Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2016/0262/З |
Дугаар | 336 |
Огноо | 2017-05-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 336
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ө” СӨХ,
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд “Ш” СӨХ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Б.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны “Ө” СӨХ-ны удирдлагатай холбоотой маргаан иргэний хэргийн шүүхээр хянагдаад 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3061 тоот дугаартай шийдвэр гарч, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас албадан гүйцэтгэн, гэрчилгээ, тамгыг “Ө” СӨХ-д хүлээн авсан. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга Д.О нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А\945 тоот дугаартай захирамж гаргасан ба энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж гаргасан байна. Бид гомдол гаргаж, биеэр уулзахад “Ө” СӨХ гэж одоо байхгүй, “Ш” гэж СӨХ бий болсон, бид асуудлыг энд Засаг даргын өрөөнд сууж шийдвэрлэсэн гэсэн үг хэлээд, нарийн бичгийн дарга Г нь танд ойлгомжтой тайлбарлаж ярьсан тул, бичгээр хариу өгөөд яахав, та энэ бичиг баримтаа авч болно гээд өргөдөлд огноо бичээд эргүүлэн өгсөн. Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасныг минь үндэслэлтэй гэж үзэн дүүргийн Засаг даргад 01/671 тоотыг илгээж, хуулбарыг бидэнд явуулсан. Гэтэл дүүргийн Засаг дарга А/945 тоот захирамжаа хүчинтэй үлдээхийн тулд хорооны Засаг дарга болон мэргэжилтнүүдийг айл өрхүүдээр явуулж, гарын үсэг цуглуулан оршин суугчдын хурал хийхээр хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байна.
Албан тоот, захирамж гарах болсон цаг хугацаа нь сонгууль ойртсон учир СӨХ-г сонгуулийн ажилд дайчлан оролцуулах зорилгоор хууль бус үйлдлүүдийг Д.О гэгч этгээд удаа дараа гаргасан байдаг.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас оршин суугчдын хурлаа хий гээд олон удаа шаардсан. Манай удирдах зөвлөл, хяналтын зөвлөл оршин суугчдын хурал хийхгүй, шаардлага байхгүй гэж үзсэн. Яагаад гэвэл захирлаар эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараад удаагүй, ажлаа дөнгөж аваад байсан. Тэгээд надад хугацаа өг 1 жил, 6 сарын хугацаа өг гэсэн. 1 жилийн хугацаа өгсөн бол оршин суугчдын хурлаа 1 жилийн дараа хийсэн бол өөр байх байсан. Гэтэл сууц өмчлөгчдийн хурлаа хий гэж шаардаад хугацаа өгөөгүй.
Захирамжийн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 гэсэн “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар арга хэмжээ авах” заалтыг баримталсан нь ойлгомжгүй. СӨХ-г бүртгэх, СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгоход ямар хууль ёс, ямар дэг журам, ямар аюулгүй байдал хангуулах гээд байгаа юм бэ? 29.1.6.л “Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлуудаар хууль тогтоомжид заасан хэмжээ хязгаарын дотор үүрэг чиглэл өгч биелэлтийг нь хангуулах”. Гэтэл энэ захирамжууд үүрэг чиглэл өгсөн захирамжууд биш. Эрх зүйн ноцтой үр дагавар үүсгэсэн захирамжууд.
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 12 сарын 29-нд Баянгол дүүргийн Засаг дарга О-д “СӨХ-ны зохион байгуулалт үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохох нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшил ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын хөрөнгийн эд хөрөнгийн тухай хуулиар тодорхой зохицуулсан. Нөгөө талаар уг сууц өмчлөгчдийн холбооны хариуцах орон сууцны байшинд өөрчлөлт гаргаагүй тул Баянгол дүүргийн ** дүгээр хорооны ** дүгээр байрны СӨХ өөрчлөн байгуулах тул асуудлыг шийдвэрлэх ёсгүй байсан. Үүний дагуу 18 дугаар зүйлийн 18.1-д заасан бүрэн эрхийн дагуу бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэ” гэж үүрэг өгсөн. Дээд шатных нь Засаг дарга хууль зөрчсөн гэдгийг хэлсэн. Гэтэл О эсрэгээр нь шийдсэн.
Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоотоор 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуул гэсэн. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах эрх О даргад одоохондоо олгогдоогүй. Монгол Улсын хуулиараа төрийн захиргаа СӨХ-д зөвхөн ганцхан тохиолдолд оролцдог. Шинээр байшин баригдсан, эсвэл орон сууц хувьчлагдсан үед сууц өмчлөгчдийн анхны хурлыг хуралдахад оролцдог.
“Ө” СӨХ 2 гэрчилгээтэй, Хууль зүйн яамнаас олгогдсон гэрчилгээ, дүүргээс олгогдсон гэрчилгээ. Дүүргээс олгосон гэрчилгээг хүчингүй болгож байгаа юм бол Хууль зүйн яамнаас олгосон гэрчилгээ хүчинтэй хэвээрээ байгаа. Энэ гэрчилгээг хүчингүй болгох эрх Засаг даргад алга. Бүртгэгдсэн үйлдлийг нь хүчингүй болгож байж гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Засаг даргын захирамжаар гэрчилгээ олгогдсон юм бол тэр захирамж нь хүчинтэй үлдэнэ. Захирамжийг нь хүчингүй болгоогүй байж захирамжаар олгогдсон гэрчилгээг нь хүчингүй болгох эрх Засаг даргад олгогдсон юм уу.
О дансыг нь хаах албан бичиг явуулаагүй байсан бол “Ө” СӨХ хэвийн үйл ажиллагаа явуулж байх байсан. Оршин суугчдаас СӨХ-ны мөнгө аваад дансандаа төвлөрүүлж байхад О татан буулгаад, дансыг нь зүгээр л хаасан байж байгаа.
Аль ч тохиолдолд байлаа дээд шатны Засаг даргын захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргаас захирамжаа хүчингүй болго гэсэн үүрэг өгсөн. Шүүхийн шийдвэрээр Г.Т-г “Ө” СӨХ-ны захирлаар эгүүлэн тогтоогдсон байхад Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлдэггүй, хувийн байдлаар энэ хэрэгт хандсан болохоос албаны байдлаар хандаагүй.
Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичгийг, Баянгол дүүргийн Засаг даргын хууль зөрчиж гаргасан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 тоот захирамжийг, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3061 дугаартай шийдвэрээр “2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ө” СӨХ-ны хурлыг хүчингүйд тооцож, “Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн “Г.Т-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн” 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тогтоол, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай “М.Г-г гүйцэтгэх захирлаар томилсон” тогтоол, 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “М.Г-г “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, Л.У-т ажлыг хүлээлцүүлэх тухай” 03 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч Г.Т-н “...“Ө” СӨХ-ны хууль ёсоор сонгогдсон захирал тул эргүүлэн тогтоож, СӨХ-ны тамгыг хууль бусаар томилогдсон захирал Л.У-с гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн байдаг. Иймд Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны оршин суугчид нийт оршин суугчдын хурлыг 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарлаж хуралд нийт 78 гишүүд /хурлын ирц 55.6 хувь/ хуралдсан бөгөөд уг хурлаар “Ө” СӨХ-г шинэчлэн өөрчилж, нэрийг нь “Ш” СӨХ болгож, СӨХ-ны гүйцэтгэх захирал Л.У, мөн ня-бо П нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ж.Э-г томилсон. Дээрх хурлаас гарсан шийдвэр болон “Ш” СӨХ-г бүртгэж гэрчилгээг олгож өгөх хүсэлтийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн.
Уг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10/2572 дугаартай албан бичгүүдээр “Дээрх асуудлаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор “Ө” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж гарсан шийдвэрийг албан ёсоор мэдэгдэхийг хүссэн” боловч боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал”, 7.2.5-д “СӨХ-г өөрчлөн байгуулах эрх нь холбооны дээд байгууллага болох “Бүх гишүүдийн хурал”-д байдаг”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж хуульчилсан байдаг тул 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүх гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр хуралдсан дээрх хурлын шийдвэр, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаартай захирамжаар “Ш” СӨХ-г дүүргийн СӨХ-дын бүртгэлд бүртгэж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот дугаартай захирамжаар "Ө" СӨХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ нь сонгуультай ямар ч хамааралгүй юм.
2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 дугаартай албан бичиг нь 2015 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн бүх гишүүдийн хурал 55.6 хувийн ирцтэй хуралдсан, СӨХ-оо өөрчлөн байгуулах, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна. Иймд ирцыг баталгаажуулах үүднээс “Ө” СӨХ-ны захирал гэх Г.Т болон удирдах зөвлөлийн дарга Ж.П нарыг бүх гишүүдийн хурлаа дахин хуралдуулах албан бичиг явуулсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л гэсэн заалтыг үндэслэл болгосон байдаг. Энэ нь “нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэм хэмжээ хязгаарын дотор үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулна” гэж байгаа. Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.3-т Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар буюу оршин суугчдын санаачлагаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачлагаар хуралдуулна. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум дүүргийн Засаг даргын оролцоо байгаа. Нэгжийн хууль дээр ингэж уялдаж орж ирж байгаа учраас дээрх хуулийн заалтыг үндэслэл болгожээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”.
Холбоог өөрчлөх шинээр байгуулах асуудал оршин суугчдын, сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдсан гэж ойлгож байгаа. Тийм ч учраас бүртгүүлье, бид нар шинээр холбоо байгуулчихлаа гээд Засаг даргад хандахад Засаг дарга баталгаажуулах үүднээс тухайн асуудлаар холбоонд нь бүх гишүүдийн хурлаа хуралдуул гэж мэдэгдсэн, хуралдуулах боломжгүй гэсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын албан бичгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ш” СӨХ-г хүчингүй болгосон гээд “Ө” СӨХ-ны энэ дансанд мөнгөө тушаагаарай гэсэн зарлал мэдээлэл байрны орцнуудад тавьсан асуудал байгаа.
Дараагийн асуудал бол Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт “... хэдийгээр хавтаст хэрэгт Хууль зүйн яамнаас 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Ө СӨХ-оог гэрчилгээ олгон, Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн 2005 оны 11 сарын 14-ний өдрийн 235 дугаартай тодорхойлолт, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрүүдэд Ө СӨХ-ны захирал Г.Т гэж бичигдсэн эдгээр баримтууд нь Г.Т-г Ө СӨХ-ны захирлаар хуулийн дагуу томилогдсон эсэхийг нотлохгүй байна.” гэж дурдсан байдаг. Эндээс үзэхээр Г.Т нь өөрөө “Ө” СӨХ-ны хууль ёсны захирал нь мөн үү гэдэг асуудал нь эргэлзээ төрүүлж эхэлж байгаа. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэг үндэслэлээр ерөөсөө энэ нэхэмжлэлийг анхнаасаа шүүх хүлээж авах үндэслэлгүй байжээ гэдэг агуулга гарч ирж байгаа. Эцэст нь хэлэхэд дүүргийн Засаг дарга О гэдэг хүний нэр маш их сонсогдлоо. Бид бол О гэдэг хүнд биш дүүргийн Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож, тайлбараа гаргаж байгаа. Тухайн байрны оршин суугчдын эрх ашиг, хүсэл сонирхол нь хаашаа байна бид тэр иргэдэд хүсэл зоригийнх нь дагуу үйлчилж шийдвэр гаргах үүрэгтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд “Ө” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Гуравдагч этгээд “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Э, түүний өмгөөлөгч хариу тайлбартаа: “...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Баянгол дүүргийн **-р хорооны **-р байрны Ө СӨХ-оос Баянгол дүургийн Засаг дарга Д.О-г хариуцагчаар татаж гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан “Ш” СӨХ-оос дараахи тайлбарыг гаргаж байна.
Иргэний шүүхийн 2014 оны 10-р сарын 15-ны өдрийн 3061 тоот дугаартай шийдвэрээр Г.Т-н “... “Ө” СӨХ-ны хууль ёсоор сонгогдсон захирал болохыг тогтоолгох, “Ө” СӨХ-ны тамга тэмдгийг Л.У-с гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Мөн “Ө” СӨХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлыг хүчингүйд тооцож, “Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн “Г.Т-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн” 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тогтоол, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай “М.Г-г гүйцэтгэх захирлаар томилсон” тогтоол, 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “М.Г-г “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Л.У-т ажлыг хүлээлцүүлэх тухай” 03 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “Ө” СӨХ, Л.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, Г.Т-д олгохоор шийдвэрлэжээ.
Ингэснээр Г.Т /1998-2011/ нь хуулийн дагуу захирал болсон нь баримтаар тогтоогдоогүй, “Ө” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг шүүхээс хүчингүйд тооцсоноор үндсэндээ “Ө” СӨХ хууль бус болох нь тогтоогдсон. Гэтэл Г.Т нь уг шийдвэрийн санааг мушгин гуйвуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өрөөсгөл ойлголтыг төрүүлж “Ө” СӨХ-ны тамга, гэрчилгээг Л.У /2012-2015 он/-ээс албадан гаргуулж авсан.
Шүүхийн 3061 дүгээр шийдвэртэй холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.3-т “ Ээлжит бус хурлыг бүх гишүүдийн 1/3 доошгүй хувийн саналаар хуралдуулж болно” гэж заасныг баримтлан сууц өмчлөгчдийн санаачилгаар 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 55.6 хувийн ирцтэй хурал хийж, бүх гишүүдээс гаргасан санал болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал", 7.2.5-д заасан “Холбоог өөрчлөн байгуулах” гэсэн заалтуудыг үндэслэн “Ө” СӨХ-ны нэрийг өөрчлөн “Ш” СӨХ болгон шинэчлэн зохион байгуулж, Удирдах зөвлөл, Хяналтийн зөвлөл, гүйцэтгэх захирлыг шинээр томилж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн.
Г.Т-д энэ хурал хийх талаар албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр уг хуралд оролцоогүй. “Ш” СӨХ-г бүртгүүлэхээр хурлын холбогдох материалыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт өгөх үед манай материалыг шууд хүлээн аваагүй бөгөөд Г.Т-н гаргасан гомдлыг харгалзан үзэж Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Г.Т-д бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, албан ёсоор хариу өгөх тухай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот хугацаатай албан бичиг өгсөн боловч бүх гишүүдын хурлыг хийгээгүй байдаг.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуралд оролцсон гишүүдийн олонх саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Иймээс бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, удирдах зөвлөлийн тогтоолуудыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 тоот захирамж гаргаж, 218 тоот гэрчилгээг “Ш” СӨХ-д олгосон ба Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот захирамжаар “Ө“ СӨХ-ны 2011 оны 53 тоот гэрчилгээг хүчингүй болгосон. Шүүхийн 3061 дүгээр шийдвэрээс үзэхэд “Ө” СӨХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлыг хүчингүйд тооцсон тул уг хурлыг хүчингүйд тооцсон шийдвэрийг үндэслэн олгосон Баянгол дүүргийн Засаг дарга н.А-н 2011 оны 11 дүггээр сарын 30-ны өдрийн “Ө” СӨХ-ны гэрчилгээ хүчингүйд тооцогдох, “Ш” СӨХ-г бүртгэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар захирамж нь хуулийн үндэслэлтэй.
Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 тоот захирамж нь хуулийн үндэслэлтэй болохыг тогтоолгох, 2014 оны 3061 дүгээр шүүхийн шийдвэрт Г.Т “Ө” СӨХ-ны хууль ёсоор сонгогдсон захирал болох нь баримтаар нотлогдож тогтоогдоогүй, гэрчилгээ нь хүчингүй болсон, тамга тэмдгийг хууль бусаар авсан тул Г.Т нь СӨХ-ны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Т нь “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны сууц өмчлөгчдийн хурлаас “Ө” СӨХ 1999 онд байгуулагдан, СӨХ-дын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулсан ба 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас тус СӨХ-ны захирлын үүрэгт ажлаас Г.Т-г чөлөөлж, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон, гүйцэтгэх захирлыг томилжээ. Энэ хурлын шийдвэрийг эс зөвшөөрөн Г.Т нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн иргэний анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3061 дүгээр шийдвэрээр Г.Т-н нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж “Ө” СӨХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлыг хүчингүйд тооцож, “Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын “Г.Т-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн” тогтоол, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “М.Г-г гүйцэтгэх захирлаар томилсон” 04 дүгээр тогтоол, 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “М.Г-г “Ө” СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Л.У-т ажлыг хүлээлцүүлэх тухай” 03 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас “Ө” СӨХ-ны хууль ёсоор сонгогдсон захирал тул эгүүлэн тогтоолгох, “Ө” СӨХ-ны тамга тэмдгийг Л.У-с гаргуулах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тодруулбал, “Ө” СӨХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурал, тус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон, харин Г.Т-г “Ө” СӨХ-ны захирлаар эгүүлэн тогтоолгох, СӨХ-ны тамга тэмдгийг Л.У-с гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Улмаар Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны оршин суугч, сууц өмчлөгчид 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүх гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр хуралдан шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэн тус байрны СӨХ-г шинэчлэн байгуулах, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн “Ш” гэсэн нэрээр тус байрны СӨХ-г шинэчлэн байгуулж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгон, удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлыг сонгож, шинэчлэн байгуулсан “Ш” СӨХ-г бүртгүүлэхээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст 2015 оны 11 дүгээр сарын 02, 11 дүгээр сарын 11-ний өдөр хандаж өргөдөл гарган хурлаас гарсан болон удирдах зөвлөлийн шийдвэрүүдийг хүргүүлсэн байна.
Ийнхүү Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны СӨХ-г шинэчлэн байгуулж бүртгүүлэхээр материал ирүүлсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичгээр, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10/2572 тоот албан бичгээр тус тус “шинээр СӨХ байгуулах гэж буй иргэд, оршин суугчид болон “Ө” СӨХ-нд тулгарч буй асуудлыг захиргааны журмаар шийдвэрлэхийн тулд “Ө” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг яаралтай хуралдуулах” талаар хугацаа тогтоож “Ө” СӨХ-д мэдэгдсэн боловч “Ө” СӨХ бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдуулаагүй байна.
Иймээс “Ш” СӨХ-г бүртгүүлэхээр хүргүүлсэн Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, удирдах зөвлөлийн тогтоолуудыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар захирамжаар Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны “Ш” СӨХ-г бүртгэж, 218 тоот гэрчилгээг олгон, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжаар “Ө“ СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгосонд тооцжээ.
Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л-д зааснаар “нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй байгууллагад иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах” бүрэн эрхтэй, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар СӨХ-г зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн холбоог бүртгэх бүрэн эрхтэй бөгөөд, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар “холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулах” ба, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.”, 7.2.5-д зааснаар “бүх гишүүдийн хурлаар холбоог өөрчлөн байгуулах асуудлыг шийдвэрлэх” тул “Ш” СӨХ-г бүртгүүлэхээр хүргүүлсэн Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, удирдах зөвлөлийн тогтоолуудыг үндэслэн Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны “Ш” СӨХ-г бүртгэж, 218 тоот гэрчилгээг олгон, “Ө“ СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгосонд тооцсон Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжууд дээрх хуулийн заалтуудад нийцжээ.
Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Ө” СӨХ-ны 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурал, тус хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон ч Г.Т-г “Ө” СӨХ-ны захирлаар эгүүлэн тогтоолгох, СӨХ-ны тамга тэмдгийг Л.У-с гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор тус байрны сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлыг хийж, удирдлагыг сонгож, томилох шаардлага үүссэн гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “ “сууц өмчлөгчдийн холбоо гэж” нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгох” ба 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” байна.
Харин Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны сууц өмчлөгчид, оршин суугчдын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулсан эсэх, мөн өдрийн хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөхгүй бөгөөд энэ талаар хуулийн хугацаанд нь харьяалах шүүхэд нь тухайн үед маргаагүй байсан тул “Ш” СӨХ-г бүртгүүлэхээр хүргүүлсэн Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, удирдах зөвлөлийн тогтоолуудыг үндэслэн бүртгэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээр дурьдсанчлан Баянгол дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр байрны СӨХ-г шинэчлэн байгуулж бүртгүүлэхээр материал ирүүлсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс шинээр СӨХ байгуулах гэж буй иргэд, оршин суугчид болон “Ө” СӨХ-нд тулгарч буй асуудлыг захиргааны журмаар шийдвэрлэхээр тус холбоонд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах талаар мэдэгдсэн, өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг “Ө” СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үр дагавар үүсгээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах “Ө” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л, 29.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2515 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/945 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай “Ө” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА