Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Ш.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Өод холбогдох 1912001720097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар баг Тамир хорооллын 23-2303 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт ШӨ /РД:../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ш.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 23-2303 тоотод эхнэр М.О нүүр орчим нь цохиж /тархи доргилт/ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912001720097 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Оийн мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед манай нөхөр гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд хоол аягалж өгчихөөд байж байтал Мутаснаас гэрт суудаг, гэрийн янхан гэсэн мессеж миний утсанд ирэхээр нь би нөхөртөө хэлтэл угаасаа чи тийм л биз дээ гээд хоолоо аягатай нь шидсэн. Тэгэхээр нь би, чи хүүхэд айлгачихлаа шүү дээ гэтэл миний бөөр рүү цохихоор нь би үснээс нь зулгаасан чинь чи эр нөхөртөө гар хүрч дайрлаа гээд миний нүүр, хоёр хацар руу алгадаад байсан. Тэгээд би нүүрээ дарж хэвтээд урдаас нь ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Намайг орилоход хүүхэд айж уйлсан чинь тэгээд гайгүй болсон. Ийм л асуудал болсон. Урьд нь зодож байгаагүй, бидний амьдралд хэрүүл маргаан болж байгаагүй. М гэдэг хүүхнээс болж манай нөхрийн зан өөрчлөгдсөн. Надад гомдол байхгүй. Нөхөр бид хоёр эв зүйгээ олсон. М гэдэг хүүхэн нь ирж уулзсан. Дахин ийм асуудал гаргахгүй гэж хэлээд уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ү мэдүүлсэн: ...Ө манай эгчийг зодсон талаар мэднэ. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эгчтэйгээ утсаар яриад нөхрийнхөө хамт Өын ажил дээр очиж юунаас болж манай эгчийг зодсон талаар нь асуухад гэрт очиж байгаад учраа олъё гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очиход гэрийнхээ үүдэнд очоод яваад өгсөн. Эгч маань нүүр нь хавдсан, хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд эгчээсээ юу болсон талаар асуухад өчигдөр орой нөхөр нь гэртээ согтуу ирж өөр хүүхэнтэй яваад байгаа талаар нь хэлснээс болж зодсон гэж хэлсэн. Тэгээд гэрт нь байж байхад Ө удаагүй гэртээ ирсэн. Тэгээд би Өод эгчийгээ аваад явъя гэтэл чи эгчийгээ аваад яв, би машинаа аваад явна, тэгээд энэ гэрийг шатаана гээд байсан. Мөн нөхөр бид хоёрыг гэр бүлийн асуудалд оролцлоо, та хоёрыг ална гээд байсан. Тэгээд эгчийг машинтай нь аваад явах гэтэл араас чулуу, архины шил авч шидээд үлдсэн. Өмнө нь хоорондоо маргалдаж муудалцсан талаар сонсож байсан. Зодож, цохиулсан талаар нь мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Өын мэдүүлсэн: ...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед гэртээ халамцуу ирсэн. Гэртээ байж байтал манай эхнэр чи надад өвчин авчирлаа гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэтэл 2 сарын дараа илэрч байна гээд уурлаад над руу дайраад байхаар нь аягатай хоолныхоо тагийг ширээн дээр шидсэн. Тэгээд эхнэр ирээд намайг үсдэхээр нь хүүхэд айлгачихлаа гээд эхнэрээ 2-3 удаа алгадсан. Ийм л асуудал болсон. М.Оийн биед учирсан гэмтлийг би учруулсан. ...Би өмнө нь эхнэрээ зодож байгаагүй, энэ явдалд эхнэрээсээ уучлалт гуйж бид эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. М.Оийн биед тархи доргилт, хамрын нуруу, баруун зовхины гадна буланд цус хуралт, зүүн бугалга, шуу, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар тархи доргилт гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 26 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 32 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 23-2303 тоотод М.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ш.Ө нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 03 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 23-2303 тоотод эхнэр М.О нүүр орчим нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Оийн мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед манай нөхөр гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд хоол аягалж өгчихөөд байж байтал Мутаснаас гэрт суудаг, гэрийн янхан гэсэн мессеж миний утсанд ирэхээр нь би нөхөртөө хэлтэл угаасаа чи тийм л биз дээ гээд хоолоо аягатай нь шидсэн. Тэгэхээр нь би, чи хүүхэд айлгачихлаа шүү дээ гэтэл миний бөөр рүү цохихоор нь би үснээс нь зулгаасан чинь чи эр нөхөртөө гар хүрч дайрлаа гээд миний нүүр, хоёр хацар руу алгадаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ү мэдүүлсэн “Ө манай эгчийг зодсон талаар мэднэ. Эгч маань нүүр нь хавдсан, хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд эгчээсээ юу болсон талаар асуухад өчигдөр орой нөхөр нь гэртээ согтуу ирж өөр хүүхэнтэй яваад байгаа талаар нь хэлснээс болж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, мөрдөн байцаалтын шатанд Ш.Өын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэртээ байж байтал манай эхнэр чи надад өвчин авчирлаа гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэтэл 2 сарын дараа илэрч байна гээд уурлаад над руу дайраад байхаар нь аягатай хоолныхоо тагийг ширээн дээр шидсэн. Тэгээд эхнэр ирээд намайг үсдэхээр нь хүүхэд айлгачихлаа гээд эхнэрээ 2-3 удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, хохирогч М.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

            Иймд шүүгдэгч Б овогт ШӨыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ш.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ш.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Ш.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт ШӨыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өод оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ө нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ш.Өын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Өод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ