| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0136/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/132 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Ш.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Лд холбогдох эрүүгийн 1938003090175 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Халуун ус” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр Мөрөн сум руу тээвэрлэн ойн санд 180.000 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Түнэл сумын “Халуун ус” гэх газрын хойд талын ойгоос унаанга мод тайрч шажлаад өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Мөрөн сум руу орж ирж яваад үертийн амны далангийн ард хоёр цагдаатай таарч гарал үүслийн бичиг, мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан учир журамлагдсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-10 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга намайг энэ хэрэгт хохирогчоор оролцуулахаар томилсон. Хохирлын мөнгө болох 180.000 төгрөгийг төрийн санд тушаасан байна лээ. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-19 дүгээр хуудас/,
Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04-р сарын 21-ний өдөр 15 цагийн орчим эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Мөнх-Очирын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Мөрөн сумын 10-р багийн хойд талд ... улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгслээр мод ачиж явж байгаатай таараад жолоочоос нь мод бэлтгэх эрхийг бичиг болон гарал үүслийн бичгээ шалгуулахыг шаардахад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг аваагүй гэсэн. Тэгэхээр нь тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачиж хийгээд жолооч Ш.Л гэгчийг цагдаагийн газарт авчирсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04-р сарын 21-ний өдөр 15 цагийн орчим эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Энхжилийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Мөрөн сумын 10-р багийн хойд талд ... улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгслээр мод ачиж явж байгаатай таараад жолоочоос нь мод бэлтгэх эрхийг бичиг болон гарал үүслийн бичгээ шалгуулахыг шаардахад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг аваагүй гэсэн. Тэгэхээр нь тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд аваачиж хийгээд жолооч Ш.Л гэгчийг цагдаагийн газарт авчирсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/02 дугаартай:
- Ш.Лгийн бэлтгэж тээвэрлэсэн мод нь 3 м3 хэмжээтэй 28 см-ийн дундаж диаметртэй, түлшний зориулалтаар тайрч бэлтгэсэн хуурай шинэс мод болох нь тогтоогдов.
- Иргэн Ш.Лгийн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 180.000 төгрөг.
- Иргэн Ш.Лгийн бэлтгэсэн модонд БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон ...гэх дүгнэлт /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 35 дугаар хуудас/,
Хохирол төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /ХХ-ийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 44, 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938003090175 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ш.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэр “Халуун ус” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр Мөрөн сум руу тээвэрлэн ойн санд 180.000 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ш.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-19-р хуудас/, гэрч Н.Э-ийн /ХХ-ийн 20-21 хуудас/, гэрч Ч.Мөнх-Очирын /ХХ-ийн 24-25-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-10-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/02 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 29-30-р хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 35-р хуудас/, хохирол төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /ХХ-ийн 45-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Лг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.Л нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ш.Л нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Ц.Баасанхүү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938003090175 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 3 м3 хуурай шинэс мод, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөөг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгсэл нь А.Ж- гэх хүний өмчлөлийнх байх тул ... улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Лхууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 3 м3 хуурай шинэс мод, хятад улсад үйлдвэрлэсэн дружба хөрөөг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн 1938003090175 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР