Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01226

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр Дуга 210/МА2024/01226

 

 

З.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Э ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Х , Т.А нарт холбогдох,

 

Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах, алданги 14,500,000 төгрөгийг гаргуулах, С.Х , Т.А , гуравдагч этгээд Ч.О нарын хооронд 2023 оны 01 сарын 06-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

2020 оны 03 сарын 17-ны өдөр бид нар аман гэрээгээ баталгаажуулж Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

ххххх 1310 тоот хаягт байрлах, №0000 гэрчилгээний дугаартай, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв, 1 өрөө орон сууцыг Ч.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О , түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие З.Э 2018 оны 04 сарын 22-ны өдөр ххххх 1310 тоот хаягт байрлах, №0000 гэрчилгээний дугаартай, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв, 1 өрөө орон сууцыг 29,000,000 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар С.Х , Т.А нартай харилцан тохиролцож аман хэлбэрээр байгуулсан.

1.2. 2020 оны 03 сарын 17-ны өдөр бид нар аман гэрээгээ баталгаажуулж Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г С.Х , Т.А нартай байгуулж, 2021 оны 03 сарын 17-ны өдөр үлдэгдэл 9,700,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон.

Тухайн үед уг орон сууц нь хариуцагч Т.А ын нэр дээрх ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаанд банкны барьцаанд байсан учир албан ёсоор миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байсныг бид харилцан ойлголцож барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр болсон.

1.3. Энэ тохиролцооныхоо дагуу би 2018 оны 04 сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 0000 тоот данснаас С.Х ы бэр Д.Г ийн Хаан банкны 5039576370 тоот дансанд 500,000 төгрөгийг шилжүүлж тохиролцоогоо баталгаажуулсан.Түүнээс хойш би 10 удаагийн гүйлгээгээр нийт 29,000,000 төгрөгийг худалдагч талд төлсөн. Миний бие 2018 оноос хойш 2022 оны 10 cap хүртэл тухайн орон сууцанд амьдарч эзэмшиж, ашиглаж байна.

1.4. Миний зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусган худалдагч талаас байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өөрийн худалдаж авсан байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авч чадахгүй байна. Иймд ХХХХХ тоот, 20,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн гэрчилгээний 0000 дугаар, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 1/нэг/ өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр З.Э ыг тогтоож, миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

1.5. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1.3-т Орон сууцны үнийг бүрэн төлсөн өдөр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нэн даруй зохих журмын дагуу худалдагч тал шилжүүлэх бөгөөд шалтгаангүй хугацаа хожимдуулсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувь алдангийг хоног тутамд худалдан авагч талд үл маргах журмаар төлнө. гэж заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 07 сарын 12-ны өдөр гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй 968 хонож байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний 2.1.3-т заасны дагуу алданги 14,500,000 төгрөгийг гаргуулан үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэж өгнө үү.

1.6. Харин хариуцагч нар нь ... Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ... гэж заасан үүргээ зөрчиж, мэдсээр байж гуравдагч этгээдэд худалдсан байх тул хариуцагч С.Х , Т.А , гуравдагч этгээд Ч.О нарын хооронд 2023 оны 01 сарын 06-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. С.Х миний бие 2018 оны 04 сарын 22-ны өдөр ХХХХХ р, 1310 тоот хаягт байрлах, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв орон сууцыг З.Э д 29,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар харилцан тохиролцсон билээ.

2.2. З.Э нь 2018 оны 04 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 05 сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, cap бүрийн 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, зээл эргэн төлөх хуваарийг хүүгийн хамт тооцоолон хийсэн боловч тохирсон хугацаандаа cap бүр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй.

2.3. Гэтэл З.Э нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр нотариат орж гэрээ байгуулах тухай санал гаргасан. Тухайн үед тус орон сууцны гэрчилгээ нь эх хувиараа байхгүй, мөн Капитал банкны зээлийн барьцаанд байгаа тул аль ч нотариат батлах боломжгүй талаар мэдэгдэхэд З.Э нь таньдаг нотариатч дээрээ гэрээг нь бэлдээд би гарын үсгээ зурсан байгаа, та 2 нэг заваараа очоод гарын үсэг зурж болох тухай мэдэгдсэн. Ингээд миний бие 2020 оны 03 сарын 19-ний өдөр, охин Т.А 2020 оны 03 сарын 23-ны өдөр тус тус гарын үсэг зурсан.

Тиймээс 2020 оны 03 сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

2.4. Тус гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэсэн байна. Гэтэл Иргэний хуулийн 243 дугаар зүйл нь худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан заалт юм. Харин талуулын хооронд байгуулсан гэрээ нь Зээлээр худалдах худалдан авах гэрээ ба уг гэрээний харилцааг Иргэний хуулийн 262-264 дугаар зүйлд заасны дагуу зохицуулдаг. Тиймээс энэхүү гэрээ нь үндэслэх хэсгээсээ л буруу зүйл заалтыг үндэслэл болгосон байна.

2.5. Гэрээний 3.3-т Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагч талд үүснэ гэж заасан байна. Талууд тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь З.Э энэхүү орон сууцны өмчлөгч биш гэж үзэх үндэслэлтэй байна. З.Э нь тус орон сууцанд 2018 оноос одоог хүртэл хууль бусаар оршин сууж, бусдад хууль бусаар түрээсийн гэрээгүйгээр түрээслүүлэн ашиг орлого олсоор байна. Өмчлөгч нь мэт аашилж, эзэмшиж, ашиглаж байна.

2.6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбаруудаас харахад энэхүү худалдах худалдан авах гэрээ нь талуудын хооронд 2018 онд хийсэн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэдэг нь нотлогдож байх тул 2020 оны 03 сарын 17-ны өдөр З.Э , С.Х , Т.А нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хариу тайлбар, бие даасан шаардагын агуулга:

3.1. Г.О миний бие 2023 оны 01 сарын 06-ны өдөр С.Х , Т.А нараас ХХХХХ р 1310 тоот хаягт байрлах, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа тухайн өдрийн байдлаар ХУР системээс авсан хөрөнгийн лавлагаагаар шалгуулж, хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

3.2. Худалдаж авахдаа тухайн орон сууцанд очиж үзсэн ба С.Х нь одоогийн байдлаар түрээслүүлж байгаа, 01 сарын 13-ны өдөр түрээслэгч гарна гэж надад уг байраа үзүүлсэн.

3.3. Ингээд би байрандаа орохоор 01 сарын 13-ны өдөр очиход хаалгаа тайлж өгөхгүй өдийг хүрч байгаа ба С.Х тай холбогдоход З.Э гэх хүн хууль бусаар эзэмшээд байгаа мөн шүүхэд хариуцагчаар өгсөн тухай хэлсэн.

Иймд ХХХХХ р 1310 тоот хаягт байрлах, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшигч З.Э аас албадан чөлөөлүүлж өгнө үү.

3.4. Худалдаж авсан өдрөөс өнөөдрийг хүртэл 10 сарын хугацаанд түрээсэлж олох ёстой байсан 1 сарын 750,000 төгрөг ба 10 сарын нийт мөнгө болох 7,500,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал болох байрны халаалт, цэвэр бохир ус, тог цахилгааны төлбөр- 847,752 төгрөг, СӨХ-ны төлбөр, 338,170 төгрөг, нийт 1,185,922 төгрөг, бүгд 8,685,922 төгрөгийг З.Э аас гаргуулж өгнө үү.

3.5. Нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэрхэн хариуцах талаарх нөхцөл байдал тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар:

4.1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хүүлийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж зааснаар хариуцагч нь хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан тул талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Талуудын хооронд 2020 оны 03 сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний 2.2.1-т зааснаар төлбөрийг төлж барагдуулсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцэж байна.

4.3. Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч С.Х , Т.А нарт нийт 20,889,000 төгрөгийг төлсөнөөр гэрээний 2.2.1-т заасны дагуу төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулсан байна. Иймд нотариартчын үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байна.

4.4. Нэхэмжлэгч нь ХХХХХ р 1310 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн үнийг 2018 оны 04 сараас хариуцагч С.Х тай харилцан тохиролцсон үнийг төлж эхлэснээр тус орон сууцанд одоог хүртэл амьдарч байх тул хууль бусаар оршин суусан гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.5. Бие даасан шаардлагын тухайд нэхэмжлэгч З.Э нь ХХХХХ р, 1310 тоот орон сууцанд 2018 оны 04 сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд гуравдагч этгээд Г.О болон өөр бусад этгээд ирж тус байрыг үзэж байгаагүй.

4.6. Мөн З.Э болон С.Х , Т.А нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 0000 дугаарын данснаас 2018 оны 04 сарын 22-ны өдрөөс 2020 оны 07 сарын 12-ны өдөр хүртэл нийт 29,589,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлснээр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байна.

4.7. Түүнчлэн хариуцагч С.Х нь төлбөрийг бүрэн төлж дууссаныг хүлээн зөвшөөрч, 2020 оны 07 сарын 10-ны өдөр "... Сангидорж овогтой С.Х би З.Э д ХХХХХ р 1310 тоот 1 өрөө орон сууцаа хувиараа тохиролцон 29,000,000 төгрөгөөр зарахаар болсон байсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар үлдэгдэл 7,000,000 төгрөгийг З.Э нь С.Х надад өгч тооцоог бүрэн дуусгалаа... гэх бичиг үйлдэж өгсөн байдаг.

4.8. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч З.Э хариуцагч С.Х , Т.А нарын хооронд байгуулсан гэрээний талаарх үйл баримтын талаар гуравдагч этгээд болон хэн аль нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан ба хариуцагч С.Х , Т.А , гуравдагч этгээд Г.О нарын хооронд 2023 оны 01 сарын 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд албадан чөлөөлөх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х , Т.А нараас нийт 14,500,000/арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э д олгон, үлдсэн гэрчилгээний 0000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, 20,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 20,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Х , Т.А нарт даалгах тухай, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х ы 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Э ыг ХХХХ1310 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, үлдсэн нийт 8,685,922 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 610,650 төгрөгөөс илүү төлсөн 7050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Х , Т.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э д олгон, хариуцагч С.Х ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 546,950 төгрөгөөс илүү төлсөн 90,075 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч З.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 302,950 гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. 2023 оны 03 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч З.Э нь үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдсантай холбоотой улсын бүртгэлд өгсөн материалыг нотлох баримтын шаардлага хангуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, хэрэгт хавсаргах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх орон сууцтай холбоотой ямар баримтыг гаргуулах хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бус байна гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

6.2. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан ба уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хууль ёсны нотлох баримт мөн эсэх, Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн олгогдсон эсэхэд мэтгэлцэх, үгүйсгэх зорилготой байсан. Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байна.

6.3. Түүнчлэн 2023 оны 09 сарын 15-ны өдөр гуравдагч этгээд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой өмнө нь гэрээ байгуулсан эсэх талаар мэдээллийг харах боломжтой болсон эсэхийг Нотариачдын холбооноос тодруулах хүсэлтийг гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/15638 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхой бус гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой байх талаар гомдлын нэгдүгээр хэсэгт дурьдсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж хэрхэн үзэх үндэслэлтэй адилхан байгаа болно.

6.4. Мөн нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Г.О ийг оролцуулах тухай хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/05388 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдаг. Гуравдагч этгээд нь 3 удаа бие даасан шаардлага гаргасан ба бүгд нэг нэхэмжлэл дээр зөвхөн он сарыг сольж гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, ямар учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татсан нь тодорхойгүй байна. Энэ талаарх захирамж хэрэгт авагдаагүй байна.

6.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэрийг талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь тус гэрээнд заасан төлбөрийг 2023 оны 07 сарын 10-ны өдөр төлж барагдуулан дууссан болохыг тогтоосон, мөн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атал хариуцагч нь 2020 оны 07 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид гаргасан баталгаанд 2020 оны 08 сарын 15-ны өдөр барьцаанаас бүрэн суллаж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх батгалгаа гаргасныг шүүх нотлох баримтаар үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх баталгаагаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, харин хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

6.6. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох нэхэмжлэлийн үндэслэл болох С.Х ы нэхэмжлэгчид гаргаж өгсөн баталгааг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай.

Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

6.7. Түүнчлэн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн 2020 оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэжээ.

6.8. Талуудын хооронд буюу нэхэмжлэгч З.Э , хариуцагч С.Х , Т.А нарын хооронд 2018 оны 04 сарын 22-ны өдөр хэлцэл байгуулагдаж, 2020 оны 03 сарын 17-ны өдөр бичгээр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Г.О болон хариуцагч С.Х , Т.А нарын хооронд 2023 оны 01 сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ буюу нэхэмжлэгч З.Э шүүхэд нэхэмжпэл гаргасан өдрийн 16 цаг 20 минутад тус гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.

6.9. Шүүх дээрх гэрээнүүд болон хэргийн бодит үйл баримтыг тогтоож Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа бий болсон эсэхийг бодитоор харьцуулан дүгнээгүй, гуравдагч этгээд Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш өөрийн эзэмшил, ашиглалтад авах талаар огт бодит үйлдэл хийгээгүй, нэхэмжлэл гаргаагүй болохыг шүүх бодитоор үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны 08 сарын 07-ны өдрөөс өмнө шүүхэд С.Х , Т.А нартай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, мөн нэхэмжлэгч З.Э аас өмчөө эзэмшилдээ авах талаар бодит үйлдэл хийгээгүй байна.

6.10. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21- ны өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн 2020 оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэжээ.

6.11. Талууд гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч уг гэрээгээр 1310 тоот орон сууцыг нэхэмжлэгч З.Э д худалдах, хариуцагч С.Х 29,000,000 сая төгрөг төлөх үүрэг хүлээснээр тул тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.Нэхэмжлэгч З.Э нь орон сууцны үнийг бүрэн төлөх гэрээний үүргээ 2020 оны 07 сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн төлснөөр биелүүлсэн байх тул хариуцагч С.Х , Т.А нараас гэрээний зүйлийг мөн түүнтэй холбоотой баримт бичгийг шаардах эрхтэй юм.

6.12. Мөн нэхэмжлэгч З.Э нь 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд маргаагүй ба Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т зааснаар нэхэмжлэгч нь С.Х , Т.А нартай эхэлж Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул эд хөрөнгийг давуу эрхтэйгээр хамгийн түрүүнд эзэмших эрх үүссэн байх тул анхан шатны шүүх гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь дээрх хуулийн хэм хэмжээтэй нийцэхгүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Нэхэмжлэгчээс тухайн орон сууцыг Г.О д худалдахдаа улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн баримтыг Улсын бүртгэлийн газраас гаргуулах тухай хүсэлтийг 2023 оны 03 сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь тухайн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байсан тохиолдолд хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжтой байсан.

7.2. Мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Г.О ийн гаргасан хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй, тухайн захирамжид гомдолтой байсан тохиолдолд анхан шатны шүүхэд хуульд заасан хугацаанд гомдол гаргах боломжтой байсан.

7.3. Г.О ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж, тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

7.4. Миний бие З.Э д орон сууцаа барьцаанаас чөлөөлж, худалдах болсон талаар хэлж, нэхэмжлэгчээс авсан мөнгөндөө зуслангийн 1,4 га 2 айлын газрыг өгөх гэж байгаагаа тайлбарлаж байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг З.Э хамгийн түрүүлж эзэмшилдээ шилжүүлэн авсан зүйл байхгүй, уг орон сууцыг өөр этгээдэд худалдах болсон гэдгээ тайлбарлаж, удаа дараа уулзаж байсан.

7.5 Мөн З.Э тай гуравдагч этгээд Г.О тухайн орон сууцыг чөлөөлүүлэх асуудлаар уулзаж байсан. Гуравдагч этгээд Г.О ийг тухайн орон сууцыг худалдаж авсан гэдгийг үгүйсгэж байгаа тохиолдолд З.Э тай байгуулсан 2020 оны 03 сарын 17-ны өдрийн гэрээг хүчээр хийгдсэн гэж үзэж байна гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

8.1. Анхан шатны шүүхээс ямар нотлох баримт гаргуулах нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, Нотариатчдын танхимаас гуравдагч этгээдийн зүгээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс шалтгаан нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул үндэслэлтэй гэж үзсэн.

8.2. Гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн асуудлаас болж удаа дараа буцаагдаж байсан тул улсын тэмдэгтийн хураамжийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхгүйгээр он, сар, өдрийг нь өөрчилж, нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн зүйл байхгүй. Уг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

8.3. Мөн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн баталгааны хуудсыг анхан шатны шүүхээс үнэлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хангалттай үнэлж, дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс худалдах, худалдан авах 2 гэрээний эхний гэрээг илүү давуу эрхтэй байсан гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй.

8.4. Гуравдагч этгээдийн байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн байх тул Улсын бүртгэлийн Ерөнхий газар бүртгэж, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Г.О ийг тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч С.Х , Т.А нарт холбогдуудан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах, алданги 14,500,000 төгрөгийг гаргуулах, С.Х , Т.А , гуравдагч этгээд Ч.О нарын хооронд 2023 оны 01 сарын 06-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, 2020 оны 03 сарын 17-ны өдөр бид нар аман гэрээгээ баталгаажуулж байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.О нь нэхэмжлэгч З.Э д холбогдуулан ххххх 1310 тоот хаягт байрлах, №0000 гэрчилгээний дугаартай, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 20,5 м.кв, 1 өрөө орон сууцыг Ч.О ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Зохигч талууд 2018 оны 04 сарын 22-ны өдөр ххххх 1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 29,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, улмаар дээрх амар тохиролцоог бичгийн хэлбэрт оруулж, 2020 оны 03 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г нөхөж байгуулсан байна.

 

3.2. Нэхэмжлэгч нь маргааны бүхий орон сууцны төлбөр 29,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

 

3.3.ХХХХ1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 2018 оны 04 сараас хойш З.Э эзэмшиж байгаа.

 

3.4. Хариуцагч С.Х , Т.А нар нь Г.О тэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ххххх 1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, улмаар 2023 оны 01 сарын 11-ний өдөр Г.О ийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч гэрээний үүргийн талаар буруу дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1. Талуудын хооронд 2018 оны 04 сарын 22-ны өдрөөс эхлэн ххххх 1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, хожим бичгээр 2020 оны 03 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

 

4.2. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар ххххх 1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны үнэ 29,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгч З.Э д шилжинэ.

Хариуцагч С.Х нь 2020 оны 07 сарын 10-ны өдөр Баталгаа гаргах нь нэртэй баримт үйлдэж, уг баримтад ...2020 оны 07 сарын 10-ны өдрийн байдлаар үлдэгдэл 7,000,000 төгрөгийг З.Э нь С.Х д өгч, тооцоог бүрэн дуусгалаа., ...Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн барьцаанд байгаа 1310 тоот орон сууцыг 2020 оны 08 сарын 15-ны өдөр ордерийг барьцаанаас бүрэн суллаж, албан ёсны худалдах, худалдан авах гэрээ хийхээр баталгаа гаргаж байна гэж нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шилжүүлэх баталгааг гаргаж байжээ.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг нэхэмжлэгч нь 2020 оны 07 сарын 10-ны өдрийн байдлаар 29,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Энэ үйл баримтад зохигч талууд маргаагүй.

 

4.3. Хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Худалдаа, хөгжлийн банк ХК-д барьцаалсан тул нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх боломжгүй байсан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг бүрэн биелүүлсэн, харин хариуцагч нь орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн атлаа өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан байна.

Хариуцагч нар нь 2020 оны 07 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн авсан атлаа шүүхэд гаргасан тайлбартаа ... мөнгийг цувуулж өгсөн учир бусдад худалдана гэж хэлж байсан гэх татгалзал нь хуульд нийцэхгүй тул иргэний эрх зүйн хамгаалалтад орохгүй.

 

4.4. Хариуцагч нар нь ххххх 1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг гуравдагч этгээд Г.О д худалдахаар тохиролцож, өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг түрүүлж байгуулж, үнийг төлж гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн, мөн 2018 оны 05 сараас өөрийн эзэмшилд байлгаж байгаа зэрэг үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд ххххх 1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Э ын тогтоож, өмчлөх эрхийг нэхэмжлэгч З.Э ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5. Хариуцагч С.Х , Т.А болон Г.О нарын хооронд байгуулагдсан 2023 оны 01 сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн байгуулсан хэлцэл гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Хариуцагч С.Х , Т.А нарын Г.О тэй байгуулсан 2023 оны 01 сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэр төдий, эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэгдээгүй, тийм зорилгогүй хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, хариуцагч нар нь ...Г.О д орон сууцыг бусдад хөлслүүлсэн байгаа гэж худал хэлж, улмаар түүнд 40,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар өмчлөх эрхийг шилжүүлж эрх зүйн үр дагавар үүсгэсэн тул хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

5.2. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар нэг хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түрүүлж гэрээ байгуулсан этгээдийн эрхийг хамгаалсан байх тул 2023 оны 01 сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-ээр орон сууцны өмчлөх эрх шилжих үндэслэлгүй.

Энэ тохиолдолд хариуцагч С.Х , Т.А нарын Г.О тэй байгуулсан 2023 оны 01 сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-ээр орон сууцны өмчлөх эрх Г.О д шилжсэн улсын бүртгэл хүчингүй болж, нэхэмжлэгч З.Э ыг өмчлөгчөөр бүртгэх эрх зүйн үр дагавар үүснэ.

 

5.3. Нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоож байгаа тул улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэх эрх үүссэн. Үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд хариуцагч нар бүртгүүлэх боломжгүй юм.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг бүртгэх эрх хэмжээ нь гагцхүү Улсын бүртгэлийн газарт байх тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт нийцнэ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч С.Х , Т.А нараас алдангид 14,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Э д олгож шийдвэрлэсэн хэсэг болон нэхэмжлэгч З.Э д холбогдуулан гаргасан 2020 оны 03 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч нар нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй, мөн нэхэмжлэгч З.Э аас 8,685,922 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Г.О нь давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх талуудын тэгш эрхийн зарчмын үүднээс дүгнэхгүй.

 

7. Анхан шатны шүүх ххххх 1310 тоот хаягт байх 20,5 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч З.Э ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан зохицуулалт нь шүүх хэрэглэхдээ хөрөнгийн өмчлөгчийн шаардах субьектив эрх байгаа эсэх, эзэмшил хууль бус байгаа эсэхийг шалгана.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шударгаар гүйцэтгэсэн болохыг анхан шатны шүүх анхаарахгүй З.Э ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч З.Э ын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч нар нь нэхэмжлэгч З.Э д холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэлээр 2020 оны 03 сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байхад уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан алдаа гаргасныг залруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/01165 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар ххххх 1310 тоот хаягт байрлах 20,5 м.кв талбайтай, гэрчилгээний 0000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Э ыг тогтоож, тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч З.Э ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар-т даалгаж, хариуцагч С.Х , Т.А нараас 14,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э д олгож, нэхэмжлэлээс 2023 оны 01 сарын 06-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ....243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Э ыг ххххх 1310 тоот хаягт байрлах 20,5 м.кв талбайтай, гэрчилгээний 0000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, нэг өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардал 8,685,922 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Г.О ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 968,600 төгрөг, хариуцагч С.Х ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөг, Г.О ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 546,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х , Т.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 610,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э д олгосугай. тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР