Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01133

 

Т.М*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/05143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.М*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч БНХАУ-ын иргэн З******* /Z*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29,100,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. Т.М******* би БНХАУ-ын иргэн З******* /Z*******/-тэй 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчид зээлсэн 5,000,000 төгрөгийг тэрээр 6,000,000 төгрөг болгож өгнө гэснийг, мөн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 3,000,000 төгрөг зээлсэн тохиролцоог баталгаажуулсан юм.

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 44 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон.

1.2. Мөн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн. Түүнд зээлсэн мөнгө нийт 14,000,000 төгрөг болно.

1.3. Хариуцагч нь зээлсэн мөнгийг буцаан төлөх өдрийг хойшлуулаад байсан тул бид 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр харилцан тооцоо нийлэхэд 9,000,000 төгрөгийн 44 хоногийн хүү 660,000 төгрөг, алданги 4,800,000 төгрөг, түүнд дээр нэмж зээлсэн 5,000,000 төгрөгийг нэмж нийт 19,400,000 төгрөг болсон.

2021 оны 01 сарын 27-ны өдөр тооцоо нийлчихээд тухайн өдрөө гэрээгээ байгуулж чадаагүй, үдээс хойш 16 цаг болсон байсан. Маргааш нь ирээд манай гэрийн орчим ирж бид хоёр ойролцоох нотариат орсон. 2021 оны 01 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахад бидний хооронд ямар нэг маргаан гараагүй, монгол хэл мэддэг учраас монгол хэлээр нотариатын үйл ажиллагаанд оролцоно гэдэг бичгийг бичихэд нотариатад гэдэг үгийг БНХАУ-ын иргэн Z******* бичсэн ба тэрээр би муухай бичээд байна, та биччих, би гарын үсгээ зурья гээд зурсан.

1.4. 2021 оны 01 сарын 28-ны өдөр 0125 тоот зээлийн гэрээнд алданги тохиролцсон, гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн. Уг гэрээгээр З******* мөнгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр тохирсон. Гэвч мөнгийг маань өнөөдөр хүртэл өгөөгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0125 тоот гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж зааснаар 1 хоногийн 97,000 төгрөг, нийт 392 хоног хугацаа хэтэрч алданги тооцохоор байгаа ч Иргэний хуульд заасны дагуу үндсэн зээлийн 50 хувиар 9,700,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн.

1.5. Иймд З*******-оос үндсэн зээл 19,400,000 төгрөг, алданги 9,700,000 төгрөг, нийт 29,100,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.6. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. З******* нь Өвөр монгол хүн учир монгол хэлийг маш сайн мэднэ. Монголоор ярина, бичнэ, тодорхой хугацаанд найзлан нөхөрлөж байгаа болохоор сайн мэдэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0125 бүртгэлийн дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.

2. Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1.2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0125 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээний дагуу 19,400,000 төгрөгийг хүлээж аваагүй.

2.2. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг Т.М*******ын дүү Т.М*******эс зээлж авсан.

2.3. Ингээд 8,000,000 төгрөгийг төлөх асуудал яригдсан ба уг мөнгийг удаасны төлбөр болгон 1,000,000 төгрөгийг нэмж нийт 9,000,000 төгрөг болгон өгье гэдэг тохиролцоог нэхэмжлэгч Т.М*******той БНХАУ-ын иргэн Z******* хийж 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 41 минутад зээлийн гэрээ байгуулан, харилцан гарын үсгээ зурсан.

2.4. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0125 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулахдаа З******* өмнө авсан 8,000,000 төгрөгөө 9,000,000 төгрөг болгон төлнө, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж чадаагүй мөнгөө 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр болж байна гэж ойлгож гарын үсэг зурсан.

2.5. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Т.М*******оос авсан 5,000,000 төгрөг энэ зээлийн асуудалд хамааралгүй бөгөөд талууд паркетан шал оруулж ирж худалдан борлуулдаг байсан ба энэ хамтран ажиллах гэрээтэй холбоотой БНХАУ-ын иргэн Z******* түүнээс авсан бөгөөд уг мөнгийг төлсөн.

2.6. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан 0125 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулахад З******* нь Т.М*******ын хэлж байгаа шиг паркетан шалны бизнест хамааралтай 5,000,000 төгрөгийн талаар тохиролцоогүй, энэ мөнгийг төлсөн байсан тул ингэж тохиролцох ч боломжгүй З******* гэрээ байгуулах үедээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрсөн буюу ноцтой төөрөгдсөн байна.

Ийнхүү ноцтой төөрөгдөлд орох болсон шалтгаан З******* кирилл үсгээр бичиж, уншиж сайн чадахгүйтэй шууд хамааралтай. Гэрээ байгуулах үед нотариатч монгол хэл мэдэхгүй бол орчуулагч байх ёстой, орчуулагчгүй бол гэрээ хийхгүй гэж хэлсэн. Тэр үед Т.М******* нь З*******-ийн өмнөөс түүнийг монгол хэл мэддэг, бичдэг учраас орчуулагч авахгүй монгол хэлээр ярьж нотариатын үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргаж байна гэж бичиж, гарын үсэг зуруулж, гэрээг хийсэн. Энэ үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан 0125 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг байгуулах үедээ хариуцагч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу илэрхийллийн төөрөгдөлд орсон тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоон, уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

2.7. Харин өмнө зээлсэн 8,000,000 төгрөгөө 9,000,000 төгрөг болгон төлөхөд татгалзахгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Z*******-аас 14,660,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М*******од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 14,440,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хариуцагч БНХАУ-ын иргэн Z*******-ийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан 0125 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутанд байгуулагдсан 0125 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 20731 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар БНХАУ-ын иргэн Z*******-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 29,100,000 төгрөгийн хэмжээгээр зогсоож, дансан дахь мөнгөн хөрөнгө нэхэмжлэлийн үнийн дүнд хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн үлдэх хэсгийн хэмжээнд битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.М*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, БНХАУ-ын иргэн Z*******-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 184,750 төгрөг, 254,950 төгрөгийг улсын орлогоос буцаан хариуцагч БНХАУ-ын иргэн Z*******-д олгож, хариуцагч БНХАУ-ын иргэн Z*******-аас 231,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М*******од олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх 29,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 14,440,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

4.1. Талуудын хооронд эхлээд аман хэлэлцээр хийгдсэн. Хариуцагч өөрөө гуйж зээл авчихаад буцааж бичгийн хэлбэрт оруулаад, нотариат дээр очиж бичиг баримтаа үзүүлээд монгол хэл мэднэ гэж хэлээд бүх зүйл шийдэгдсэн. Анхан шатны шүүхэд тухайн нотариатчийг гэрчээр оролцуулж, асуусан.

4.2. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 339 тоот зээлийн гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5,000,000 төгрөг зээлүүлсэн хэлцэл, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, лавлагаа, гэрчийн мэдүүлэг гэх баримтууд хэрэгт авагдсан. Шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 339 тоот зээлийн гэрээний нийт төлөлт 14,400,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зээлсэн 5,000,000 төгрөг, нэмж 2021 оны 01 сарын 19-ний өдөр 19,400,000 төгрөг зээлэх үед 0125 тоот зээлийн гэрээ байгуулсан талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнээгүй.

4.3. Дээрх зээлийн гэрээгээр хүү тохироогүй, зээлийн гэрээний 3.7-д алданги бодохоор тохиролцсон. Учир нь өмнө нь 339 тоот зээлийн гэрээгээр хүү тооцсон учраас давхар хүү тооцохгүйгээр шууд алданги тооцсон. Дээрх байдлаар гэрээнд алданги тохиролцсон учраас 9,700,000 төгрөгийн алданги, нэмээд 29,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх 14,440,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбар: Талуудын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0125 тоот зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргасан. Өөрөөр хэлбэл, уг зээлийн гэрээтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн гэрээгээр хүү, алданги шаардсан. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр гэрээнд заасан мөнгөн төлбөрийг хариуцагч хүлээж аваагүй. Түүнээс өмнө буюу 2020 оны 01 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 01 сарын 30-ны өдөр, 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг авсан. Уг 8,000,000 төгрөгийг 44 хоногийн хугацаанд 9,000,000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэлд дурдагдсан гэрээг байгуулсан. Үүнд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй 5,000,000 төгрөгийг дүгнэж, нийт 9,000,000 төгрөгт 660,000 төгрөгийн хүү дээр нэмж хүү тооцсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талуудын хоорондын маргаанд дурдагдаж буй паркетан шалны хэлцэлтэй холбоотой маргаанд Т.М******* нь нэхэмжлэгчийн байр сууринаас хариуцагчаас 5,000,000 төгрөг шаардсан. Үүнд зээлийн гэрээнээс нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар буюу 5,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг үндэслэлтэй гэж үзсэн гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т.М******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн З******* /Z*******/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 18 минутад байгуулагдсан 0125 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1хх1, 18, 180-182, 205/

3. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т.М******* нь зээлдэгч З*******-д сарын 5 хувийн хүүтэй, 44 хоногийн хугацаатай, 9,000,000 төгрөг зээлж, зээлдэгч нь үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.

Зээлдүүлэгч Т.М******* нь энэ зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг зээлдэгч З*******/Z*******/-д шилжүүлсэн талаар хариуцагч маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ 8,000,000 төгрөгийн хэмжээнд байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч тайлбартаа энэ гэрээний дагуу 8,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөг нэмж 9,000,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь үндсэн зээлийг 9,000,000 төгрөгөөр тодорхойлж, уг зээлээс хүү тооцох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл зээлийн хүүд зөвшөөрсөн 1,000,000 төгрөгөөс дахин зээлийн хүү тооцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлээс хүү тооцох зохицуулалтыг зөрчжээ.

Иймд энэ зээлийн гэрээний дагуу хариуцагч З*******/Z*******/-ийн хүлээх үүрэг үндсэн зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 586,666 /8,000,000 *5 хувь *44 хоног/ төгрөг нийт 8,586,000 төгрөгөөр тодорхойлогдож байх тул шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчлөв.

4. Анхан шатны шүүх зээлдэгч З*******/Z*******/ 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлдүүлэгч Т.М*******оос 5,000,000 төгрөг зээлсэн үйл баримтыг тогтоосон бөгөөд хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолоор түүний эрх зүйн байдлыг дордуулах учиргүй болно.

5. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т.М******* нь зээлдэгч З******* -д 19,400,000 төгрөгийг хүүгүйгээр, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар, хүүгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна.

5.1. Хариуцагч З*******/Z*******/ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг заажээ. Харин анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагагыг хуульд нийцүүлэн тодорхойлоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан нэг зээлийн гэрээтэй холбоотой байх тул уг гэрээг байгуулсан цаг хугацаа, бүртгэлийн дугаар ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл, мөн өдрийн өөр цаг хугацаанд хамаарах, өөр бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй байна.

Түүнээс гадна Иргэний хууль дахь хэлцлийн талаарх зохицуулалтаас дүгнэвэл хүчин төгөлдөр бус хэлцэл нь хоёр төрөлтэй бөгөөд хүчин төгөлдөр бус байх /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1/, шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцох /Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1/ хэлцлүүд хамаарна. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ нь Иргэний хуульд заасан хэлцлийн хоёр төрлийн аль алинд хамаарахаар үндэслэлээ заасан нь тус тусад нь ялгаж бичих шаардлагагүйгээс гадна мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь түүний үр дагаврыг шаардах нэхэмжлэлийн үндэслэл болохыг шүүх анхаараагүй байна.

Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт найруулж алдааг залруулах нь зүйтэй.

 

5.2. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд нотариатч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл хийжээ. Нотариатчийн үг үйлдлийг хүчингүй болгуулахаар хариуцагч өөр шүүхэд буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөн шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй үндэслэлээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээс 286 дугаар зүйл хүртэлх заалтад уг гэрээг нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдаагүй. Иргэд хооронд зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болох бөгөөд гагцхүү зээлийн хүү тохиролцсон тохиолдолд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хуулиар тавьжээ. Түүнээс гадна хэлцлийн хэлбэрийг зохицуулсан мөн хуулийн 42-43 дугаар зүйлд зааснаас үзвэл зээлийн гэрээг нотариатчаар гэрчлүүлбэл зохих хэлцэлд оруулан тооцоогүй.

5.3.Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх хариуцагч үзэж буй бол энэ талаар тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотлох үүрэгтэй.

Хариуцагч З*******/Z*******/ 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ба энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Тэрээр Гадаадын иргэн харьяатын газарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр монгол хэл дээр кирилл үсгээр хүсэлт гаргаж байжээ.

Түүнээс гадна хариуцагч З******* 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр монгол хэлээр ойлгож, ярьж, кириллээр бичсэн зүйлийг уншиж чадна гэдгээ илэрхийлсэн, энэ баримтыг үндэслэн анхан шатны шүүх түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар монгол хэл дээр 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус тус танилцуулсан. Тэрээр анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр монгол хэл дээр тайлбар гаргаж ирүүлжээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд монгол хэл мэдэхгүй гэх тайлбарт үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоход хангалтгүй болно.

5.4. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, зээлийн хэмжээ болон хугацааг тоогоор илэрхийлэгдсэн тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан байна.

Харин уг гэрээний дүн 19,400,000 төгрөгийн хэмжээтэй гэж дүгнэхгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн тайлбараар талууд өмнө байгуулсан зээлийн гэрээний үүргүүдийг харилцан тохиролцож тодорхойлсноор тогтоогдож байна. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн үүрэг 8,000,000 төгрөг, зээлийн хүү 586,666 төгрөг болон 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 5,000,000 төгрөг буюу нийт 13,586,666 төгрөгийн хэмжээгээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагджээ. Энэ гэрээ хүчин төгөлдөр байна.

5.5. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд талууд зээлийн хүү тохиролцоогүй тул өмнөх гэрээний зээлийн хүүг үндсэн үүрэгт тооцоход хуульд харшлахгүй болно.

5.6. Энэ гэрээний 3.7-д алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад тус тус нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагад нийцүүлэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 13,586,666 төгрөгийн тал хувь болох 6,793,333 төгрөг болж байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч З*******/Z*******/-оос зээлийн гэрээний үүрэгт 20,379,999 /13,586,666+6,793,333/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М*******од олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/05143 дугаар шийдвэрийн удиртгал хэсэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч БНХАУ-ын иргэн З******* /Z*******/-оос 20,379,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,720,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан үндэслэлгүй тул Т.М*******од холбогдох 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай БНХАУ-ын иргэн З******* /Z*******/-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...231,250... гэснийг ...259,850... гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 230,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА