Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

Ц.Уламбаяр, Д.Ганбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Мажигсүрэн,

ялтан Ц.Уламбаяр /цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,  

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Уламбаяр, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ганбаатар, Ц.Уламбаяр нарт холбогдох 2016 2502 1750 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бургууд овогт Цээпэлийн Уламбаяр, 1979 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эх, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны 120а тоотод оршин суух,

2002 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 70.000 төгрөгөөр торгох ялаар,

2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар түүн оногдуулсан 3 жил 10 хонгийн ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, /РД:ОА79050212/,

2. Бичээч овогт Должингийн Ганбаатар, 1956 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 46 дугаар гудамжны 96а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ТЕ56030511/,

Д.Ганбаатар нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн орчимд урдны танил Ц.Уламбаяртай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас харилцан маргалдаж зодолдон улмаар түүний толгой тус газар нь чулуугаар цохиж бие махбодид “тархи доргилт, толгой орой хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Ц.Уламбаяр нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн үед урдны танил Д.Ганбаатартай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан “аль намд саналаа өгөх гэж байна” гэж асуун сонгуулиас болж маргаан үүсгэж, барилцан авч харилцан зодолдож, улмаар түүний толгой тус газар нь чулуугаар цохиж, зодон бие махбодид “духны зүүн хөндийн гадна, дотно ялтас зүүн нүдний ухархайн дээд хана, суурийн урд хонхрын шугаман хугарал, нүүр, толгойн хуйхны олон тооны шарх, дух, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ц.Уламбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Д.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бургууд овогт Цээпэлийн Уламбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бичээч овогт Должингийн Ганбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Ганбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Уламбаярыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уламбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уламбаяраас 1.708.310 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамжны 96а тоотод оршин суух хохирогч Д.Ганбаатарт олгож, Д.Ганбаатараас 261.763 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 48 дугаар гудамжны 120а тоотод оршин суух хохирогч Ц.Уламбаярт олгохоор, хохирогч Д.Ганбаатар цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Уламбаяр давж заалдах гомдол болон цахимаар өгсөн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь, Ганбаатарт учирсан гэмтэл нь “суурийн урд хонхрын шугаман хугарал, нүүр, толгойн хуйхны олон тооны шарх” гэх зэргээр тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Би түүний биед шугаман хугарал үүсэхээр цохиж гэмтээгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр үнэхээр хугарал үүссэн бол томограф, МРА аппаратаар авагдсан баталгаатай зураг байдгүй. Ийм байхад хэт нэг талыг барьж яллаж байгаад гомдолтой байна. Тухайн хэрэг гарах үед хуйхны шарх, тархи доргилт үүссэн байх боломжтой байна гэж шинжээч дүгнэсэн нь Ганбаатарт учирсан гэмтэл ч Уламбаяр надад гарсан дүгнэлттэй адил төсөөтэй байхад үнэн бодит нотолгоо баримтгүйгээр хугарал гэж тодорхойлон хүндрүүлж байна. Гэрч Т.Анхбаяр нь “Ганбаатар ах Уламбаярын дээр гарчихсан 2 гар нь зулай хэсгийн үснээс нь зулгаасан, Ганбаатар ах руу дайраад толгой руу чулуутай гараараа цохих шиг болсон.” гэх зэргээр худал мэдүүлж байгаа нь болсон үйл явдлыг бодитоор зааж чадаагүй. Ганбаатар нь “надад 9.300.000 төгрөг өгвөл гомдолгүй гээд 2 нялх хүүхдийг чинь бодоод гомдлоо буцаана” гэж хэлсэн учир бодит хохирлыг нөхөн төлөх боломжгүй болгосон. Шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө. Миний баруун сүүжний түнх хадаастай, хазганаж явдаг ба огцом хөдлөх боломжгүй хурдан хөдөлгөөн хийж чаддаггүй. Ар гэрийн байдлын хувьд 2-4 насны 2 нялх хүүхэдтэй бөгөөд 85 настай эхийн хамт амьдардаг. Шийтгэх тогтоолоор бодит хохирол болох 1.708.310 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, ар гэрийн амьдрал ахуйн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Ялтан Ц.Уланбаярын өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх: “Ц. Уламбаяр нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 22-ны орой 21-22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 хорооны 48 дугаар гудамжны орчим өөрийн танил Д.Ганбаатарыг “өөрийг нь үл тоож, зүй бус харьцаж маргаан үүсгэлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь ... хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар ... гэм буруутай үйлдэл нь нотлогдлоо” гэж дүгнэжээ. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 308 тоот “Яллах дүгнэлтэд: “Ц. Уламбаяр нь согтуурсан байх үедээ 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн үед урьдын танил Д.Ганбаатартай Сүхбаатар дүүргийн 18 хорооны 48 дугаар гудамжинд тааралдан “аль намд саналаа өгөх гэж байна” гэж асуун сонгуулиас болж маргаан үүсгэж, барилцан авч харилцан зодолдон, улмаар түүний толгой тус газар нь чулуугаар цохиж, зодон бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдсон” гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх нь яллах дүгнэлт болон мөрдөн байцаалтын явцад нотлогдож тогтоогдоогүй “өөрийг нь үл тоож, зүй бус харьцаж маргаан үүсгэлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

2.Анхан шатны шүүх: “Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ц.Уламбаяр, хохирогч Д.Ганбаатар нар нь олон жил айл хөрш амьдарч биенээ сайн мэдэх хөршүүд бөгөөд хэрэг болох үед хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэж, харилцан хоорондоо зохисгүй харьцаж, марган улмаар харилцан зодолдож шүүгдэгч Ц.Уламбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ... анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, хохирогч Д.Ганбаатарт хүнд гэмтэл, шүүгдэгч Д.Ганбаатар нь хохирогч Ц.Уламбаярт хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулжээ” гэж дүгнэсэн атлаа “...Ц.Уламбаярт ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж” гэж дүгнэсэн нь нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3. Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний 1265 дугаар дүгнэлтэд: духны ясны зүүн хэсгээс зүүн нүдний ухархайн дээд хана, гавлын урьд хонхор руу үргэлжилсэн шугаман хугарал нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд гэмтэл тогтоогдох үндэслэл болно" гэжээ.

Шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний 8813 дүгнэлтэд: “духны зүүн хөндийн гадна, дотно ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана, суурийн урьд хонхорын шугаман хугарал, нүүр толгойн хуйхны олон тооны шарх, дух баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул хүнд гэмтэл” гэжээ.

Шүүх яллах дүгнэлтэд дурдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн үү, эсхүл хэрэгт авагдсан 8813, 1265 дүгнэлтүүдийн алиныг үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй зөвхөн “хүнд” гэмтэл гэдгийг дурдаж, шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасанд хамаарах эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-д заасныг зөрчсөн байна.

4.Шүүх хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 см урттай, 14,5 см өргөнтэй 1 ширхэг чулуу тухайн хэрэгт ач холбогдолтой эсэх, хэрэг үйлдэхэд хэрэглэгдсэн эсэх, мөрдөн байцаалтад хураан авсан чулуу мөн эсэх, анх хохирогчоос ирүүлсэн чулуу ирмэгтэй байсан гэдэг боловч шүүхэд ирүүлсэн чулуу нь гөлгөр эд мөрийн баримт мөн, эсэх нь эргэлзээтэй байхад шүүх ямарч үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

5.Ц.Уламбаярын хүүхдүүдийн ээж Анхбаяр нь үр хүүхдүүдээ орхиод салж явсан тул 1933 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн 84 настай ээж Н.Цэвгээ, 2012 оны 4 дүгээр сарын 29-нд төрсөн охин У.Мөнгөнчимэг, 2014 оны 3 дугаар сарын 20 төрсөн охин У.Энэрэл нар нь эцгийнхээ асрамжид үлдсэн, бага насны 2 охинтой, өндөр настай ээж, охидоо халамжлан хамгаалж асарч сувилж байсан өрх толгойлсон ганц бие эцэг зэрэг түүний хувийн байдлыг мөрдөн байцаалтад шалгаж тогтоогоогүй, бага насны 2 хүүхэд нь одоогоор айлаар дамжин амьдралын маш хүнд байдалд амьдарч байна.

Иймээс давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдийг хянан үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1, 319 дүгээр зүйлд зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдолдоо “шүүх нь яллах дүгнэлт болон мөрдөн байцаалтын явцад нотлогдож тогтоогдоогүй өөрийг нь үл тоож, зүй бус харьцан маргаан үүсгэлээ гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр дүгнэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна” гэсэн байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо энэ мэт үг огт оруулаагүй. Яагаад ингэж гуйвуулж ярьж байна вэ гэж гайхаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлсэн. Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь Ц.Уламбаяр, Д.Ганбаатар нар олон жил айл хөрш амьдарч, бие биенээ сайн мэдэх танилууд бөгөөд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зохисгүй харьцаж, улмаар марган харилцан зодолдож, шүүгдэгч Ц.Уламбаяр нь Д.Ганбаатарт хүнд гэмтэл, шүүгдэгч Д.Ганбаатар нь Ц.Уламбаярт хөнгөн гэмтэл учруулжээ гэж үзсэн. Гэтэл өөрийг нь үл тоож маргаан үүсгэн зүй бус харьцлаа гэж яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоол, шүүхийн хэлэлцүүлэгт яригдаагүй үг хэллэгээр ярьж, гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн давж заалдах гомдолдоо “Ц.Уламбаяр хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ганбаатартай зодолдсон байхад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй гэж дүгнэсэн” гэсэн байна. Өмгөөлөгчийн тухайд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа гэж ойлгосон юм шиг байна. Ц.Уламбаярын үйлдэлд ямар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа вэ гэдгийг өмгөөлөгч тайлбарласангүй. Ц.Уламбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх үүнийг шийтгэх тогтоолдоо дурдаагүй нь үндэслэлтэй байна.

8813, 1265 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байна гэсэн үндэслэл гаргаж тавьсан байна. Дахин дүгнэлт гаргуулсан шалтгаан нь мөрдөн байцаалтын шатанд Ц.Уламбаярын өмгөөлөгчийн зүгээс хэд хэдэн хүсэлт тавьж эргэлзээтэй нөхцөл байна гэсэн учир мөрдөн байцаагчийн зүгээс уг эргэлзээг тайлах зорилгоор хэд хэдэн асуулт тавьж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хохирогч Д.Ганбаатар өөрт нь хүнд гэмтэл учирсан байхад бусдаас тусламж гуйн, утсаар ярьж “би энд байна. намайг зодчихлоо” гэж ярьж байгаа нь түүнд хүнд гэмтэл учирсан гэхэд эргэлзээ төрүүлж байна гэсэн байр суурьтай байсан учир шинжээчид “хүнд гэмтэл авсан этгээд ийм үйлдэл хийх боломжтой юу”, “өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй юу” гэх асуултуудыг тавьж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Түүнээс гадна 1265 дугаартай дүгнэлтэд “хохирогч нь дээрх гэмтлийг авсан байх үедээ өөртөө туслах үйлдлийг хийх боломжтой” гээд ийм үйлдлүүдийг хийх боломжтой гэдгийг заасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй. 21х14.5 см хэмжээтэй чулууг эд мөрийн баримтаар хураан авсан. Гэмт хэрэг 2016 оны 6 дугаар сарын 22-ны шөнө гарсан. Үүнээс 1 сар гаруйн дараа хохирогч Д.Ганбаатарын хүүхэд нь “хэрэг гарсан газраас ийм чулуу авлаа. Үүнийг нотлох баримтаар үнэлүүлье. Энэ чулуу манай аавыг цохисон чулуу байх” гэж мөрдөн байцаагчид өгсөн. Хэрэв уг чулууг нотлох баримтаар аваагүй бол чулууг нь олж өгсөн ч аваагүй, цустай байсан, цусгүй байсан гэх мэтээр маргах байсан тул хураан авсан. Хохирогч “Миний толгой руу чулуугаар олон удаа цохиод байсан” гэж мэдүүлдэг ч яг тэр чулуугаар цохисон гэдгийг хохирогч мэдэх боломжгүй.

 Ц.Уламбаярыг ганц бие эцэг юм, түүний хувийн байдлыг бүрэн тогтоосонгүй гэж байна. Шүүгдэгч Ц.Уламбаярын хувийн байдлыг тогтоох үүднээс П.Анхтуяаг байцаасан тэмдэглэл хавтаст хэргийн 16, 149 дүгээр талуудад авагдсан. Анхтуяа сүүлийн мэдүүлэгтээ “Хадам эх болон хүүхдүүдийн хамт Увс аймагт амьдарч байна” гэсэн мэдүүлэг өгсөн. Иймд Ц.Уламбар өөрийн өндөр настай эх болон хүүхдүүдийн хамт амьдардаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. П.Анхтуяа, Ц.Уламбаяр нарын хооронд гэр бүлийн баталгаа байхгүй. Энэрэл гэж охин нь Ц.Уламбаяраар овоглосон байдаг. Бусад хүүхдүүд нь Батзориг гэж хүнээр овоглосон байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ц.Уламбаяр нь согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн үед урьдийн танил Д.Ганбаатартай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан “аль намд саналаа өгөх гэж байна” гэж асуун сонгуулиас болж маргаан үүсгэж, барилцан авч харилцан зодолдохдоо түүний толгой тус газар нь чулуугаар цохиж, бие махбодид “духны зүүн хөндийн гадна, дотно ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана, суурийн урд хонхрын шугаман хугарал, нүүр, толгойн хуйхны олон тооны шарх, дух, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганбаатар, шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Уламбаяр, мөрдөн байцаалтад гэрч Т.Анхбаяр, Г.Баасанжаргал, Т.Оюунбилэг нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 8813, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1265 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт, ГССҮТ-ийн өвчний түүх /1хх-46-54/-ээр,

Д.Ганбаатар нь согтуугаар урьдийн танил Ц.Уламбаяртай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас харилцан маргалдаж зодолдохдоо түүний толгой тус газар нь чулуугаар цохиж бие махбодид “тархи доргилт, толгой орой хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Уламбаяр, шүүгдэгч Д.Ганбаатар, мөрдөн байцаалтад гэрч Т.Анхбаяр, Т.Заяа нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 8990, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1264 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт, ГССҮТ-ийн өвчний түүх /1хх-169-173/, шинжээч эмч А.Амгаланболдыг байцаасан тэмдэглэл /1хх-96/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Ц.Уламбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ганбаатарын үйлдлийг “...2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж...” шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Ялтны өмгөөлөгч Л.Жавзмаагийн: … Ц.Уламбаярын ... өрх толгойлсон ганц бие эцэг зэрэг түүний хувийн байдлыг мөрдөн байцаалтад шалгаж тогтоогоогүй, бага насны 2 хүүхэд нь одоогоор айлаар дамжин амьдралын маш хүнд байдалд амьдарч байна. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1, 319 дүгээр зүйлд зааснаар ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл тэдгээр гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал: 

1. 308 тоот Яллах дүгнэлтэд “Ц. Уламбаяр нь согтуурсан байх үедээ …урьдын танил Д.Ганбаатартай …гудамжинд тааралдан “аль намд саналаа өгөх гэж байна” гэж асуун сонгуулиас болж маргаан үүсгэж, барилцан авч харилцан зодолдсоноос түүний толгой тус газар нь чулуугаар цохиж. бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдсон” гэж дүгнэснийг анхан шатны шүүх “Ц. Уламбаяр нь согтуугаар …өөрийн танил Д.Ганбаатарыг “өөрийг нь үл тоож, зүй бус харьцаж маргаан үүсгэлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь ... гэм буруутай үйлдэл нь нотлогдлоо” гэж тодотгож дүгнэсэнийг ялтны өмгөөлөгчийн гомдолд дурьдсан “Шүүх нь ….Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн”  гэж үзэхгүй.

2.Ялтан Ц.Уламбаяр нь хулгайн болон танхай, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн  гэмт хэргүүдэд  урьд хоёр удаа ял шийтгүүлсний дотор, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар  уг ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар түүнийг ялгүй болсон гэж үзэх үндэслэл болох ба анхан шатны шүүхийн “…Ц.Уламбаяр нь урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа нь дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй…” гэсэн дүгнэлт  хуульд нийцээгүй байна. Ийнхүү шүүхээр удаа дараа ял шийтгүүлсэн боловч засрал хүмүүжил олоогүй үедээ хүнд гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, хүнд ангилалын гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлийг үгүйсгэж байна. Иймд үүгээр ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын: “Уламбаярт ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.” гэсэн хэсэг няцаагдсан болно.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1265 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт нь  тус хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 8813 дугаар дүгнэлтийн үндэслэлийг тодотгосон болохоос эдгээр дүгнэлтүүд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгээгүй, шүүх тэдгээр дүгнэлтийг нотлох баримтааар үнэлсэн нь зөв байх тул үүгээр ялтны өмгөөлөгч Л.Жавмаагийн “Шүүх яллах дүгнэлтэд дурдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн үү, эсхүл хэрэгт авагдсан 8813, 1265 дүгнэлтүүдийн алиныг үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, зөвхөн “хүнд” гэмтэл гэдгийг дурдаж, шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасанд хамаарах эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-д заасныг зөрчсөн.” гэсэн нь няцаагдаж байна. 

4. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд  болон бусад нотлох баримтуудаар Ц.Уламбаяр хохирогч Д.Ганбаатарт хүнд зэргийн гэмтэл учруулсан нь нэгэнт тогтоогдсон байх тул ялтны өмгөөлөгчийн “...Эд мөрийн баримтаар хураагдсан …1 ширхэг чулуу тухайн хэрэгт ач холбогдолтой эсэх, хэрэг үйлдэхэд хэрэглэгдсэн эсэх, мөрдөн байцаалтад хураан авсан чулуу мөн эсэх, анх хохирогчоос ирүүлсэн чулуу ирмэгтэй байсан гэдэг боловч шүүхэд ирүүлсэн чулуу нь гөлгөр эд мөрийн баримт мөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүх ямарч үнэлэлт дүгнэлт хийгээгүй...” гэсэн үндэслэл нь Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 320 дугаар 320.1 дэх хэсэг: “ ..шүүхээс …үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн бюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн гэх хуулийн үндэслэлгүй байна.

Ялтан Ц.Уламбаярын: “…Ганбаатарт учирсан гэмтэл нь “суурийн урд хонхрын шугаман хугарал, нүүр, толгойн хуйхны олон тооны шарх” гэх зэргээр тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Би түүний биед шугаман хугарал үүсэхээр цохиж гэмтээгээгүй. ... Ар гэрийн байдлын хувьд 2-4 насны 2 нялх хүүхэдтэй бөгөөд 85 настай эхийн хамт амьдардаг. Шийтгэх тогтоолоор бодит хохирол болох 1.708.310 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, ар гэрийн амьдрал ахуйн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрсөн Уламбаярын Энэрэлийн 1119003762 дугаартай /эцэг тогтоолтоор/  бүртгүүлсэн Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа, 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Уламбаярын Мөнгөнчимэгийн 0000785098 дугаар төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан боловч мөрдөн байцаалтад ялтан Ц.Уламбаярын хамтран амьдрагч, гэрч П.Анхтуяа: “...бид хоёр нэг гэрт ороод 3 жил болж байна. ... том хүүхэд 14 настай, дунд хүүхэд 3 настай, бага хүүхэд 1 ойтой...” /хх-16/ гэсэн мэдүүлэг, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын тэдний гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар “...2 хүүхдийг асран хамгаалагч, ганц бие эцэг...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар гаргасан ялтан Ц.Уламбаяр, түүнийг түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Харин, анхан шатны шүүх ялтан Ц.Уламбаярын 2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Эрдэнэбилэг, Рагчаа нартай бүлэглэн иргэн Доржсүрэнг зодож танхайрсан, хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэргүүд үйлдснийучир уг гэмт хэрэгт Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорьж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорьж, Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 2006 оны 6 дугаар сарын 23 ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн зэргээр нэг хэрэгт 2 удаа шийтгэх тогтоол гаргасныг шүүхээр 2 удаа шийтгүүлсэн гэж үзэж, түүнийг шүүхээр нийт 3 удаа ял шийтгүүлсэн мэтээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тэмдэглэснийг үүгээр зөвтгөн залруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Уламбаяр, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.