Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00457

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 2-43 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ56062410, Баргад овогтой Дүлзэнгийн Гомбын,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Гомбо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1974-1977 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1977 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж эхэлсэн ба 1992 онд нэгдэл хувьчлагдаж, түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Одоо 60 нас хүрч тэтгэвэрт гарах болоход тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Миний бие хөдөө мал маллаж амьдардаг, мал харах хүнгүй байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Гомбо нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолтоор Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн үйлдвэр бргадад ажиллаж байсан Дүлзэнгийн Гомбын 1980 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна. 

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Ноов, Ц.Галчиг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Ноов шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад барилгын мужаанаар 1974 оноос 1991 он хүртэл ажилласан. Д.Гомбо нь 1980 оноос 1990 оныг хүртэл мөн үйлдвэр бригадад мужаанаар ажилласан. Бид нар Үйлдвэр бригадад нэгдэл тарах хүртэл мужаанаар ажилласан учраас нэгнээ сайн мэднэ. Үйлдвэр бригад дотроо шаврын бригад-2, мужааны бригад-1 ажилладаг байсан. Д.Гомбо нь мужааны бригадад ажилладаг байсан. Д.Гомбо нь ажилдаа сайн их идэвхи зүтгэлтэй, даргын өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлдэг, сайн ажилчин байсан. Манай бригадад мужаанаар 20 гаруй хүн ажиллаж байсан. Д.Гомбо нь баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнагдаж байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Т.Цэвээн, Д.Орших, Б.Доржсүрэн, Үйлдвэр бригадын даргаар Ж.Магсар гэх хүн тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Галчиг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Д.Гомбо нь надаас 1 жилийн өмнө 1977 онд ажилд орсон. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан. Би 1978 оноос тухайн үйлдвэрт ажилд орж бид хоёр хамтдаа мужаанаар 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Бид хоёр Үйлдвэр бригадад нэгдэл тарах хүртэл мужаанаар ажилласан учраас нэгнээ сайн мэднэ. Д.Гомбо нь ажилдаа сайн, их идэвхи зүтгэлтэй, улайрч ажилладаг хүн байсан. Манай бригадад мужаанаар 20 гаруй хүн ажиллаж байсан. Д.Гомбо нь баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргээр шагнагдаж байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Т.Цэвээн, Д.Орших, Б.Доржсүрэн, Үлйдвэр бригадын даргаар Ж.Магсар гэх хүн тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсныг нотлох иргэний үнэмлэхний хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Галчигийг ажилд томилж, ажлаас чөлөөлж байсан тухай Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1978 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 28 тоот,  1989 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот, Увс аймгийн Холбооны газрын даргын 1990 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 69 тоот тушаалын хуулбар зэрэг баримтууд авагджээ.

            Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхололт зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Гомбын 1980 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Гомбын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нь “Намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Баргад овогтой Дүлзэнгийн Гомбын 1980 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад мужаанаар, нийт 9 /ес/ жил 11 /арван нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Гомбын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА