Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01301

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01301

 

Г.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 184/ШШ2024/002169 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Б ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

68,991,127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б ь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.Б ь нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр хариуцагч М ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Улаанбаатар хот, ХХХХХ тоот 39.1 м.кв, 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар, мөн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр ХХХХХ тоотод 39.1 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тус тус тохиролцсон.

1.2. Нэхэмжлэгчийн зүгээс 00тоот, 00 тоот хоёр Орон сууц захиалан бариулах гэрээ-ний төлбөрт нийтдээ 109,089,000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгчид төлсөн. Харин хариуцагч М ХХК нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд буюу 12 сарын сүүл хэсэгт ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.1-т тусгаж үүрэг хүлээсэн болно.

1.3. Гэвч 2023 оны 05 сарын байдлаар тус орон сууцны суурь ч тавиагүй, тус орон сууц нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орох боломжгүй, барилгын ажил явагдахгүй байсан.

1.4. Үүний талаар хариуцагчтай уулзан, гэрээ цуцлах талаар мэдэгдэхэд хариуцагч зөвшөөрч, 14 хоногийн дотор мөнгийг маань өгнө, мөн алданги тооцно гэсэн болзлыг өөрсдөө надад санал болгосон.

1.5. Хариуцагчаас 57,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 51,589,000 төгрөгийг алданги 14,570,046 төгрөгийн хамт нийт 66,159,046 төгрөгийг төлж барагдуулахаар 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 24/008 тоот албан тоотоор надад мэдэгдсэн байдаг..

1.6. Хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг төлөх сонирхолгүй байх тул төлбөрийн үлдэгдэл 51,589,000 төгрөг, алданги 14,570,045 төгрөг, мөн 2023 оны 12 сарын алданги 1,416,041 төгрөг, 2024 оны 01 сарын алданги 1,416,041 төгрөг, нийт 68,991,127 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Иргэн У.Б ьтай "М ХХК-тай 2022 оны 02 сарын 01-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан ХХХ тоот 39,1 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууц, мөн хотхоны 7 давхрын 704 тоот 39,1 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг нийт 109,089,000 төгрөгөөр захиалан барихаар харилуцан тохиролцсон.

2.2. Гэрээний төлбөрийг захиалагч 100 хувь бүрэн төлсөн бөгөөд манай байгууллага орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан захиалагч нарт хүлээлгэн өгөх байсан. Гэвч барилгын талбайд өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн утас саад болж уг асуудлыг шийдвэрлэхээр багагүй хугацаа алдасны улмаас зарим захиалагч нар дээрх асуудалд хүлээцтэй хандалгүй захиалгын гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах болсон. Тэдгээр захиалагч нарын нэг нь нэхэмжлэгч У.Б ь бөгөөд тэрээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр компанитай харилцан тохиролцож гэрээ цуцалсан акт үйлдсэн.

2.3. Тус актын дагуу манай байгууллага төлбөрийг буцаан төлөх гэсэн боловч нэгэн зэрэг олон захиалагч нар гэрээ цуцлагдаж, их хэмжээний буцаалт хийх шаардлага үүсэж санхүүгийн хувьд хүнд байдалд орж өнөөдрийг хүртэл үлдэгдэл 51,589,000 төгрөгийг төлөөгүй байна.

2.4. Талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдсэн бөгөөд энэ хугацаанаас хойш талуудад гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Тодруулбал нэхэмжпэгч У.Б ь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги болох 17,402,127 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд алданги шаардах эрхгүй.

2.5. Манай байгууллага нэхэмжлэгч У Б ийн төлсөн 109,089,000 төгрөгөөс 57,500,000 төгрөгийг түүнд буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 51,589,000 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулна. Харин гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд манай байгууллага түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны алданги гэх 17,402,127 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч М ХХК-аас 68,991,127 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ьд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч М ХХК-аас 503,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ьд олгосугай.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Захиалагч У.Б ь гэрээ биелэгдэх хугацаанаас өмнө гэрээг цуцлах тухай саналыг 2023 оны 05 сарын 10-ны өдөр манай байгууллагад тавьсаныг хүлээн авч талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан.

4.2. Гэрээ цуцлагдсан тул манай байгууллага түүний төлсөн 109,089,000 төгрөгөөс 57,500,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 51,589,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон.

4.3. Гэтэл захиалагч У.Б ь хэрэв үлдэгдэл мөнгийг алдангийн хамт яаралтай төлөхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудаж танай байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд дэлгэнэ гэх мэтээр сүрдүүлж, дарамт шахалт үзүүлж үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлүүлэх албан бичиг бичүүлж авч байсан.

Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбарласан боловч шүүх хүлээн авч үнэлээгүй, 2023 оны 05 сарын 10-ны өдөр цуцлагдсан, дуусгавар болсон гэрээний 2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээ цуцлагдсан өдрөөс хойшхи хугацааны алдангийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаа буюу үүрэг 2023 оны 05 сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар аль нэг тал үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзаагүй, сайн дурын үндсэн дээр гэрээнээс татгалзсан байтал, анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.5. Мөн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дагаварыг хариуцагчаас шаардсан, хохирол шаардаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж буруу дүгнэсэн.

4.6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.12-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө гэж заасан хэдий ч гэрээнээс татгалзсанаар талуудын хэн аль нь үүрэг хүлээхгүй учир үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэгдсэн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 184/ШШ2024/02169 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 17,402,127 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1, 350 дугаар зүйлийн 350.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээг ноцтой зөрчсөн.

5.2. Уг нөхцөл байдлын улмаас Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө талаас гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэт хийж дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцлах эрхтэй.

5.3. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар захиалагч төлбөрөө бүрэн төлсөн боловч гүйцэтгэгч нь ажлын үр дүнг гаргаагүй гэх шалтгаанаар ажил гүйцэтгэх гэрээний харилцааг цуцалсан тул ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг буцаан төлөх үүрэг үүснэ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.Б ь нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 68,991,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алданги 17,402,127 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г.Б ь нь М ХХК-тай 2023 оны 02 сарын 01-ний өдөр 000 , 00 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр ХХХХ тоот 39.1 м.кв, 2 өрөө орон сууцыг 54,544,500 төгрөгөөр, мөн ХХХ тоот 39.1 м.кв, 2 өрөө орон сууцыг 54,544,500 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон байна. /хх 6-12/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.

 

4.1.Талууд 2023 оны 02 сарын 01-ний өдөр 000 , 00 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, уг гэрээний 2.1-т Энэхүү гэрээгээр захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2023 оны 4 дүгээр улирал дуустал байна. Тус хугацаа нь хүлээлгийн 180 хоног хүртэлх хугацаагаар хойшлогдож болно. гэж тохиролцсон хугацаанаас үзэхэд ашиглалтад орох барилгаас сонголт хийсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.2. Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан 2 гэрээний үнэ буюу 109,089,000 төгрөгөөр барилгыг барих боломжгүй тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.

 

4.3. Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.

 

4.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Анхан шатны шүүх 2023 оны 02 сарын 01-ний өдөр 000 , 00 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлсөн үлдэгдэл 51,589,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.Б ьд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Зохигч талуудын хооронд байгуулсан 2023 оны 02 сарын 01-ний өдөр 000 , 00 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ээр ХХХ тоот 39.1 м.кв, 2 өрөө орон сууц, ХХХ тоот 39.1 м.кв, 2 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн ба нэхэмжлэгч Д.Б ийн хүсэлтээр 2023 оны 05 сарын 10-ны өдөр гэрээг цуцалсан.

 

Нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээнээс татгалзсан байхад гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

 

Хариуцагч М ХХК нь 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 23/079 тоот албан бичиг, 2023 оны 08 сарын 22-ны өдрийн 23/094 тоот албан бичгүүдээр ...нэхэмжлэгч талд алданги төлөхөө зөвшөөрсөн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн байна./хх-15-16/

 

Хариуцагч төлөхийг зөвшөөрсөн буюу 2024 оны 01 сарын 01-ний өдрийн 24/008 дугаар албан бичигт дурдсан 14,570,046 төгрөгийн хэмжээнд алдангийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 184/ШШ2024/002169 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас 66,159,046 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б ьд олгож, үлдэх 2,832,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 503,000 ... гэснийг ... 488,745 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР