Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01285

 

Ж.С-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/01617 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.С-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие эхнэр Д.Б-ийн хамт 2022 оны 12 сарын 08-ны өдөр Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ба-тай Бартераар орон сууц захиалах гэрээ-г байгуулсан. Х ХХК-нийн менежер н.А-ын зуучлалаар Баянзүрх дүүрэг, **-р хороо, О хороолол, **-р блок, *-р орц, **-р давхар, 53.75 м.кв, 2 өрөө орон сууцыг 112,250,000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт эхнэр Д.Б-ийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай Р /R/ маркийн суудлын машиныг 80,000,000 төгрөгөөр тооцож 2022 оны 12 сарын 08-ны өдөр Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн. 2023 оны 11 сарын 01-ний өдөр О хорооллын борлуулалтын албанд очиж уулзахад Х ХХК-тай байгуулсан цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах гэрээг цуцалсан, таны нэр дээр гэрээ байгуулсан орон сууц өөр хүнд зарагдсан гэж Т ХХК-ийн захирал П.М хэлсэн. Анх зуучилсан н.А-тай холбоо барихад би ажлаасаа гарсан, гэрээ хийсэн Д.Б-аас асуу гэж хариу өгсөн. Гүйцэтгэх захирал Д.Ба-тай утсаар ярихад ажлаас гарсан, машин Х ХХК-ийн өмчид хэвээрээ байгаа гэсэн. Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Х-тай утсаар 2023 оны 11 сарын 07-ны өдрөөс холбогдоход Замын-Үүд дээр лифт бууж байна, гаалийн бүрдүүлэлт хийж байна, хот ороод залгана гэсээр хэсэг хугацаа өнгөрсөн. 2023 оны 11 сарын 22-ны өдөр өөрийн биеэр А.Х-тай уулзаад машинаа буцааж авая гэхэд танай машин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжлэгдсэн, би төлнө. Хууль шүүхээр явахад татгалзахгүй гэж хэлсэн.

Иймд Х ХХК-д шилжүүлэн өгсөн **-** У** машины үнэ 80,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Б нь 2022 оны 12 сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г иргэн Ж.С, Д.Б нартай байгуулсан байдаг. Манай компани Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г 2022 оны 12 сарын 08-ны өдөр иргэн Ж.С, Д.Б нартай байгуулахдаа Х ХХК болон Т ХХК-ийн хооронд 2022 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан НМРI20220817 дугаартай "Цахилгаан шат нийлүүлэх гэрээ-ний дагуу Баянзүрх дүүрэг, **-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй О хорооллын орон сууцны зориулалттай 16 давхар барилгын 2 блокд 6 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, 724,070,880 төгрөгийн гэрээний нийт үнийн дүнтэй, 100 хувийн бартераар авсан 6 орон сууцны нэг нь юм. Х ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 0-14011407 дугаар Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу хийгдсэн гэрээ юм. Т ХХК-ийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 135 дугаар албан бичиг зэргийг үндэслэсэн. Иймд манай компанийн нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний хэрэгжилт Т ХХК-тай байгуулсан дээрх гэрээнүүдтэй салшгүй холбоотой төдийгүй Х ХХК болон Т ХХК-ийн хоорондын 0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-ний захиалагчийн эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэхээр, орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний зүйл Т ХХК-тай салшгүй холбоотой. Х ХХК нь Т ХХК-тай 2022 оны 10 сарын 06-ны өдрийн НМРI20220817 дугаартай Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, 0-1401 1407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулснаас хойш манай компани Т ХХК-д гэрээнд заасан хугацаанд цахилгаан шатаа нийлүүлэхэд тус цахилгаан шатны төлбөрийг бартерын орон сууц байхаар тохиролцсон нь хүндрэл учруулж хөрөнгө, мөнгөний хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хугацаа алдсан боловч, гэрээнүүдийн үүргээ биелүүлэхээр Т ХХК-ийн гүйцэтгэх захирал н.М, эрх бүхий ажилтан н.Батбаяр нартай удаа дараа уулзаж, цахилгаан шатаа нийлүүлэх талаар ярилцаж байсан боловч манай компанийг, гүйцэтгэх захирал А.Х ыг эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулсаар 2023 оны 11 сар хүрсэн болно. Манай компани БНХАУ-аас оруулж ирсэн цахилгаан шатаа өгөх гэсэн боловч "Т" ХХК авахаас татгалзаж, гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Өнөөдрийн байдлаар Т ХХК-ийн Баянзүрх дүүрэг, **-р хороо, О хороолол, **-р блокийн барилга нь баригдаагүй, зөвхөн суурь нэгдүгээр давхрын өрөлттэй, газрын маргаантай бүрэн зогссон. Т ХХК-тай байгуулсан гэрээг манай компанид түр томилогдон ажиллаж байсан Д.Б гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурж байгуулахдаа хариуцлагагүй хандсан байдаг. Иймд дээрх шалтгааны улмаас орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний урьдчилгаа төлбөрт тооцон авсан Д.Б-н өмчлөлийн **-** У** улсын дугаартай Р /R/ маркийн суудлын автомашин манай компанийн өмчлөлд бүртгэлтэй байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т зааснаар хариуцагч Х ХХК-иас 80,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Х ХХК болон Т ХХК-ийн хооронд 2022 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан HMPI20220817 дугаартай Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, мөн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалан бариулах гэрээ, Т ХХК-иас 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 135 дугаартай албан бичиг зэргийг тус тус үндэслэн байгуулагдсан цуцлагдаагүй хүчин төгөлдөр гэрээ юм. 100 хувь бартерын нөхцөлөөр харилцан тохиролцсон тул манай талаас бартерт авсан захиалгын гэрээтэй орон сууцыг гуравдагч этгээдэд худалдаж лифт нийлүүлэх нөхцөл үүсдэг. Нөгөө талаас манай компанийн эдийн засгийг нэр бүхий хүмүүс тоносноос шалтгаалан хэдэн компанийн лифт нийлүүлэх ажил тодорхой хугацаанд хойшилсон. Гэвч энэ нь Х ХХК болон Т ХХК нарын дээрх талуудын хоорондох гэрээ цуцлах болон татгалзах үндэслэл болоогүй байхад нэхэмжлэгч Ж.С нь гэрээний урьдчилгаанд өгсөн автомашины төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч Ж.С нь нэхэмжлэл гаргахдаа Т ХХК-тай гэрээ цуцалсан гэж амаар сонсмогц ямар нэг хууль ёсны баримтгүйгээр манай компанийг буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтгүй гүтгэж, хэрэгт мөн Х ХХК, Т ХХК-ийн хоорондын гэрээ цуцалсан баримт байхгүй байхад манай компанитай байгуулсан гэрээний үүрэг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй

4.3.  Нэхэмжлэгч Ж.С нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Х ХХК болон Ж.С нарын хооронд байгуулсан гэрээг цуцлах болон тус гэрээнээс татгалзсан эсэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн талуудын хооронд 2022 оны 12 сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний төлбөрт урьдчилгаа 80,000,000 төгрөгт маркийн **-** У** улсын дугаартай автомашины үнийг нэхэмжилсэн нь тодорхойгүй ойлгомжгүй байхад иргэний хэрэг үүсгэж, хэрэг маргааны хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр нь өөрөө үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн автомашины үнийг гаргуулж байгаа бол талуудын хооронд байгуулсан 2022 оны 12 сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г цуцалсан, татгалзсан эсэх нь тодорхойгүй, тус гэрээний үүрэг хэвээрээ байхад ямар үндэслэлээр маркийн **-** У** улсын дугаартай автомашины төлбөр 80,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

4.4. 2022 оны 12 сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г цуцалсан татгалзсан эсэх нь тодорхойгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч манай Х ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж, Ж.С-д 80,000,000 төгрөг өгөөд дээр нь уг Орон сууц захиалгын гэрээ захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний үүрэг хүчин төгөлдөр хэвээр үлдэж хохирч байна.

4.5. Хариуцагч талаас хэрэв талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаад үүний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 80,000,000 төгрөгийн маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг буцаан авах тохиолдолд түүний үнэ 80,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь анх талуудын хооронд гэрээ байгуулахдаа бартераар тооцсон мөн орон сууц ашиглалтад орох болоогүй байсан тул 80,000,000 төгрөгт авч байсан. Гэтэл худалдан авагч тал гэрээнээс татгалзаж өгсөн, авснаа буцааж байгаа үед тухайн автомашиныг гэрээ байгуулсан буюу 2024 оны 12 сарын 08-ны өдрөөр Rexton маркийн **-** У** улсын дугаартай автомашины үнэлгээг гаргуулах хүсэлтийг хариуцагчаас гаргахад анхан шатны шүүх хүлээн аваагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч Ж.С нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ машин ч үгүй, мөнгө ч үгүй, орон сууц ч үгүй хоцрохгүйн тулд **-** У** улсын дугаартай, Р маркийн суудлын автомашинаа буцаан авна гэж шаардлагаа тодорхойлсон харин шүүх хуралдаанд 80,000,000 төгрөг гаргуулна гэж мөнгө шаардсан ба талуудын 2022 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулахад тус автомашины үнэлгээ зах зээлийн үнэтэй нийцээгүй, дэндүү үнэтэй тул маркийн **-** У** улсын дугаартай автомашины 2022 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлэн өгсөн **-** У** улсын дугаартай Р /R/ маркийн автомашины үнэ 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Х ХХК болон Т ХХК-иуд 2022 оны 10 сарын 06-ны өдөр 0-14011407 дугаартай Бартераар орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь цахилгаан шат нийлүүлэх, Т ХХК нь Баянзүрх дүүрэг, **-р хороо, О хороолол, **-р блок, 1-р орц, **-р давхар, * тоот 53.75 м.кв 2 өрөө 129,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг цахилгаан шатны үнэд тооцож шилжүүлэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон;

3.2.  Дээрх гэрээний үндсэн дээр Х ХХК болон Ж.С, Д.Б нар 2022 оны 12 сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь дээр дурдсан орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлэх, Ж.С, Д.Б нар гэрээний үнэд 118,250,000 төгрөг төлөх, үүнээс 80,000,000 төгрөгт тооцож Д.Б-ийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай Р /R/ маркийн автомашины өмчлөлийг шилжүүлэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон;

3.3.  Мөн өдөр Ж.С, Д.Б нар **-** У** улсын дугаартай Р /R/ маркийн автомашины өмчлөлийг Х ХХК-д шилжүүлэн өгсөн.

4.  Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэл муутай.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн буюу Х ХХК нь орон сууцны захиалагчийн эрхээ шилжүүлэх, Ж.С, Д.Б нар автомашин болон мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

5. Х ХХК болон Ж.С, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилт нь Х ХХК болон Т ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилтээс шууд хамааралтай нөхцөл байдал тогтоогдсон.

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...цахилгаан шатны төлбөрийг бартерын орон сууц байхаар тохиролцсон нь хүндрэл учруулж, хөрөнгө мөнгөний хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хугацаа алдсан... гэж, ...Т ХХК-ийн гүйцэтгэх захирал н.М ...-тай удаа дараа уулзаж, цахилгаан шатаа нийлүүлэх талаар ярилцаж байсан боловч амжилтанд хүрээгүй... гэж, ...Өнөөдрийн байдлаар Т ХХК-ийн ... **-р блокийн барилга нь баригдаагүй, зөвхөн суурь, 1-р давхрын өрөлттэй, газрын маргаантай гээд бүрэн зогссон байгаа болно... гэж тус тус дурджээ.

Дээрхээс үзвэл Х ХХК болон Т ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй, улмаар Х ХХК болон Ж.С, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэхээр байна.

Иймд ...Х ХХК болон Т ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, цуцлагдаагүй байхад нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаанд өгсөн автомашины үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй... гэсэн агуулгатай хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байх тул нэхэмжлэгч Ж.С нь Иргэний хуулийн 225.1, 226.1.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй.

Мөн хэргийн баримт, зохигчдын тайлбараар **-** У** улсын дугаартай Рекстон /Rexton/ маркийн автомашин нь Х ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд битүүмжлэгдсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Ж.С нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар уг автомашиныг биет байдлаар бус мөнгөөр шаардах эрхтэй.

7. Х ХХК болон Ж.С, Д.Б нарын хооронд 2022 оны 12 сарын 08-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний 3.2-т **-** У** улсын дугаартай Р /R/ маркийн автомашиныг 80,000,000 төгрөгт тооцож авахаар тусгасныг гэрээний талуудын харилцан тохиролцсон үнэ гэж үзэх тул нэхэмжлэгч нь уг дүнг хариуцагчаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд ...автомашины үнэ 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн агуулгатай хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх ...шинжээч томилж автомашины үнийг тогтоолгох... тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/01617 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...189 дүгээр зүйлийн 189.1... гэснийг ...274 дүгээр зүйлийн 274.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР