Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01261

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/01261

 

 

ХХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч, Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/001977 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 4,945,905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ням-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани нь Н ХХК-тай 2023 оны 07 сарын 28-ны өдөр ХХХХ дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулсан.

1.2. Уг гэрээний дагуу хариуцагч нь хэв, труба, булан гэх мэт нийт 1,800 ширхэг бараа материал түрээслэн авч 30-45 хоног ашигласан. Гэвч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.3. Гэрээний 7.2-т түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө. гэж заасан.

Иймд алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 1,648,635 төгрөг, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,297,270 төгрөг, нийт 4,945,905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч Н ХХК-аас 4,945,905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,048 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ХХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс 1,648,635 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Учир нь Н ХХК-аас удаа дараа Хэв хашмал" ХХК-ийг тооцоогоо гаргаж өгөхийг шаардсан боловч огт өгөөгүй, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт нь өөрсдийнх нь баримт ба бид гэрээний үүргээ зөрчөөгүй байхад алдангийг олгосон нь буруу юм.

4.3. Үндсэн төлбөрийг ХХХК-ийн захиралд бэлнээр төлсөн ба баримт аваагүй нь бидний буруу юм. Мөн хариуцагчийг шүүх хуралд оролцуулалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/001977 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, 1,648,635 төгрөгийн алдангийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. 2023 оны 07 сарын 28-ны өдөр ХХХК, Н ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 7.2, 7.3-т алдангийн талаар тодорхой тусгасан. Н ХХК нь 2023 оны 07 сарын 28-ны өдөр ХХХК-аас бараа материал хүлээж аваад нэг сарын хугацаатай буюу 08 сарын 28-ны өдрийг хүртэл ашиглахаар авсан хэдий ч хамгийн сүүлийн байдлаар 09 сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн.

Иймд энэ хугацааны түрээсийн тооцоо болон гэрээнд заасан алдангийг нэхэмжилсэн, анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн учраас хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,945,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 03 сарын 19-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3. Зохигч талуудын хооронд 2023 оны 07 сарын 28-ны өдөр ХХХХ дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХХК нь түрээслэгчид биет байдлын болон эрхийн догодолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг 2023 оны 07 сарын 28-ны өдрөөс 2023 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, Н ХХК нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон./хх-10-12/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

Мөн, нэхэмжлэгч ХХХК нь 2023 оны 08 сарын 05-ны өдөр Н ХХК-д чансаа 50 ширхэг, 100 модны хадаас 15 ширхэгийг худалдахаар тохиролцсон нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр байгуулсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... 2023 оны 08 сарын 05-ны өдөр Н ХХК-д чансаа 50 ширхэг, 100 модны хадаас 15 ширхэг, нийт 2,128,500 төгрөгийн бараа материалыг худалдсан, мөн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,168,770 төгрөг, алдангид 1,648,635 төгрөг, нийт 4,945,905 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх алдангийг 3,297,270 төгрөгийн тал хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцээгүй байна. /хх-26/

 

4.1. Зохигч талуудын хооронд байгуулсан 2023 оны 07 сарын 28-ны өдөр ХХХХ дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-д зааснаар зөвхөн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,168,770 төгрөгийн 50 хувь буюу 584,385 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

 

4.2. Харин, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс чансаа 50 ширхэг, 100 модны хадаас 15 ширхэгийг хариуцагчид худалдсан үнэ 2,128,500 төгрөгт тооцогдох хэсэгт талууд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж, алданги тохиролцоогүй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй тул алданги шаардах эрхгүй гэж үзнэ.

 

5. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрээс гэрээний үндсэн төлбөр 3,297,270 төгрөгт холбогдох хэсэгт гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дүгнэхгүй.

 

6. Хариуцагч талын 2024 оны 04 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагчийн өмгөөлөгч нь 2024 оны 05 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурсан байна. /хх. 32/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Н ХХК-аас 3,881,655 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,064,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/001977 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-аас 3,881,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,064,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 94,048 ... гэснийг ... 77,056 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,329 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР