Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00952

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр Дуга 210/МА2024/00952

 

 

С.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/01199 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Г ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БТ газарт холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 2653 дугаар захирамжаар надаас Х ХК-д 124,755,700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Дээрх захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох ххх тоот 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай орон сууцны зориулалттай хоёр өрөө үл хөдлөх хөрөнгийг 137,200,000 төгрөг, ххххх тоот, 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 19,500,000 төгрөг, ххххх тоот, 192 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байх 623 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-ххххх дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 78,350,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байгаа нь зах зээлийн үнээс доогуур гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 2653 дугаар захирамжаар Б.У , С.Г нараас 124,755,700 төгрөгийг гаргуулж Х ХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

2.2. Төлбөр төлөгч С.Г , Б.У нар нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, хххх тоотод байрлах 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, ххххх тоотод байрлах 15 м.кв талбайтай, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Д.С , Т.С , С.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх , Г-ххх дугаартай, ххххх тоотод байрлах 192 м.кв талбайтай, хувийн сууц, 623 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч С.Г нь 2023 оны 10 сарын 05-ны өдөр ирүүлсэн үнийн саналдаа Ү-ххх дугаартай, ххх тоотод байрлах 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 120,000,000 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, ххххх тоотод байрлах 15 м.кв талбайтай, автомашины зогсоолыг 40,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх , Г-ххх дугаартай, ххххх тоотод байрлах 192 м.кв талбайтай, хувийн сууц, 623 м.кв талбайтай, газрын хамт 192,000,000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн санал ирүүлсэн.

2.4. Талууд албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг харилцан тохиролцоогүй, төлбөр авагч Х ХК-аас хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 10/11 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөндлөнгийн шинжээчээр В ХХК-ийн шинжээч О.Б нийг томилж, дээрх үл хөдпөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, хххх тоотод байрлах орон сууцыг 137,200,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, ххххх тоотод байрлах автомашины зогсоолыг 19,500,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх , Г-ххх дугаартай, ххххх тоотод байрлах 192 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 78,350,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон.

2.5. 2023 оны 10 сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдэж, мэдэгдлийг гардуулан өгсөн. Дээрх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул төлбөр төлөгч С.Г ын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар БТ газарт холбогдох, ххх тоот 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай орон сууцны зориулалттай хоёр өрөө үл хөдлөх хөрөнгө, ххххх тоот, 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ххххх тоот, 192 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байх 623 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-ххххх дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн хххх ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ш-10/6, Ш-10/07, Ш-10/08 дугаартай хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 140,400 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэн С.Г миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 2653 дугаар захирамжаар 124,755,700 төгрөгийг Х ХК-д өгөхөөр болсон. Тус захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаанд хураагдсан хөрөнгүүдэд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн.

4.2. Тус үнэлгээг хүчингүй болгуулахаар БТ газарт холбогдуулан гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/01199 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч БТ газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, Бххххх тоотод байрлах 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, хххххххх тоотод байрлах 15 м.кв талбайтай, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02653 дугаар захирамжаар хариуцагч Б.У , С.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 124,755,700 төгрөгийг гаргуулж Х ХК-д олгож, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, Бххххх тоотод байрлах 29 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, хххххххх тоотод байрлах 15 м.кв талбайтай, автомашины зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх улсын бүртгэлийн дугаартай, хххххххх тоот хаягт байрлах, 192 м.кв талбайтай хувийн сууц, Г-ххх улсын бүртгэлийн дугаартай, хххххххх тоот хаягт байршилтай, 623 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,00000 арлын дугаартай, ххххххх УНЯ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Тоёота Хайландер/Toyota Highlander/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх-25-26/

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Б.У , С.Г нар сайн дураараа биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 102/ГХ2023/00406 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад С.Г , Б.У , Б.А , Б.Ан нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, Бххххх тоотод байрлах 29 м.кв талбайтай орон сууц, Б.У ын өмчлөлийн хххххххх тоотод байрлах 15 м.кв талбайтай автомашины зогсоол, Д.С , Т.С , С.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх улсын бүртгэлийн дугаартай, хххххххх тоот хаягт байрлах, 192 м.кв талбайтай хувийн сууц, Г-ххх улсын бүртгэлийн дугаартай, хххххххх тоот хаягт байршилтай, 623 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2023 оны 05 сарын 03-ны өдөр битүүжилж, 2023 оны 09 сарын 28-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 10 сарын 06-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр В ХХК-ийн шинжээч О.Б нийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-27, 31-43, 50/

 

В ХХК-ийн шинжээч О.Б нэ нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 10 сарын 06-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарлан өгсөн./хх-51-52/

 

Шинжээч В ХХК нь 2023 оны 10 сарын 25-ны өдөр С.Г , Б.У , Б.А , Б.Ан нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх дугаартай, Бххххх тоотод байрлах 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 137,200,000 төгрөг, Б.У ын өмчлөлийн хххххххх тоотод байрлах 15 м.кв талбайтай, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 19,500,000 төгрөг, Д.С , Т.С , С.Б нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ххх улсын бүртгэлийн дугаартай, хххххххх тоот хаягт байрлах, 192 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-ххх улсын бүртгэлийн дугаартай, хххххххх тоот хаягт байршилтай, 623 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 78,350,000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. /хх 56-118/

 

5. Шинжээч В ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зах зээлээс доогуур үнэлэгдсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг 2023 оны 10 сарын 26-ны өдөр мэдэж, 2023 оны 12 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа үндэслэлийг дурдаагүй тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан болно.

 

8. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/01199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР