Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2023/04276/И |
Дугаар | 210/МА2024/01159 |
Огноо | 2024-05-31 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2024/01159
Б.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01388 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2543 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Лхагвадоржоос 47,262,497 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 464,500 төгрөгийг гаргуулж, Жуниор натур инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
1.2. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж буй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сонгосон хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байрны 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039511 дугаарт бүртгэлтэй, 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 168,004,092 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн.
1.3. Учир нь, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо орчимд байрлах ижил орон сууцны 1 м.кв талбай нь үнэ 4,000,000-4,500,000 төгрөг буюу манай орон сууц нь ойролцоогоор 230,000,000 төгрөгийн үнэтэй байдаг.
1.4. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
1.5. Б.Лхагвадорж нь өөрөө төлбөр авагч банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч хэрэглээгүй, түүний эгч нь Б.Лхагвадоржийн нэр дээр зээл авч, хэрэглэсэн байдаг. Б.Лхагвадорж зээлийг өөрөө аваагүй учраас энэ төлбөрийг төлөх боломжгүй бөгөөд зээлийг бодитоор авсан хүн нь уг зээлээ төлөөгүйгээс ийм байдалд орсон байдаг. Орон сууцны үнэлгээ хэт доогуур үнэлэгдсэн бөгөөд энэ талаар баримт байхгүй болно гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2543 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Лхагвадоржоос 47,262,497 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 464,500 төгрөгийг гаргуулж, Жуниор натур инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Төлбөр төлөгч Б.Лхагвадоржийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039511 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байрны 45 тоот хаягт байрлах, 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг 2022 оны 4-243/7234 тоот албан бичгээр түдгэлзүүлж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 223880288/02 дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөх хугацаа заасан боловч төлбөрөө төлөөгүй тул 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 223880288/05 дугаар тогтоолоор орон сууцыг хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас орон сууцны үнийн санал авахад Б.Лхагвадоржийн зүгээс орон сууцаа 235,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5/167 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилж, хуульд заасан эрх, үүргийг танилцуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээ тогтоолгосон.
Шинжээчээс нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг 169,004,092 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4-243/9683, 4-243/9684 тоот албан бичгээр мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон үнэ болох 169,004,092 төгрөгийн 70 хувь болох 118,302,864 төгрөгөөр албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4-243/10507, 4-243/10508 тоот албан бичгүүд, анхны албадан дуудлага худалдааны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/22 тоот тогтоолыг танилцуулж, гардуулан өгч талуудад мэдэгдсэн. Хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой бүх баримтуудыг хавсаргасан.
2.3. Нэхэмжлэгч нь шинжээч томилсон тогтоол, үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг боловч үүнтэй холбоотой баримт өгдөггүй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ирдэггүй, төлбөр төлөхөөс зайлсхийдэг.
Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь хуульд заасны дагуу зах зээлийн бодит үнэлгээг тогтоож, үнэлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбар гаргаагүй.
4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Лхагвадоржийн гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2023.05.12-ны өдрийн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
5.1. Миний өмчлөлийн дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй учраас хэт бага үнээр үнэлэгдсэн гэж үзэж байна. Уг байршилд байрлах ижил төрлийн орон сууцны 1 м.кв талбай нь 4,000,000- 4,500,000 төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд энэ нь дунджаар 230,000,000 орчим төгрөг болно. Иймд шүүх тухайн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлага хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Лхагвадорж хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2021/02543 дугаар захирамжаар хариуцагч Б.Лхагвадорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,262,497 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Жуниор натур инвестмент ББСБ ХХК-д төлж, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Y-2206039511 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байрны 45 тоотод байрлах, 58,68 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ./хх78-79/
4. Дээрх шүүхийн шийдвэрийг Б.Лхагвадорж сайн дураар биелүүлээгүй тул 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ГХ2022/00152 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байрны 45 тоотод байрлах, 58,68 м.кв орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22380288/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22380288/05 тоот тогтоолоор хураасан ажиллагааг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 83-91/
Барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан Б.Лхагвадоржийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106Б байрны 45 тоотод байрлах, 58,68 м.кв орон сууцыг 169,004,092 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх104-138/
6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Б.Лхагвадоржид 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-243/9683 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх139, 141/ тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
7. Сэлэнгэ эстимэйт ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.
8. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Хөрш заан хотхон, UB town, 19-р хороолол-ын орон сууцнуудтай харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох сайтын зургуудыг тайландаа хавсаргасан байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч няцаах буюу ... ижил төсгүй, харьцангуй хямд төсөр өртгөөр босдог сэндвичин бүтэц хийц бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй болон нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг газраас харьцангуй алсмагдмал зайтай, ашиггүй байрлал бүхий газартай харьцуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
8.1. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Лхагвадорж хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй учраас хэт бага үнээр үнэлэгдсэн гэх агуулгаар гомдол гаргажээ. Шинжээч нь уг үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргыг ач холбогдолтой гэж үзэж үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч Б.Лхагвадоржийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Лхагвадоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/01388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА