| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0119/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/129 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 24.6.2.4., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сод холбогдох эрүүгийн 1938001740132 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ... улсын дугаартай Портер маркийн машинаар зохих зөвшөөрөлгүй 5.8 м.куб хэмжээтэй шинэс мод тээвэрлэж экологи эдийн засагт 336.000 төгрөгний хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 02 сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хишигдэмбэрэл гэдэг нэртэй мэргэжлийн мод бэлтгэлийн компаний эзэн Ж.Батсуурь гэдэг хүнтэй утсаар яриад түлээгүй болчихлоо. Түлчихээр мод байна уу гэж асуусан. Ж.Батсуурь гэдэг хүн манай мод бэлтгэлийн компаний хашаанд тайрдаснууд байгаа хамаад ачиж авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 02 сарын 15-ны өдөр ах Ганболдын ... улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслээр Хатгал тосгонд байдаг Хишигдэмбэрэл ХХК-ний хашаанаас шинэс модны тайрдаснууд ачиж авсан. Тэгээд 02 сарын 16-ны орой 22:00 цагийн үед байх Хатгал тосгоноос Мөрөн сум руу орох гээд явж байтал цагдаа тааралдаад зогсоож шалгасан. Би уг нь Хатгал орохоосоо өмнө Хатгал тосгоны байгаль хамгаалагч Галбаяртай утсаар ярьж би очиж мод авах гэж байна, чи байх юм уу гэж асуусан чинь Хатгалд байна гэж байсан. Тэгээд би Хатгалд яваад очтол Галбаяр надтай зөрөөд Мөрөн явчихсан байсан. Тэгээд би Галбаяр руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би Галбаярыг байхгүй байсан болохоор зөвшөөрөл гарал үүслийн бичиг авалгүйгээр шууд модоо ачаад ороод ирсэн...” гэх мэдүүлэг,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-4 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/,
Хохирогч Д.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Хатгал тосгоны захирагчийн албанаас уг хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон болохоор би хохирогчоор оролцож байна. Экологи эдийн засагт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулвал надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Т.С нь надтай хэд хоногийн өмнө яриад түлшинд түлчихээр мод байна уу гэхээр нь би манай мод бэлтгэлийн компаний хашаанд модны тайрдаснууд байгаа. Унаа тэрэг олоод очоод авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр манай компаний хашаанаас очиж модны тайрдас ачиж авсан юм байна лээ. Би тэр модыг зохих зөвшөөрөлтэйгээр 2018 оны 12 дугаар сард Хатгал тосгоны Жанчив толгой гэдэг газраас бэлтгэсэн. Миний Т.Сод өгсөн тайрдаснууд бол тэр бэлтгэсэн модны үлдэгдэл байсан юм. Би Т.Сод падаан бичиж өгсөн. Харин Т.С тухайн үед байгаль хамгаалагч байхгүй байсан гэдэг шалтгаанаар манайхаас авсан түлшний модоо тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ тээвэрлэх эрхийн бичиг аваагүй юм байна лээ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Т.С бол миний төрсөн дүү байгаа юм. Т.С нь МСҮТ-д багш ажил хийдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, архи, тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу зан араншинтай, хүнтэй нэг маргалдаж муудалцаад байдаггүй хүн дээ. Миний машин 2019 оны 02 дугаар сард Т.Сын хашаанд байсан. Тэр үеэр Т.С миний машиныг унаж Хатгал руу явж мод ачиж ирсэн юм байна лээ. Би 2019 оны 02 дугаар сард машинаа унах хэрэг болоод асуусан чинь надад мод ачиж яваад цагдаад баригдчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 2019/01 дугаартай:
1. Иргэн Т.Сын тээвэрлэсэн модыг хэмжихэд 5,8 м.куб хэмжээтэй, хөрөөдөж хагалан хатаасан түлшний зориулалтаар бэлтгэсэн шинэс мод байна.
2. Иргэн Т.Сын тээвэрлэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 336.000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 26 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын тодорхойлолт /ХХ-ийн 46-47, 49, 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938001740132 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.С нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ... улсын дугаартай Портер маркийн машинаар 5.8 м.куб хэмжээтэй шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж экологи эдийн засагт 336.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-15-р хуудас/, гэрч Ж.Б-ийн /ХХ-ийн 19-21-р хуудас/, гэрч Т.Г-ын /ХХ-ийн 22-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер Ц.Э-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 2019/01 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-4 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тодорхойлолт /ХХ-ийн 51-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Сыг төрийн албан хаагч гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.С нь экологи эдийн засагт 336.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.С нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 49 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938001740132 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 5.8 м.куб сажилсан шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938001740132 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Стөрийн албан хаагч гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.С1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сод оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Сод хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 5.8 м3 шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 1938001740132 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР