Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00456

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД66051607, Бурдууд овогтой Заяатын Туяагийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Туяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбацогт,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч З.Туяа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З.Туяа 1982 оноос эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд илгээлтээр мал маллаж эхэлсэн бөгөөд нэгдэл тарах хүртэл хугацаанд ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо З.Туяагийн тэтгэвэрт гарах нас болсон тул Говийн хөгжил нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.  

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч З.Туяа нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

              Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн малчин Заяатын Туяагийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна. 

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Нарандэлэг, Н.Норжмоо нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд Х.Нарандэлэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “З.Туяа нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Тохой бригадад 1982 оноос 1990 оныг хүртэл бог мал маллаж байсан. Би 16 настайгаасаа эхлэн Говийн хөгжил нэгдэлд 1972 оноос 1990 он хүртэл мал маллаж байсан. З.Туяа нь аав, ээжийн хамтаар бага наснаасаа мал маллаж эхэлсэн малчин хүн юмаа. Туяагийн аав Заяат гэх айлтай саахалт байж, хамтдаа ажиллаж, амьдарч байсан учраас З.Туяагийн ажилласан жилийг сайн мэдэж байна. Говийн хөгжил нэгдэл нь 1990 онд компани болсон. Бид нар нэгдэл тарах хүртэл мал маллаж байгаад хувьд гарсан хүмүүс юмаа. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар н.Хүрэлхүү, С.Намсрайжав, Б.Ядамсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Норжмоо шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “З.Туяа нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн Тохой бригадад 1982 оноос 1990 оныг хүртэл бог мал маллаж байсан. Би Говийн хөгжил нэгдэлд 1972 оноос 1990 он хүртэл мал маллаж байсан. З.Туяа нь аав, ээжийн хамтаар бага наснаасаа мал маллаж эхэлсэн малчин хүн. Говийн хөгжил нэгдэл нь 1990 онд компани болсон. Бид нар нэгдэл тарах хүртэл мал маллаж байгаад хувьд гарсан хүмүүс юм. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар н.Хүрэлхүү, С.Намсрайжав, Б.Ядамсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байгаа ба хэрэгт гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч Х.Нарандэлэгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 268 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд авагджээ.  

            Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгч З.Туяагийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Туяагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бурдууд овогтой Заяатын Туяагийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар нийт 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Туяагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА