Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01132

 

Д.Б*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01256 дугаар шийдвэртэй,

Д.Б*******ийн нэхэмжлэлтэй,

Э******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохиролд 12,929,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Б*******э нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Э******* ХХК-ийн Судалгаа хөгжлийн хэлтэс-т Судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгу******* ажиллаж байсан. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уул уурхайн олборлолт, боловсруулалтын төслүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/0******* шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтсийн төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагч албан тушаалд эгүүлэн томилогдсон.

1.2. Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалаар Орон тоо хасагдсан, тус ажил, албан тушаалын байр байхгүй болсон гэх үндэслэлээр Д.Б*******этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. Э******* ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу уг компанид уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Дэд бүтэц, уул уурхан технологийн газрын Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн ажлын байрны чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн, Э******* ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйлажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох, болавсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах чиг үүрэгтэй төрийн өмчийн компани болно. Иймд тус компанийн үндсэн ажил, чиг үүргийн хүрээнд миний ажиллаж байсан ажлын байх нь зайлшгүй хэрэгцээ шаардлагатай болно. Орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно.

Э******* ХХК-ийн зүгээс ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээр огт хийгээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй болно.

Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой.

Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э******* ХХК нь бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэх болсон нь дараах хууль, эрх зүйн үндэслэл болон хэрэгцээ шаардлагад тулгуурласан.

2.1. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг-ээс Э******* ХХК-ийн 2019, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудын өнөөгийн байдалд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салтгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж, зөвлөмжийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын дүнгийн тухай тогтоолын хамтаар ирүүлсэн байдаг. Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар Э******* ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн, компанийн нэгдлийн бодлого, зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг бататгасан. Компанийн шинэчлэн баталсан дүрэмтэй холбогду******* 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-т ... шинэчлэн баталсан дүрэмд нийцүүлэн Э******* ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийн давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Э******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгасан. Дээр дурдсан ЗГХЭГ-ын Дотоод аудитын хяналт, шалгалтын тайлан, аудитын хорооны тогтоол болон 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, "Э******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Бүтэц, зохион байгуулалт болон Э******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд тус тус баталж, мөрдүүлсэн.

2.2. Э******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Д.Б*******эд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 01/441 дугаартай Мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарган өгч баталгаажуулсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаал гарч Д.Б*******эд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 пэх хэсэгт заасныг хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т "Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэх хэсгээс компанийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байр хасагдсан гэж ойлгох тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол, зөвлөмжүүдэд тус тус заасан байдаг.

2.3. Нэхэмжлэгч нь өөрийн ажлын байр нь компанийн бүтцэд зайлшгүй байх шаардлагатай гэжээ. Гэвч тухайн ажлын байр, албан тушаал компанийн зохион байгуулалтын бүтцэд байх эсэх асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу Гүйцэтгэх захирлын тодорхойлох эрх хэмжээнд байна.

2.4. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, тус хэлтсийн "Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг бүхэлдээ шилжсэн зүйл байхгүй, ажлын байрны нэршлийг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй болно.

Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2 дахь хэсэгт зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй гэжээ. Компани Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.2, 81.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлсэн.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээ хийгдсэн. Бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтын аль нэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлдөг тул нэхэмжлэгчийн дээрхи тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

2.5. Компанийн бүтцээс Хөрөнгө оруулалтын хэлтэс гэх нэгж татан буугдсан, мөн тус хэлтсийн Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болж ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Д.Б*******э нь 2022 оны 03 дугаар сард ажилд эгүүлэн томилоход Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах нэгдсэн төсөлд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн тухайгаа ажил олгогчид мэдэгдээгүй, ажил олгогчийг хууран давхар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нөхцөл байдал үүссэн. Д.Б*******э нь 2022 оны 3 дугаар сараас сул зогсолттой байсан ч энэ талаараа үндсэн ажил олгогчид мэдэгдэлгүйгээр давхар ажил эрхэлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

3.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж байна. Тодруулбал, Д.Б*******этэй байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Д.Б*******ээс нийт 12,929,010 төгрөгийг Иргэний хуулийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зааснаар шаардаж байна.

Иймд хөдөлмөрийн гэрээний дагуу Д.Б*******эд олгосон цалингийн олговор 5,092,454.12 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд ажил олгогчоос төлсөн 636,556.76 төгрөг, буцаан шаардах эрхийн дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 7,200,000 төгрөг, нийт 12,929,010 төгрөг гаргуулж Э******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Миний бие Э******* ХХК-д 2018 оноос Уул уурхайн олборлолт, боловсруулалтын төслүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б/35 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/0******* тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн асуудалд шүүх дахин үнэлэлт, дүгнэлт өгөхгүй болно. Э******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсаар 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Б/15-ны өдрийн тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч Э******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/27 дугаар тушаалаар нийт компанийн хэмжээнд сул зогсолт зарласан тул намайг сул зогсолтонд хамруулж ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байсаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд зөвшөөрөл авах харилцаанд хамаарахгүй бөгөөд миний бие онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил олгогч буюу Э******* ХХК-д шууд өрсөлдөх байгууллагад ажиллаагүй болно. Нөгөө талаар сул зогсолтын хугацаанд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57.1, 57.3 дах хэсэгт заасантай нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн шийдвэрээ хүчингүй болгохоор заасан байх тул эрх зүйн үр дагаварын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох эрх зүйн үр дагавартай.

Иймд Э******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Д.Б*******ийг Э******* ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 29,914,282 төгрөгийг хариуцагч Э******* ХХК-иас гаргу******* нэхэмжлэгч Д.Б*******эд олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Б*******эд холбогду*******, Хөдөлмөрийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 12,929,010.9 төгрөг гаргуулах тухай Э******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Б*******ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Э******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Б*******эд холбогду*******, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар Д.Б*******этэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Э******* ХХК татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б*******э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 307,521 төгрөгийг хариуцагч Э******* ХХК-иас гаргу******* улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй.

6.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажил олгогч ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэж, мэдэгдлийг авсан нэхэмжлэгч холбогдох байгууллагад гомдол гаргасан байхад шүүх баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгоогүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримт гэдэгт хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага, татгалзлыг нотлох зорилгоор шүүхэд гаргасан бүх нотлох баримтыг шүүх тал бүрээс, бүрэн, бодитойгоор харьцу******* судалсны үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримтуудаас маргааныг шийдвэрлэх шийдлийн үндэслэл болгож буй баримтыг ойлгоно. Хариуцагч нь бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасныг зөрчөөгүй. Гэтэл тус нотлох баримтыг бүрэн, бодитойгоор харьцу******* судалсны үндсэн дээр үнэлээгүй байна.

6.2. Шүүх нотлох баримтуудаар тогтоогдож буй хэргийн бодит нөхцөл байдал хуулийн ямар зүйл заалтад хэрхэн тодорхойлогдож, зохицуулагдаж байгааг тодорхой дүгнээгүй. Хариуцагч талаас Э******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар орон тоо хасагдсан тухай ТУЗ-ийн шийдвэр, Ажлын байрны хууль зүйн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтуудаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Тус нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэртээ тусгаагүй байдаг. Нотлох баримтад хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, бусад нотлох баримтаар давхар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэх, тухайн нотлох баримт бусад нотлох баримтаас илүү бодит байдалд нийцсэн эсхүл нийцэхгүй байгаа, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх зэрэг асуудлуудын талаар шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай. Гэвч ийнхүү үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу 2022 оны А/61 дугаар тушаалаар батлагдсан ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэж байж болохуйц ажлын байрны тодорхойлолтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан боловч Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагч-ийн ажлын байрны чиг үүрэгтэй давхардаагүй, орон тоо цөөрсөн гэх дүгнэлт нь үндэслэлгүй байдаг. Иймд тухайн ажлын байр хадгалагдаагүй, орон тоо цөөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд нотлох үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

6.3. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэж, 57.2.3-т Ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна гэж тус тус зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл Төрийн өмчит үйлдвэрийн газар Э******* ХХК-д огт мэдэгдэлгүйгээр, заавал зөвшөөрөл авах хот, суурин газрын нийтийн тээвэр, иргэдийн тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг адилхан төрийн өмчит газарт огт зөвшөөрөл авалгүйгээр ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримтыг шүүх дүгнээгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар:

Хариуцагч талаас 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолд тусгаагүй асуудлыг тайлбартаа дурдсан учраас бичгээр гаргасан гомдол болон нэмэлтээр гаргасан тайлбарт нь тайлбар хэлье.

7.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүргүүлэх асуудлыг шүүхээс дүгнээгүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.4-т хууль тогтоомжийн эрэмбийг заасан. Тухайлбал, салбар, салбар дундын хамтын хэлэлцээр нь хууль тогтоомжийн эрэмбэд орсон онцлогтой. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан салбарын хамтын хэлэлцээрийн 2.1-т ажилтнуудыг бөөнөөр нь халж байгаа тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж зохицуулсан. 2022 оны 07 сар хүртэл дээрх салбарын хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаад 2022 оны 07 сарын 03-ны өдөр шинээр салбарын хамтын хэлэлцээр батлагдсан. Уг хэлэлцээрийн 2.1-т ажилтнуудыг бөөнөөр халж байгаа тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан. Ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдсэн үйл баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Мөн мэдэгдлийн агуулгыг шүүх бодитой дүгнэсэн гэж үзсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан эдгээр 4 үндэслэлийн аль нь хамаараад байгааг мэдэгдэлд тодорхой тусгаагүй. Энэ нөхцөл байдал нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан яг аль үндэслэлээр мэдэгдэл олгосон нь тодорхойгүй, хууль нийцэхгүй байна, үүнийг тодорхойлох боломжгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

7.2. Мөн шүүх хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй, орон тоо бодитой хасагдсан, ажлын байрны тодорхойлолтуудыг харьцу******* дүгнэсэн асуудлыг шүүхийн шийдвэрт тусгаагүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 5.1, 5.2, 5.3-т ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулсан. Гомдолд дурдсанаар төслийн үнэлгээ болон судалгаа хийдэг, хөрөнгө оруулалт санхүүжилтийг хариуцдаг чиг үүрэг нь байгууллагын чиг үүргийн хүрээнд хэргийн 56 дугаар талд авагдсан эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтсийн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/61 дугаартай тушаалаар батлагдсан чиг үүргийн эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтсийн 1-4 дүгээр чиг үүрэг нь ажлын байрны тодорхойлолт буюу нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолтын зорилго чиг үүрэгтэй бүрэн давхацсан. Түүнчлэн, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу ажлаас халагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах үед бүтэц өөрчлөгдсөн. Тухайн бүтцийн өөрчлөлттэй холбоотой тушаалыг үнэлээгүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Хэргийн 172 дугаар талд төслийн үнэлгээ судалгааны газар болон төслийн үр ашгийн тооцоолол судалгааны чиг үүргийг бүхэлд нь баталсан, дээрх байдлаар нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолтын зорилго чиг үүрэгтэй бүрэн давхацсан гэдэг нь нотлогдоно.

Мөн ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулсан. Хэргийн 68 дугаар талд нэхэмжлэгч Д.Б*******ийг төсөл хөтөлбөр, санхүү хариуцсан эдийн засагч гэх албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд эгүүлэн тогтоох тушаал гарсан. Ажлын байрны тодорхойлолтод төсөл хөтөлбөр, хөрөнгө, санхүү хариуцсан эдийн засагч гэх албан тушаал байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд төсөл хөтөлбөр, хөрөнгө, санхүү хариуцсан мэргэжилтэн гэж бичсэн боловч ийм албан тушаалд нэхэмжлэгч эгүүлэн тогтоогдоогүй, энэ ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй. Хэргийн 105 дугаар талд хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн судалгааг хийх зорилт 1, 2, 2.3-д төслийн үр ашгийн тооцооллын судалгааг хийнэ гэж заасан. Үүнд Э******* ХХК нь Монгол улсын хэмжээнд уул уурхайн компаниудын төсөлд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг талаар дүрмийн 3.3.5-д заасан, энэ ажил үүргийг гүйцэтгэдэг. Охин компани ТЭЗҮ боловсруулах чиг үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайлбал, ямар байдлаар ТЭЗҮ-г охин компаниуд боловсруулдаг талаар нотлох баримт байхгүй. Эсрэгээрээ чиг үүрэг баталсан тушаалуудад бүх төсөл хөтөлбөрүүдийн тооцоолол, үр ашиг, санхүүжилтийн асуудлын зах зээл, бонд хэлбэрээр судалгааг хийгээд эдийн засгийн тооцоолол гаргадаг. Энэ чиг үүрэг нь хэргийн 105 дугаар талд авагдсан баримтаар нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байрны 2 тодорхойлолтын чиг үүргийг харьцуулсан. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулж, 5.2-т хэргийн 105 дугаар талд авагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулсан.

7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг агуулгыг гомдолд дурдсан. Нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу төслийн үр ашгийн тооцоо судалгааны эдийн засагч гэх албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч тэр өдрөө сул зогсолт зарласан. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөх хүртэл 60 хувийн сул зогсолттой байсан. Зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь Засгийн газрын 2016 оны 376 дугаар тогтоол буюу сүүлд батлагдсан 4 дүгээр журмаар олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилтэд хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд үндсэн гэрээгээр ажиллаагүй. Ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө түгжрэлийг бууруулах талаар олон улсын төсөл хөтөлбөрийн ажлаас хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссанаар чөлөөлөгдсөн үйл баримт байдаг учраас зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Б*******э нь хариуцагч Э******* ХХК-д холбогду******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогду******* хохиролд 12,929,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

3. Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э******* ХХК-ийн дүрмийн 7.7.3, 7.7.4, 7.7.11, Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.9, 11.4.1, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор Компанийн бүтэц, зохион байгуулалт, шинэчлэн батлагдаж, хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог хассан үндэслэлээр Д.Б*******этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосон байна. /хх8/

4. Анхан шатны шүүх Д.Б*******ийн гүйцэтгэж байсан ажил албан тушаал, буюу ажлын байр нь бүхэлдээ шинэ бүтцээр байхгүй болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1. Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 тоот тушаалаар Д.Б*******ийг Хөрөнгө оруулалтын хэлтэст Төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан мэргэжилтнээр томилж, мөн өдөртөө талууд хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

4.2. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч 2022 оны 7 дугаар сарын 08-ын өдрийн Б/71 тоот тушаалаар өөрийн санаачлагаараа цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ... нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан гэснийг баримталжээ.

4.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Э******* ХХК-ийн дүрмийг баталж, мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр ... шинэчлэн баталсан дүрэмд нийцүүлэн Э******* ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийн давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн байгуулах, Төлөөлөх удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Э******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /Б.Э*******/, гүйцэтгэх захирал /О.Х*******/ нарт ... даалгажээ. / 1хх 85-86/

4.4. Э******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолоор тус хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийг баталсан байх ба үүнд компанийн удирдлагыг оролцуулахгүйгээр 3 газар, 10 хэлтэстэй байх, ажиллагсдын тоо 7 албан тушаалд 70 байхаар тус тус тогтоожээ. Шинэчлэн баталсан бүтэцэд ажилтан Д.Б*******ийн харьяалан ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтэс нь энэ нэрээр байхгүй байгааг дурдах нь зүйтэй. /1хх-ийн 50-53 дахь тал/

4.5. Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ын өдрийн А/61 дугаартай тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогду******* бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлахад гүйцэтгэх захирал, ерөнхий менежерийг оролцу******* газар, хэлтсийн орон тоог 70 хүн байхаар заажээ. /1хх 54-66/

4.6. Анхан шатны шүүхээс Д.Б*******ийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаал-ын ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлагдсан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө оруулалт санхүүжилт хариуцсан мэргэжилтний албан тушаал-ын ажлын байрны тодорхойлолттой харьцу******* дүгнэж, ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэгт хамаарах ажил үүргүүд нь Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө оруулалт санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, мөн Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажил үүрэг-т шилжсэнийг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн байна. / 1хх 67-69, 105-110 дахь тал/

Өөрөөр хэлбэл, Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаал-ын ажлын байрны зорилго Компанийн дангаараа болон хамтран хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалтын тооцооллыг гаргах, хөрөнгийн удирдлагын тогтолцоог сайжруулах шилдэг туршлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах хүрээнд хийх ажлууд болох толгой болон охин компани дээр хэрэгжүүлэх төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол боловсруулах, урьдчилсан ТЭЗҮ болон ТЭЗҮ-ийн үр ашгийн тооцоолол боловсруулах, санал дүгнэлт гаргах, санхүүгийн хэрэгслүүд болох бонд, хувьцаа, үнэт цаас, өрийн бичиг зэргийг зах зээлд гаргахтай холбоотой санхүүгийн тооцоо судалгаа хийх, төрийн мэдлийн стратегийн ач холбогдол бүхий орж газруудын ирээдүйн мөнгөн урсгалын тооцооллыг боловсруулах, удирдах албан тушаалданд танилцуулах, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч талуудаас компанид санал болгосон төсөл, хөтөлбөрүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийж, санал дүгнэлт гаргах, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөөс компанийн олж болохуйц ашгийг тооцоолох эдийн засгийн тооцооллуудыг боловсруулах, холбогдох төслийг санаачлах, тайлагнах, нэгдлийн хэмжээнд алдагдсан боломжийн өртгийг хамгийн бага түвшинд байлгах тал дээр анхаарч, шаардлагатай төслүүдийн эдийн засгийг тооцооллуудыг хийх зэрэг ажлуудыг Хөрөнгө оруулалт санхүүжилт хариуцсан мэргэжилтэн болон Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажил үүрэгт өөрөөр найру******* бичсэн боловч хйиж гүйцэтгэх ажил үүрэг агуулгын хувьд давхцаж байна.

Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдолдоо Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасны дагуу 2022 оны А/61 дугаар тушаалаар батлагдсан ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэж байж болохуйц ажлын байрны тодорхойлолтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан боловч Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагч-ийн ажлын байрны чиг үүрэгтэй давхардаагүй гэж дурдсан боловч энэ хоёр ажлын байрны чиг үүрэг юугаараа ялгаатай талаар үндэслэлээ тайлбарлаагүй. Мөн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт болох нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын чиг үүргээс Хөрөнгө оруулалт санхүүжилт хариуцсан мэргэжилтэн-ний ажлын чиг үүрэгт зарим хэсэг нь шилжсэн талаар хариуцагч талаас гомдол гаргаагүй гэж дүгнэхээр байна. Иймд хариуцагч байгууллагаас гаргасан ажлын байрны тодорхойлолтыг анхан шатны шүүх үндэслэлгүй харьцу******* дүгнэсэн гэх хэсгийг хангах боломжгүй юм.

4.7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл хөтөлбөр хөрөнгө санхүү хариуцсан эдийн засгийн мэргэжилтний ажлын байрны орон тоо нь Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаартай тушаалын Хоёрдугаар тушаалаар баталсан Ажлын байрны жагсаалт-ын 18. Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, 19. Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн болж Эдийн засаг судалгааны хэлтэс рүү шилжсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5. Түүнчлэн, ажил олгогчийн зүгээс ажилтан Д.Б*******этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалж байгаа талаар мэдэгдсэн гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Учир нь, ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэлд Д.Б*******этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай үндэслэлийг ... зарим ажлын байр, орон тоог хасах, ажилтны тоо цөөрүүлэх шийдвэр гарсантай холбогду******* ... гэж ерөнхий байдлаар тодорхойлсоныг тухайн ажилтны ажлын байрны талаар ямар шийдвэр гаргасныг тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл ажилтны ажлын байр орон тооны хувьд хасагдсан гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1, ... -т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх-дээ ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэх байжээ. Иймд ажил олгогч энэхүү мэдэгдэлдээ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж буй үндэслэлээ заагаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /1 хх-ийн 70/

5.1. Ажил олгогч нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/509 тоот албан бичгээр Э******* ХХК-ийн зарим орон тоо хасах, болон цөөрүүлэх ажилтны жагсаалт-ыг хүргүүлсэн бөгөөд 23 ажилтны нэрсийг уг жагсаалтад оруулжээ. Жагсаалтын 14-т ажилтан Э.Б*******ий ажлын байрыг цөөрүүлсэн гэж тэмдэглэдсэн нь ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэл болох ажлын байр хасагдсантай зөрж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Ажил олгогч талаас энэхүү тэмдэглэлээ алдаатай байсан гэх тайлбарыг гаргаагүй болно.

Иймд анхан шатны шүүх ажлын байрны орон тоо хасагдсан", "орон тоо цөөрүүлсэн" гэх үндэслэлээ хариуцагч тал тодорхойлж чадаагүйгээс ажилтныг ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан мэдэгдэлийг ажилтанд өгөх бол мөн хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтын хүрээнд мэдэгдэлийг ажилтны төлөөлөгчид өгөхөөр өөр өөрөөр зохицуулсан.

Э******* ХХК-ийн ажил олгогч болон ажилтны төлөөлөл 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан байна.

Анхан шатны шүүхээс бөөнөөр халах үеийн зохицуулалт үйлчлэх эсэх талаар дүгнэлт өгөөгүй боловч зохигч энэ талаар гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй. Бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай бөгөөд нийт ажилтнуудыг тоо хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул бөөнөөр халаг үеийн зохицуулалтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

6. Иймд Д.Б*******ийг хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хөрөнгө санхүү хариуцсан эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 29,914,282 төгрөгийг ажил олгогчоос гаргу******* нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалт болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.3, 2.3.5-д заасантай тус тус нийцсэн байна.

7.Э******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/27 тоот тушаалаар сул зогсолт зарласан бөгөөд сул зогсолтод хамрагдах ажиллагсдын нэрсийн жагсаалтыг баримтаар шүүхэд ирүүлээгүй боловч нэхэмжлэгч Д.Б*******э энэ жагсаалтад байгаа талаарх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй.

Нийслэл Улаанбаатар хотын Автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Д.Б*******э тус газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа ба хариуцагч байгууллага нь энэ нөхцөл байдлыг ажлаас халах тушаалын үндэслэл болгоогүй болно.

Түүнээс гадна өөр байгууллагад ажиллаж байгаа байдлаас хариуцагч байгууллагад хохирол учруулсан гэж шалтгаант холбоо байхгүй тул ажилтнаас 12,929,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/01256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцу******* сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА