Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/125

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Доржханд

Шүүгдэгч И.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Эд холбогдох эрүүгийн 1938002340173 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч И.Э нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутагт эхнэр Н.Дайлд хоносон гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Дариймаа гэрээс гараад явж байхаар нь өмсөж явсан куртикнээс нь таттал куртик нь тайлагдаад миний гарт үлдсэн. Тэгэхээр нь куртикээр нь 2 удаа цохисон чинь гэрлүүгээ гүйгээд орсон. Өөдөөс маргалдаад байхаар нь газар унасан байсан униар зүүн гуя руу нь нэг удаа цохиод униа буцаагаад өлгөтөл дахиад хэсэг маргалдаад байхаар нь зүүн гарын булчин луу нь зүүн гараараа нэг удаа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

       Хохирогч Н.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-р багийн нутаг Дэлгэрхаан гэх газар гэртээ байж байтал манай нөхрийн дүү Алимаа өөрийн нөхөр, хүүхдүүдийн хамт манай гэрт ирээд намайг баярлуулахаар өөрийнхөө гэр лүү авч явсан юм. Тухайн үед манай нөхөр И.Э өөрийн малаа хараад үлдсэн. И.Эгийн төрсөн дүү болох Батмөнхийн гэрт хоносон. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 07 цагийн үед Батмөнхийн гэрээс гараад өөрийн гэртээ иртэл И.Э надаас чи хаана хоноод ирсэн юм бэ гэхээр нь би Батмөнхийн гэрт хоночхоод ирлээ гэхэд битгий худлаа ярь чи дандаа худлаа ярьж байдаг биз дээ гэх мэтээр хэрүүл өдөж эхэлсэн...И.Э миний тайлсан куртикээр миний толгой тархи руу ороолгоод, гараараа миний цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа цохихоор нь би И.Эг аргадаж байгаад гэртээ буцаж иртэл И.Э уурлаад гэрийнхээ унийг сугалж аваад миний зүүн хөлний ар хэсэг рүү униар нэг удаа цохиж авсан...Би гомдолгүй байна, нөхөр маань надаас уучлалт гуйж дахиж ийм асуудал гаргахгүй гэж амласан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-16,18-19 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав И.Э архи уусан үедээ ээжтэй хэрэлдэж маргалдаад гартаа тааралдсан зүйлээрээ ээжийг цохиж зодоод байдаг. Аав ээжийг зодож цохиж байхыг би урьд нь хоёр, гурван удаа харж байсан. Хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ээжийг зодож цохиод ээж Мөрөн рүү явсан гэдгийг эгч Минжирмаагаас сонссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаартай:

       1. Н.Дбиед цээж, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.

       3. Н.Дбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 42 дугаар хуудас/,

Хохирогч Н.Днь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 67 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, мал тооллогын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 55-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002340173 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч И.Э нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутагт эхнэр Н.Дайлд хоносон гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч И.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-16,18-19 дүгээр хуудас/, Насанд хүрээгүй гэрч Э.Э-ийн /ХХ-ийн 36-37-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 42-р хуудас/, хохирогч Н.Дшүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 67 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч И.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч И.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 66 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Н.Днь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938002340173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч И.Эхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  И.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938002340173 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР