгонбаатараас цалингаа авах гэтэл “картнаас 20.000 төгрөг ав” гээд картаа өгөөд нууц код нь 0204 гэсэн. Тухайн үед Э.Отгонбаатар ирэхдээ сийлбэрийн зураг канондуулчихаад ирээрэй гээд 10.000 төгрөг зурагнууд өгч явуулсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Цайз” 16-ын автобусны буудлын хойно байрлах АТМ-ээс 20.000 төгрөг уншуулаад дансны үлдэгдлийн баримт нь гарч ирэхээр нь үзтэл 700.000 төгрөг дансанд нь байсан. Э.Отгонбаатар руу чиний дансанд мөнгө байна  гэтэл наад мөнгө чинь хэрэгтэй мөнгө шүү авч болохгүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын АТМ-ээс 700.000 төгрөг Э.Отгонбаатарт хэлэлгүй нууцаар уншуулаад авсан. Тэр мөнгийг хувийн хэрэглээндээ зарцуулаад дууссан. Би хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Э.Отгонбаатараас авсан мөнгөндөө ажил хийж өгсөн.” /хх-70-71/,  

 

Гэрч, хохирогийг нүүрэлдүүлж мэдүүлэг /хх-15/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-17/,

ХААН банкны дансны хуулга /хх-54-57/,

Шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-21/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Б 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Э.Отгонбаатарын итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаан” банкны виза картыг ашиглан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цайз”-д байрлах “Хаан” банкны “5075” дугаар тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 700.000 төгрөгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан ”Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буругийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир

түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Э.Отгонбаатарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.Б ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ж.Б ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ж.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.       

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС