Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01399

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр Дуга 210/МА2024/01399

 

 

Г.М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02381 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.М гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.Ч-т холбогдох,

 

960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие нь өөрийн эзэмшлийн гар утсыг худалдахаар хариуцагч Т.Чт санал гаргахад тэрээр зах зээлийн ханш нь 300,000-350,000 төгрөг байна гэсэн. Ингээд бид ярилцаад би гар утсаа 300,000 төгрөг худалдах, хариуцагч Т.Ч төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцоод гар утсыг авсан.

1.2. Гар утсаа худалдсаны дараа худалдсан гар утасны үнийг судлахад 660,000 төгрөгийн үнэтэй байсан. Үүний дагуу Т.Чаас утсаа буцааж авахыг шаардсан боловч өгөөгүй тус гар утасны үнэ 660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3. Т.Ч нь өндөгтэй талх зардаг ба миний индукций плиткаг түр хэрэглэхээр авч яваад эргүүлж өгөөгүй тул плитканы үнэ 100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Хариуцагч Т.Чын дээрх үйлдлийн улмаас цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний шүүхэд ханд гэсэн. Шүүх, цагдаагийн байгууллагаар хандаж ажлаа алдсан тул олох байсан орлого 200,000 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү. Нийт 960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Т.Ч миний бие Г.М гэх хүнээс А14 гар утсыг 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ би утасны мөнгө болох 300,000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо өр байхгүй. Мөн түүнээс авсан индукцийн плиткийг хэрэглээгүй буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Үүнээс болж орлого алдагдсан гэж үзэхгүй тул нэхэмжилж буй 960,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар хариуцагч Т.Чаас гар утасны үнэ 210,000 төгрөг, 100,000 төгрөгийн үнэ бүхий индукцин плиткаг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.М д олгож, нэхэмжпэлийн шаардлагаас нийт 650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 9,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2023 оны 09 сараас 2023 оны 12 сарын хооронд Самсунг А14 маркийн гар утас 650,000-660,000 төгрөгийн үнэтэй байсан. Шүүх Тэди болон бусад утас худалдаалдаг төвүүдээс үнэлгээ тогтоож болох талаар зөвлөсөн бол хүсэлтээ гаргаж өгөх байсан.

4.2. Т.Чт 300,000 төгрөгөөр утсаа зарахгүй, учир нь шинэ утас 660,000 төгрөг, хуучин утас 500,000 төгрөг юм байна. Тийм болохоор утсаа зарахгүй утсаа буцаагаад авья гэсээр өнөөдрийг хүрсэн. Цагдаа шүүхээр явуулж надад ажил удаж, миний орлого, зарлагад нөлөөлсөн. Бизнесийн орлого, явдал чирэгдэл, бензин тос, масло зарж Т.Чын араас хөөцөлдөж байна.

4.3. Т.Ч нь надад 30,000 төгрөг, 60,000 төгрөг, нийт 90,000 төгрөгийг дансаар өгсөн. Энэ хугацаанд олох байсан орлого, явсан зардлаа бүр багаар бодож 200,000 төгрөг нэхэмжилсэн. Олон сар, олон хоног хөөцөлдөж, ажил болж, надаас зөндөө зарлага гарч, бизнесийнхээ орлогыг алдаж байна. Баримт авчрах шаардлагатай бол бензин тос тосны НӨАТ-ын баримт авчирч өгч болно.

4.4. Тэмдэгтийн хураамж 27,590 төгрөг төлсөн. Гэтэл Т.Чаас болж шүүх, цагдаагаар явж байхад улсад төлөх ёстой ажиллагаа хийсэн мөнгө, улсад төлөх ёстой болсон. Иймд миний хэргийг үнэн зөв шийдэж өгч, утсыг минь утсаар нь гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Т.Чт холбогдуулан гар утасны үнэ 660,000 төгрөг, плитканы үнэ 100,000 төгрөг, олох байсан орлого 200,000 төгрөг, нийт 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь индукцийн плиткаг буцааж өгөхийг зөвшөөрч, ...гар утасны үнийг төлж барагдуулсан, олох байсан орлого нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэгч Г.М нь өөрийн эзэмшлийн А14 маркийн гар утсыг хариуцагч Т.Чт 300,000 төгрөгөөр худалдахаар аман хэлбэрээр тохиролцсон үйл баримтыг зөв тогтоосон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 30,000 төгрөг, 10 сарын 06-ны өдөр 60,000 төгрөг, нийт 90,000 төгрөг төлсөн, одоо 210,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Т.Чаас 210,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь ...зах зээлийн ханшаар тооцож, гар утасны үнэлгээг 660,000 төгрөгөөр тооцсон гэх нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь, тэрээр худалдах, худалдан авах гэрээний үнийг 300,000 төгрөг гэж тохиролцсон атлаа хожим нэг талын санаачилгаар үнэлгээг өсгөж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 360,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4. Нэхэмжлэгч нь ...алдагдсан цаг хугацаа, орлогыг 200,000 төгрөгийн хохирол гаргуулна гэсэн байх боловч нэхэмжлэгч ямар хохирол, олох ёстой байсан орлогыг алдсан талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардаж байхад уг хохиролтой холбоотой хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ...индукцийн плиткийг хариуцагчаас буцааж авсан... гэж тайлбарлан, мөн энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмын үүднээс дүгнэлт өгөхгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/02381 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 219 дүгээр зүйлийн 219.1 ... гэснийг нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР