Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01284

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/01483 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-д д холбогдох, нийт 1,480,081,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: НИТХ-ын тэргүүлэгчдийн 1998 оны 9 дүгээр тогтоол, НЗД-ын 1998 оны А/41 дугаар захирамжийг үндэслэн 1999 оны 03 сарын 16-ны өдөр Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай 6 тоот гэрээг Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Х ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани уг объектод их засварын ажлыг амжилттай гүйцэтгэж, 1999 оны 12 сарын 20-ны өдөр гадна фасадны засварт 5,232,200 төгрөг, барилгын 5-р корпус, 6-р корпусын 2 давхрын 1 өрөөний шинэчлэл засварын ажилд 127,101,945 төгрөг нийт 132,333,945 төгрөг зарцуулж 18 тоот акт, 2000 оны 12 сарын 25-ны өдөр 31 тоот актаар 5-р корпусын 3 давхрын дээврийн хонгилд 4 давхрын өргөтгөлийн барилгын засварт 24,513,916 төгрөг, 5-р корпусын арын хэсэгт хийсэн авто зогсоолын засварт 1,383,706 төгрөг нийт 25,897,622 төгрөг, нийт 2 актаар 158,231,567 төгрөгийн их засвар хөрөнгө оруулалтыг нийслэлийн өмчид хүлээлгэн өгч, баталгаажуулсан. 1999-2019 оныг дуусталх хугацаанд манай компани түрээслүүлэгч талын бүх шаардлагыг биелүүлж, жил бүр түрээсийн гэрээний дагуу төлбөрийг төлж, нийслэлээс ямар ч санхүүгийн дэмжлэг авалгүй тухайн хөрөнгийг засан сайжруулж зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгө бий болгосон бөгөөд түрээсийн төлбөрийг зах зээлийн ханшид тохируулна гэх үндэслэлээр байнга нэмэгдүүлж байсан. 2020 оноос уг төвийн ус, цахилгааныг тасалж бидний үйл ажиллагааг зогсоож, эдийн засгийн хүндрэлд оруулж хохироосон. Өнгөрсөн хугацаанд гэрээ болон холбогдох хууль дүрэмд заасны дагуу хөрөнгө оруулалтын төлбөрөө удаа дараа нэхэж, нэхэмжилж байсан боловч ямар ч шийдвэрлэх санаачилга гаргаагүй, хүлээж аваагүй болно. Тухайн үед нурах дөхсөн ашиглах боломжгүй байсан барилгыг биднээр засан сайжруулж, хөрөнгө оруулалт хийлгэж, улмаар түрээсийн төлбөр авах сонирхолтой, түрээслэгч нарын ашиг сонирхлыг хохироож ирсэн. Түрээслэгч тал нь өөрсдийн хийж бүтээсэн хөрөнгөндөө өөрсдөө түрээсийн төлбөр төлж, эдийн засгийн давхар дарамт хохиролд орж байна гэж үзэх тул тухайн эд хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрийг зах зээлийн ханшаар хариуцагч, өмчлөгч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулж авах нь хууль, шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4, 88 дугаар зүйлийн 88.4, 94 дүгээр зүйлийн 94.4, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д мөн 1999 оны 03 сарын 16-ны өдрийн 6 тоот гэрээнд зааснаар бусдын эд хөрөнгийг засан сайжруулж шинэ өмч хөрөнгө бий болгосон санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон хөрөнгийг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний З ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дээрх хөрөнгөд оруулсан 1,475,003,000 төгрөг, нотариатын төлбөр 78,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 5,000,000 төгрөг, нийт 1,480,081,000 төгрөгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Н-д нь Х ХХК-ийн хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй болно. У үйлчилгээний төвийг хувьчлахтай холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2007 оны 12 сарын 28-ны өдөр 63 дугаартай тогтоол гарснаас хойш У үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас гомдол гарсан. Талууд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу тухайн үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг хувьчилж авах байсан гэх маргаан Захиргааны хэргийн шүүхэд үүсэхэд гэрээнд давуу эрхээр хувьчлах талаар тусгаагүй. Өмчлөлтэй холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Иймд хувьчлах боломжгүй, хуулийн шаардлага хангаагүй гэдэг байдлаар шийдвэрлэгдсэн. Тухайн үед концессын гэрээ байгуулсан байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь 1999 оны 03 сарын 16-ны өдөр байгуулсан Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх 06 дугаар гэрээтэй холбоотой маргаан үүссэн. Гэрээний 1.1, 1.2, 2.1, 3.6, 3.7-д заасныг харахад, энэ гэрээ нь үйлчилгээний төвийн ашиглалтыг сайжруулахаар хөрөнгө оруулалт хийсэн. 1999 оны 02 сарын 23-ны өдрийн 1 дугаартай актаас харахад түрээсэлж байгаа өрөөний хэмжээ нь ойролцоогоор 50 м.кв талбай байна. Мөн уг өрөөг өөр компани хүлээн авч засвар хийх байсан боловч уг ажлыг дуусгаж чадахгүй байсаар Х ХХК-д санал тавьснаар Х ХХК нь санхүүжилтийг хийгээд явсан байна. Иймд энэ гэрээ байгуулагдаад Н-д нь тухайн цаг үеэс эхлээд Х ХХК-д түрээслээд явсан. Гэрээнд түрээсийн хугацаанд компани үйл ажиллагаа явуулаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авах зохицуулалттай байсан. Тэр үед Х ХХК нь барилгыг ашиглаж байсан юм чинь хөрөнгө оруулалтаа авсан гэж үзэж байна. У худалдааны гудамж-5 төслийн гол зорилго нь гадна дотоодоос хөрөнгө оруулалт татаж, ашиглалтыг ил болгох байсан. Түүнээс ямар нэгэн байдлаар буцааж хөрөнгө өгөх агуулга байхгүй. 1999 оны 03 сарын 16-ны өдрийн гэрээнээс өөр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд хөрөнгө оруулалтаа нөхөж авах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг тус тус баримтлан Н-аас 1,023,387,350 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгож, үлдэх 456,693,650 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 5,274,887 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн төлсөн 7,558,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. 1999 оны 03 сарын 16-ны өдрийн Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээний заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хөрөнгө оруулсан ч хөрөнгөө нөхөж чадсан эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. 1999-2019 он хүртэл 20 жилийн хугацаанд тухайн оруулсан хөрөнгө нь нөхөн төлөгдөөгүй байх боломжгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ нэхэмжлэгч ашиг орлого олж байгаагүй гэх нотлох баримтгүй тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Уг гэрээнд Б тал барилгад их засвар хийхэд зарцуулсан хөрөнгөө түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа хугацаандаа өөрийн үйл ажиллагааны ашгаас нөхөн олох бөгөөд түрээсийн гэрээнд заасан хугацаандаа төлж байх болно гэж заасан нь Б тал буюу нэхэмжлэгчийн үүрэг байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зарцуулсан хөрөнгөө өөрийн үйл ажиллагааны ашгаас нөхөн олох ёстой байсан бөгөөд энэ нь түүний үүрэг байсан. Хэрэв ашиг олоогүй гэж маргаж байгаа бол түүнийгээ нотлох баримтаар нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хариуцагч хүлээж, ашиг орлого олсон эсвэл олоогүй гэдгийг тогтоох боломжгүй бөгөөд гэрээнд А талыг хяналт тавих үүргийг заагаагүй. Хэрэв нэхэмжлэгч ашиг ололгүй алдагдалтай ажилласан бол тухайн компани удаан хугацаанд оршин тогтнох боломжгүй.

4.2. Нэхэмжлэгч нь 158,231,567 төгрөгийн их засвар, хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнийг 2023 онд З ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 1,475,003,000 төгрөгийн үнэлгээ хийлгэжээ. Шүүхийн шийдвэрт хариуцагч талаас З ХХК-ийн үнэлгээний дүнг зөвшөөрөөгүй боловч шинжээч томилох хүсэлт гаргаагүй гэжээ. Маргаан бүхий барилга нь 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 129 дугаар Н-ын тогтоолоор нийслэлийн өмчөөс хасагдаж, актлагдаж нураагдсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд үгүй болсон барилгын үнэлгээг дахин шинжээч томилж, үнэлүүлэх боломжгүй байхад шүүх үндэслэлгүй тайлбар өгч шийдвэр гаргасан байна. Мөн У үйлчилгээний төв нь нийт 12 корпус бүхий урт барилга байсныг бүгд мэднэ. Тухайн барилга дээрх тогтоолоор нийслэлийн өмчөөс хасагдахдаа 538,566,804 төгрөгийн үлдэх өртөгтэй байсан. Гэтэл зөвхөн нэг корпусын зөвхөн засан сайжруулалт, хөрөнгө оруулалтын үнэлгээ нь 1,475,003,000 төгрөг байх боломжгүй.

4.3. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь барилгыг хувьчилж авах эрхтэй байсан бол энд эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан байхыг шаардана. Харин эд хөрөнгөд засан сайжруулалт, хөрөнгө оруулалт хийсэн байхыг шаардахгүй бөгөөд энэ нь уг заалтын дагуу хувьчлахад ач холбогдол болох нөхцөл байдал биш. Мөн нэхэмжлэгчид нийслэлийн өмчид засан сайжруулалт, хөрөнгө оруулалт хийх эрх олгохдоо түүний ашиг олох үйл ажиллагаанд зориулсан буюу тус байдал нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй зөвхөн төрд ач холбогдолтой, ашигтай бус нэхэмжлэгчид өөрт нь ач холбогдолтой, ашигтай нөхцөл байдал байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь эд хөрөнгөд засан сайжруулалт, хөрөнгө оруулалт хийснийг эд хөрөнгийг хувьчлан авахтай холбон ойлгохгүй бөгөөд тус зардлаа шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар ерөнхий болон тусгай аль ч хөөн хэлэлцэх хугацаа хамаарсан дуусгавар болсон байна.

4.4.  Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар шаардах эрхтэй гэж үзжээ. Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээгээр талууд нэхэмжлэгч нь их засвар, хөрөнгө оруулалт хийснээр өмчлөгч болох талаар тохиролцоогүй. Зөвхөн нэхэмжлэгчийн ашиг олох үйл ажиллагаа, түрээсийн төлбөр төлөх харилцаатай холбоотой их засвар хийхээр зохицуулсан. Иймд гэрээгээр дундын өмчлөл үүсээгүй. Мөн их засвар, хөрөнгө оруулалт хийснээр өмчлөгч болох зохицуулалт хуульд байхгүй. Маргаан бүхий эд хөрөнгийг дундын өмч гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5.  Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд холимог буюу дундын өмч үүсээгүй гэх агуулгатай тайлбар хэлдэг. Х ХХК нь 5-р корпусыг бүхэлд нь, 6-р корпусын нэг өрөөнд засвар үйлчилгээ хийж, түрээсэлж, ашиглаж байсан. Уг барилга нь анх 3 давхар байсан ба түрээсийн объектод хөрөнгө оруулалт хийх гэрээгээр 4-р давхрыг нэмж Х ХХК барьж актаар хүлээлцсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй. Уг үйл баримттай холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт холимог өмч бий болсон байна гэж дүгнэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анх оруулсан хөрөнгө оруулалт дээр яагаад нэмж хөрөнгө оруулсан талаарх асуудалд У үйлчилгээний төвд байсан бусад аж, ахуйн нэгжүүдээс ялгаатай байдал нь 2007 оны 11/65 дугаартай тогтоолоор эзэмшиж байгаа компаниудад давуу эрх олгох талаар дурдсан. Уг тогтоолыг Н-д хувьчлах хөрөнгийн тооноос хасаж шийдвэрлэсэн. Энэ асуудалтай холбоотой Х ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган дээрх тогтоолоос Х ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь Х ХХК-д холимог өмч үүссэн тул холимог өмчтэй холбоотой асуудлыг шууд Нийслэлийн өмчөөс хасна, хасахгүй гэж шийдвэрлэх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх дахин дүгнэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн талууд өөрөөр зөвшөөрөөгүй бол хөрөнгө оруулалтыг гэрээ дууссаны дараа төлүүлэхээр шаардах эрхтэй нь үндэслэлгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Гэтэл түрээсийн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх гэрээ буюу дараагийн түрээсийн гэрээнүүдийг хариуцагч Н-д болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэ гэрээг цуцлахтай холбоотой акт үйлдээгүй. Тус барилгад хөрөнгө оруулсан, хувьчлах асуудлыг шийдэх талаар ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас удаа дараа явагдсан. Үүнтэй холбоотой Х ХХК-тай холбоотой асуудлыг хүчингүй болгоод, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Х ХХК-тай холбоотой асуудлыг тусад нь шийдвэрлэнэ гэж ойлгоод байнгын засвар үйлчилгээ хийж бусад объектуудаас илүү хөрөнгө оруулалтыг хийсэн. Хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гэх агуулгыг давж заалдах гомдолд дурдсан. Гэвч анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээний талаар маргахгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар байдаг. Дээр нь 1,0 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээний талаар тайлбарласан боловч энэ талаар баримт авагдаагүй. Нураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгох шаардлагагүй гэх тайлбар хурлын тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгч 1,475,000,000 төгрөгийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх Нийслэлийн өмч буюу эхний 3 давхар, 5-р корпусын эхний 3 давхар, 6-р корпусын нэг өрөөнд оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг зах зээлийн аргаар тодорхойлох нь зүйтэй гэж үзээд 4-р давхар буюу Х ХХК-ийн өмч гэж үнэлэгдсэн хөрөнгийг өртгийн аргаар тодорхойлсноор хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн үндэслэлтэй тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н-д д холбогдуулан хөрөнгө оруулсан 1,475,003,000 төгрөг, нотариатын зардал 78,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 1,480,081,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 50, 58-59/

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Талууд 1999 оны 03 сарын 16-ны өдөр 6 дугаартай Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь өөрийн зардлаар Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах У төвийн 5-р корпус, 6-р корпусын 2-р давхрын 1 өрөөг засварлах, НӨГ нь уг корпус, корпусын 1 өрөөг түрээслүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 6-7/

3.2.  Дээрх гэрээний дагуу Х ХХК нь У төвийн 5-р корпус, 6-р корпусын 2-р давхрын 1 өрөөний гадна фасад, засан сайжруулалтад нийт 132,333,945 төгрөг, мөн 5-р корпусын 4-р давхрын өргөтгөл, автозогсоолын бүтээн байгуулалтад нийт 25,987,622 төгрөг, бүгд 158,231,567 төгрөгийн зардал гаргаж, нийслэлийн өмчид 1999 оны 12 сарын 20-ны өдөр, мөн 2000 оны 12 сарын 25-ны өдөр тус тус актаар хүлээлгэн өгсөн; /хх 8, 11/

3.3.  Ахуй үйлчилгээний төвийн ашиглалтын захиргаа нь У төвийн 5-р корпус, 6-р корпусын 2-р давхрын 1 өрөө, нийт 596.29 м.кв талбайг Х ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 1999 оны 02 сарын 23-ны өдөр актаар хүлээлгэж өгсөн; /хх 32-33/

3.4.  У төвийн 5-р корпусын 4-р давхрын өргөтгөлийн хэмжээ нь нийт 163 м.кв; /хх 11/

3.5. Улмаар, НИТХ-ын 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 129 дугаартай Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тогтоолоор У төвийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн; /хх 92-93/

3.6.  Х ХХК нь 1999 оноос 2019 он хүртэлх хугацаанд У төвийн 5-р корпус, 6-р корпусын 1 өрөөг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, НӨГ-т түрээсийн төлбөрийг тогтмол төлж байсан.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 221/МА2018/0370 дугаар магадлалын хянавал хэсэгт ...уг хувийн өмчөөр баригдсан барилга нь орон нутгийн өмчтэй холилдсон барилга болсон... гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч талын гаргасан дундын өмчлөл үүсээгүй гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д тус тус заасны дагуу дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсэг, засаж сайжруулахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон боловч хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох мөнгөн дүнг буруу тогтоосон байна.

5.1. Өмнө дурдсанчлан, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д тус тус заасны дагуу дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсэг, засаж сайжруулахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй тул 1999 оны 12 сарын 20-ны өдөр болон 2000 оны 12 сарын 25-ны өдрийн актад тусгагдсан дүн болох нийт 158,231,567 төгрөгийн хэмжээгээр ногдох хэсэг болон зардлын хэмжээг тодорхойлох нь зүйтэй. /хх 8, 11/

5.2. Хөрөнгийн үнэлгээний З ХХК нь У төвд Х ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг 2023 оны 10 сарын байдлаар нийт 1,475,003,000 төгрөг гэж үнэлсэн байх боловч нэхэмжлэгч нь ногдох хэсэг, зардлыг хариуцагчаас нэхэмжлэл гаргах үеийн үнэлгээгээр шаардах эрхгүй.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 1999 оны 03 сарын 16-ны өдрийн 6 дугаартай Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ-ний 2.2-т ...их засварт гарсан зардлын төлөгдөөгүй үлдэгдлийг төлж Б талыг хохиролгүй болгоно гэж, 3.7-д ...Б тал барилгад их засвар хийхэд зарцуулсан хөрөнгөө түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа хугацаандаа өөрийн үйл ажиллагааны ашгаас нөхөн олох бөгөөд... гэж тус тус тусгагдсан тохиролцоог анхан шатны шүүх анхаараагүй байна.

5.3. У төвийн барилгыг актлах үед бүртгэлийн үнэ 1,119,392,690 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 610,518,026 төгрөг, үлдэгдэл өртөг 508,874,663 төгрөг байжээ. /хх 93/

Өөрөөр хэлбэл, У төвийн барилга бүхэлдээ 508,874,663 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй байхад тус төвийн 5-р корпус, 6-р корпусын 2-р давхрын 1 өрөө, 5-р корпусын 4-р давхрын өргөтгөлд Х ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтыг нийт 1,475,003,000 төгрөгөөр үнэлсэн З ХХК-ийн үнэлгээг эргэлзээтэй гэж үзэх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан нотариатын зардал 78,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг шийдлийг хэвээр үлдээнэ.

Нэхэмжлэгч нь нотариатын зардал, өмгөөлөгчийн ажлын хөлс шаардсан байхад анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/01483 дугаар шийдвэрийн 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Н-аас 158,231,567 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 1,321,849,433 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...5,274,887... гэснийг ...949,108... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР