Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0359/З |
Дугаар | 221/МА2019/0494 |
Огноо | 2019-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0494
2019 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2019/0494 | Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0446 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0446 дугаар шийдвэрээр: Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Бөхөгтүргэн” ХХК-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/77 дугаар захирамжийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Б” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй талаар:
Маргаан бүхий захиргааны актын үйлчлэл болон чиглэгдсэн этгээд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулан, тээвэрлэлт хийж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага. Гэтэл нэхэмжлэгч Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд маргаан бүхий захирамжаар дээрх байгууллагын үйл ажиллагааг тээвэрлэлтийг зогсоож хязгаарласан ямар ч зохицуулалт байхгүй.
Шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар:
Тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагууд авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ даацаар тээвэрлэлт хийх суурьшлын бүсийн дундуур зорчиж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа талаар газар нь дээр үзлэг хийж бодит нөхцөл байдлыг тодруулаагүй хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.
Хууль зүйн үндэслэлийн талаар:
Хуулиар эрх олгогдоогүй. Нийслэлийн Засаг дарга гаргах хууль зүйн зохицуулалттай гэж дүгнэсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 дүгээр захирамжаар газар хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын тээврийн хэрэгслийг жингээс нь хамаарч түр хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарладаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах үүднээс дүүргийн Засаг даргын 2019 оны А/77 дугаар захирамжаар хяналт шалгалтын ажлыг зохион бйагуулж зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авсныг буруу дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний А/77 дугаар захирамжийн 2 дахь заалтаар тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хүнд даацын автомашины 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авто болон шороон замаар тээвэрлэлт хийхийг хоригложээ.
Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах”, 14.1-д “Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг дараахь эрх бүхий албан тушаалтан гаргаж нийтэд мэдээлнэ”, 14.1.2-т “орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд нийслэл, тухайн аймаг, сумын Засаг дарга”, 14.2-т “Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, автотээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно” гэж зохицуулсан байна.
Дээрх хуулийн заалтаар тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг орон нутагт тухайн аймаг, сумын Засаг дарга, нийслэлд нийслэлийн Засаг дарга гаргахаар хуульчилсан тул хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын хуулиар эрх олгогдоогүй байхад авто болон шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглосон шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн заалтад хамаарах илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
Хариуцагчаас гаргасан захирамжийн үндэслэл болгосон Авто замын тухай болон Автотээврийн тухай хуулийн заалтууд нь дүүргийн Засаг даргад автозамын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвсгэрт буй байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, автотээврийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих эрх олгогдсоноос бус тээвэрлэлтийг хориглох эрх олгогдоогүй байна.
Шүүхээс маргаж буй захиргааны актыг эрх хэмжээгүй этгээд гаргасан нь илт хууль бус гэж дүгнэж шийдвэрлэсэн нь эрх бүхий этгээдээс хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн нөхцөл байдалтай холбогдуулан тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргахад саад болохгүй.
Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/77 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захирамж гаргасан” хэмээн тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч захиргааны акт хууль бус байх нэг үндэслэл нь захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдож байх нөхцөл...” хэмээн дүүргийн Засаг даргын захирамжийг илт хууль бус шийдвэр байна гэж зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь агуулгын алдаатай, мөн маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Бөхөгтүргэн” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хүлээн авахгүй боломжгүй.
Учир нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших авто болон шороон замаар хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийхийг хориглосон шийдвэр нь тухайн замаар зорчдог хүнд даацын тээврийн хэрэгсэл эзэмшигч нар болон хүнд даацын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгж байгууллагад хамаарах бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл уг замаар тээвэрлэлт хийдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг шийдвэрийн улмаас эрх нь хөндөгдөөгүй, уг шийдвэртэй маргах эрхгүй гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0446 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/77 дугаар захирамжийн 2 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ