Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1530

 

“Арияа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04504 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Арияа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дагшин харгуй” ХХК-д холбогдох

           

Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 313 539 746 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гаргасан гомдлыг үндэслэн,        

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Арияа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дагшин харгуй” ХХК нь тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Асфальт бетон хольц нийлүүлэх тухай гэрээг байгуулж 153 936 000 төгрөгийн үнэтэй 1152.44 тн өнгө асфальтыг, 63 825 580 төгрөгийн үнэ бүхий 35.69 тн суурь асфальтыг тус тус худалдан авсан бөгөөд дээрх 2 төрлийн асфальт бетон хольцын нийт 217 761 580 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т зааснаар төлбөр төлөх хугацааг тохирсон бөгөөд хариуцагч нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөх үүргийг уг гэрээгээр хүлээсэн боловч үндсэн төлбөр 211 851 180 төгрөг, гэрээний 3.12-т зааснаар төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө гэж зааснаар алдангид 101 688 566 төгрөг, нийт 313 539 746 төгрөгийг хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар үндсэн төлбөр 211 851 180 төгрөгөөс хариуцагч компаниас 2016 оны 02 дугаар сард төлсөн 10 000 000 төгрөгийг хасч тооцон 201 851 180 төгрөг, алданги 98 099 586 төгрөг, нийт 299 950 766 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар 2 байгууллагын хооронд өглөг, авлага үүссэн бол тооцоо нийлдэг журамтай. Энэ журмын дагуу 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ тооцоо нийлсэн актаар гэрээний үлдэгдэл төлбөр 231 851 180 төгрөг гэдгийг баталгаажуулсан. Гэрээгээр алданги төлөхөөр тохирсон тул хариуцагч алданги төлөхгүй гэх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “Дагшин харгуй” ХХК-ийн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2013, 2015 онуудын төлбөрийн үлдэгдэл нийт 231 851 180 төгрөг гэж тогтсон. Үүнээс хойш хариуцагч байгууллага 30 000 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд одоогоор үндсэн төлбөрийн үлдэгдэл 201 851 180 төгрөг байгаа. Энэ төлбөрийг маргахгүй, төлөхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн шаардсан 98 099 586 төгрөгийн алданги хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Арияа” ХХК болон “Дагшин харгуй” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан гэрээ бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлэх гэрээгээр 231 851 180 төгрөгийн төлбөр төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээсэн. Харин тооцоо нийлэх гэрээгээр ямар нэгэн алданги төлөх тухай тохиролцоогүй учир алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар анзыг бичгээр байгуулснаар шаардах эрх үүсдэг бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны гэрээн дээр алданги төлөхөөр тохироогүй учир алданги нэхэмжлэх эрхгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иас 299 950 766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арияа” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 725 648 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1 657 704 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Дагшин харгуй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Дагшин харгуй" ХХК нь авто зам барих ажилдаа ашиглах зорилгоор 2013-2015 оны хугацаанд 2 удаагийн гэрээний дагуу "Арияа" ХХК-иас асьфалт худалдан авч, хамтран ажиллаж байсан. Талууд 2013-2015 оны хугацаан дахь хамтын ажиллагаа, худалдаанаас үүссэн төлбөрийн үлдэгдлийг харилцан тогтоож, төлж барагдуулах асуудлаар тооцоо нийлж, улмаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийн үлдэгдлийн баталгаа буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ байгуулсан. Уг тооцоо нийлэх гэрээний дагуу "Дагшин харгуй" ХХК нь нийт 231 851 180 төгрөг "Арияа" ХХК-д төлөх үүргийг хүлээсэн бөгөөд түүнээс 30 000 000 төгрөгийн төлбөрийг төлж, одоо үлдэгдэл төлбөр нь 201 851 180 төгрөг байгаа тул шүүхийн шийдвэрт дурдсан 201 851 180 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин 98 099 586 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан төлбөрийн үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлэх гэрээнд алданги төлөх тухай ямар нэгэн зүйл, заалт байхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт алданги төлөхөөр гэрээнд заагаагүй бол алданги төлөх үүрэг хүлээхгүй, мөн алданги нэхэмжлэх эрхгүй тухай заасан. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа нь агуулгын хувьд Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан тооцоо нийлэх гэрээ юм. Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэх гэрээ гэж үзэлгүйгээр "Дагшин харгуй" ХХК-иас алданги гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...”Арияа” ХХК-ийн нягтлан бодогч нь маргаан бүхий тооцоо нийлсэн актыг гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн компанийг төлөөлж хэлцэл хийх эрх бүхий этгээд биш байна" гэж дүгнэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл байгууллагын нягтлан бодогч нь тухайн байгууллагаа төлөөлөн худалдан авагчтай тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах эрх, үүргийг хүлээж байна. "Дагшин харгуй" ХХК-иас 98 099 586 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  шаардлагад нийцжээ.

 Нэхэмжлэгч “Арияа” ХХК нь хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иас гэрээний үүргийн үндсэн төлбөр 210 851 180 төгрөг, алданги 98 099 586 төгрөг, нийт 299 950 766 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Асфальт бетон хольц хийлүүлэх гэрээ” байгуулагдаж, худалдах худалдан авах гэрээний нөхцлийн дагуу “Арияа” ХХК нь 1152.44 тн, 153 936 000 төгрөгийн үнэ бүхий өнгө асфальт,  350.69 тн, 63 825 580 төгрөгийн үнэ бүхий суурь асфальтыг хариуцагч “Дагшин харгуй” ХХК-д нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “...худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх,  худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж бараа бүтээгдэхүүн хүлээн авах үүрэг” тус тус хүлээсэн, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ, төлөгдсөн төлбөр, өмнөх гэрээний харилцаанаас төлөгдсөн төлбөрийг харилцан тооцсон байдлын талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан төлбөрийн үлдэгдлийн баталгааны дагуу хариуцагчийн төлбөрийг хасаад, үлдэх 201 851 180 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрнө, алданги 98 099 586 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Өөрөөр хэлбэл, тооцоо нийлэх гэрээ байгуулсан эсэх, гэрээний үүргийг өөрчилсөн эсэх, өмнөх гэрээний дагуу үүргийг өөрчилж, өмнөх гэрээний дагуу тогтоосон нэмэлт үүрэг алдангийг тооцох тохиролцоо байгаа эсэх нөхцөл байдлын талаар маргажээ.

 

Хариуцагчийн хувьд талуудын хооронд тооцоо нийлэх гэрээ байгуулснаар өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж байгаа буюу гэрээний үүргийг сольсон гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

 

Гэрээг төлөөлөх эрх бүхий этгээдүүд  байгуулах ёстой зохигч компаниудын нягтлан бодогч нар 2013, 2015 онд асфальт бетон хольц нийлүүлэх тухай гэрээгээр нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, төлөгдсөн болох үлдэгдэл төлбөрийн хувьд тооцоо нийлж, акт үйлдсэнийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Уг баримт нь талуудын хоорондох гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нотлох баримт болохоос худалдах, худалдан авах гэрээний үүргийг өөр гэрээний үүргээр сольсон нотлох баримт биш юм. 

 

Иймд талууд худалдах худалдан авах гэрээнээс үүссэн төлбөрийн үлдэгдлийн талаар харилцан тооцож үйлдсэн баримт болох 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Тооцооны үйлдэгдлийн баталгаа”-г анхан шатны шүүх “Тооцоо нийлэх гэрээ” биш гэж хуульд нийцүүлэн зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги тооцох талаар талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.  

 

“Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээ”-ний 6.2-т зааснаар захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-иар тооцон алданги төлөхөөр тохиролцсон хүчин төгөлдөр гэрээний дагуу нэхэмжлэгчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрх үүснэ.

 

Талуудын хоорондын худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэн, үндсэн ажил гүйцэтгэгдэж, төлбөрийн зарим хэсэг төлөгдөж, гэрээний хугацаа дуусгавар болсон байхад шүүх талуудыг гэрээнээс татгалзсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй болно.

 

Тооцоо нийлсэн акт буюу төлбөрийн үлдэгдлийн баталгаа гэх баримт болон талуудын тайлбараар 2015 оны гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нь 217 761 580 төгрөг байсан үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг төлснөөс 14 089 600  төгрөгийг  талуудын  хоорондын  2013 оны гэрээний үлдэгдэлд суутган, үлдэх, 5 910 400 төгрөгийг 2015 оны гэрээний үлдэгдэл төлбөр болох 217 761 580 төгрөгөөс хасаж тооцоход гэрээний үлдэгдэл 211 851 180 төгрөг болсон нь зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн баталгааны баримтуудаар тогтоогдож байна. Уг төлбөрөөс гэрээнд заасны дагуу хоногийн 0.3 хувийн алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50%-иас хэтрэхгүй байх тухай хуулийн заалттай зөрчилдөж байгаа учраас шүүх алдангийн хэмжээг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 98 099 586 төгрөгөөр тооцон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 10 000 000 төгрөгийг гэрээний үндсэн болон нэмэлт үүргээс зохих ёсоор хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА