| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00433/и |
| Дугаар | 00453 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00453
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОС65121006, Шарилж овогтой Данаажавын Чимгээгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Чимгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хонь маллаж байсан. Одоо би 4 хүүхэдтэй, 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгох болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Чимгээ нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан Данаажавын Чимгээгийн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Мягмаржав, П.Дуламжав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд Б.Мягмаржав шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Д.Чимгээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Даланхуруу бригадад насаараа мал малласан хүн юмаа. Д.Чимгээ нь 1981 оноос 1990 оныг дуустал Сүхбаарын зам нэгдэлд мал малласан. Би 1980 оноос 1990 оныг дуустал Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба Д.Чимгээ бид хоёр нэг нутгийнх, мөн Сүхбаатарын зам нэгдэлд 9-10 орчим жил хамт ажиллаж байсны хувьд би түүний талаар сайн мэднэ. Сүхбаатарын зам нэгдэл нь 1992 онд хувьчлагдаж “Арцат” компани болсон. Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар Б.Хоожин, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч П.Дуламжав шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би 1979 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Ахуй үйлчилгээнд 1990 оныг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Д.Чимгээ нь 1981 оноос 1990 оныг дуустал хугацаанд Сүхбаарын зам нэгдлийн Даланхуруу бригадад мал малласан. Д.Чимгээгийн гэр манай гэртэй ойролцоо нэг баг бригадад хамт байдаг байсан учраас нэгнээ сайн мэднэ. Д.Чимгээ нь одоо ч Цагаанхайрхан сумандаа малаа маллан амьдарч байгаа. Сүхбаатарын зам нэгдэл нь 1992 онд хувьчлагдаж “Арцат” компани болсон. Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар Б.Хоожин, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба хэрэгт гэрч П.Дуламжавын ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 266 дугаартай шийдвэрийн хуулбар, мөн гэрч Б.Мягмар-Очирын цалингийн тодорхойлолт болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 296 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд авагджээ.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгч Д.Чимгээгийн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Чимгээгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарилж овогтой Данаажавын Чимгээгийн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар нийт 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Чимгээгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА