Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/128

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чд холбогдох эрүүгийн 1938002730131 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоот иргэн Э.Сын гэрээс ягаан алаг бүтээлэг, бор шаргал өнгийн годон гутал, ВSВ маркийн хар өнгийн 32 инчийн LCD зурагт хулгайлж 550.000 төгрөгний хохирол учруулж хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 10-р хороогоор хадам талынхаа нэг айлыг хайж яваад нэг айл руу ороход тухайн айл эзэнгүй байсан. Тиймээс цонхыг нь хагалж ороод дотроос нь зурагт аваад бүтээлгэнд ороож мөн годон гутал байхаар нь өмсөөд гарсан. Тэгээд тэр айлын хашаагаар гараад ирсэн чинь нэг танихгүй эрэгтэй хүн намайг бариад авсан. Тэгээд цагдаа дуудаад би баригдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 7 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

      Хохирогч Э.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт хулгай хийж байсан хүнийг Ганцоож ах барьсан байсан. Манай гэрт орж зурагт, миний цааны годон гутал зэргийг хулгайлсан байсан. Манай байшингийн цонхоор орсон байсан. Би алдсан зурагт, годон гутлаа хүлээж авсан. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

      Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би түгээлтэнд явж байгаад 14 цагийн үед эхнэрээ авах гээд 10-р баг 12-р гудамжны үзүүрт явж байсан чинь манай хадам дүү Пүүжээгийн хашааны араар үл таних эрэгтэй хүн давж гарч ирж байхаар нь машин дотроос ажиглаж байсан чинь орны бүтээлгэнд юм үүрээд нэг хүн гарч ирэхээр нь юу авч гарч ирж байгаа юм гэж бодоод харж байсан чинь манай эхнэр гарч ирсэн. Тэгээд тэр залууг барьж авсан чинь манай хадам дүүгийн гэрт хулгайгаар орж эд зүйлийг нь хулгайлсан байсан. Годон гутлыг нь өмссөн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй тухай албан тоот, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 38, 40, 51-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002730131 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот иргэн Э.Сын гэрээс ягаан алаг бүтээлэг, бор шаргал өнгийн годон гутал, ВSВ маркийн хар өнгийн 32 инчийн LCD зурагт хулгайлж 550.000 төгрөгний хохирол учруулж хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Э.Сын мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, гэрч П.Г-ийн /ХХ-ийн 17-18-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-5 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 7 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.С нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ч нь урьд 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 38, 43-50 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Ч нь ам бүл 3, эгч, дүүгийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 1938002730131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Б.Чхулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чгийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     5. Эрүүгийн 1938002730131 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР