Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 323

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг, 6-09 тоотод оршин суух, 60 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Нямсүрэнгийн Эрдэнэцогтын /МЭ-56061515/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Н.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Урангоо нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.Эрдэнэцогт шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах комбинат”-ын боловсруулах цехэд нормчноор ажилд орж 1975 онд цахилгаанчины курст суралцан цахилгаанчин мэргэжил эзэмшин ирж мөн цехдээ болон засварын цехэд цахилгаанчинаар тасралтгүй ажиллан 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа авч дахин орооогүй. Тухайн үед зах зээл болж ОХУ-д наймаа хийн Эрхүү хотод 7 жил гаруй амьдарч байгаад ирэхэд тус комбинат дампуурсан байсан. Энэ жил өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр олдохоо байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс асууж сураглахад олдохгүй байгаа юм. Тэгэхээр нь архиваас шүүлгэж үзэхэд хэрэгт авагдсан ажилд орсон, ээлжийн амралт авсан тухай  тушаалуудаас өөр зүйл олдохгүй байна. Иймд намайг Мод боловсруулах комбинатын байшин болон зүсмэлийн цехэд нормчин, слесарь, цахилгаанчинаар 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэцогт нь “...намайг Мод боловсруулах комбинатын боловсруулах болон зүсмэлийн цехэд нормчин, слесарь, цахилгаанчинаар 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан жилийн тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 Н.Эрдэнэцогт нь 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн “Мод боловсруулах комбинат”-ын боловсруулах болон зүсмэлийн цехэд нормчин, слесарь, цахилгаанчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Сүхбаатарын мод боловсруулах комбинатын захиргааны 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 178 дугаартай “Ажилд авах тухай”, 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 260 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай “Шагнах тухай” тушаалуудын хуулбар, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Баярын бичиг”, Сүхбаатар хотын мод боловсруулах комбинатын харъяа мод боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 84 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, гэрч Б.Довчин, Д.Бат-Очир, Р.Алтангэрэл нарын шүүхэд Н.Эрдэнэцогтын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Н.Эрдэнэцогт нь 1990 оноос 2000 онд ажилласан байдлын талаараа “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдсан болох нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн №0810074 дугаартай “Нийгмийн даатгалын дэвтэр”-т бичигдсэн баталгаажилтын №1312001671 дугаартай хуудсаар нотлогдож байх тул 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилласан жилийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ. Мөн Сүхбаатар сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаар захирамжаар Даваасамбуугийн Эрдэнэцогтыг Нямсүрэнгийн Эрдэнэцогт гэж өөрчилснийг дурьдах нь зүйтэй.

Иймд Н.Эрдэнэцогтыг 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сүхбаатар сумын Мод боловсруулах комбинатын боловсруулах болон зүсмэлийн цехэд нормчин, слесарь, цахилгаанчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан байдал нь  “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдсан байх тул хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нямсүрэнгийн Эрдэнэцогтыг 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сүхбаатар сумын Мод боловсруулах комбинатын боловсруулах болон зүсмэлийн цехэд нормчин, слесарь, цахилгаанчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан байдал нь  “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд хамрагдсан байх тул хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА