Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00110

 

 

хххий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03955 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: хххий нэхэмжлэлтэй,

 

Гэм хорын хохиролд 12,898,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хххххх итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч хххийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор ххх, ххххх нартай бүлэглэн, хххххийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж, яллагдагчаар татсан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 645 дугаар тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, 5,400,000 төгрөгөөр торгож шийтгэсэн.

1.2. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч ххххтой өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсийг 10,000,000 төгрөгөөр тохиролцон, түүний дансанд шилжүүлсэн.

1.3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хххийг цагаатгасан.

1.4. ххх 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сар 27 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож, прокурорын хяналтад байсан.

1.5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөрдөн шалгагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хугацаанд ххх нь үргэлж айдас түгшүүртэй, сэтгэл санааны хүнд байдалд байсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дэх заалтыг үндэслэн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 10,000,000 төгрөг, сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцон 2,898,000 төгрөг, нийт 12,898,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, ххххх тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2.1, 2.3 болон 45.3 дугаар зүйлийн 1.1, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй.

2.2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байх бөгөөд сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй тул нэхэмжлэгч хххд учирсан гэх сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

2.3. Эрүүгийн хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хххийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай баримтууд цугларсан тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

2.4. Харин нэхэмжлэгч ххх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар өөрийн сэтгэл санаанд учирсан гэх хохирол түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.1. Улсын дээд шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг мөрдөх мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд төлсөн хохирлын талаар гаргасан зөвлөмжид ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхлэдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцох гэж заасан. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирлоо хэрхэн тооцсон нь тодорхойгүй.

3.2. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй. ххх нь өмгөөллийн хөлсүүдийг хувааж төлөхөөр тохиролцоогүй, харин 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Өмгөөлөгч хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө өмгөөллийн хөлсийг хүлээн авсан байдаг.

3.3. Иймд зөвхөн хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх үеийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдсэн 7,000,000 төгрөг болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 2,898,000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус ажиллагааны улмаас учирсан шууд хохиролд 10,000,000 төгрөгийг ххххх нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч хххд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,898,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххххх давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03955 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

5.2. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөллийн гэрээ, төлбөр төлсөн тодорхой баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотолсон гэж үзэхээргүй эргэлзээ төрүүлж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

5.3. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03955 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

6.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ххх, өмгөөлөгч ххххтой өмгөөллийн үйлчилгээний төлбөрийг 10,000,000 төгрөгөөр тохиролцсон.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцэж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгчид төлбөрийг төлсөн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлал бичгээр гарч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дууссаны дараа тухайн төлбөрийг төлсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ххх нь өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохиролд 2,898,000 төгрөг, нийт 12,898,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... хххийг Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцсон, ... давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан, ... 6 сар 27 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож, прокурорын хяналтад байсан хугацаанд төлсөн өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохирол гаргуулна ... гэж тайлбарлажээ.

 

3. Тус хэрэгт төрийг төлөөлж хххххххххх болон хххххххххх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай баримтууд цугларсан тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй... нэхэмжлэгч сэтгэл санааны хохирлоо хэрхэн тооцсон нь тодорхойгүй ... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарласан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 10,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолоор хххийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ДШМ/1138 дугаартай магадлалаар хххд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 18-28/ Уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Мөн нэхэмжлэгчийн гэм хорын хохирол шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн шууд хохиролд тооцохоор заасан.

5.1. Нэхэмжлэгч ххх нь өмгөөлөгч ххххийг өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, тэрээр ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/745 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ДШМ/1138 магадлал, ххххххх ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, өмгөөлөгч ххххийн ххххххх ХК-ийнхххххххх тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон байна. /хх 18-29, 31-33/ Улмаар нэхэмжлэгч хххий эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийг зөв хэрэглэн, ххххх нөөц сангаас 10,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч хххд олгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ. Иймээс энэ талаарх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хххий нэхэмжлэлээс сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол 2,898,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД